| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0017/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Г.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2031003060204 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Дээд, эдийн засагч мэргэжилтэй , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 08 дугаар сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан даваа” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 10.322 метр куб нойтон нарс мод бэлтгэж, Зил-131 маркийн ******* ******* улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, байгаль экологид 4,359,406 төгрөгийн бодит хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.******* нь 2020 оны 08 дугаар сарын 18-наас 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан даваа” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 10.322 метр куб нойтон нарс мод бэлтгэж, Зил-131 маркийн ******* ******* улсын дугаартай автомашинаар тээвэрлэж байгаль экологид 4.359.406 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч Ү.*******ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.*******ыг сум, орон нутгийн хүн гэдгээр нь мэднэ. Урьд нь мал ахуйтай байхад аав, ээжийн гэрээр нь мал тооллогоор явж байсан. Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Сүүлд Алтанбулаг сумын “Цагаан даваа” нэртэй газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэж сонссон. Г.******* сум, орон нутгаас мод бэлтгэх талаар зөвшөөрөл хүсч байгаагүй...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч П.*******ы 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн орой өөрийн хадлан бэлтгэх талбайгаас шөнийн 22 цагийн орчим буцаж яваад Хондын гарам, Бандийн нуур, Хондын ногоон талбайн урд, Орос давааны зүүн талын зам дээр тус бүр 1 том “Зил-131” маркийн тээврийн бүгд хөндлөн мод ачсан, мод нь 4м урттай мод байсан. Улсын дугааргүй “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэл байсан. Энэ хүмүүс нь зайтай явж байсан. Бөхлэй Цагаан давааны ар хэсэгт олон тооны мод бэлтгэгдсэн байна. Энэ бүгдийг үзүүллээ. Эндээс хууль бусаар мод бэлтгэсэн байна...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Л.*******ийн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Харин хэд хоногийн өмнө Бүдүүнээ гэдэг залуу өөрийн “Зил-131” маркийн машинтай ирээд ойн цэвэрлэгээнд явна гээд манай хүргэн ыг аваад явсан. Тэр өдрөөс хойш манайхаар хүргэн Бүдүүнээ 2 ирээгүй. Тэр өдөр чинь хэзээ билээ 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ирээд явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Д.*******ын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх 2 хүүхэдтэй Г.******* нь манай бага хүү байгаа юм. Манай хашааны дотор байгаа модыг хэзээ буулгасан гэдгийг мэдэхгүй би хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар сарын 10-ны үеэр нэг орж ирсэн. Тэгээд буцаж Алтанбулаг сумын Хонд амралт нэртэй газар байшин барьж байгаад 2 хоногийн буюу 09 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ ирэхэд манай хашаанд бөөрөнхий нарс буусан байна гэсэн...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Ш.ын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 4 дэх өдөр байсан. Намайг уул руу авч явна гээд аваад явсан. Тэгээд замдаа машин эвдрээд Бөхлөө өнгөрөөд “Цагаан даваа ” нэртэй газрын тэнд машины бөгс нь эвдэрсэн. Тэнд бид 2 янзлаад хэсэг мод байсан хэсэг газраас мод бэлтгээд түүнийгээ ачаад 08 дугаар сарын 21-ний өдрийн орой Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу ороод би замдаа гэртэй буусан. ******* цаашаа модоо аваад явсан. Би грушик хийгээд явахаараа 50.000 төгрөг авдаг... ” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Б.гийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед бид нар хэлсэн даруйд нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу Хонд чиглэлээс ирж байгаа машинуудыг шалгаад Хонд гэх газар луу явсан. Дараа өдөр нь *******тай уулзахад “модон дээр хараар 1 тоо тэмдэглэсэн байсан. ” гэж хэлсэн тул мод бэлтгэлийн компанийн хөрөө рамнуудаар явахад тийм тэмдэглэгээтэй зүссэн болон зүсэгдээгүй мод байгаагүй....” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч С.ын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагаан даваа нэртэй газраас аж ахуй нэгж байгууллагууд мод бэлтгэхээр талбай тусгаарлаагүй. Харин иргэдэд Цагаан даваа, Саалийн гэрээ, Байнт нэртэй газруудаас түлшний мод бэлтгэхээр заасан байгаа.Г.*******ын бэлдсэн мод нь 4 метр урттай нойтон мод байсан. Тухайн 4 метр урттай нойтон модыг түлээний эрхийн бичгээр Цагаан даваа нэртэй газраас бэлтгэж болохгүй” гэх мэдүүлэг[8],
8. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн Г.******* бэлтгэсэн 4 метрийн урттай 16 ширхэг нарсан модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд нийт 10,322м3 × 234,634 төгрөг =2,421,892 төгрөг 2,421,892төгрөг× 1,8/ хэрэглээний бөөрөнхий мод, гуалингийн итгэлцүүр/=4,359,406 болж байна...” гэх дүгнэлт[9],
9. 2020 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт: “0243 ******* улсын дугаартай, 1982 онд БНХАУ улсад үйлдвэрлэгдэж, 2018 онд Монгол улсад орж ирсэн “Зил-131” маркийн автомашиныг өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 10 сарын байдлаар 1,050,000 /нэг сая тавин мянга/-н төгрөгийн үнэтэй болно...” гэх тайлан[10],
10. Шүүгдэгч Г.*******ын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн буруугаа ойлгож байна. Надад өөр хэлж ярих зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг[11],
11.Шинжээчийн дүгнэлтээр Г.*******ын бэлтгэсэн 4м урттай, 16 ширхэг нарсан гуалин 10.322 м3 бөгөөд БОАЖСайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 тоот тушаалын 1-р хавсралт “1” шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцох зааврын дагуу 1,5м нарс төрлийн нойтон 4м урттай гуалингийн экологи-эдийн засгийн үнэлгээ 4,359,406 төгрөг болсныг тооцон гаргасан байна. Монгол улсын Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ойн санд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж тооцохоор” заасан бөгөөд дээрх 1,5 буюу 4м урттай гуалингийн /үнэлгээ нь 634.225*3 төгрөг, гуалин нь 1902,672 төгрөг/ болсон байна...” гэх акт[12], 12.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[13], 13.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 14.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[16], 16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[17], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.******* гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Энхжаргал нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөрт “нойтон нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээ бодит хохирол 4,359,406 төгрөг болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13,078,217 /арван гурван сая далан найман мянга хоёр зуун арван долоон/ төгрөг, үүнээс 400,000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 12,678,217 /арван хоёр сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун арван долоон/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн мэдүүлсэн, учирсан хохирлоос 400,000 төгрөг нөхөн төлсөн, зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдвал зохино.
Энэхүү гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн бариултай, мөнгөлөг өнгийн гар хөрөө 1 ширхэг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч С.д хүлээлгэн өгсөн 16 ширхэг, 10,322 м3 “Нарс” модыг тус тус хурааж, улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. Энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн ******* ******* улсын дугаартай, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч “Энт Кредит” ХХК-д олгож, машины үнэ 1,050,000 /нэг сая тавин мянга/-н төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулан, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний хохирол 13,078,217 /арван гурван сая далан найман мянга хоёр зуун арван долоон/ төгрөг, үүнээс 400,000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 12,678,217 /арван хоёр сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун арван долоон/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, улсын орлогод оруулсугай.
7.Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн бариултай, мөнгөлөг өнгийн гар хөрөө 1 ширхэг, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч С.д хүлээлгэн өгсөн 16 ширхэг 10,322 м3 “Нарс” модыг тус тус хурааж, улсын орлогод оруулсугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Энт Кредит ХХК-д олгож, машины үнэ 1,050,000 /нэг сая тавин мянга/-н төгрөгийг шүүгдэгч Г.*******аас гаргуулан, улсын орлогод оруулсугай.
10.Шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ