| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/89 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Халиун нударга овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 1936003110254 дугаартай, 178/2020/0055/Э/ индекстэй хэргийг 2021 оны 02 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 11 сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн Засаг дарга ажилтай, ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* монгол 35 тоот орон сууцны 18 тоотод оршин суух, аминдаа нэг өрөө байр, ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний газартай, сарын өрхийн орлого 730000 төгрөг, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч Г.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын багийн иргэн Б.д 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн... Би тухайн үед ээлжийн амралттай байсан. Сүүлд ажилдаа орсны дараа ******* сумын Тамгын газрын гараажинд байсан мотоциклийг хүлээлгэн өгөхөд хүлээн авсан. Манай сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц. нь нэг удаагийн хурал дээр эмэгтэй багийн дарга нар мотоциклио ах дүү нараараа унуулж байгаад дараагийн сонгуулийн үед рам авч ирээрэй гэж хэлж байсан. Бусдаар би ашиг олох гэж мотоциклыг зараагүй. Тухайн мөнгийг өөрийн албан хэрэгцээндээ зориулж машин авсан түүндээ хэрэглэсэн. Би уг мотоциклыг бэлэглэлийн журмаар өгч байна гэж ойлгож байсан. Мотоциклыг дагуулж ямар нэгэн бичиг баримт өгөөгүй. Бид нарт мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Би мотоциклыг зарсан хүнээсээ буцаан авч Цагдаагийн газар хүлээлгэн өгсөн. Одоо ******* сумын Тамгын газрын гараажинд байгаа... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд болон 2020 оны 09 сарын 02-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын төлөөлөгч /Ховд аймгийн ******* сумын багийн 2 дугаар байр 07 тоотод оршин суух, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай/ Х.ын өгсөн... Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн хөрөнгийг үнийн дүнгийн дагуу нярав Б., нягтлан бодогч Ц. нар тухайн байгууллагын хөрөнгийн CTS программд оруулж хөрөнгийн бүртгэлд бүртгэж авдаг. Манай сумын 12 багийн Засаг дарга нарт 2018 онд мотоциклийг хүлээлгэн өгөхдөө Ард Аюушийн талбай дээрээс хүлээн аваад ******* сумаас хүлээлгэн өгөхдөө байгууллагын хөрөнгийн CTS программд албан ёсоор бүртгэсний дараа хүлээлгэн өгсөн байдаг. Тухайн орлогын программд бүртгэж авснаар ******* сумын хөрөнгө болдог байгаа. Багийн Засаг дарга нартай хөрөнгө зарцуулах талаар гэрээ байгуулаагүй байсан. Харин 2020 оны 08 дугаар сард миний бие ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил авсны дараа 12 багийн Засаг дарга нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Тухайн мотоциклуудыг Аймгийн Засаг даргын Тамгын газраас тендер зарлаж, төсвийн хөрөнгөөр авч сумдын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн тул байгууллагынхаа дансанд бүртгэж авсан байдаг. Тухайн хөрөнгө бүртгэх тухай 133 дугаартай тогтоолыг хүлээгээд хөрөнгөө бүртгэхгүй байгаад байж болохгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол жилийн эцэст гарсан нь буруу гэж бодож байгаа. Мотоциклыг хүлээлгэн өгсөн үедээ тухайн тогтоол гарсан бол ийм асуудал болохгүй байж болно. Тухайн 12 мотоцикл нь ******* сумын Тамгын газрын өмч бөгөөд багийн Засаг дарга нарт захиран зарцуулах эрх байхгүй. Мотоциклын захиран зарцуулах талаар ямар нэгэн чиглэл өгсөн зүйл байхгүй. Багийн Засаг дарга нар мотоциклыг дур мэдэн зарах эрх байхгүй. Сумын Засаг дарга нь багийн Засаг дарга нартай батламжийн гэрээ байгуулдаг. Намайг ажил авахад эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байсан би ажлаа аваад багийн засаг дарга нартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Мотоциклыг бичиг баримтжуулахаар Авто тээврийн үндэсний төвд мэдэгдсэн байгаа. Г.******* нь мотоциклыг буцаан өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй .. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-18, 91 дүгээр хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Уг тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, улаан хүрэн өнгөтэй, Hongli нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн, LTDPCML84J8631572 гэсэн арлын дугаартай, 163FMLJ8631572 гэсэн хөдөлгүүрийн дугаартай, мотоцикл байх бөгөөд 2 толь бүтэн, гадна талдаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, өнгө үзэмж сайтай шинэвтэр мотоцикл байв ... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хавтаст хэргийн 05-09 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ы гэрчээр өгсөн... Би 2013 оны 03 сарын 11-ний өдөр ******* сумын Тамгын газрын нярваар томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2018 онд Аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн бүх сумдын багийн Засаг дарга нарт мотоцикл хүлээлгэн өгснөөс манай ******* сумын 12 багийн Засаг дарга нарт 12 мотоциклыг аймгийн удирдлагууд Ард Аюушийн талбай дээр гардуулан өгсөн. Тухайн мотоциклыг 12 багийн Засаг дарга болон Тамгын газрын дарга байсан Д.Ариунбилэг, миний бие хүлээж авч байсан. ******* сумын багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн 12 мотоциклыг 2018 оны 09 дүгээр сарын 03- ны өдөр ******* сумын хөрөнгийн орлогын бүртгэлд бүртгэн CTS программд шивж оруулж, 12 багийн Засаг дарга нар хүлээлгэн өгсөн. ******* сумын 12 багийн Засаг дарга нарт өгөх мотоцикл нь зарлагын баримт нэхэмжлэхтэйгээ ирсэн тул ******* сумын орлогодоо авч 12 багийн Засаг дарга нартаа хүлээлгэн өгсөн. Тухайн 12 мотоцикл нь ******* сумын Тамгын газрын өмч бөгөөд багийн Засаг дарга нарт захиран зарцуулах талаар ямар нэгэн чиглэл өгсөн зүйл байхгүй. Багийн Засаг дарга нарын хувьд тухайн мотоциклыг ярьж, санал хүсэлт тавьж байсан зүйл байхгүй. Мотоциклыг хүлээлгэн өгөхөд эрэгтэй багийн Засаг дарга нар нь өөрсдөө унаад, эмэгтэй багийн Засаг дарга нар нь хүнээр унуулаад авч явсан. Тамгын газар хөрөнгөө жил бүр тоолдог байгаа. Багийн Засаг дарга Г.*******ын хувьд 2018, 2019 оны тооллогоор мотоциклыг авчирж тоолуулаагүй, мотоциклоо үзүүл гэхээр “байгаа л” гэдэг байсан. Манай сумын эд хөрөнгийн тооллогын комисст мал эмнэлгийн тасгийн дарга Б., нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Э.г, статистикийн мэргэжилтэн Х., газар тариалан хариуцсан мэргэжилтэн З., нярав миний бие байдаг. 2019 оны 05 дугаар сарын тооллогоор Бичигт багийн Засаг дарга С.Бат-Эрдэнэ, Наран багийн Засаг дарга И. нар л мотоциклоо үзүүлж тоолуулсан. Бусад багийн Засаг дарга нар биетээр үзүүлж тоолуулаагүй амаар байгаа гэж тоолуулсан. Жилд 1-2 удаа хөрөнгийн тооллого хийдэг байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23, 2-р хх-ийн 97 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Саранчимэгийн гэрчээр өгсөн... 2018 оны 11 дүгээр сард манайх мотоцикл авахаар Ховд аймгийн төвд ирсэн байхад “дугаарыг нь санахгүй байна, нэг танихгүй дугаараас мотоцикл авах уу” гэж асуусан. Ямар мотоцикл бэ гэхэд очиж уулзъя гээд Г.******* манайд ирсэн. Тэгээд 200 мотортой шинэ мотоцикл байгаа гээд манай нөхөр Б.ыг дагуулж явсан. Манай нөхөр 1500000 төгрөгөөр шинэ улаан хүрэн өнгийн мотоциклыг худалдаж авч ирсэн. 1500000 төгрөгийг бэлэн тоолж өгсөн. 2019 оны 11 сард Х.Саранчимэг эгч мөн үү гэж 9921 дугаартай утаснаас Г.******* залгаад “өнгөрсөн жил танайд мотоцикл зарсан хүн байна гэсэн . Юу болсон бэ гэхэд мотоцикл буцааж авмаар байна” гэсэн. Тэгээд хоёр хоноод дахин яриад мотоциклоо унаад ороод ирээч, цагдаад үзүүлчихээд өгье гэхээр нь бид нар мөнгөө авна гэсэн. Бид нар унаж хэрэглэсэн гээд 1300000 төгрөгөөр зарна гэхэд мөнгийг чинь бэлэн болгоод байж байя гэхээр нь мотоциклыг нь оруулж ирсэн. Г.******* нэг залуугийн хамт ирээд мөнгөө өгөөд мотоциклоо унаад явсан. Биднийг анх худалдаж авахад 24 км явсан шинэ мотоцикл байсан .. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ын гэрчээр өгсөн... 2018 оны 11 сард талын хашаанд байх нэг айлын хашаанаас улаан өнгийн мотоциклийг Г.******* гэх хүнээс 1500000 төгрөгөөр худалдаж авсан. Улаан өнгийн 200 мотортой Хонгли нэртэй мотоцикл байсан. Сүүлд 2019 оны 11 сарын 18-ны өдөр өөрийн хадам ээж Даваажав гэх хүний хашаанаас Г.*******д мотоциклыг нь хүлээлгэн өгч 1300000 төгрөгийг бэлнээр буцааж авсан. Тухайн үед багийн засаг дарга нарт өгсөн мотоцикл гэж байсан. Г.******* нь цагдаагаас мотоциклыг шалгаж байна мотоциклоо авмаар байна гэж манай эхнэр Х.Саранчимэгтэй ярьсан байсан. Мотоциклоо буцааж авахдаа Баатархайрхан багийн Засаг даргаар ажилладаг гэж байсан. Нөхөр нь утсаар яриад “манай эхнэр жирэмсэн, таниас болоод манай эхнэр шийтгэл авч магадгүй, та гарын үсэг зурах ёсгүй байсан” гэж хэлж байсан. Анх мотоцикл зарахад Г.*******, нэг залуу, манай эхнэр бид дөрөв байсан. Сүүлд мотоцикл авна гээд утсаар ярих үед нь би малдаа явсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-28 дугаар хуудас/
Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон... “Hongli” маркийн мотоцикл 2235000 төгрөг ... гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 32 дугаар хуудас/
Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 03 сарын 07-ны өдрийн А/16 дугаартай “Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгөнд тооллого хийх ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын хуулбар /1-р хх-ийн 50 дугаар хуудас/
Эд хариуцагч Г.*******ын эд хөрөнгийн тооллогын бүртгэл /1-р хх-ийн 51 дүгээр хуудас/
2018 оны 09 сарын 03-ны өдөр LTDPCML84J8631572 гэсэн арлын дугаартай, 163FMLJ8631572 гэсэн хөдөлгүүрийн дугаартай, 35 км явсан мотоциклыг Г.*******д хүлээлгэн өгсөн бүртгэл /1-р хх-ийн 52 дугаар хуудас/
Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 14-ний өдрийн Б/30 дугаартай “Г.*******ыг Баатархайрхан багийн Засаг даргаар томилох тухай” тушаалын хуулбар /1-р хх-ийн 86 дугаар хуудас/
Албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн жагсаалтын бүртгэл /1-р хх-ийн 88 дугаар хуудас/
Компьютерт үзлэг хийсэн тухай ... ******* сумын Тамгын газарт байрлах ахлах нягтлан бодогч Ц.ын DELL маркийн хар өнгийн компьютерт үзлэг хийв. CTS гэх программ байх бөгөөд уг программ руу ахлах нягтлан бодогч Ц.аар нууц кодыг нь хийлгэж нэвтрэн ороход байгууллагын нэр, тайлан он гэж гарч ирэх бөгөөд уг цэсэнд байгууллагаа сонгож, оноо хийхэд үндсэн хөрөнгийн орлогын бүртгэл гэсэн цэс рүү ороход он сар өдөр гэсэн хэсэгт 2018 оны 09 сарын 03-ны өдөр гэсэн № 0000001 гэсэн дугаартай харилцагч байгууллага гэсэн дээр Протект ХХК гэж бичсэн хөрөнгийн нэр гэсэн дээр мотоцикл гэж бичсэн, нэгж үнэ гэсэн дээр 12 гэж бичсэн, дүн гэсэн дээр 2299000 гэж бичсэн, тоо ширхэг гэсэн дээр 12 гэж бичсэн, дүн гэсэн дээр 27588000 төгрөг гэж бичсэн огноо хэсэг дээр 2018.09.03 гэж бичсэн, нярвын нэр гэсэн дээр Б. гэж бичсэн байв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 86-90 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.гийн гэрчээр өгсөн... 2018 онд Монгол улс даяар багийн Засаг дарга нарыг улсын төсвөөс унаажуулах төслийг засгийн газраас хэрэгжүүлсний үндсэн дээр аймгийн Засаг даргын Тамгын газраас тендер зарлаж бүх сумдын багийн засаг дарга нарт мотоцикл хүлээлгэн өгснөөс манай ******* сумын 12 багийн засаг дарга нарт 12 мотоцикл Ард Аюушийн талбай дээрээс хүлээлгэж өгсөн. Тухайн мотоциклыг хүлээлгэн өгөхдөө ахлах нягтлан бодогч Ц., нярав Б. нар байгууллагын орлогод бүртгэж авч, балансад тусган авсан байсан. 2018 онд багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн 12 мотоцикл нь улсын төсвөөс авч өгсөн төрийн өмч буюу ******* сумын Засаг даргын тамгын газрын өмч. Төрөөс өгсөн байгууллагын өмчийг багийн Засаг дарга нар зарж борлуулах ямарч эрх байхгүй, мотоцикл ашиглах хугацаа дууссаны дараа 500000 төгрөг дотроо ******* сум иргэдийн хурлаараа шийднэ. 500000 төгрөгөөс дээш бол аймгийн иргэдийн хурлаас дуудлага худалдаанд оруулах юм уу актлах ямар нэгэн шийдвэр гарсны дараа мотоцикл зарж борлуулах асуудал яригдана. ******* сумын эмэгтэй багийн засаг дарга нараас мотоциклыг хэрхэн шийдвэрлэх талаар ярьж санал хүсэлт тавьж байгаагүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 93 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.ын гэрчээр өгсөн... 2018 онд улсын хөрөнгө оруулалтаар бүх сумдын Засаг дарга нарыг унаажуулах тендер зарлагдсаны дагуу манай ******* сумын нийт 12 багийн Засаг дарга нарт 12 ширхэг мотоцикл хүлээлгэн өгсөн. Тухайн мотоцикл хүлээн авах ажиллагаанд Тамгын газрын дарга Д.Ариунбилэг 12 багийн Засаг дарга нар оролцож байсан. Багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн мотоциклыг 2018 оны 09 сарын 03-ны өдөр ******* сумын хөрөнгийн орлогод бүртгэж багийн засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. Тухайн мотоциклуудыг багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгөх шаардлагатай байсан тул иргэдийн хурлын 133 дугаар шийдвэрийг хүлээх боломжгүй байсан. Уг тогтоолыг хүлээвэл мотоциклын элэгдэл хорогдлыг тооцоход хүндрэл учрах тул мотоциклыг хүлээлгэн өгсөн өдөр нь Нягтлан бодох бүртгэлийн хуулиар бүртгэлжүүлж, хүлээлгэн өгсөн байгаа. Багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн мотоцикл нь ******* сумын Тамгын газрын өмч тул багийн Засаг дарга нарт захиран зарцуулах талаар ямар нэгэн чиглэл өгсөн зүйл байхгүй. Тухайн мотоциклыг зарж борлуулахаар бол Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоол гарч байж зарцуулах юм уу шилжүүлэх эрх үүсдэг. Түүнээс багийн дарга ч бай, тамгын газрын дарга ч бай мотоциклыг дур мэдэн зарах эрх байхгүй. ******* сумын эмэгтэй багийн Засаг дарга нараас мотоциклыг хэрэглэх боломжгүй байна гэж ярьж байсан удаа байхгүй. Эрэгтэй багийн Засаг дарга нар нь өөрсдөө унаад, эмэгтэй багийн Засаг дарга нар нь найз нөхөд, ах дүү нараараа унуулахад аваад явсан. Тооллогоор мотоциклыг нүд үзүүлж тоолуулж байсан талаар нярав Б. мэдэж байгаа байх. Миний хувьд тооллогын комисст орж ажилладаггүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 95 дугаар хуудас/
Эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл,Эд хөрөнгийн тооллогын бүртгэл, Үндсэн хөрөнгийн орлогын бүртгэл, Авто машины хувийн хэрэг, мотоцикл хүлээлгэн өгсөн бүртгэл /2-р хх-ийн 100-105 дугаар хуудас/
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 133 дугаартай “Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” тогтоолын хуулбар /2-р хх-ийн 109-111 дүгээр хуудас/
Ховд аймгийн Багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын гэрээ, тендерийн бичиг баримт /2-р хх-ийн 112-245 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Г.******* нь Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 14-ний өдрийн Б/30 дугаартай “Г.*******ыг Баатархайрхан толгой багийн Засаг даргаар томилох тухай” захирамжаар Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба 2018 оны 09 сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Тамгын газраас багийн засаг дарга нарын ажлын албан ажлын хэрэгцээнд хүлээлгэн өгсөн БНХАУ-д үйлдвэрлэсэн Hongli маркийн LTDPCML85J8631572 ,хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631572 дугаар бүхий улаан өнгийн мотоциклыг гардан авсан, уг мотоциклыг өөрийн хашаанд амбаарт хадгалж байгаад Ховд аймгийн ******* сумын багийн иргэн Б.д 1500000 төгрөгөөр зарж борлуулсан ба Ховд аймгийн Цагдаагийн газраас 193600311 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Цагдаагийн газарт тухайн мотоциклыг хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* болон түүний өмгөөлөгч нар нь тухайн мотоциклыг ******* сумын Засаг даргын Тамгын газраас хүлээлгэн өгөөгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, мөн тухай үед ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц. нь эмэгтэй багийн Засаг дарга нар нь мотоциклыг бусдад унаж хэрэглүүлж байгаад сонгуулийн жил болох үед рамыг авчирж үзүүлж болно гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 09 сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Тамгын газраас багийн Засаг дарга нарт 12 ширхэг мотоциклыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцож тухайн мотоциклыг хүлээн авсан ба өөрийн хашаандаа хадгалж байгаад Ховд аймгийн ******* сумын Хөх бэлчир багийн иргэн Б.д 2018 оны 11 дүгээр сард 1500000 төгрөгөөр зарж борлуулсан нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн ... Намайг ээлжийн амралттай байхад Ард Аюушийн талбай дээр багийн Засаг дарга нарт мотоциклыг гаргуулан өгсөн байсан. Тухайн үед манай нийгмийн ажилтай мотоциклыг хүлээн авсан байсан. Дараа нь ******* сумын Тамгын газраас 12 мотоциклыг багийн засаг дарга нарт хүлээлгэн өгөхөд би мотоциклыг хүлээн авсан ... гэх мэдүүлэг, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.ын өгсөн... Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орж ирсэн 12 багийн Засаг дарга нарын мотоциклыг ******* сумын Тамгын газрын хөрөнгийн CTS программд бүртгэж, багийн Засаг дарга нарт гардуулан өгсөн. Тухайн мотоциклыг Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэснээр Тамгын газрын хөрөнгө болж байгаа. Багийн засаг дарга нартай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй байсан. Миний бие Тамгын газрын даргын ажлыг аваад эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсан. Багийн Засаг дарга нарт өөрт нь хариуцуулан өгсөн хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Г.******* мотоциклыг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, гэрч Б.ы ... Багийн Засаг дарга нарт 2018 оны 09 сард мотоциклыг хүлээлгэн өгсөн. Мөн шүүгдэгч Г.******* нь 2018 оны 09 сард 12 багийн засаг даргад мотоцикл гардуулан өгөхөд өөрт нь хүлээлгэн өгсөн мотоциклыг гарын үсэг зураад хүлээж авсан. Байгууллага жилд 2 удаа хөрөнгийн тооллого хийдэг боловч Г.******* нь мотоциклоо тоолуулж байгаагүй. Амбаарт байгаа л гэдэг байсан ... гэх мэдүүлэг, гэрч Б.ын өгсөн... 2018 оны 11 сард ******* сумаас аймгийн төвд орж ирээд Г.*******аас 1500000 төгрөгөөр улаан өнгийн Хонгили нэртэй 200 мотортой мотоциклыг талын хашаанд байх нэг хашаанаас очиж худалдаж авсан... гэх мэдүүлэг, гэрч Х.Саранчимэгийн ... Манай нөхөр Х. нь 2018 оны 11 дүгээр сард Г.******* гэх хүнээс 1500000 төгрөгөөр улаан өнгийн мотоциклыг худалдан авсан. 2019 оны 11 дүгээр сард мотоциклоо буцаан авсан... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.гийн өгсөн... Манай сумын 12 багийн засаг дарга нарт мотоциклыг Ард Аюушийн талбай дээрээс гардуулан өгсөн. Мөн сумын Тамгын газрын нярав мотоциклыг хүлээн авсан. Тухайн мотоциклыг Тамгын газрын нягтлан бодогч Ц. нь хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн байгаа. Төрөөс өгсөн байгууллагын өмчийг багийн засаг дарга нарт зарж борлуулах эрх байхгүй. ******* сумын эмэгтэй багийн засаг дарга нараас мотоциклыг хэрхэн шийдвэрлэх талаар ярьж санал хүсэлт тавьж байгаагүй ... гэх мэдүүлэг, гэрч Ц.ын өгсөн мэдүүлэг ... байгууллагын хөрөнгөнд бүртгэлтэй мотоциклыг багийн засаг дарга нарт захиран зарцуулах эрх байхгүй... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ы өгсөн... Тухайн 12 мотоцикл нь Тамгын газрын өмч бөгөөд багийн засаг дарга нарт захиран зарцуулах талаар ямар нэгэн чиглэл өгсөн зүйл байхгүй ... гэх мэдүүлэг, мотоциклыг ******* сумын Тамгын газрын хөрөнгө орлогын бүртгэлд бүртгэсэн, мөн эд хариуцагчийн хөрөнгө орлогод бүртгэсэн бүртгэл, мотоциклыг хүлээлгэн өгсөн бүртгэл, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарласан тендерийн баримт бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.*******ыг өөрийн албан ажлын хэрэгцээнд нь зориулан өгсөн мотоциклыг ажил олгогч ******* сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 1500000 төгрөгөөр зарж борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.
Шүүгдэгч Г.*******ыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын багийн Б.д 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримтад нийцэж байна.
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х. нь шүүгдэгч Г.******* нь мотоциклыг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн ба манай байгууллага мотоциклыг хүлээн авсан тул хохирол бодит байдлаар төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэж мэдүүлж байгаа шүүгдэгч Г.*******ын хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 1-р хавтаст хэргийн 114 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” болон 1-р хавтаст хэргийн 28 дугаар хуудас дахь гэрч Г.Амармэндийн өгсөн... Манай эгч Г.******* нь даруу төлөв зантай, нөхөр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* Монголын 35 тоот байрны 18 тоотод амьдардаг, Баатархайрхан багийн Засаг даргаар ажиллаж байгаа. Дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, гэмт хэрэг зөрчил холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Ц.Болор- Эрдэнийн өгсөн... Г.******* нь ажил дээрээ алдаа гаргаж байсан талаар мэдэхгүй. Бид ******* багийн ******* Монголын 35 тоот байрны 18 тоотод амьдардаг, ам бүл-4 үүлээ, бид байрны зээлтэй. Манай эхнэр дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй ... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.******* нь хохирлыг бодит байдлаар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chkngoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын багийн иргэн Б.д 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч Г.******* нь ******* сумын Тамгын газраас хүлээлгэн өгсөн тухайн мотоциклыг хүлээн авсан, ******* сумын Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн, уг мотоциклыг Г.******* нь дур мэдэн захиран зарцуулах эрх байхгүй гэдэг нь гэрч Ц., Б., Ц., хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х. нарын мэдүүлэг, нягтлан бодогч Ц.ын эзэмшлийн компьютер дэх үзлэгийн тэмдэглэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарлан БНХАУ-аас оруулж ирсэн тендерийн баримт зэргээр тогтоогдож байгаа. Тухайн мотоциклыг сумдын Тамгын газар нь хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж авах талаарх Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр 2018 оны 12 сарын 26-ны өдөр 133 дугаартай тогтоол гарсан. Шүүгдэгч Г.******* нь тухайн шийдвэр гарахаас өмнө уг мотоциклыг бусдад зарж 1500000 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Шүүгдэгч Г.*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдэж 1500000 төгрөг олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэх дүгнэлт гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Тухайн мотоциклыг ******* сумын Засаг даргын Тамгын газраас Г.*******д хүлээлгэн өгөөгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, мөн тухай үед ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц. нь эмэгтэй багийн Засаг дарга нар нь мотоциклыг бусдад унаж хэрэглүүлж байгаад сонгуулийн жил болох үед рамыг авчирж үзүүлж болно, мөн шүүгдэгч Г.******* нь мотоциклыг буцаан өгсөн, улсад ямар нэгэн хохирол учраагүй, тухайн мотоцикл хэний өмч болохыг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү, шүүхээс шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон торгох ялын доод хэмжээ болох хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү ... гэх дүгнэлт тайлбар гаргав.
Шүүх хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chkngoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын Хөх бэлчир багийн иргэн Б.д 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцсон болно.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд олгогдсон мотоциклыг ******* сумын Тамгын газраас 12 багийн Засаг дарга нартаа гардуулан өгсөн хэдий ч захиран зарцуулах эрхгүй гэдгийг сануулж анхааруулаагүй, 2019 оны хагас жилийн тооллогоор мотоциклыг бодитоор тоолоогүйн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2700000 төгрөгийн торгох ялыг хоёр жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д тайлбарлан өгөв.
Шүүгдэгч Г.******* нь өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклыг бусдад зарж 1500000 төгрөгийн орлого олсон нь гэрч Ш., Х.Саранчимэг нарын ... мотоциклыг худалдан аваад 1500000 төгрөгийг бэлэн өгсөн ... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1500000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар хурааж, улсын төсвийн төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1936003110254 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдав.
Шүүгдэгч Г.*******ын 42 инчийн MONEL маркийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 5/139 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Халиуннудардага овогт *******гийн *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******ыг хоёр манга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2700000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 1936003110254 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1500000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ял, 1500000 төгрөгийн хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7.Шүүгдэгч Г.*******ын 42 инчийн MONEL маркийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 5/139 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
Top of Form