Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0156/З |
Дугаар | 400 |
Огноо | 2019-06-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 400
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Э” ХХК
Хариуцагч: ОӨГХХ УАБ Ч.Э
Гомдлын шаардлага: “ОӨГХХ УАБ Ч.Эын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... ОӨГХХ ХУАБ Ч.Э нь Эрүүл мэндийн сайд Д.С 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр В лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилсан” гэх гомдол мэдээлэлд холбогдох телевизүүдэд холбогдуулан үүсгэсэн 18******* тоот зөрчлийн хэрэгт миний бие “Э” ХХК-ийн өмгөөлөгчөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон билээ.
Дээрх зөрчлийн хэргийг шалгаж дуусаад 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолж “Зөрчилд шийтгэл оногдуулах” тухай 01 тоот шийтгэх хуудас үйлдэж, холбогдогчоор “Э” ХХК-д 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан шийтгэх хуудсыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулсан ба уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргаж байна.
Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хууль бус болсон тухайд: Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “... хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах” нь төрийн үндсэн үүрэг бөгөөд хүний үндсэн эрх, эрх чөлөө, бусад хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг гүйцэтгэх эрх, мэдлийн байгууллагын буюу төрийн өөрийнх нь хууль бус үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэгдсэн зохицуулалт болно.
Дээрх чиг үүрэг нь Зөрчлийн тухай хуульд ч тусгалаа олсон байх бөгөөд хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс уйлдэхуйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хун, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гээд, 3 дугаар зүйлийн 3.2-т “...Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах үндэслэл нь зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу үүсгэсэн бодит үйлдэл байхыг олгодог.
ОӨГХХ ХУАБ Ч.Эын үүсгэсэн зөрчлийн хэрэгт Хяналтын прокурор Г.М 18******* тоот дугаар олгож, гарын үсэг зурснаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.
Уг зөрчлийн хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш, Анагаах ухааны доктор, Профессор Д.О “Эмч зөвлөж байна” нэвтрүүлэг, “V” телевизээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан “А Ё доктор зөвлөж байна” нэвтрүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүүхдийн амьсгалын замын өвчин, Олон улсын эмнэлзүйн хандлагын тухай” ярилцлага нэвтрүүлгүүд нь тус хуулийн хориглосон зар сурталчилгааны хэлбэрийг ашигласан буюу зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д зааснаар дээрх телевизүүдэд Зөрчлийн хэрэг нээсэн байсан.
Уг зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын үндэслэх хэсэгт “Холбогдох телевизүүд Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон” гээд, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна" гэж заасан байна.
Дээрх зөрчлийн хэрэгт нэр бүхий телевизүүдийн мэдээ дунд миний үйлчлүүлэгч “Э” ХХК-ийн импортолдог бүтээгдэхүүний тухай дурдагдсан учраас холбогдох тайлбарыг авахаар компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Б өөс тайлбар авсан байдаг. Харамсалтай нь зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын дагуу холбогдох телевизүүдээс нэг ч тайлбар авалгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж зөрчилд тооцох буюу буруутгах талыг барьж шийдвэр гаргасан нь зөвхөн хуульд заасан үндэслэл журмаар шийтгэл оногдуулах зарчмыг зөрчсөн үйлдэл болжээ.
Зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэж буй үндэслэл хууль бус болсон тухайд: ОӨГХХ ХУАБ Ч.Эын үйлдсэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №01 тоот шийтгэлийн хуудасны үндэслэх хэсэгт “...олсон нь” гээд “...холбогдогч “Э” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Б В лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилж, барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болох нь өргөдөлд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” гэжээ.
Уг “...олсон нь” хэсэгт дурдсан “В лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилж, барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан” нь гэсэн үндэслэлийг тодорхойлж үзвэл энэ нь Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих" зөрчил бөгөөд холбогдох телевизүүдэд уг зүйлээр хэрэг нээгээгүй болох нь хэрэг үүсгэсэн тогтоолоос илт байна. Хэрэв уг зүйлээр үүсгэсэн гэж үзвэл холбогдох телевиз болон нэвтрүүлэгт дурдагдсан В лаа бүтээгдэхүүнтэй холбоотой үйлдвэрлэгч болон нийлүүлэгч нарын хоорондын гэрээ, зөвшөөрөл бусад эрх үүссэн баримт бичгийг шалган үзэлгүй илт хууль бус, алдаатай шийтгэл оногдуулсан байна.
Зөрчилд тооцогдож буй 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш, Анагаах ухааны доктор, Профессор Д.О “Эмч зөвлөж байна” нэвтрүүлэг, “V” телевизээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан “А Ё доктор зөвлөж байна” нэвтрүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүүхдийн амьсгалын замын өвчин, Олон улсын эмнэлзүйн хандлагын тухай” ярилцлага нэвтрүүлгүүдийг Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон тул хэрэг нээсэн хэмээн танилцуулж байсан хэдий ч шийтгэлийн хуудсанд одоогоор Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтуудыг мөн үндэслэсэн нь уг шийтгэлийн хуудас илт алдаатай захиргааны шийтгэвэр болсныг харуулж байна.
Бодит байдал дээр холбогдох телевизүүдээр гарсан нэвтрүүлгүүд нь ханиад томуу, хүүхдийн өвчлөлтэй холбоотойгоор хэрэглэж болох эмчилгээ, эмийн зөвлөмж нэвтрүүлэг байх бөгөөд Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасан жороор олгодог мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамалтай холбоотой агуулга огтоос байдаггүй.
Нөгөө талаар “Э” ХХК-ийн хувьд Эм судлалын салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрлэгдэж дэмжигдсэн зар сурталчилгааны зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрлийг нөхцөл, хугацаа, журмыг зөрчиж хэтрүүлэн сурталчилгаа явуулсан гэж үзэж болохгүй юм. Учир нь дээрх нэвтрүүлгүүд нь олон нийтийн телевизийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн тогтмол гаргадаг нэвтрүүлгийн тодорхой нэг удаагийн буюу хүйтний улирал эхэлж буй үед томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, сэрэмжлүүлэг нэвтрүүлгүүд байсаар байтал тухайн нэвтрүүлгүүд бүхэлдээ “Э” ХХК-ийн импортолдог бүтээгдэхүүний зар сурталчилгаа гэж үзэн зөвшөөрөгдсөн хэлбэр, хугацаанаас хэтрүүлж зар сурталчилгаа явуулсан гэдэг нь огт үндэслэлгүй.
Мөн зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудсын үндэслэх хэсэгт “Иймд холбогдогч “Э” ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухайн хуулийн 10.1 зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул" гэжээ. Зөрчлийн тухай хуулийн 10.1 зүйлийн 4 дэх хэсэгт хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн үйлдэлд торгох шийтгэл оногдуулахаар заасан байна. Эрүүл мэндийн сайд Д.С В лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилсан гэх гомдол мэдээлэлд нэр бүхий телевизүүдэд холбогдуулан нээсэн 18******* тоот зөрчлийн хэрэгт “Э” ХХК-ийн зүгээс аливаа хэлбэрээр хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, бүтээсэн эсхүл түгээсэн үйлдэл огт байхгүй бөгөөд зөрчлийн хэргийг шалгасан эрх бүхий этгээдийн зүгээс энэ чиглэлд тодорхой ажиллагаа хийгээгүй болно.
Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь хэсэгт тус тус зааснаар “Э” ХХК-ийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хянаж ОӨГХХ ХУАБ Ч.Эын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №1 тоот шийтгэх хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Эрүүл мэндийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн “И альфа лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилсан” гэх гомдлын дагуу Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “... Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ... зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна” гэж заасныг үндэслэн Зөрчлийн 18******* тоот хэргийг телевизүүдийн нэр дээр нээсэн. Хяналт шалгалтын явцад Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн нэмэлт материал, фэйсбүүкт тавигдсан бичлэгт үзлэг хийснээр холбогдогчоор “Э” ХХК-ийг татан үйл ажиллагаа хариуцсан захирал Г овогтой Б өд холбогдогчийн эрх үүргийг танилцуулан мэдүүлэг авсан болно.
Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э би зөрчлийн нөхцөлийг тогтоохдоо
а. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн телевизээр явуулсан нэвтрүүлэгт В лаа хэлбэрийн эмийг жоргүй эмийн жагсаалтад байх хугацаанд зар сурталчилгаа явуулахдаа 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зөвшөөрлийн агуулгаас давсан үг хэллэг ашигласан, хугацаа хэтрүүлсэн “Э” ХХК-ийн логог нэвтрүүлгийн турш байршуулж байн байн харуулсан/.
б. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “А Ё доктор”, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Ж д Ф” нэвтрүүлгүүдээр В лаа хэлбэрийн эмийг Эмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр жороор олгох эмийн жагсаалтад байх хугацаанд буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд сурталчилгаа хийсэн гэсэн үндэслэлээр шийдвэр гаргаж Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасны дагуу шийтгэл оногдуулсан болно.
Иймд “Э” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Аын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, зөрчлийг таслан зогсоож, хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э миний 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Фэйсбүүк хуудсанд байршуулсан хууль бус сурталчилгаа бүхий нэвтрүүлгийг татан авахуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “Э” ХХК-иас ОӨГХХ УАБ Ч.Эт холбогдуулан гаргасан “ОӨГХХ УАБ Ч.Эын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хариуцагч улсын байцаагч Ч.Э нь зөрчлийн хэрэг нээсэн тогтоолдоо “... Жороор олгох эмийн жагсаалтад бүртгэгдсэн И альфа /В / лаа хэлбэрийн эмийг телевизээр сурталчилсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 13.2 дахь заалтыг зөрчсөн нь лавлагаагаар /Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны дарга 9919..../ тогтоогдож байх тул ...” гэж дүгнэсэн атлаа 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийтгэлийн хуудсаар Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно”, 13.2-д “Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна” гэх заалтуудын алинаар “Э” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, зөрчил шалгах шийдвэрлэх журмын дагуу зөрчлийн байдлыг хангалттай нотлоогүй байна.
Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Эрүүл мэндийн яамны эм эмнэлгийн хэрэгсэл, вакцин, био бэлдмэлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Л.Ц гээс авсан мэдүүлэгт холбогдогч “Э” ХХК-ийг “... Анаагахын шинжлэх ухааны сургуулийн багш, Анагаах ухааны доктор, профессор О В лаа хэлбэрийн эмийг “Э” ХХК-ийг төлөөлөн ярилцлага өгсөн гэж үзэж байна” гэсэн боловч холбогдогч “Э” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-д “... Манай талаас хийсэн, захиалсан зар сурталчилгаа байхгүй ...” гэж мэдүүлжээ.
Мөн гомдол гаргагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаан дээр “... Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын дагуу холбогдох телевизүүдээс нэг ч тайлбар авалгүйгээр зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн …” гэж тайлбарлаж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзвэл эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох үүрэгтэй байна.
Гэтэл хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын мэдүүлгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд заасан өөр бусад баримтаар нотлоогүй, гэрчийн этгээдүүдээс тайлбар аваагүй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18******* дугаар тогтоолын 1 дэх хэсэгт Телевизүүдэд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар зөрчлийн хэрэг нээсэн байна. Гэтэл тухайн зөрчлийн хэрэг дээр “Э” ХХК-ийн захирал Г.Б ийг холбогдогч болгон асууж тэмдэглэл үйлдсэн. Энэ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ. 6.11 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана: гэх заалтуудыг зөрчсөн байна.
Учир нь зөрчлийн хэргийг нэр бүхий телевизүүдэд холбогдуулан үүсгээд тухайн зөрчлийн хэргийг хаасан, хэрэгсэхгүй болгосон тодорхойгүй атал өөр этгээд буюу “Э” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгээгүй мөртлөө холбогдогчоор асууж тайлбар авсан нь ойлгомжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл ОӨГХХ УАБ Ч.Эын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.14, 4.15 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, 6.11 дүгээр зүйлийн 1, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т заасныг тус тус баримтлан ОӨГХХ УАБ Ч.Эын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА