Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, 

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************холбогдох эрүүгийн 2138000670159 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2021 оны 2 дугаар сарын 5-ны орой 23 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” зочид буудлын 2 давхрын нийтийн байранд хамтран амьдрагч ***************хоёр хөхний завсар цохиж, зүүн хөхийг гараараа базан улмаар зүүн хөхний булчирхайд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *************** нь 2021 оны 2 дугаар сарын 5-ны орой 23 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” зочид буудлын 2 давхрын нийтийн байранд хамтран амьдрагч ***************хоёр хөхний завсар цохиж, зүүн хөхийг гараараа базан улмаар зүүн хөхний булчирхайд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000670159 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед хэрэлдэж маргалдаж ноцолдоод чирч гарах үед Цэндсүрэнгийн хөхийг базсан. Мөн цээж хэсэгт нь түлхэж унагаасан. Маргалдсаны улмаас биед нь халдаж гэмтэл учруулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ***************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед гэртээ байж байтал хамтран амьдрагч *************** нь гаднаас согтуу орж ирээд намайг...хараалын үгээр доромжилж хашхираад миний хацар руу алгадчихаар нь би зугтаагаад хажуу айл руу ортол *************** араас орж ирээд намайг харья гээд миний мөрнөөс татаж айлын үүдний гадаа шалан дээр унагаасан. Би тэгж унахдаа нуруугаараа, бөгсөөрөө хүчтэй унасан. Тэгээд намайг арай гэж босоод иртэл *************** гараараа миний хоёр хөхний гол руу хүчтэй цохиж зүүн хөхийг гараараа базаж өвтгөсөн. Тэр шөнөөс эхлээд миний гэдэс базалж өвдөж эхэлсэн...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-21-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***************гэх эмэгтэй 2021 оны 02 дугаар сарын 09-ний орой жижүүрийн хугацаанд өрхийн эмч нь анх дагуулж эмнэлэгт ирж хэвтүүлж яаралтай журмаар касер мэс заслаар төрүүлсэн гэж тэр өдөр жижүүрт гарч байсан эмчээс мэдээлэл авсан. Би бол ***************гэх эмэгтэйг төрүүлж эх барьж аваагүй. Өөрийнх нь хэлж байгаагаар би жирэмсэн байх хугацаандаа хамтран амьдрагчдаа байнга дарамтлуулж зодож цохиулдаг байсан учраас стресс ихтэй байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед ***************ын эхнэр ***************авраарай, туслаарай гэх үгнүүдийг олон дахин давтаж хэлээд уйлаад байх шиг байсан. Тэгээд хэсэг чимээгүй болсны дараа цагдаагийн хүмүүс ирж байгаа бололтой байсан. Би тухайн үед тусгаарлалтад байсан учир гарч нүдээрээ бол хараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***************гэх эмэгтэйг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 03 цаг 57 минутад касер хагалгаагаар төрүүлсэн. Намайг хагалгаанд орчхоод гарч ирэхэд ***************гэх эмэгтэйг багийнх нь өрхийн эмч эмнэлэгт авчирсан байсан. Тэгээд авчирсан гэх эмэгтэйг биеийн ерөнхий үзлэгээр үзэхэд зүүн хөхний орчим хөхөрсөн байсан, дарахад бага зэрэг эмзэг байсан. Тухайн эмэгтэй архи уусан, мөн хэвлийн доогуур умай хатуурч өвдсөн байсан. Тэгээд ***************гэх эмэгтэйг яаралтай төрүүлж төрөлтийн түүхийг жирэмсний эмгэг судлалын тасагт хэвтүүлж эмчилгээ эхэлсэн. ***************өмнө нь 2009 онд касер хагалгаагаар төрж байсан хагалгааны сорвитой байсан. Мөн зүүн талын хөх нь хөхөрсөн байдалтай байсан. Энэ яасан юм бэ гэсэн чинь манай хамтран амьдрагч цохисон юм гэж хэлсэн. Өөрөөр ил харагдах шарх сорви байгаагүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 61-63-р хуудас),

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 68-74-р хуудас),

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 76-84-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай:

 

1. ***************гийн биед зүүн хөхний булчирхайд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

      3. ***************гийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

      4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шийтгэврийн хуулбар (хх-ийн 57-60, 96-100-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000670159 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2021 оны 2 дугаар сарын 5-ны орой 23 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” зочид буудлын 2 давхрын нийтийн байранд хамтран амьдрагч ***************хоёр хөхний завсар цохиж, зүүн хөхийг гараараа базан улмаар зүүн хөхний булчирхайд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ***************гийн (хх-ийн 15-21-р хуудас), гэрч ***************(хх-ийн 33-34-р хуудас), гэрч ***************(хх-ийн 36-37-р хуудас), гэрч ***************(хх-ийн 39-40-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 61-63-р хуудас),

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 68-74-р хуудас),

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 76-84-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт (хх-ийн 43-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *************** нь хохирогч ***************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ***************аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч ***************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************** нь урьд 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 5 жилийн хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 60, 96-98-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ***************д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000670159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч  ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2138000670159 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *************** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ***************аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР