Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2019/00309

 

СР ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2018/00118 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 857 дугаар магадлалтай,

СР ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ц А ХХК-д холбогдох, 

Нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт нийт 10.107.703 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 4.849.348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч СР ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ц А ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 7850 тн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр СР ХХК нь 0-300 мм-ийн хэмжээтэй, 2900 ккалориас дээш илчлэгтэй нүүрсийг Ц А ХХК-д нийлүүлэх, үүний хариуд 1 тонн бүрийг нь 21.853 төгрөгөөр тооцож төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний үргэлжлэх хугацаанд 179.738.468 төгрөгийн нийт 6424.5 тонн нүүрсийг хуваарийн дагуу шилжүүлсэн. Энэхүү шилжүүлсэн тооцоог Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангиас СР ХХК-д хүргүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 20-ны 33/179 тоот албан бичиг болон Шивээ овоо ХК-ийн Санхүүгийн хэлтэстэй 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн актуудаар баталгаажуулсан байна. Нийт 179.738.468 төгрөгийг шилжүүлэх байснаас Ц А ХХК-ийн зүгээс хэсэгчлэн төлж байсан болно. Гэрээний 2.4, 3.5-д тус тус зааснаар худалдан авагч нь хүлээн авсан нүүрсний үнийг төлөхгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар алданги тооцон нийлүүлэгчид төлөх ба төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 6.738.468 төгрөгөөс 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр болох 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх алдангид 3.369.235 төгрөг, нийт 10.107.703 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани нь СР ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Манай компани 6424.5 тн нүүрс аваагүй. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 33/179 тоот албан бичигт Ц А ХХК-нь 4390 тонн нүүрсийг хүлээж авсан талаар бичсэн. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тус хэсгийн ачилт буулгалтын талбайд 520 тонн нүүрсний үлдэгдэл байгаа болно гэсэн тодорхойлолтыг өгсөн. Манайх 4390 тонн нүүрсийг хүлээж авсан. Мөн дээр нь энэ талбайд үлдэгдэл байсан 520 тонн ачааг манайх 1 жилийн дараа хүлээж авсан. 1330 тонн нүүрсийг Зүүнбаянгийн өртөөнөөс хүлээж авсан. Нийт 6240 тонн нүүрс авсан юм. Үүний үнийг 21.853 төгрөгөөр бодоод 136.362.720 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн манайх 6240 тонн нүүрс авсан учраас энд 184.5 тонн нүүрсний тээврийн зардлыг үндэслэлгүй нэхэмжилж байна гэж үзэж байна. 184.5 тонн нүүрс бол 10 тонны даацтай 3 вагонд дунджаар ачих хэмжээний нүүрс байгаа. Энийг Төмөр замын байгууллагаас авсан тодорхойлолтоор 66 тонн хүртэл ачааны тээврийн үндсэн зардал нь 401.400 төгрөг гэж тодорхойлсон байгаа тул 3 вагоны тээврийн зардал 1.204.200 төгрөгийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Ц А ХХК нь нийт 174.720.920 төгрөгийг нүүрсний үнэ болон тээврийн зардалд төлөхөөс, төлсөн 173.000.000 төгрөгийг хасаад төлбөл зохих үүрэг бол 1.720.920 төгрөг гэсэн тооцоо гаргаж байна. Гэрээнд зааснаар СР ХХК нь манай компаниас нүүрсний үнийг нэхэмжлэх эрхтэй. Харин тээврийн зардлыг шаардах эрхгүй юм. Иймд алданги нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ц А ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...СР” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 85 вагон 6240 тонн нүүрс худалдан авч, нүүрсний үнэ болон төмөр замын тээврийн зардалд 173.000.000 төгрөгийг СР ХХК-д шилжүүлсэн. Манай компани нүүрсний үнэд 136.362.720 төгрөг, төмөр замын зардалд 39.562.400 төгрөг, нийт 175.925.120 төгрөг төлөх тооцоо гарч байна. Үүнээс 173.000.000 төгрөгийг төлөөд зогсоосон учир нь СР ХХК манай компанид нэмэгдсэн өртгийн албан татварын 12.743.164 төгрөгийн баримт олгоод, дахин баримт өгөөгүй буюу 17.592.512-12.743.164=4.849.348 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй болж, энэ хэмжээгээр улсад татвар төлсөн. Иймд СР ХХК-иас Ц А ХХК-д нүүрсний гэрээний дагуу нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4.849.348 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч СР ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа гэрээний нийт үнийн дүн 179.738.468,50 төгрөг бөгөөд хариуцагч үүнээс 173.000.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр 6.738.468 төгрөг, үүнд алданги тооцож 1.381.290 төгрөг, нийт 8.119.758 төгрөгийг нэхэмжилсэн. НӨАТ-ын баримтаар манай компани нийт 14.0176.048 төгрөгийн баримт олгосон бөгөөд гэрээний нийт үнийн дүн 179.738.468.50 төгрөгөөс хасч тооцвол үлдэгдэл 39.562.420 төгрөг буюу тээврийн зардлын төлбөр үлдэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх буюу төмөр замын тээврийг Монгол улс нэмэгдсэн өртгийн албан татвар чөлөөлдөг болно. Нөгөөтэйгүүр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д гэрээгээр тохиролцсон 7850 тонн нүүрсийг шуурхай хүлээн авч тээвэрлэлттэй холбоотой хариуцлага хүлээнэ гэсэн үүргийг худалдан авагч буюу хариуцагч Ц А ХХК хариуцах үүргийг хүлээсэн. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч СР ХХК нь хүлээн авсан мөнгөн дүнгийн хэмжээгээр НӨАТ-ын баримтыг бүрэн өгсөн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар талуудын аль нэг нь төмөр замын тээвэрт НӨАТ төлөх үүрэг байхгүй буюу чөлөөлөгдөх ажил үйлчилгээ, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тээвэрлэлттэй холбоотой зардал, татварын асуудлыг худалдан авагч буюу Ц А ХХК хариуцахаар тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2018/00118 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц А ХХК-иас нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлт 9.626.927 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СР ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 480.776 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц А ХХК нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 4.849.348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч СР ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191.650 төгрөг, хариуцагч Ц А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.000 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Ц А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 168.981 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СР ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 857 дугаар магадлалаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2018/00118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9.626.927 гэснийг 1.788.640 гэж, 3 дахь заалтын 168.981 гэснийг 43.568 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 695 тн нүүрс Техник импорт ХХК-ийн нэр дээр ачаа ирсэн талаар тэмдэглэл байхгүй буюу хариуцагчийн захирал Ж.Цэнгэл хүлээж авсан гэх баримт алга байна хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үнийн дүнг 1.788.640 төгрөг болгож буулгасан. Гэвч давж заалдах шатны шүүх маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа хэмээн зөв дүгнэсэн атлаа талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 сарын 10-ны өдрийн гэрээний 1.1-д заасан нүүрсийг ФОС Шивээ овоо өртөө нөхцлөөр нийлүүлнэ гэж заасныг дүгнээгүй буюу талуудын тохиролцоог үнэлсэнгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зөвхөн шивээ овоо өртөөнд хүлээлгэж өгөх үүрэгтэй байхыг буруу дүгнэсэн болно. Мөн магадлалд гэрээний 2.4, 3.5 дахь хэсэгт зааснаар нүүрсний төлбөрөө төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон боловч төлсөн төлбөрийн аль нь нүүрсний төлбөрт аль тээврийн зардал болох нь тодорхойгүй тул алданги тооцох боломжгүй юм гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангиас СР ХХК-д хүргүүлсэн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 33/179 тоот албан бичиг болон Шивээ овоо ХК-ны санхүүгийн хэлтэстэй 2016 оны 11 сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн актуудаар 95 вагоны тээврийн зардал 39.562.400 төгрөг гэж хангалттай тодорхой, мөн нэхэмжлэл гаргахдаа тээврийн зардал болон нүүрсний үнийн дүнг тус тусад нь хүснэгтлэн хүргүүлж түүнийгээ бусад холбогдох баримтаар батлан хүргүүлсээр байтал нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

СР ХХК нь Ц А ХХК-д холбогдуулан нүүрсний үнийн үлдэгдэл 6.738.468 төгрөг, алданги 3.369.235 төгрөг, нийт 10.107.703 төгрөг шаардсныг, хариуцагч эс зөвшөөрч “...нийт 179.738.498 төгрөгийн борлуулалт хийсэн боловч НӨАТ дутуу олгосон тул уг мөнгийг хасч 2.782.223 төгрөгийг тодорхой хугацаанд төлнө, алданги  төлөхгүй” гэж марган, сөрөг нэхэмжлэлээр НӨАТ-т 4.849.348 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч сөрөг нэхэмжлэлээс татгалзаж, улмаар “...нийт 6240 тн нүүрс хүлээн авсан, төлбөл зохих 174.720.920 төгрөгөөс төлсөн 173.000.000 төгрөг хасч, зөрүү 1.720.920 төгрөг төлнө” гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан бөгөөд магадлалд заасан эрх зүйн дүгнэлт хуулийн үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйгээс гадна Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээгээр СР ХХК /хуучнаар Сутай эрчим ХХК/ нь Шивээ овоо ХК-ийн стандарт, техникийн нөхцөлд тохирсон чанарын үзүүлэлттэй 0-300 мм-ийн хэмжээтэй, 2900 ккалориас дээш илчлэгтэй нийт 7850 тн нүүрсийг 1 тн тутамыг 21.853 төгрөгөөр Ц А ХХК-д нийлүүлэхээр тохиролцсон нь тогтоогджээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах- худалдан авах гэрээний агуулгатай, хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нийт 95 вагон буюу 6424.5 тн нүүрс нийлүүлсэн гэснийг, хариуцагч 6240 тн-г хүлээн авсан, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 вагон буюу 695 тн нүүрсийг аваагүй гэж маргажээ.

Зохигчийн хооронд шилжүүлсэн нүүрсний нийт хэмжээ, үнийн талаар тооцоо нийлсэн баримт байхгүй боловч нүүрсний үнэд хариуцагч 173.000.000 төгрөг төлснийг маргаагүй байна.

Худалдах-худалдан авах гэрээний 1.1, 2.2, 3.1-дэх  заалтад “талууд гэрээний зүйл болох ...нүүрсийг ФОС Шивээ овоо өртөө нөхцлөөр нийлүүлэх, худалдагч нүүрсийг худалдан авагчийн захиалсан хаягаар вагоны даацын хэмжээнд хүргэж ачих, худалдан авагч нүүрсийг шуурхай хүлээн авч, тээвэрлэлттэй холбоотой хариуцлага хүлээх”-ээр тус тус тохиролцжээ.

Дээрх нөхцлөөс, худалдагч буюу СР ХХК нь гэрээний зүйл болох нүүрсийг худалдан авагч Ц А ХХК-д илгээх үүргийг хүлээсэн, ийнхүү илгээж, тээвэрлэгчид хүлээлгэн өгснөөр тухайн хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 246 дугаар зүйлийн 246.1, 248 дугаар зүйлийн 248.1-д заасантай нийцнэ.

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй, анх нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргасан тээвэрлэгч Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспидицийн механикжсан ангийн 2015.07.20-ны өдрийн 33/179 тоот албан бичигт /хх-9-р тал/ хариуцагч Ц А ХХК-ийн хүлээн авсан  нүүрсний хэмжээг 10 вагон буюу 695 тн-р  дутуу тодорхойлсон боловч  энэ нь хэргийн бусад нөхцлөөр үгүйсгэгдсэн байна.

“...2014-09-03-наас 2014-09-28-ны өдрүүдэд нийт 65 вагон 4390 тн ачаа ирснийг Ц А ХХК хүлээн авсан бөгөөд дээрх ачаанаас ...ачилт буулгалтын талбайд 520.0 тн ачааны үлдэгдэл байгаа” гэсэн 33/179 тоот албан бичгийн агуулгыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлажээ. Уг бичигт дурдснаар нийлүүлсэн 4390 тн-д, талбайгаас аваагүй 520 тн багтаж байгааг тус шүүх анхаараагүй, мөн хариуцагчийн “2014.09.15-нд 10 тн буюу 695 тн нүүрс аваагүй гэсэн атлаа, 6240 тн нүүрс хүлээн авсан” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн нь буруу байна.

Зохигч, СР ХХК-ийн нэрээр Зүүнбаян цэргийн ангид нийлүүлсэн буюу Ц А ХХК хүлээн авсан 20 вагон 1330 тн нүүрсний хэмжээнд маргаагүй бөгөөд харин Улаанбаатарт хүргэгдсэн нүүрсний нийт хэмжээг өөр өөр тайлбарлажээ. Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспидицийн механикжсан ангийн 2015.07.20-ны өдрийн 33/179 тоот албан бичигт тусгагдснаар тооцвол нийт нийлүүлэгдсэн нүүрс 4390 тн болох ба үүнд дээрх Зүүнбаян цэргийн ангид нийлүүлсэн 1330 тн-ыг нэмбэл, нийт 5720 тн нүүрс нийлүүлэгдсэн гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд хариуцагчийн тайлбарт дурдсан, давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд заасан 520 тн нүүрсийг хэзээ, хэрхэн нийлүүлсэн нь тодорхой бус болох юм.

Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспидицийн механикжсан ангийн 2015.07.20-ны өдрийн 33/179 тоот албан бичигт 2014.09.15-ний өдрийн нийлүүлсэн 695 тн нүүрсийг дутуу тодорхойлсон үндэслэлээр нэхэмжлэгч тус ангиас дахин лавлагаа авч шүүхэд ирүүлсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33/13 тоот албан бичигт “...2014-09-03-с 09-28-ны өдөр хүртэл нийт 75 вагон буюу 5105 тн нүүрсийг Сансо ресурс ХХК /Сутай Эрчим ХХК/ илгээснийг Ц А ХХК, түүний захирал Ж.Цэнгэл хүлээн авсныг тодорхойлж ачаа олголтын дэвтэр 22 хуудас баримт ирүүлжээ. Хариуцагч нь  дээрх баримтууд  болон Шивээ овоо ХК, СР ХХК-ийн /Сутай эрчим ХХК/ хооронд тооцоо нийлсэн актыг няцааж чадаагүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгов.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Тус шүүх 2014 оны 09 дүгээр сарын 10,11-ний өдрийн нүүрснээс тонны зөрүү гарсан үндэслэлээр нийт нийлүүлсэн нүүрсийг 6392.5 тн гэж дүгнэж, 1 тн нүүрсний үнийг гэрээнд зааснаар 21.853 төгрөгөөр тооцон төлбөл зохих үнийг тодорхойлж, үүнээс төлөгдсөн төлбөрийг хасч, /179.257.692.5-173.000.000 төгрөг/ зөрүүд 6.257.692 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна.

Худалдан авагчийн үүргийг тодорхойлсон гэрээний 3.2-т “тухайн сарын нүүрсний төлбөрийг урьдчилан нийлүүлэгч талд шилжүүлэн ачилт хийлгэж байна”, 3.5-т “хүлээн авсан нүүрсний үнийг төлөхгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлнө” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх төлбөрийн үлдэгдлээс 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны алданги тодорхойлж гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 857 дугаар магадлалыг хүчингүй болгож, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШШ2018/00118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140.365 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ