Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн       

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал 

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/130 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.НБайгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолын хавсралтын 12 дахь хэсэг болох Б.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах... тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 902 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Я.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0629/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н  нь “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/130 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.НБайгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолын хавсралтын 12 дахь хэсэг болох Б.Н д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 902 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3,Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан Төрийн албаны зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/130 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н-г Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаар тогтоолын хавсралтын 12 дахь хэсэг болох Б.Н д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Б.Ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн Б.Б-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Нэхэмжлэгч Б.Н  нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай тогтоолын хавсралтаар “Дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөц”-д бүртгэгдсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтны нөөц, түүний ашиглалт хамгаалалт, амьдрах орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан үндэслэлээр томилогдсон. Энэ талаар хариуцагч нар маргадаггүй болохыг дурдаж байна. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтны нөөц, түүний ашиглалт хамгаалалт, амьдрах орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсныг хариуцагч Төрийн албаны зөвлөл буруутгаагүй болно.

3.2. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаандаа тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг өгч байх хугацаанд буюу 2017 онд 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан бөгөөд тухайн хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн төрийн албаны шалгалт өгсөн үйл баримт, нөөцөд бүртгэгдсэн харилцааг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд хамруулж түүний төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацааг 2020 онд дуусгавар болсон гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албаны шалгалт өгч байх үед ерөнхий болон тусгай шалгалт гэж ялгаж зааглаагүй нэгдсэн нэг шалгалт авдаг байсан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч, шалгалтын босго оноог даван, Төрийн албаны зөвлөлийн хүчин төгөлдөр тогтоолын дагуу төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэж, нөөцөд байх хугацаандаа төрийн жинхэнэ албанд томилогдсон байхад шүүх дээрх үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хэт нэг талыг барьсан буюу хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тайлбарыг иш, үндэс болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

3.3. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...мөн хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлийн 173 дугаар тогтоол гарахаас өмнө ерөнхий шалгалт өгч тэнцсэн байсан бол асуудал өөрөөр яригдана, нэхэмжлэгч ерөнхий шалгалт өгсөн байсан бол Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийг тусгай шалгалт зохион байгуулах хүртэл түр томилох боломжтой байсан...” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна” гэжээ. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай тогтоолын хавсралтаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцөд бүртгэгдэж, тус нөөцөд байх хугацаандаа төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байдаг бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж буй албан тушаалын тодорхойлолтод зааснаар нэхэмжлэгч нь яамны удирдлагууддаа хандаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх, тус албан тушаал дээрээ жинхэлж томилогдох талаар хэд, хэдэн удаа хүсэлт өгөхөд тус хүсэлтийг салбар зөвлөлөө байгуулаагүй гэдэг шалтгаанаар шийдвэрлээгүй байдаг. Гэтэл шүүх ажил олгогч байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйтэй холбоотой асуудалд нэхэмжлэгч Б.Нбуруутай мэтээр тайлбарлаж, нөөцөд байх хугацаа дуусахаас өмнө шалгалт өгөх эсэх асуудал нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрхийн асуудал байсан гэх зэргээр дүгнэж, маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна.

3.4. Маргаан бүхий захиргааны акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/130 дугаартай тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэж, 2013 оны Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож нэхэмжлэгчийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй гэсэн байдаг. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлахдаа нэр бүхий албан хаагчдыг томилсон шийдвэрийг хүчингүй болох тухай Төрийн албаны зөвлөлийн тогтоол ирсэн учраас зөвлөлийн тогтоолыг заавал биелүүлэх ёстой учраас нэхэмжлэгчийг томилсон тушаалыг хүчингүй болгож чөлөөлсөн гэж тайлбарладаг.

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-т хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгоно гэж заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч нараас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-т заасан ямар үндэслэл байгааг тайлбарлах талаар асуухад “...Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг заавал биелүүлэх шаардлага үүссэн учраас чөлөөлсөн...” гэж тайлбарладаг. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж тус тус заасан байхад маргаан бүхий дээрх тушаалаар Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлийг тусгаж, баримтлалгүйгээр нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн байгаа нь үндэслэлгүй байна.

3.6. Дээрхээс үзвэл, хуульд заасан үндэслэлээр бус, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг заавал биелүүлэх үүргээ биелүүлсэн гэх хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан тушаал болон тайлбар, энэ талаар дурдсан шүүхийн шийдвэр бүхэлдээ хуульд үндэслэх зарчимд нийцээгүй. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасны дагуу захиргааны байгууллага нь захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтална гэсэн байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь үйл ажиллагаандаа дээрх тусгай зарчмыг үл баримталсан буюу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/130 дугаартай тушаалыг гаргах үйл ажиллагаанд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэх ёстой байсан хэдий ч үндэслээгүй байгаагаас үзэхэд дээрх захиргааны акт хууль бус болох нь тогтоогдож байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 902 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо.

2.2. Нэхэмжлэгч Б.Н  нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 34 дэх хэсгээр төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр 17-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтны нөөц, түүний ашиглалт, хамгаалалт, амьдрах орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, албан тушаалын сарын үндсэн цалинг ТЗ-7-1 шатлалаар тогтоосон байна.

2.3. Улмаар маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/130 дугаар тушаалаар Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны Б.Нмэргэжилтний албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож, Б-н НХүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар олгон чөлөөлж шийдвэрлэжээ.

2.4. Нэхэмжлэгчээс “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар 2022 оны 02 сард томилогдож 03 сард төрийн албаны шалгалт авсан. Энэ шалгалтаар намайг төрийн албаны нөөцөд байх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр халсан. Шалгалт явуулж байх хугацаанд Төрийн албаны зөвлөлийн Э.Мөнхгэрэл гэдэг хүнтэй уулзахад нөөцөд байх хугацаа дуусаагүй, төрийн албанд ажиллаж байгаа хугацаанд нөөцөд байгаа хугацаа дууссан гэж үзэхгүй гэдэг тайлбарыг тухайн үед өгч байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сонсох ажиллагаа явуулж 04 дүгээр сарын 29-ны өдрийн тушаалыг гаргасан. Энэ тушаалыг 04 дүгээр сарын 28-ны өдөр танилцуулсан. Төрийн албаны нөөцөд байх хугацаа дуусаагүй, энэ хугацаа нь төрийн албанд ажиллаж байгаа хүнд хамаарахгүй... гэж маргажээ.

2.5. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар авч үзвэл нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа 2020 оны 02 дугаар сард дууссан байна. төрийн жинхэнэ албанд орох иргэн нь ерөнхий болон тусгай шалгалт өгсөн байх шаардлагатай. Дээрх тайлбарласан үйл баримт, үндэслэлүүдээс үзэхэд, нэхэмжлэгчийг анх 2019 оны 04 дүгээр 17-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар томилохдоо хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр томилоогүй буюу түр орлон гүйцэтгэгчээр томилсон, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа 2020 оны 02 дугаар сард дууссан нөхцөл байдал тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актууд болох яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны Б/130 дугаартай тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 173 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.6. Учир нь Төрийн албаны тухай хуулийн /2017/-ийн 33 дугаар зүйлийн 33.2-т төрийн жинхэнэ албаны шалгалт “ерөнхий болон тусгай” гэсэн төрөлтэй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Н  нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч 53 дугаар тогтоолын дагуу “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд” бүртгэгджээ.

2.7. Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 27 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд хуульд заасан журмын дагуу уг орон тоог нөхөх бөгөөд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалт явуулж, төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилохоор хуульчилсан. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан.

2.8. Нэхэмжлэгч Б.Н  нь хуульд заасны дагуу төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байхаас гадна Төрийн албаны тухай хуулийн /2019/-ийн 33 дугаар зүйлийн 33.8-д “...Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа 3 жил байна” гэж заасны дагуу нөөцөд байх хугацаа 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусжээ.

2.9. Дээрхээс дүгнэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн Амьтны нөөц, ашиглалт, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаардаг болохын хувьд уг албанд нэхэмжлэгчийг томилохдоо төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзэх нь хуулийн шаардлага юм.

2.10. Иймд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна”, 33.2.1-д “ерөнхий шалгалт”, 33.2.2-д “тусгай шалгалт”, 33 дугаар зүйлийн 33.3-т “...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хороонд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэх хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн албанд орох иргэн нь ерөнхий болон тусгай шалгалт өгсөн байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэгч Б.Н-н нөөцөд байх хугацаа дууссан тул тусгай шалгалт өгөх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

2.11. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга нэхэмжлэгчийг анх  2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар томилохдоо хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр томилоогүй буюу түр орлон гүйцэтгэгчээр томилсон байхад нэхэмжлэгч ...төрийн жинхэнэ албаны шалгалт өгч байх үед ерөнхий болон тусгай шалгалт гэж ялгаж зааглаагүй нэгдсэн нэг шалгалт авдаг байсан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч, шалгалтын босго оноог даван, Төрийн албаны зөвлөлийн хүчин төгөлдөр тогтоолын дагуу төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэж, нөөцөд байх хугацаандаа төрийн жинхэнэ албанд томилогдсон тул үргэлжлүүлэн томилогдох ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд түүний давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

2.12. Мөн Коронавирус халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг бууруулах зорилгоор нийтийн албан тушаалд сонгон шалгаруулалтыг түр хугацаанд зогсоож, энэ хугацаанд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс шаардлагатай орон тоог бүрдүүлэхийг зөвшөөрсөн болохоос бус шууд төрийн жинхэнэ албан тушаалд үргэлжлүүлэн томилох эрхийг олгоогүй болохыг  дурдах нь зүйтэй.

2.13. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 902 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ