Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 251

 

МАГАДЛАЛ

 

2017.01.23                                                    Дугаар 251                                Улаанбаатар хот

 

 

 

Ч.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06509 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Тайванцацралд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, Улсын бүртгэлийн Ү-2204042255 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улсын гудамж, 416 дугаар байр, 104 тоот хаягтай, 71.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоолгож, өөрт ногдох хувийг тодорхойлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан бусдад дур мэдэн шилжүүлсэн үйлдлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх буюу дундын өмч хөрөнгөнөөс өөрт ногдох хэсэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг гаргуулах,

Г.Тайванцацралын сөрөг нэхэмжлэлд Г.Тайванцацралын ах Г.Батгэрэлээс авч өгсөн тээврийн хэрэгслийн үнэ 13 000 000 төгрөг, эгч Г.Нинжгаваагийн эмчилгээний зардалд өгсөн 28 500 000 төгрөг, нийт 41 500 000 төгрөгийн тавин хувь 20 750 000 төгрөг, дундын хөрөнгө болох тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 11 сар хүртэл зээлийн төлөлт 4 239 000 төгрөгийн тавин хувь 2 119 500 төгрөг, нийт 22 869 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.Пүрэв-Очир,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Чинбат,

Хариуцагч Г.Тайванцацрал,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Ч.Пүрэв-Очир, Г.Тайванцацралтай 2005 оноос хамтран амьдарч байгаад 2007 оны 07 дугаар сарын       27-ны өдөр гэр бүл болж гэрлэлтийн бүртгэлийн 2299 дугаарт бүртгүүлсэн. Гэвч хамтран амьдрах хугацаанд үр хүүхэдтэй болоогүй бөгөөд 2015 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрээгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. 2012 оны 5 дугаар сард Ү-2204042255 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол улсын гудамж, 416 дугаар байрны 104 тоотод орших, 71,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан юм. Энэхүү хөрөнгийг авахад зориулж миний зүгээс 30 000 000 төгрөгийг, Г.Тайванцацрал нь үлдэгдэл мөнгийг гаргаж нийт 106 982 000 төгрөгөөр худалдаж авсан. Уг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнд эхнэр Г.Тайванцацрал нь бүртгэлтэй бөгөөд миний нэр бүртгэлгүй болно. Гэвч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 126.2.5-д заасны дагуу гэр бүлийн дундын хөрөнгө нь хэний нэр дээр бүртгэлтэй байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн дундын хөрөнгөд тооцогддог эрх зүйн зохицуулалттай юм. Тухайн орон сууцыг бид 2012 онд 1 м.кв-ийг 1 490 000 төгрөгөөр бодож нийт 106 982 000 төгрөгөөр худалдан авч байсан бол өнөөдөр зах зээлийн үнэ өсөн нэмэгдсэн болно. Өөрөөр хэлбэл Г.Тайванцацрал нь дундын өмчлөлийн орон сууцыг 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хасбанкны зээлийн барьцаанд барьцаалсан байдаг бөгөөд тухайн үед хөрөнгийг 143 600 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Иймд орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгөд тооцож, үнэлгээг 143 600 000 төгрөгөөр тодорхойлж, түүнээс Ч.Пүрэв-Очир надад ногдох хэсгийг тодорхойлж өгнө үү.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан байдаг боловч хариуцагч Г.Тайванцацрал нь надад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол улсын гудамж, 416 дугаар байрны 104 тоотод байрлах, 71,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Бужгар-Орд ХХК-ийн Хас банкнаас авсан зээлийн барьцаанд барьцаалуулсан бөгөөд улмаар уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дундын өмчлөлийн хөрөнгийг Хасбанкны өмчлөлд дур мэдэн шилжүүлсэн байна. Нэгэнт дундын өмч хөрөнгийг дур мэдэн, зохих зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлд шилжүүлсэн байх тул миний бие Иргэний хуулийн 128.4-т Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж заасны дагуу хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд гэрлэлтийг цуцалж, Улсын бүртгэлийн        Ү-2204042255 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол улсын гудамж, 416 дугаар байрны 104 тоот хаягтай, 71,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, надад ногдох хэсгийг тодорхойлж, Гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан, бусдад дур мэдэн шилжүүлсэн үйлдлийн улмаас миний эрх зөрчигдсөн учир зөрчигдсөн эрхийг минь сэргээж буюу дундын өмч хөрөнгөөс надад ногдох хэсэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хувьд нэхэмжлэгч, хариуцагч нь хэн   алин нь хүлээн зөвшөөрч байгаа маргаангүй болно. Улсын бүртгэлийн Ү-2204042255 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол улсын гудамж, 416 дугаар байр, 104 тоот хаягтай 71,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон    сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоолгож, өөрт ногдох хувийг тодорхойлуулах шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь төрсөн эгч Г.Нинжгаваагийн санал тавьснаар 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар барих, дугаар №416404 тоот гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол улсын гудамж, 416 дугаар байр, 104 тоот орон сууцыг захиалсан юм. Энэхүү орон сууц ашиглалтанд орж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахаас өмнө буюу 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Г.Тайванцацрал миний төрсөн эгч Г.Нинжгаваа нь 106 982 000 төгрөгийн төлбөрийг 100 хувь бүрэн төлж “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн данс руу өөрийн нэрийн өмнөөс шилжүүлснээр уг үл хөдлөх хөрөнгийг надад бэлэглэсэн юм. Харин үүний дараа буюу 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ч.Пүрэв-Очирын ээж З.Бат-Эрдэнэ нь миний төрсөн эгч Г.Нинжгаваагийн данс руу 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг бөгөөд энэхүү төгрөгөө нэхэмжлэх гэж байгаа бол нэхэмжлэгч Ч.Пүрэв-Очир нь Г.Тайванцацрал надаас бус, түүний ээж З.Бат-Эрдэнэ нь миний төрсөн эгч Г.Нинжгаваагаас жичдээ нэхэмжлэх асуудал юм. Өөрөөр хэлбэл энэхүү нэхэмжлэгчийн нэхээд байгаа бидний маргааны зүйл болох дээрх үл хөдлөх хөрөнгө бий болоход Ч.Пүрэв-Очир, Г.Тайванцацрал бидний хамтын хөдөлмөр, аж ахүйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хүримтлал зэрэг ямар нэгэн хамтын ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр байгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын болон гэрчүүдийн тайлбар, мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа болно. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан, бусдад дур мэдэн шилжүүлсэн үйлдлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх буюу дундын өмч хөрөнгөөс өөрт ногдох хэсэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг гаргуулах тухай гуравдугаар шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө гэж заасан байна. Иймд миний төрсөн эгч Г.Нинжгаваагаас надад бэлэглэсэн орон сууц нь гэр бүлийн дундын өмч болохгүй бөгөөд эсрэгээрээ миний хувийн өмч болохыг хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл бэлэглэгч Г.Нинжгаваа бэлэг хүлээн авагч Г.Тайванцацрал бидний дунд онцгой харилцаа байсан гэдгийг би өмнө нь тайлбарласан бөгөөд энэ нь миний бие нэхэмжлэгчтэй гэр бүл болохоос өмнө бүтэн өнчирч өөрийн төрсөн эгч, ах нарын асрамжид өсөж өндийсэнтэй шууд холбоотой юм. Ч.Пүрэв-Очир нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн нөхөр, гэр бүлийн гишүүн мөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхийг олж аваагүй тул өмчлөгч болон гуравдагч этгээдийн байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлага       гаргах нь үндэслэлгүй юм. Орон сууцны үнэлгээг Хас банктай байгуулсан гэрээнд бичигдсэн үнээр тооцож буй нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй, өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлгээ тогтоолгох асуудал нь өөр зарчимаар явагддаг. Иймд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: Эгч маань намайг орон сууцтай болгосон учраас миний ах Г.Батгэрэл нь 2012 оны 7 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна 13 000 000 төгрөгөөр тоёота приус-20 маркийн, хөх өнгөтэй, 0778 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг миний нэр дээр авч өгч байсан болно. Энэ тээврийн хэрэгсэлийг авахад миний болоод, Ч.Пүрэв-Очир, түүний гэр бүлээс санхүүгийн ямар ч оролцоо байгаагүй болно. Үүнээс хойш бид хамтран амьдрах хугацаанд үр хүүхэдтэй болж чадахгүй 2011 оноос хойш Монгол Улсын эмнэлгүүдээр эмчилгээ хийлгэж явсаар 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улс руу үр шилжүүлэн суулгах эмчилгээ, хагалгаанд хамт явсан. Ингэж явахад миний ах Г.Батгэрэлийн авч өгсөн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийг 8 900 000 төгрөгөөр зарж, эгч Г.Нинжгаваа надад 25 000 000 төгрөг өгсөнөөр энэхүү эмчилгээг хийлгэж ирсэн болно. Ч.Пүрэв-Очирын гэр бүлийн зүгээс энэхүү эмчилгээний зардалд нэг төгрөг ч туслалцаа болгож өгч байгаагүй юм. Ингээд Бүгд Найрамдах Солонгос Улсад гурван сар орчим байрлаж, эмчлүүлж, хагалгаанд орж 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Монголд ирсэн. Энэ эмчилгээнд явахад дараах зардлууд гарсан юм. Үүнд, 2 хүний онгоцны билетийн үнэ 1 769 400 төгрөг, 2 хүний эмчилгээний төлбөр 20 877 376 вон, Байрны түрээс 3/сар/ 2 400 000 вон, Өдрийн хоол, унаа 3/сар/         1 800 000 вон, нийт 25 077 376 вон буюу 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн БНСУ-д воны төгрөгтэй харьцах ханш 1.28 төгрөгт хөрвүүлж 32 099 041.28 төгрөг буюу нийт эмчилгээний зардал 33 868 441.28 төгрөг болж байсан юм. БНСУ-д хийлгэсэн эмчилгээ, хагалгаа төдийлөн амжилттай болоогүй учир эгч Г.Нинжгаваа дахин 3 500 000 төгрөг өгч 2015 оны 6 дугаар сард Монголд Өөжин мед эмнэлэгт хагалгаанд орсон боловч мөн л амжилтгүй болсон. Түүнчлэн бид хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Пүрэв-Очир нь цалингийн зээл авч 11 800 000 төгрөгөөр тоёота приус-20 маркийн улаан өнгөтэй, 8148 УНГ улсын дугаартай одоо байгаа тээврийн хэрэгслийг авсан.

Миний ах Г.Батгэрэлээс авч өгсөн тээврийн хэрэгсэлийн үнэ 13 000 000 төгрөг, миний эгч Г.Нинжгаваагийн эмчилгээний зардалд өгсөн 28 500 000 төгрөг, нийт 41 500 000 төгрөгийг гэр бүлийн хамтын хэрэгцээнд зарцуулсан байх тул түүний тавин хувь болох       20 750 000 төгрөг, түүнчлэн бидний дундын хөрөнгө болох тоёота приус-20 маркийн, улаан өнгөтэй, 8148 УНГ улсын дугаартай одоо байгаа тээврийн хэрэгслийг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкнаас цалингийн зээл авч худалдан авсан бөгөөд түүний хамт байх хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны есөн сарын зээлийн төлөлт нийт 4 239 000 төгрөг, түүний тавин хувь 2 119 500 төгрөг, нийт 22 869 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн хэрэгцээнд өмнө нь зарцуулагдсан төсвийг ямар хуулийг баримтлан 50 хувиар нь гаргуулж авахаар нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлийг тодруулахыг хүсэж байна. 2007 оноос хойш гэр бүл болоод амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч нь ажил хийдэг байсан. Жилд 10 000 000 төгрөгийн хоол авч өгдөг байсан түүний тал 6 000 000 төгрөгийг гаргуулж авъя гэдэгтэй л адил юм. 2012 оноос хойшхи хугацаанд байрны мөнгө бусад зардлуудыг Ч.Пүрэв-Очир гаргадаг байсан тул тэрний 50 хувийг гаргуулах гэсэн агуулгатай харагдаж байна. Өөжин мед эмнэлэгт зарцуулагдсан гэж байгаа 3 500 000 төгрөгийг Г.Нинжгаваа өгөөгүй, Солонгос улс луу явсан байх хугацаандаа өөрсдийн амьдарч байсан байрыг түрээслүүлсэний хөлс болох 3 500 000 төгрөгийг хагалгаанд орохдоо зарцуулсан байдаг. 8148 УНГ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины зээлд 4 239 000 төгрөгийг төлсөн учраас 50 хувиар 2 119 500 төгрөгийг гаргуулж авмаар байна. Энэтэй холбоотой асуудал нь Ч.Пүрэв-Очир өөрийн цалинг барьцаалан банкнаас цалингийн зээл авч, уг автомашиныг авсан байдаг. Зээлийн төлөлтийн 50 хувьтай холбоотой асуудлыг энд ярихааргүй байгаа юм. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлахад эрх зүйн үндэслэл байхгүй байна. Шүүх гэр бүл цуцлалтын асуудлыг шийдвэрлэнэ, цуцалсан тохиолдолд тэжээн тэтгэхтэй холбоотой асуудал, гэр бүлийн дундын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ. Өмнө нь зарцуулагдсан төсвийн асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Пүрэв-Очир, хариуцагч Г.Тайванцацрал нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсэг болох 71 800 000 төгрөгийг хариуцагч Г.Тайванцацралаас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Пүрэв-Очирт олгож, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар хариуцагч Г.Тайванцацралын нэхэмжлэгч Ч.Пүрэв-Очирт холбогдуулан гаргасан Г.Тайванцацралын ах Г.Батгэрэлээс авч өгсөн тээврийн хэрэгслийн үнэ 13 000 000 төгрөг, эгч Г.Нинжгаваагийн эмчилгээний зардалд өгсөн 28 500 000 төгрөг, нийт 41 500 000 төгрөгийн тавин хувь 20 750 000 төгрөг, дундын хөрөнгө болох тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 11 сар хүртэл зээлийн төлөлт 4 239 000 төгрөгийн тавин хувь 2 119 500 төгрөг, нийт 22 869 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601 400 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 862 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тайванцацралаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 223 435.5 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Г.Тайванцацралаас улсын тэмдэгтийн хураамжид 601 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Пүрэв-Очирт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/23585 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн 5, 6, 7, 8 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоны дараа хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Е0538476 дугаартай гадаад паспортыг хариуцагч Г.Тайванцацралд буцаан олгож, энэ талаар тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Ө.Гүндсамбууд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Тухайн үед нөхөр болох хүнээ чамайг байрандаа оруулахгүй, би захиалсан байр, миний эгч төлбөрийг нь төлсөн гэж хэлэх ёстой байсан мэтээр шүүх дүгнэж бичсэнийг ойлгохгүй байна.

Г.Нинжгаваад З.Бат-Эрдзнээс 30 000 000 төгрөг орлого гэснээс бус хүүхдүүдийн байрны төлбөрт гэсэн ямар нэгэн утга илэрхийлээгүй, харин өнөөдөр шүүхэд ирэхдээ л байранд нь зориулж шилжүүлсэн гэж тайлбарладаг. Энэ талаар би мэдэхгүй надад нэг төгрөгний ч мэдэл байхгүй байдаг гэсэн тайлбараас тодорхой харагддаг. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу энэ хэрэг шийдвэрлэгдэх юм бол нэхэмжлэгч нь 10 жилийн өмнө 106 сая төгрөгийг байр авахад 30 сая төгрөг өгчихөөд 10 жилийн дараа өөр гэр бүлтэй болоод салаад явахаараа 71 сая төгрөг болгож өсгөж аваад дараагийнхаа амьдралын байрны захиалгыг өгмөөр байнаа гээд нэхээд сууж байгаа нь шударга ёс уу.

Ч.Пүрэв-Очир нь энэхүү байрнаас нүүж явсан буюу 2015 оны 11 cap хүртэл хамт амьдарч байхдаа эгчийн авч өгсөн байр миний нэр дээр гэрчилгээ нь байдаг гэдгийг мэдэж байсан. Энэ хугацаанд буюу 2014 оны 7 сард Хас банкны барьцаанд тавихад    ямар ч банк, банк бус санхүүгийн байгууллага барьцаа хөрөнгийг газар дээр нь ирж үзэж танилцдаг, энэ үед ч Ч.Пүрэв-Очир нь байлцаж байснаас гадна өмнө нь бид гэр бүлээрээ ярилцаж тохиролцоод шийдвэрлэсэн асуудал бөгөөд тухайн үед гэр бүлийн маргаангүй байсан учраас үүнийг нуугаад байх шаардлага байгаагүй. Харин Ч.Пүрэв-Очир нь өөрөө гэр бүлээс гадуур амьдралтай болж, шүүх дээр гэрлэлтээ цуцлуулахдаа л гэв гэнэт сая мэдсэн болж тайлбарлаж байгаа нь бодит байдалд огт нийцэхгүй байхад шүүх үүнийг хангаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Ямар хуулийн зүйл заалтанд дундын хөрөнгийн үнэлгээг өөр этгээдэд барьцаалсан үнэлгээгээр үнэлэх хууль зүйн үндэслэл шаардах эрх нь үүсээд байгааг миний хувьд энэ шийдвэрээс огт олж харсангүй.

Хэрэв нэхэмжлэгч өөрт ногдох хэсэг гэж нэхэж байгаа бол өөрийн гаргасан шаардлагаа нотлох түүнийг шийдвэрлүүлэхийн тулд хүсэлт \шинжээч\ гаргах эрх, үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гэр бүлийн дундын хөрөнгө гэж нэхээд байгаа үл хөдлөх хөрөнгийг хариуцагч миний бие миний хуваарьт хөрөнгө юмаа гэж маргаж байж эд хөрөнгийн үнэлгээ хийлгэе гэж тухайлсан хүсэлт гаргах нь нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хийгдэх ажиллагаа байсан. Гэтэл шүүх тухайлсан хүсэлт гаргаагүй учраас 2014 оны барьцаа үнийн саналыг баримтлах эрхтэй гэж тайбарлаж байгаа хууль зүйн үндэслэлгүй юм. Уг шаардлагыг нь зөвшөөрөхгүй маргаж байхад үнэлэх хүсэлт гаргаагүй гэж шийдвэрлэж байгаад гомдолтой банйа.

Хариуцагч миний бие сөрөг нэхэмжлэлээ ахаас маань өгсөн миний хураарьт хөрөнгө юмаа гэж нэхэмжлэлээ гаргаад шүүхэд тайлбараа өгөөд баримтаа цуглуулаад байхад зохигчид гээд хариуцагч намайг сөрөг нэхэмжлэлийнхээ эсрэг тайлбарласан мэтээр гүтгэж дүгнэлт хийгээд байгаад нэгдүгээрт гомдолтой байна. Түүнчлэн         Ч.Пүрэв-очирын сарын цалин 500 гаран мянган төгрөг байдаг, гэтэл зээлийн cap бүрийн төлбөр 471 мянган төгрөгийг цалингийн данснаас нь автоматаар суутгаад авчихдаг. Ч.Пүрэв-очир нь сард 30 мянган төгрөгөөр гэр бүлээ байтугай өөрийгөө ч тэжээгээд явах мөнгө биш гэдэг нь тодорхой, Ч.Пүрэв-Очирын цалин машины зээлэнд явчихдаг байсан учраас миний цалин олсон бусад орлого гэр бүлийн хэрэгцээ үүнд байрны ашиглалтын зардал, хоол хүнс, утас, интэрнэт, зурагтын төлбөр, хувцас хунар бусад зардалд зарцуулагддаг байсан. Үүнийг шүүх яаж ойлгож тайлбарлаж, ямар хуулийн үндэслэлээр энэхүү тээврийн хэрэгсэлийг гэр бүлийн дундын хөрөнгө биш гэж дүгнээд байгаад гомдолтой байна. Иймд хэт нэг талыг барьж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй, хууль зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Пүрэв-Очир нь хариуцагч Г.Тайванцацралд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улсын гудамж, 416 дугаар байр, 104 тоот хаягтай, 71.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэд төлсөн 30 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, өөрчилж орон сууцны одоогийн ханшны 30 хувиар тооцон хариуцагчаас 43 080 000 төгрөг гаргуулах, Г.Тайванцацрал, Г.Нинжгаваа, Г.Батгэрэл болон Хас банкны хооронд 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 5001169772-01 тоот Баталгаат ипотекийн гэрээний Г.Тайванцацрал болон 416-104 тоот үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Хас банк болон “Буржгар орд” ХХК-ийн хооронд байгуулсан 15/15-017 тоот төлбөр барагдуулах зорилгоор эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус хэлцлийн үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж Хас банкинд олгогдсон 2204042255 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, 000454402 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах, гэр бүлийн дундын өмч хөрөнгөнөөс өөрт ногдох хэсэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг орон сууцны худалдан борлуулсан үнээс гаргуулахаар шаардсаныг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/23585 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, гэр бүлийн дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг тогтоолгон өөрт ногдох хэсгийн үнэ болох      43 080 000 төгрөгийг гаргуулах, гэр бүлийн дундын өмчийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж, гуравдагч этгээдтэй байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн Хас банкны нэр дээр олгогдсон 2204042255 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, 000454402 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, өөрт ногдох хэсгийг тодорхойлж, дундын өмч хөрөнгөөс өөрт ногдох хэсэгтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан, бусдад дур мэдэн шилжүүлсэн үйлдлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэсэн ба энэ шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн огноо тодорхойгүй байв.

/хэргийн 119-12 дахь хуудас/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн 2 хуудас баримтыг хариуцагчид гардуулжээ.

Хариуцагч дээрх шаардлагуудыг эс зөвшөөрч ах Г.Батгэрэлээс авч өгсөн тээврийн хэрэгслийн үнэ 13 000 000 төгрөг, эгч Г.Нинжгаваагийн эмчилгээний зардалд өгсөн          28 500 000 төгрөг, нийт 41 500 000 төгрөгийн тавин хувь 20 750 000 төгрөг, дундын хөрөнгө болох тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 11 сар хүртэл зээлийн төлөлт 4 239 000 төгрөгийн тавин хувь         2 119 500 төгрөг, нийт 22 869 500 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, эдгээр шаардлагуудаа дэмжиж байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байхад тухайн шаардлага бүрийн үндэслэлийг тодруулаагүйгээс гадна дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлээгүй байна.

Түүнчлэн зохигчдын хооронд маргаантай байгаа орон сууцыг худалдан авахад оруулсан 30 000 000 төгрөгийг тухайн эд хөрөнгийн үнийн 30 хувь гэж тодорхойлон, хариуцагчаас 43 080 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардаж байснаа шүүх хуралдааны явцад тухайн орон сууцыг банкны зээлд барьцаалахад барьцаалагчаас үнэлсэн үнэлгээ болох 143 600 000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардсаныг шүүх хангасан үндэслэл тодорхой бус байна.

Хариуцагч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг татгалзах, түүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэн мэтгэлцэх, эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар шинжээч томилуулах зэргээр эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөнд тооцох үндэслэл болно.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримтанд дүгнэлт хийх үндэслэлгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06509 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 601 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                          

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ