Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 00473

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 17-б23 тоотод оршин суух, РН90022665 дугаар регистртэй, эмэгтэй, Эрхүд овогт Батсуурийн Шинэнбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох

Шугам сүлжээний хэсгийн нассосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2017/00338/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярдалай, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Мөнхсайхан нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Шинэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хөвсгөл дулааны станц”-д анх нассосны машинчаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд байгуулсан. Ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал өгч ажлаас халахдаа ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр халсан нь буруу байна. Ийнхүү намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан нь буруу байх тул “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид нассосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 21 дүгээр байрны 49 тоотод оршин суух, РЮ86092131 дугаар регистртэй, Жөгд овогт Дамдинсүрэнгийн Баярдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Шинэнбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б/51 тоот тушаалаар “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид шугам сүлжээний хэсгийн нассосны машинчаар түр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Б/27 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч Б.Шинэнбаярыг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх заалтыг баримтлан ажлаас халсан байдаг. Б.Шинэнбаярыг анх ажилд авахдаа машинчийн мэргэжилтэй байх гэсэн шаардлага тавилгүй ажилд авсан мөртлөө мэргэжлийн бус учир ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон талаар холбогдох байгууллагын дүгнэлт, шийдвэр гарсан байх ёстой. Гэтэл Б.Шинэнбаярын тухайд ийм шийдвэр гараагүй, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д заасан үндэслэл байхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд ажлаас чөлөөлөх талаар 45 хоногийн өмнө мэдэгдээгүй байсан. Түүнчлэн нассосны машинчийн ажил бол тусгай мэргэжил шаардагдахгүй. Б.Шинэнбаяр нь тухайн байгууллагад 3 сарын хугацаанд ажилласан бөгөөд илүү цаг, шөнийн цагаар ажилласан байдлаас цалин өөр өөр бичигдсэн байгаа ба үндсэн цалин нь 400.000 төгрөг юм.

Иймд Б.Шинэнбаярыг “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн шугам сүлжээний хэсгийн нассосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Мөнхсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Би Б.Шинэнбаярыг мэргэжилгүй гэсэн учир мэргэжлийн хүн ирэх хүртэл буюу түр хугацаагаар нассосны машинчаар ажиллуулахаар тохирч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б/51 тоот тушаалаар ажилд авсан. Хөдөлмөрийн дотоод журамд 6 сар хүртэл хугацаагаар ажилд авахаар заасны дагуу Б.Шинэнбаярыг ажилд авсан. Гэтэл мэргэжлийн хүн ажилд орох хүсэлт өгсний дагуу Б.Шинэнбаярыг мэргэжилгүй гэх үндэслэлээр 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлж, цагаа бүртгүүлээд явж байгаарай, орон тоо гарахаар ажилд авна гэсэн боловч тэрээр алга болсон. Тэгтэл надтай уулзахгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд түүний ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Шинэнбаяр нь хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан нассосны машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн буруу үндэслэлээр ажлаас халсан, хариуцагч нь мэргэжлийн бус гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Б.Шинэнбаяр “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид нассосны машинчаар ажиллаж байсан ба ажил олгогч түүнийг 3 сарын дараа мэргэжлийн бус гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “...1. 2016 оны 11 сарын 24-ний өдрөөс Батсуурийн Шинэнбаярыг шугам сүлжээний хэсгийн нассосны машинчаар түр томилон ажиллуулсугай. 2. Сарын үндсэн цалинг 400.000 төгрөгөөр тооцож олгохыг ерөнхий нягтлан бодогч /Ч.Мөнхбаяр/-т зөвшөөрсүгэй” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” Б/51 тоот тушаал болон “2016 оны 12 дугаар сараас 2017 оны 2 сард цалин хөлс олгосон, шимтгэл төлсөн тухай” бичилттэй 01265939 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэргээр тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/27 тоот тушаалыг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргаж, тус тушаалын хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ”, 44 дүгээр зүйлийн 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасан бөгөөд тус тушаалын хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй тул хуулинд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа аливаа баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй ба нотлох баримтыг гаргах, цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн  2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/27 тоот тушаал нь эх хувиас хуулбарласан, нотариатаар гэрчлэгдээгүй хуулинд заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болохгүй юм.

Иймд “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох шугам сүлжээний хэсгийн нассосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай Б.Шинэнбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримт хуулинд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох шугам сүлжээний хэсгийн нассосны машинчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай Б.Шинэнбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

   

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОТГОНБЯМБА