Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 улсын яллагч Г.Энхмаа,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 шүүгдэгч Г.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2131000000031 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, /РД: *******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, задгайд байх гэртээ өөрийн төрсөн охин О.*******ыг зодож, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, задгайд байх гэртээ өөрийн төрсөн охин О.*******ыг зодож, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн: “...Шинэ захын ард би хүнтэй уулзах гээд явж байсан. Тэгэхэд манай хүүхэд байрны гадаа тоглоомын талбай дээр тоглож байгаад алга болсон. Тэгээд хайгаад олоогүй. ...Дараа нь хүүхдээ олоод “чи алга боллоо” гээд гэртээ хариад төмөр төмпөнгөөр зодсон...” гэх мэдүүлэг[1],

2.Насанд хүрээгүй хохирогч О.*******ын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний нүүрний духны дунд хэсэгт ээж цохисон. /******* өөр зүйл яриад байв/. Ээж төмрөөр цохисон. Ээж намайг загнасан. Би гадаа гарах гээд үүдэн дээр зогсож байсан. Тэгээд харанхуйд гарах гээд тэгээд ээж намайг цохисон. Ээж намайг “Их Баян” хүнсний дэлгүүрийн гадна “хүнээс мөнгө авсангүй” гэж уурлаад миний нуруу руу бас хөл рүү цохисон юм. Үгэнд орохгүй байна гээд цохидог байсан. Хамгийн сүүлд “Их Баян” хүнсний дэлгүүрийн гадна хүнээс мөнгө авсангүй гэж уурлаад намайг зодсон...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Р.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би цагийг нь сайн санахгүй байна. 19 цагийн орчим дэлгүүрт хүн ихтэй, би хүнд үйлчилж байсан. Тэгсэн дэлгүүрийн гадна такси ирж зогссон ба нэг эмэгтэй хүн буусан. Тэр эмэгтэйг таксинаас буух явцад хажуугаар нэг эмэгтэй, хүүхэдтэй явж таарсан ба уг эмэгтэйд юм хэлээд байх шиг байсан. Улмаар таксинаас буусан эмэгтэй тухайн хүүхдэд мөнгө өгч байгаа шиг харагдсан. Тэгэхэд хүүхэд мөнгийг нь авахгүй байгаа юм шиг харагдсан ба хажууд байсан улаан курткатай эмэгтэй “хүүхдэд мөнгө өгсөн чинь авахгүй байна” гэж хэлж ярьж байсныг сонссон. Тэгсэн хүүхдээ дагуулж явсан эмэгтэй “хүүхдээ мөнгө аваагүй” гээд шууд угзарч татаад ахар сүүл хэсэг рүү нь 4-5 удаа өшиглөөд газарт унагаасан. Тэгсэн нэг залуу хүрч ирээд эмэгтэйг хүүхдээс нь холдуулсан....” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Ц.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар нийгмийн ажилтан М.*******гийн хамт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тодорхой бичиж өгсөн байгаа. Дахин ярихад тухайн өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16-н цагийн үед байсан санагдаж байна. 4 дүгээр багийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Р.э над руу утсаар залгаж “*******ийн ******* зодуулсан юм шиг байна” гэж ярьсан. Тэгээд тухайн өдрийн 17 цаг өнгөрч байхад О.*******, Б.******* нартай Олон улсын худалдааны төвийн 1 дүгээр давхарт таарч уулзсан юм. Тэгээд О.*******ын гаднах байдлаас харахад нүүр хэсэг битүү хөхрөлттэй дух нь хавдсан байсан. Тэгээд түүнээс болсон явдлын талаар асуухад асуусан асуултад хариулаагүй, болсон явдлын талаар ярихаас татгалзсан. Тэгээд ээж нь болох Б.*******ээс болсон явдлын талаар асуухад эхлээд “моринд өшиглүүлсэн” гэж ярьж байсан боловч дараа нь дахин лавлан асуухад “охин ******* гэртээ тогтохгүй гарч яваад байхаар нь зодчихсон” гэж ярьсан юм. Ингээд Б.******* нь охин *******ын эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх магадлалтай тул шалгаж өгөхийг хүссэн албан тоотыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч М.гийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Цагдаагийн газрын ажлын хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байх хугацаанд “Ерөнхий жижүүрээс Сүхбаатар сумын 4 дүгээр багт оршин суух иргэнээс машинд хулгай орсон байна, машинд орсон хүнийг нь барьчихсан байна” гэх дуудлага ирж ирсэн дуудлага мэдээллийн дагуу очиход *******ийн ******* нь гэгч сэтгэцийн өвчтэй хүүхэд байсан ба дээрх тээврийн хэрэгслийн жолооч О.******* нь сэтгэцийн өвчтэй хүүхэд хараа хяналтгүй явж байгаад миний машинд орсон байна, тухайн үед миний машин цоожгүй байсан юм. Надад энэ хүүхдэд /О.*******д/ ямар нэг гомдол санал байхгүй, Цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй, энэ хүүхдийг асран хамгаалах хүнд нь хүлээлгэж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг нь хүлээн авсан юм. Ингээд О.*******ыг авч гэрт нь очиход гэрт нь хүн байхгүй цоожтой байсан ба танай гэрийн хүмүүс хаана байгаа талаар түүнээс асуухад ээж энд байгаа гэж зааж явсаар “Баам”-ын байранд очсон. Тэгээд *******ын ээж гэх Б.*******ийг олж түүнд болсон явдлын талаар хэлж сануулан дахин охиноо хараа хяналтгүй байлгахгүй талаар хэлж ярьж зөвлөгөө өгч охиныг нь хүлээлгэн өгч Б.*******, ******* нарыг гэрт нь хүргэж өгсөн юм...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Р.ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хэсгийн байцаагчийн албан тушаалд 2018 оны 08 дугаар сарын 01-нд томилогдсон. 2019 оноос эхлэн *******, ******* нарын асуудал яригдах болсон. Орон гэргүй, тэнэмэл гэж асуудал үүссэн. Сүхбаатар сумын болон 8 дугаар багийн хамтарсан баг ажиллаж Сүхбаатар сумын 4 дүгээр багт газар олгож, гэр сууцтай болгож тохижуулж өгсөн. Үүний дараа ******* нь айл саахалтын мал, хуй руу ноцож нооллоо гэсэн дуудлага удаа дараа ирж байсан. Тухай бүрт нь шалгаж шийдвэрлэж байсан. 2021.01.15-ны өдөр ******* “Манай хүүхэд алга болчихлоо” гэж дуудлага өгсөн. Үүний дагуу би Сүхбаатар сумын 4 дүгээр багт эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад тухайн өдрийн орой 19 цагийн орчимд харанхуй гудамжинд сууж байхад нь олж эхэд нь хүлээлгэн өгч байсан...” гэх мэдүүлэг[6],

7.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Б.*******ын биед тархи доргилт, дух хэсгийн хуйхан доор цусан бүлэн, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],

8.2021 оны 02 дугаар сарын 10-ны №17/21 тоот Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагааны Дүгнэлт хэсэгт:

1.2.*******а овогтой ******* нь сэтгэцийн хувьд Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй байна. Сэтгэцийн дээрх эмгэгтэй боловч өөрийн үйлдлээ хариуцах чадвартай болно. Энэ нь удамшлын өвчин байх боломжтой. 3.4.*******а овогтой ******* нь сэтгэцийн хувьд Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч болсон хэрэг явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. 5.*******а овогтой ******* нь сэтгэцийн хувьд Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно. 6.7.*******а овогтой ******* нь сэтгэцийн хувьд Оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч өрх толгойлж амьдрах болон хүүхэд асарч хүмүүжүүлэх чадвартай байна” гэх дүгнэлт[8],

9.Шүүгдэгч Б.******* 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би болсон явдлын талаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болсон явдлын талаар тодорхой ярьсан тул дахин яримааргүй байна. Би хэргийн талаар шүүх хурал дээр тодорхой ярина...” гэх мэдүүлэг[9],10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 12.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13],14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[14], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ц.Отгонтуяа нь мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн гомдол санал байхгүй тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн хуулийн нэр томъёоны тодорхойлолтод: “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан бөгөөд хохирогч нь О.******* нь Б.*******ийн төрсөн охин болох нь холбогдох бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарахаар байна.

Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хөнгөн зэргийн оюуны хомсдолтой, амьжиргааны баталгаажих түвшинөөс доогуур амьдралтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлсон ганц бие эмэгтэй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч Б.*******ийг чөлөөлж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч Б.*******ийг чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч Б.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

       

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ