| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
хохирогч У.*******,
шүүгдэгч Э.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ийн ******* холбогдох эрүүгийн 2031000000208 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ийн *******, Монгол улсын иргэн, 1997 оны 01 дугаар сарын 27-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт, урьд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* *******” шөнийн цэнгээний газарт иргэн У.*******тай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, түүний биед хамрын хянга нурууны гадна хэсэгт няцарсан шарх, хамар ясны зүүн ханын зөрүүтэй хугарал зэрэг зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий "хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.******* нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* *******” шөнийн цэнгээний газарт иргэн У.*******тай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, түүний биед хамрын хянга нурууны гадна хэсэгт няцарсан шарх, хамар ясны зүүн ханын зөрүүтэй хугарал зэрэг зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий "хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э. ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.*******ын өгсөн: “...Тухайн өдөр 6 оёдол тавиулсан. Зүүн нүдний хөмсөгний дээд талаас хамар руу 12 косметик оёдол тавиулсан. Улаанбаатар хот руу явж хамрын салстыг янзлуулсан. Зарцуулсан зардлаа нэхэмжилж байна. Би эмэгтэй хүн нүүрэн дээрээ ийм муухай сорвитой болсон. Миний биеийн байдал хүнд байна. 1,200,000 төгрөгөөр хамрын салст янзлуулсан, 150,000 төгрөгөөр томограф зураг авахуулсан, 80,000 төгрөгөөр косметик оёдол, бензин гэх мэт зардал гарсан тул нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч У.*******ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найз *******ийн хамт “******* *******” нэртэй бааран орж суусан. Бид 2 хоёр шил шар айраг захиалаад ууж байсан бөгөөд би ганцаараа бүжгийн талбай дээр гарчихсан бүжиглэж байхад тек-ний зүүн гар талын хоёр давхраас шар айрагны шил миний хажуухан шалан дээр унаад хагарсан. Би цочоод “юу болоод байна аа” гээд дээшээ харахад хоёр давхарт нэг хөх өнгийн биеийн тамирын хувцастай залуу “тэгээд оночихоогүй бол сүртэй юм бэ, санаандгүй л унагаачихлаа шүү дээ” гэхээр нь би тэр залууг баарны “Ди Жэй” юм байх гэж бодоод шаардлага тавихаар дээшээ гарч “хэрэв оночихвол яах юм бэ?” гэсэн чинь тэр залуу миний өөдөөс уурлаад “чамайг оночихоогүй бол юу яриад байгаа юм бэ, далдганаж гарч ирээд, балай авгай вэ” гэхээр нь миний уур хүрээд түүний цээж рүү хоёр гараараа нэг удаа түлхэхэд тэр залуу “чи одоо хүний биед хүрэх хэн бэ” гэж хэлээд гараараа нэг удаа миний зүүн талын нүд хэсэг рүү цохиход би гэдрэг унасан бөгөөд ингэж унахдаа хойно хураасан байсан ширээ сандлыг толгойгоороо цохиод унасан. Миний зүүн талын хөмсөг болон хамраас цус гарсан бөгөөд хэсэг манарч сууж байгаад босоод иртэл нэг давхарт байсан олон тооны хүмүүс “аяа явуулаач ээ, наад хоёрын чинь хэрүүл зодоон бидэнд хамаагүй. Наад залуу чинь оноод бэртээгээгүй байхад наад хүүхэд чинь хэрүүл маргаан үүсгэсэн” гээд тэр залууг өмөөрөөд байсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Ж.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шөнийн 01 цаг дөнгөж өнгөрч байхад би тек-н дээр хүмүүсээс тооцоо авч байхад хажуухан бүжгийн талбай дээр шар айрагны шил унаж хагарахаар нь дээшээ харахад нэг залуу унагаасан байсан юм. Тэгсэн шил унасан газрын цаад талд нь бүжиглэж байсан саарал өнгийн үстэй эмэгтэй дээшээ хараад шил унагаасан залуу руу юм хэлчихээд 2 давхар руу гүйгээд гарсан. Би тухайн үед тооцоо хийж байсан болохоор 2 давхарт юу болсон талаар хараагүй. Удалгүй хөгжим зогсоход 2 давхрын хаалт хашлаганы тэнд өнөөх эмэгтэй тонгойгоод салфетка нүднийхээ тэнд дарчихсан, цус нь доошоо бүжгийн талбайн захад дусалж байсан...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч О.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* бид хоёр Сүхбаатар сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* пүүл” баар луу орсон. Бааранд ороод бид 2 ганц ганц шил шар айраг аваад уусан. Удалгүй манай нөхөр гадаа ирээд би Мөөнөөгийн /*******/ хувцсыг аваад би баарнаас түрүүлээд гарсан. Тэгээд Мөөнөөг гарч ирэхгүй болохоор нь хартал Мөөнөөгийн /*******/ нүүр хэсэг цус болсон байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд Мөөнөө /*******/ “бид хоёрыг эмнэлэг рүү яв” гээд Мөөнөөг /*******/ цохисон залууг цагдаа руу аваад явсан. Мөөнөөгийн нүүрний зүүн талын хэсэгт 6 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг[5],
6.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 328 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.У.*******ын биед хамрын хянга нурууны гадна хэсэгт няцарсан шарх, хамар ясны зүүн ханын зөрүүтэй хугарал зэрэг зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],
7.Шүүгдэгч Э.*******ын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Санал нийлэхгүй байгаа зүйл байхгүй. Тэр эмэгтэй миний нүүр лүү нулимсны улмаас би түүнийг зодож, биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг[7],
8.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[8], 9.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон У.******* нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс 10 ширхэг баримт гаргаж өгсөн бөгөөд эмчилгээний зардалд 1.541.130 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгч Э.*******оос гаргуулан, хохирогч У.*******т олгох нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос ялын санал болгосон торгох ялын хэмжээний хүрээнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.*******оос 1.541.130 /нэг сая таван зуун дөчин нэгэн мянга нэг зуун гучин/ төгрөгийг гаргуулан, хохирогч У.*******т олгосугай.
7.Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ