Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч Д.******* /онлайнаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2031003750002 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт *******ы *******, Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр баг, “Номгон” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Зүүн моностой” гэх газарт байх самрын отогт иргэн Д.*******гийн гуянд хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Зүүн моностой” гэх газарт байх самрын отогт иргэн Д.*******гийн гуянд хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн: “...Найзуудтайгаа архи уугаад дараа нь болсон зүйлийг сайн санахгүй байна. Үйлдсэн хэргийнхээ хувьд гэмшиж харамсаж байна...” гэх мэдүүлэг[1],

            2.Хохирогч Д.*******гийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Зүүн моностой” гэх газарт самар түүж явж байгаад 22 цагийн үед Анхаа болон Маамаа буюу ******* бид 3 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи 2 шил, 2.5 литрийн пиво ууж дуусаад намайг зүгээр байхад Анхаа “хутгална” гээд байхаар нь арай ч хутгалчихгүй байлгүй дээ гэж бодоод байж байтал майхан дотор байсан хутгаар миний зүүн талын гуяны хэсэгт нэг удаа хутгалж гэмтэл учруулсан. Миний зүүн талын гуя хэсэгт хутгалсан болохоор алхаж чадахгүй байна. Өөр гэмтэл шарх, зовиур байхгүй. Миний зүгээс гаргах гомдол, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Д.*******ын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 14,15-ны үед Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самар түүхээр найз *******, *******, *******, ******* нарын хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас ирээд Хүдэр сумын “Зүүн моностой” гэх газарт ууланд гарч отоглоод самар түүсэн. *******, ******* нар буцаад *******, ******* бид 3 үлдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шиг санаж байна. Бид 3 самраа цайруулж байгаад уул руу гарахдаа авч гарсан 2 шил “Хараа” нэртэй архиа гаргаж ууцгаасан. Би нилээн уучихаад отогны хажуу талын самар хатаадаг отогт гал түлээд сууж байтал гаднаас ******* орж ирээд “Анхаа миний хөл хатгачих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******гийн зүүн хөл рүү харсан чинь өвдөгнийх нь дээд талаас цус шүүрч байсан. Тэгээд *******г шуудайтай самар дээр хэвтүүлээд өмдийг нь тайлаад харахад зүүн гуяны гадна талд шарх нь ангайчихсан цус гарч байсан. Тэгээд би уг шархийг нь дээгүүр нь буюу бүдүүн гуяар нь нарийн уяагаар татаж боогоод шархан дээр нь дүнсэн тамхи тавих гээд нөгөө отог руу ортол Анхаа согтуу уначихсан байсан. Тэгээд би Анхааг нэг, хоёр татаад босохгүй болохоор нь дүнсэн тамхиа аваад *******гийн шархан дээр тавиад боосон. Тэгээд Анхаа сэргээд би Анхаад “чи *******гийн зүүн хөл рүү хутгалсан байна” гэж хэлээд  Анхаа отог дээрээс дотогшоо худалдаа хийдэг цэг рүү эм тариа авчираад *******гийн шархыг боогоод худалдаа хийдэг цэгт хүргэж өгсөн байх...” гэх мэдүүлэг[3],

4.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 353 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Д.*******гийн биед гуянд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[4],

5. Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаар шинжээчийн дүгнэлт хэсэг: 1.”Д.******* 35/эр”  гэж хаягласан хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Д.*******гийн цусанд 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт[5],

6.Шүүгдэгч Д.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 14,15-ны үед Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самар түүхээр найз *******, Маамаа буюу *******, *******, ******* нарын хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас ирээд Хүдэр сумын “Зүүн моностой” гэх газарт ууланд гарч отоглоод самар түүсэн юм. Тэгээд 2002 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шиг санаж байна. *******, ******* бид 3 самраа цайруулж байгаад уул руу гарахдаа авч гарсан 2 шил “Хараа” нэртэй архиа гаргаад ууцгаасан юм. Би нилээн их архи уусан болохоор ухаан мэдрэлээ алдчихсан байсан юм. Намайг унтаж байтал нэг хүн цохиод, нудраад сэрээсэн юм. Сэрээд хартал ******* намайг “чи *******г хутгалсан байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь босоод хартал *******гийн зүүн хөлийн гуянд хутгалчихсан, цусыг нь тогтоогоод боочихсон байсан юм. Тэгээд би “юу болсон бэ” гэхэд ******* “чи намайг хутгалсан байна” гэж хэлсэн юм. Тэгээд би *******гээс “шархаа цэвэр даавуугаар боосон юм уу” гэхэд “цэвэр даавуу байхгүй болохоор хөлийнхөө жийргээр боосон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би отогоосоо гарч доошоо гүйгээд худалдаа хийдэг цэг дээр очоод цэвэр даавуу худалдаж аваад буцаж ирээд шархыг нь боож өгөөд тэр шөнөө хонуулаад маргааш нь би *******г худалдаа хийдэг газарт машин дээр хүргэж өгчихөөд 9 шуудай цайруулсан самар өгөөд явуулсан. Тэгээд ******* эмнэлгийн тусламж авсан байх. Тэгээд би буцаад отог дээрээ очоод байж байтал цагдаа дуудаад ирсэн...” гэх мэдүүлэг[6],

7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[7], 8.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8], 9.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9] 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.*******д шүүгдэгч Д.******* 700.000 төгрөг нөхөн төлснийг үндэслэн, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5. Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРГЭРЭЛ