Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 306

 

МАГАДЛАЛ

 

2017.01.27                                                 Дугаар 306                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Комит сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05678 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Комит сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Энхтөрд холбогдох,

Гэм хорын хохиролд 44 498 297 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Бат-Оргил,

Хариуцагч: Г.Энхтөр,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Гунгаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Г.Энхтөр “Комит Сервис” ХХКомпанид инженерээр ажилладаг бөгөөд Ханбогд суманд томилолтоор ажиллаж байсан. Оюутолгойд ажиллаж байхдаа компанийн эзэмшилийн ланд маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргасан ба энэ ослын улмаас манай компанийн ажилтан С.Мягмар нас барсан бөгөөд түүний шарилыг зун говьд халуун байсан учир захиалгат нислэгээр авчруулсан, нисэх буудлаас зөөсөн, үзлэгийн зардал гарсан байдаг.С.Мягмар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан тул үйлдвэрийн осолтой адилтган үзэж түүний ар гэрийн хүсэлтээр 12 600 000 төгрөгийн нөхөн төлбөрийг компанийн зүгээс олгосон. Зам тээвийн осолд орсон 95-88 дугаартай машинд учирсан гэмтлийг үнэлгээний байгууллага 11 451000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Компани Г.Энхтөртэй харилцан тохиролцоод миний хэрэг хүндрэх гээд байна хохирлын асуудлаа тусад нь шийдье гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгөөч гэж хүссэн учир хохирлын асуудлаа тусад нь иргэний журмаар шийдвэрлүүлье гээд санал гомдолгүй гэсэн бичиг хийж Г.Энхтөртэй гэрээ байгуулсан байдаг тул түүнээс 44 498 297 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Намайг Сэлэнгэ аймагт ажиллаад томилолт дуусаагүй байхад Оюутолгой явуулсан, тухайн үед би амралтгүй ажиллаж байсан, өдөрт 300 км зам туулдаг байсан, осол болдог үед миний томилолтын хугацаа дуусчихсан байсан. Осол болохын урд өдөр шөнөжин ажиллаж техникийг гаргаад өглөө нь дараагийн ажлаа хүлээж аваад явж байхад Лхагвадорж хотоос ирээд буруу газар буусан байна ирж аваач гэхэд талийгчтай яриад Ханбогд орж аваад буцаж явах замдаа ядралтаас болоод осол гарсан, компаниас гаргаж өгсөн машин бүрэн бус байсан, Лхагвадоржийг очиж ав гэдгийг ахлах инженер хэлсэн. Захиалгат нислэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг осолд орох үед агаарын сааталтай онгоц нисэхгүй байна гээд яаралтай гэсэн бол ажилтнаа гэсэн бол намайг ч гэсэн тэр нислэгээр аваад явж болох байсан байх, тухайн үед би маш хүнд гэмтэлтэй байсан, Оюутолгойд ухаан алдаад байсан. Оюутолгойд хэд хоног хэвтсэнээ мэдэхгүй байна. Ажилтнаа гэж бодсон бол намайг бас нисдэг тэргээр аваад явах боломжтой байсан байх, Эрүүгийн хэргийг шийдэх гэж байхад надад олон хүн хэлсэн, чамайг шоронд явуулах хүсэл алга, компанитай гэрээ хийчих гэсэн. Нөхөн төлбөр олгосон нь компаниас гарах зүйл байх гэж бодож байна. Машин унагаасан хохирлын хувьд намайг эмнэлэгт хэвтэж байхад согтуу гэсэн акт үйлдээд явуулсан байсан. Миний цуснаас шинжилгээ авсан юмуу, намайг согтуу гэдгийг яаж мэдсэн юм бэ гэхэд талийгаачийн цуснаас шинжилжилгээ авсан гэж л хэлсэн. Даатгалаас бүрэн хэмжээгээр мөнгөө авах боломжтой байсан байх. Шүүх эмнэлэгийн зардал улсаас гардаг байх гэж бодож байна. Би ажилдаа буцаж ороод ажиллахад миний цалингаас хохирлын төлбөрт 900 000 төгрөг суутгаж авсан, намайг ажилдаа эргэж ороход компанийн захирал намайг их дарамталж, доромжилдог байсан тул би аргагүй эрхэнд ажлаасаа гарсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан Г.Энхтөрөөс 10 991 985 төгрөгийг гаргуулан “Комит Сервис” ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 33 506 312 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар “Комит Сервис” ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхтөрөөс 190 821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: "Комит сервис" ХХК-ийн ямар нэгэн төлөөлөгч биечлэн оролцоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шиг "Комит сервис" ХХК-ийн зүгээс өөрт учирсан хохирлоо 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар тодорхойлоогүй байсан, түүнийгээ эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр мэдүүлж, тайлбарласан байх ямар ч боломжгүй юм. Ийм утга агуулга бүхий тайлбар, мэдүүлгийг ч шүүхэд бичгээр хүргүүлээгүй. Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн тогтоолд хохирогч "Комит сервис" ХХК-ийн төлөөлөгч Д.Алинзул нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ хэдэн төгрөгийн хохирол учирсныг тогтоогоогүй байгаа, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн мэдүүлэг гэж дурдсан байгаа нь Д.Алинзулын зүгээс эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болохоос хамаагүй өмнө буюу талуудын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирол барагдуулах тухай гэрээ байгуулахаас өмнө тус хэргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг тул анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэн шиг цаг хугацааны хувьд зөрчилтэй байх үндэслэлгүй юм.

Учир нь Г.Энхтөрийн Тоёото ланд криузер маркийн 95-88 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Комит сервис" ХХК-ийн эзэмшлийн машин байсан, энэ талаар маргахгүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Тоёото ланд криузер маркийн 95-88 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Комит сервис" ХХК-ийн эзэмшлийнх байсан гэдэг нь хангалттай нотлогдож байна. Зөвхөн гэрчилгээний хуулбар байхгүй гэдэг үндэслэлээр Тоёото ланд криузер маркийн 95-88 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь "Комит сервис" ХХК биш гэж үзэж байгаа явдал нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан байж болохыг харуулж байна.

Анхан шатны шүүх нь Г.Энхтөрийн эзэмшиж байсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нотолсон баримт байхгүй, улмаар нэхэмжлэгч байгууллага нь ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн нөхцөлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд заасны дагуу хангаж байсан эсэхийг баримтаар нотлоогүй байна гэжээ. Тэгвэл хавтаст хэрэгт "Комит сервис" ХХК-ийн эзэмшлийн бөгөөд Г.Энхтөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн бус байсан, улмаар "Комит сервис" ХХК нь ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангаагүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байсан гэсэн нотлох баримт ч хавтаст хэрэгт авагдаагүй, тогтоогдоогүй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 33 506 312 төгрөгийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосноос 32 656 312 төгрөгийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг нь хүчингүйд тооцож, 32 656 312 төгрөгийг Г.Энхтөрөөс нэмж гаргуулан "Комит сервис" ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Комит сервис” ХХК нь хариуцагч Г.Энхтөрд холбогдуулан гэм хорын хохиролд 44 498 297 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.Энхтөр нь тус компанид ажиллаж байхдаа 2011 оны 7 дугаар сарын 23-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасны улмаас ажилтан С.Мягмарын амь нас хохирсонтой холбоотойгоор компанид 44 498 297 төгрөгийн хохирол учирсныг арилгуулах агуулгаар тайлбарласны зарим хэсэг үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад яаралтай тусламжийн захиалгат нислэгийн төлбөр 23 440 437,50 төгрөг, тариа шприцний үнэ 12 160 төгрөг, шарил зөөвөрлөх ажлын хөлс 85 000 төгрөг, талийгаач С.Мягмарын ар гэрт олгосон болон олгох төлбөр 12 600 000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн зардал 155 000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирол 11 451 000 төгрөг /даатгалын 3 160 800 төгрөгийг хасах/ багтжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...би компанид шууд санаатай болон илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулаагүй, осол болох үед томилолтын хугацаа дууссан байсан, даатгалаас бүрэн хэмжээгээр мөнгөө авах боломжтой, шүүх эмнэлгийн зардал улсаас гардаг байх, ажилдаа ороход цалингаас      900 000 төгрөг суутгаж авсан...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор хариуцагч С.Энхтөр нь 2011 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Ланд круйзер 105 маркийн, 95-88 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчин осол гаргаж, С.Мягмарын амь насыг хохироож, Л.Даваа-Очир, С.Лхагвасүрэн нарын биед хөнгөн гэмтэл, “Комит сервис” ХХК-д 8 706 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон байна.

Хариуцагчийн гэм бурууг шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоосон тул нэхэмжлэгч компани нь өөрт учирсан гэм хорын хохирлыг түүнээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг бусдад учирсан гэм хохирлыг буцаан гаргуулахаар, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Тухайлбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан эвдрэл гэмтэл учирсан автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч компани мөн эсэх талаар зохигчид маргаагүй, уг эд хөрөнгөд учирсан эвдрэл гэмтлийн хохиролд хариуцагч гэм буруутайг өмнө шүүх тогтоосон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад шүүх автомашины эзэмшигч гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэл заан 8 290 200 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Түүнчлэн хариуцагч зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчид гэм хор учрахад нэхэмжлэгч буруутай байсан гэх хариуцагчийн тайлбараас өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасан гэм хор учирснаас үүсэх үүргийн талаарх нарийвчилсан зохицуулалт байгаа үед давхар хэрэглэгдэхгүй.

Иймд хариуцагчаас яаралтай нислэгийн төлбөр 23 440 437 төгрөг, шарил зөөвөрлөсөн ажлын хөлс 85 000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн зардал 155 000 төгрөг шүүхийн шийтгэх тогтоолд заасан 8 706 000 төгрөг, автомашины эвдрэл хохирлын төлбөр бүгд 32 386 437 төгрөгийг хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэг үүссэн байх тул цалингаас суутгасан 850 000 төгрөгийг уг дүнгээс хасч нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Харин нас барагч С.Мягмарын ар гэрт олгосон 12 600 000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийн заалтыг үндэслэсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан тул үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн төлсөн төлбөрийг Г.Энхтөрөөс шаардах эрхгүй, түүнчлэн тариа, шприцний үнийг нэхэмжлэгч сайн дураар төлснийг хариуцагчаас гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг зөвтгөх боломжтой.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05678 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхтөрөөс 30 731 497 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Комит сервис” ХХК-д олгож, үлдэх 13 766 800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...190 821...” гэснийг “311 608” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 321 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ