| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00324/И |
| Дугаар | 356 |
| Огноо | 2016-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 356
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 7 дугаар баг, 8-01 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОЗ67100206, Монголмууд овогт Охидойн Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1967 онд төрсөн, 50 настай. Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Адуунчулуун бригадад хонь, ямаа маллаж 1992 онд тус нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд малчин байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дутуу бичилттэй тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. О.Эрдэнэчимэгт 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээсэн 1982 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн Охидойн Эрдэнэчимэгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1983 оны 10 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн Охидойн Эрдэнэчимэгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
4. 1987 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас шагнасан “Мэнд төлчний гэрчилгээ”,
5. Гэрч С.Баттөмөрийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” сумын Алдар бригадад малчнаар 1990 оныг дуустал ажиллаж байсан. О.Эрдэнэчимэг нь 1981 оноос “Пионер” нэгдлийн Алдар бригадын малчнаар 1989 оныг дуустал ажилласан юм. Манайх О.Эрдэнэчимэгийнхтэй айл хоршоо олон жил амьдарсан учраас би түүнийг болон гэр бүлийнхнийг сайн таньж мэднэ. Түүний Н.Эрдэнэ-Очир нь мөн нэгдлийн малчнаар олон жил ажилласан хүн байдаг юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч П.Хулганы шүүхэд өгсөн: “Би 1960 оноос Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлийн Алдар бригадад малчнаар 1990 оныг дуустал ажиллаж байсан. О.Эрдэнэчимэг нь 1981 оноос “Пионер” нэгдлийн Алдар бригадын малчнаар 1989 оныг дуустал ажилласан юм. О.Эрдэнэчимэг нь 3 дугаар анги төгсөөд сургуулиас гарч аав, ээжийн гар дээр мал маллаж байгаад сүүлд түүний аав нь 1980 онд нас барсан учраас өөрөө нэгдлийн малчин болсон хүн байгаа юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч С.Баттөмөр, П.Хулгана нарын Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг нь Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан талаар бичигдсэн байдал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн О.Эрдэнэчимэгийн цалингийн тодорхойлолт, малчнаар ажиллаж байхдаа шагнуулсан “Мэнд төлчний гэрчилгээ”, гэрч С.Баттөмөр, П.Хулгана нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монголмууд овогт Охидойн Эрдэнэчимэгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР