Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 355

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 12-12 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, РД:ТЕ69090469 регистрийн дугаартай, Таргууд овогт Жамьянгийн Оюунчимэгийн нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Оюунчимэг миний бие нь 1968 онд төрсөн, 49 настай. Миний эцэг, эх намайг хүүхэд байх үед хөдөө мал маллаж байсан бөгөөд намайг сургуульд оруулахгүй байснаас би 1978 онд буюу 10 настайдаа анх Ховд сумын 8 жилийн сургуульд 1 дүгээр ангид орж байсан. Эцэг, эх маань намайг 1968 онд төрсөн бич жилтэй гэж байсан бөгөөд би түүнийгээ маш сайн мэддэг билээ. Манай ангийн хүүхдүүд бүгд 1969, 1970 онуудад төрсөн хүүхдүүд байсан, би 7 дугаар ангийн сурагч байхдаа Иргэний үнэмлэх аваад ангийнхаа хүүхдүүдээс ичээд 1969 онд төрснөөр үнэмлэхээ авч байсан. Би дээрээ 1 эгч, доороо 1 дүүтэй бөгөөд эгч, дүү хоёр маань хоёулаа Улаанбаатар хотод амьдардаг юм. Бид гурав хоорондоо 4 насны зөрүүтэй. Эгч Ж.Нямсүрэн маань 1964 онд төрсөн, надаас 4 эгч ба дүү Ж.Хишигсүрэн маань 1972 онд төрсөн надаас 4 дүү юм. Миний бие нь 1969 онд төрснөөр буруу бичигдсэн үнэмлэхээ хаана хандаж зөвтгүүлэхээ мэдэхгүй явсаар өдий хүрсэн. Би архиваас 1968 онд төрсөн гэх лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримт бичгүүд авсан болно. Иймд намайг 1968 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү”  гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг 1968 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:

1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаанд “Ийшээгийн Жамъян, Бадрахын Хулгана нарын гэр бүлд 1968 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ж.Оюунчимэг төрснийг 1968 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Ховд сумын төрөлтийн бүртгэлийн 68 дугаарт бүртгэв” гэжээ,

2. Увс аймгийн Ховд сумын 1968 оны төрөлтийн бүртгэлийн хуулбар,

3. Таргууд овогт Жамъянгийн Оюунчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар,

4. Ж.Нямсүрэн, Ж.Хишигсүрэн, И.Дугармаа, Т.Сайндаа нарын иргэний үнэмлэхний хуулбарууд,

5. Гэрч И.Дугармаагийн шүүхэд өгсөн: “Ж.Оюунчимэг нь 1968 онд Увс аймгийн Ховд сумын Шивэр бригадад төрсөн гэдгийг би Ж.Оюунчимэгээс өөрөөс нь 8 дугаар ангид байхдаа сонсож байлаа. 1979 онд бид хоёр сумын сургуульд 1 дүгээр ангид хамт орж 8 дугаар анги төгстлөө сургуулийн дотуур байранд амьдарч олон жил найз нөхдийн холбоотой явцгаасан юм. Бид хоёрын гэр Ховд сумын Шивэр бригадад айл хоршоо байдаг учраас хөдөө гэртээ хамт харьж, буцаад хамт сургуульдаа ирдэг байсан юм. Тэгээд 1986 онд 8 дугаар анги төгсөх жил иргэний үнэмлэх авах болоход манай ангиас И.Дугармаа миний бие болон Ж.Оюунчимэг, Батмагнай, Эрдэнэ-Очир, Мягмардарь, Д.Лхагваа бид зургаа л 1968 оны бич жилтэй паспорт авах ёстой байсан боловч ангийхаа хүүхдүүдээс хөгшин гэж шоолно гэж ичээд паспортоо захиалж авалгүй насаа дарж бүртгэлд нь 1969 онд төрснөөр бичээд явуулчихсан юм. Энэ талаар бид өнгөрсөн зуны төгсөлтийн уулзалтын үеэр ярьж дурсамжаа хуваалцаж байлаа. Ж.Оюунчимэг нь айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Том эгч Ж.Нямсүрэн нь 1964 онд төрсөн 4 насаар ах, дүү Ж.Хишигсүрэн нь миний дүү И.Чимэдрэгзэнтэй нас чацуу гахай жилтэй 1972 онд төрсөн байдаг юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Т.Сайндаагийн шүүхэд өгсөн: “Ж.Оюунчимэг нь 1968 онд Увс аймгийн Ховд сумын Шивэр бригадад И.Жамъянгийн 2 дахь охин болж мэндэлсэн. Би тухайн үед 14 настай сургуулийн сурагч байсан, манайх И.Жамъянгийнхтай Шивэр бригадад айл хоршоо амьдарч байлаа. Хөдөө бид цагаан сараар насны зөрүүгээр золгодог уламжлалтай учраас нэг нэгнийхээ насыг мэдэлцдэг юм. Мөн би эхнэрийн хамтаар Онжил гэх нутгийн настай лам айлд очиход И.Жамъян гуай охин Ж.Оюунчимэгийг тус ламд үзүүлж байхтай таарсан бөгөөд тэгэхэд Ж.Оюунчимэг, манай эхнэр хоёулаа бич жилтэй болж таарч, Онжил лам манай эхнэрийг Ж.Оюунчимэгтэй “Нас чацуу юм уу” гэж асууж байсан тохиолдол бий. Гэтэл Ж.Оюунчимэг 1968 оны бич жилтэй, манай эхнэр 1956 оны бич жилтэй байсныг би сайн санаж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Ж.Оюунчимэг нь Увс аймгийн Ховд суманд И.Жамъян, Б.Хулгана нарын гэр бүлд 1968 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний төрсний бүртгэлийн лавлагаа, И.Дугармаа, Т.Сайндаа нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Таргууд овогт Жамьянгийн Оюунчимэгийг 1968 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрснөөр тогтоож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Таргууд овогт Жамьянгийн Оюунчимэгийг 1968 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.БОЛОР