Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 242

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А нам

Хариуцагч: НЗД , НЗДТГ ХЭЗХД

Нэхэмжлэлийн шаардлага: А намаас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр жагсаал хийх тухай мэдэгдлийг НЗД  бүртгэхээс татгалзсан шийдвэр /амаар гаргасан захиргааны акт/ хууль бус болохыг тогтоох,

НЗДТГ ХЭЗХД ын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/1122 албан тоот хууль бус байсан болохыг тогтоох,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т , Н.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А нам нь Монгол Улсын Үндсэн Хууль, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасан эрхийн хүрээнд Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан жагсаал хийх тухай мэдэгдлийг НЗД д гаргасан боловч замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатлыг бий болгоно гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ гээд 10.1.1 дэх заалтад Шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол, 10.1.2 дахь заалтад Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол, 10.1.3 дахь заалтад Энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол гэж заасан.

А намаас жагсаал хийхээр мэдэгдсэн гудамж нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалтад заасан газарт биш бөгөөд замын хөдөлгөөний түгжрэл, саатал гэсэн үндэслэлээр жагсаалыг бүртгэхээс татгалзах хуулийн хэмжээ байхгүй болно.

Иймд А намаас Монгол Улсын Үндсэн Хууль, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасан эрхийн хүрээнд Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан жагсаал хийх тухай мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан НЗДТГ ХЭЗХД ын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/1122 албан тоотод гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч НЗД , НЗДТГ ХЭЗХД нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/1122 дугаар албан бичгээр өгсөн хариу нь Засаг даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т Замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцлийг судалж, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх заасан хуулиар чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд дээрх албан бичгээр өгсөн хариу нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь тус шүүхэд А намаас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр жагсаал хийх тухай мэдэгдлийг НЗД  бүртгэхээс татгалзсан /амаар гаргасан захиргааны акт/ шийдвэрийг хүчингүй болгуулах, НЗДТГ ХЭЗХД ын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/1122 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байна.

Үүний дараа 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр А нам жагсаал, цуглаан хийснийхээ дараа А намаас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр жагсаал хийх тухай мэдэгдлийг НЗД  бүртгэхээс татгалзсан шийдвэр /амаар гаргасан захиргааны акт/ хууль бус болохыг тогтоох, НЗДТГ ХЭЗХД ын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/1122 тоот албан бичиг хууль бус байсан болохыг тогтоох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгүүлэхээр НЗД д хандан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02/121 дүгээр албан бичгийг хүргүүлсэн байна[1].

Уг мэдэгдлийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 25 минутад ирсэн бичгийн бүртгэл хяналтын картад[2] бүртгэсэн байх бөгөөд үүний дагуу НЗДТГ ХЭЗХД А.Д******* 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/1122 дугаар албан бичгээр[3] жагсаал цуглаан хийхийг бүртгэх боломжгүй талаар бичгээр хариу өгч, энэ талаар мөн бүртгэл хяналтын картад тэмдэглэжээ[4].

Энэ нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, НЗД д өгч бүртгүүлнэ гэж заасан бөгөөд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З-д заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч А намын жагсаал, цуглаан хийх мэдэгдэлд НЗДТГ ХЭЗХД А.Д******* эцэслэн бичгээр хариу өгсөн нь тогтоогдож байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/1122 дугаар албан бичигт ...Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх байршлуудаас Жанжин Д.Сүхбаатарын талбайд жагсан ирэх нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бий болгох, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан холбогдох заалтууд зөрчигдөх нөхцөл үүсэх тул уг жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй байна гэсэн хариуг өгчээ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.1-д Шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан 10.1.2-т Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн 10.1.3-д Энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол НЗД  жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргахаар заасан.

Эндээс үзвэл замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл, саатлыг бий болгон, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан холбогдох заалтууд зөрчигдөх нөхцөл байдал үүснэ гэж нэхэмжлэгчийн мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь дээрх хуулийн үндэслэлд хамаарахааргүй байна.

Харин дээрх хуулийн зохицуулалтаар жагсаал, цуглааныг хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарч болох ба уг мэдэгдлийг аймаг, НЗД д өгч бүртгүүлэх, мөн мэдэгдэлтэй холбоотой нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал ... зохион байгуулагчтай харилцаж зохицуулах, шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх хуулиар олгосон эрхийг Засаг дарга хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

Маргаан бүхий захиргааны акт нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хөндсөн гэж үзээд маргаан бүхий захиргааны акт нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн, мөн нэхэмжлэгчийн жагсаал, цуглаан хийх эрхийг хөндсөн, нэгэнт нэхэмжлэгчээс зохион байгуулсан жагсаал, цуглаан хийх хугацаа өнгөрсөн учир А намаас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр жагсаал хийх тухай мэдэгдлийг НЗД  бүртгэхээс татгалзсан шийдвэр /амаар гаргасан захиргааны акт/ болон НЗДТГ ХЭЗХД ын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/1122 дугаар албан тоот хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: нэхэмжлэгч тус шүүхэд гомдол гаргасантай холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгож өгөх хүсэлтийг гаргасан боловч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хэсгийн 41.1.5 дахь заалтад заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд уг маргаан нь хамаарахгүй тул улсын тэмдэгтийн хураамж төлөх нь зүйтэй гэж дүгнэсэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2173 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа учир хүсэлтийг хангах боломжгүй гэж дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А намаас гаргасан А намаас 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр жагсаал хийх тухай мэдэгдлийг НЗД  бүртгэхээс татгалзсан шийдвэр /амаар гаргасан захиргааны акт/ хууль бус болохыг тогтоох, НЗДТГ ХЭЗХД ын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/1122 тоот албан бичиг хууль бус байсан болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.5 дахь заалтад зааснаар уг маргаан нь гомдлоор авч хэлэлцэх маргаан биш тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                           Д.ОЮУМАА