Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/349

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д-ын С-д холбогдох эрүүгийн ********** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 08 дугаар сарын 02-ны өдөр ************ хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ын С /РД: ********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Э-оос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гар утас болон тээврийн хэрэгслээ барьцаанд тавин хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж нийт 3.020.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ч.Э-ын:

“...2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө С гэдэг хүний эхнэр болох Ш гэх нэртэй үл таних бүсгүй над руу залгаж С танаас барьцаанд тавьсан автомашинаа түлхүүр тааруулаад аваад явсан байна гэж хэлхээр нь би гэрээсээ гараад зогсоол руу очоод хартал С гэгчийн барьцаанд үлдээсэн байсан приус 30 маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан байсан тэгээд тухайн үед би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...мэддэг байсан гэхдээ зүс таних төдий өмнө нь манай байгууллагаар үйлчлүүлдэг байснаас өөр зүйлгүй байсан. Тэгээд тухайн өдөр над дээр ирээд машинаа барьцаанд үлдээгээд явъя гэхэд нь би дургүйцэж байсан боловч жирэмсэн эхнэрээ дагуулж гэрийн гадаа ирчхээд явахгүй байсан. Эхнэр болох Ш нь өвдөөд байна манай хүүхэд бараг зулбах гээд байна ахаа би одоо эмнэлэгт хэвтэх гэж байгаа бид хоёрт автомашин хэрэггүй гэж хэлээд яах аргагүй би автомашиныг нь авч үлдсэн тухайн өдрөөс өмнө С манай барьцаалан зээлдүүлэх газарт 2 ширхэг гар утас барьцаанд үлдээж мөнгө авсан байсан тэгээд тухайн 2 ширхэг гар утасны мөнгийг нь автомашин барьцаанд үлдээж байгаа мөнгөн дээрээ нэмээд 3.590.000 төгрөг авч явсан. Тэгээд автомашин барьцаанд тавьж үлдээснээс хойш С утсаар залгаж байнга надаас мөнгө гуйдаг болсон дансаар 3.020.000 төгрөг шилжүүлсэн өмнө нь айфон икс макс гар утсыг барьцаанд тавьсан байсан бөгөөд машинаа барьцаанд тавьчхаад барьцаанд тавьсан гар утсаа гуйсаар байгаад авсан тэр мөнгө нь нэмэгдээд ийм болж байгаа юм. Ер нь бол харилцаа холбоо гээд байх зүйл байхгүй анх манай газарт эд зүйлээ барьцаанд тавьж, хугацаанд нь буцаан авч байнга шахуу ирж уулздаг байсан болохоор итгэж машиныг нь барьцаанд тавьж мөнгө зээлүүлсэн юм. Надад 3.020.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн байгаа учраас одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 6-8, 44-45/,

2. Гэрч Г.Ш-ийн:

“...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байрны лизингийн төлөлт хийх болсон тул Д.С Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг Ч.Э ахад барьцаанд үлдээн 1.000.000 төгрөг зээлсэн өмнө нь айфон икс макс гар утсыг барьцаанд тавьсан ба би эмнэлэгт хэвтэх гэж байсан тул бид хоёр Ч.Э ахаас гуйсаар байгаад мөнгийг нь өмнө нь зээлсэн 1.000.000 төгрөг дээр нэмж бодоод гар утсаа авсан. Ингээд бага багаар нэмж авсаар байгаад 3.000.000 гаран төгрөг болсон миний дансаар бас 300.000 төгрөг Ч.Э ахаас авсан. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байх бид 2 муудалцаад Д.С гэрээсээ гараад явсан юм. Тэгээд 21 цаг болж байхад “хаана байгаа юм бэ” гээд Д.С залгахаар нь эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн чинь цаанаа машины түлхүүр байхгүй гэж яриад байх шиг болохоор нь Ч.Эод барьцаанд тавьсан приус-30 маркийн машинаа хэлэлгүйгээр авчихсан байгаа юм биш биз гэж бодоод Ч.Э ах руу залгаад “та машинаа гарч үзэхгүй бол Д.С аваад явчихсан шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд нээх удалгүй над руу залгаад “аваад явчихсан байна” гэж хэлсэн. Д.С нь Ч.Э-оос зээлсэн мөнгийг заримыг нь цахимаар покер тоглоод үрсэн байж магадгүй түүнээс яг юунд зарцуулсныг нь надад хэлээгүй эхний 1.000.000 төгрөгийг байрны лизинд өгч үлдсэн мөнгийг хэрэглээндээ зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 46-47/,

3. Шүүгдэгч Д.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 60 дугаар байрны гадна байрлуулсан байсан миний машин зогсож байхаар нь түлхүүр тааруулдаг хүнийг дуудсан чинь хэний машин юм гэхээр нь миний машин байгаа юмаа онгойлгох юм бол дотор нь бичиг баримт байгаа гэж хэлээд онгойлгуулаад машинаа асаагаад Гантулгын гэр рүү явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 42-43/,

4. Мөнгө шилжүүлсэн тухай хохирогч Ч.Эын эзэмшлийн хаан банкны ********* тоот дансны хуулга /хх 53-56/,

5. Шүүгдэгч Д.С-гийн эзэмшлийн Хаан банкны ************** тоот дансны хуулга /хх 62-67/,

6. “*********” ББСБ-ын зээл төлөлтийн дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 116-119/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Сд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.С нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гар утас болон тээврийн хэрэгслээ барьцаанд тавин хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж нийт 3.020.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.С-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.С нь: 2021 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3.020.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ч.Э-ын “...2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө С гэдэг хүний эхнэр болох Ш гэх нэртэй үл таних бүсгүй над руу залгаж “С танаас барьцаанд тавьсан автомашинаа түлхүүр тааруулаад аваад явсан байна” гэж хэлхээр нь би гэрээсээ гараад зогсоол руу очоод хартал С гэгчийн барьцаанд үлдээсэн байсан приус 30 маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан байсан тэгээд тухайн үед би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

...Жирэмсэн эхнэрээ дагуулж гэрийн гадаа ирчхээд явахгүй, ...өвдөөд байна манай хүүхэд бараг зулбах гээд байна, ахаа одоо эмнэлэгт хэвтэх гэж байгаа бид хоёрт автомашин хэрэггүй гэж хэлээд яах аргагүй би автомашиныг нь авч үлдсэн тухайн өдрөөс өмнө С манай барьцаалан зээлдүүлэх газарт 2 ширхэг гар утас барьцаанд үлдээж мөнгө авсан байсан тэгээд тухайн 2 ширхэг гар утасны мөнгийг нь автомашин барьцаанд үлдээж байгаа мөнгөн дээрээ нэмээд 3.590.000 төгрөг авч явсан. Тэгээд автомашин барьцаанд тавьж үлдээснээс хойш С утсаар залгаж байнга надаас мөнгө гуйдаг болсон дансаар 3.020.000 төгрөг шилжүүлсэн өмнө нь айфон икс макс гар утсыг барьцаанд тавьсан байсан бөгөөд машинаа барьцаанд тавьчхаад барьцаанд тавьсан гар утсаа гуйсаар байгаад авсан тэр мөнгө нь нэмэгдээд ийм болж байгаа юм.

...Анх манай газарт эд зүйлээ барьцаанд тавьж, хугацаанд нь буцаан авч байнга шахуу ирж уулздаг байсан болохоор итгэж машиныг нь барьцаанд тавьж мөнгө зээлүүлсэн юм. Надад 3.020.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн байгаа учраас одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.Ш-ийн “...Бага багаар нэмж авсаар байгаад 3.000.000 гаран төгрөг болсон миний дансаар бас 300.000 төгрөг Ч.Э ахаас авсан. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байх бид 2 муудалцаад Д.С гэрээсээ гараад явсан юм. Тэгээд 21 цаг болж байхад хаана байгаа юм бэ гээд Д.С залгахаар нь эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн чинь цаанаа машины түлхүүр байхгүй гэж яриад байх шиг болохоор нь Ч.Эод барьцаанд тавьсан приус-30 маркийн машинаа хэлэлгүйгээр авчихсан байгаа юм биш биз гэж бодоод Ч.Э ах руу залгаад “та машинаа гарч үзэхгүй бол Д.С аваад явчихсан шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд нээх удалгүй над руу залгаад “аваад явчихсан байна” гэж хэлсэн. Д.С нь Ч.Э-оос зээлсэн мөнгийг заримыг нь цахимаар покер тоглоод үрсэн байж магадгүй түүнээс яг юунд зарцуулсныг нь надад хэлээгүй...” гэсэн мэдүүлэг,

- Мөнгө шилжүүлсэн тухай хохирогч Ч.Э-ын эзэмшлийн хаан банкны ************* тоот дансны хуулга,

- Шүүгдэгч Д.С-гийн эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансны хуулга болон шүүгдэгч Д.С-гийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хуурч мэхлэх бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно. Шүүгдэгч Д.С нь хуурч, “манай хүүхэд бараг зулбах гээд байна, ахаа одоо эмнэлэгт хэвтэх гэж байгаа бид хоёрт автомашин хэрэггүй” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхэлж байгаа нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э-од 3.020.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.С нь 3.020.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ч.Э нь гомдол саналгүй гэсэн байх тул шүүдэгч Д.С-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.С-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Д.С нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.

Иймд шүүгдэгч Д.С нь гэм буруугаа болон прокурорын ялын саналыг тус тус  зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  М.ДАЛАЙХҮҮ