Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/295

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Ц.Х

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .............. дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын .......-нд ........ аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхийн хамт ........ дүүргийн .......... дугаар хороо, .......... дүгээр гудамж, ............. тоотод хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн ...... дугаар гудамж ...... тоотод түр оршин суух,

ял шийтгэл: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,

...... дугаарын регистртэй, Б овогт Ц.Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.Х 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө ..... дүүргийн 2 дугаар хороо, “........” төвд гэрээт хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа хамт ажиллаж байсан хохирогч Т.Дыг зодож, биед нь баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, дээд уруул, уруулын дотор салст, зүүн нүдний гадна булан хэсгийн сорви, хоёр талын үүдэн дээд 1-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би ..... дээр хамгаалалтад гарч байгаад архи ууж, согтуугаар хохирогч Дыг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй. Хохирогчийн томографикт үзүүлсэн, эм тарианы мөнгө, Гэмтлийн эмнэлгийн мөнгө гээд нийт 480.000 төгрөг өгсөн. Дараа нь гарах эмчилгээний зардлыг төлөх болно гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Т.Д “... 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би ......... С хаалганд 24 цагаар А-ын хамт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 24 цаг өнгөрч байхад А бид хоёр 2.5 литрийн Сэнгүр нэртэй 2 пиво уусан. Би ажил дээрээ байгаа учраас уухгүй, бас мөнгө байхгүй гэхэд Ц.Х би мөнгө өгье, хоёулаа ууя гээд байсан. Тэгээд бид хоёр уугаад сууж байтал манай ажлын хамгаалагч Б ах 23 цагийн үед ирээд 2.5 литрийн 3 том пиво авсан. Б ах А хоёр мөнгө нийлүүлээд авсан байх, би Атай өмнөх 2 пивийг хувааж уучихаад дахин нэмж уухгүй гээд С хаалганы ресейпшний хэсэг болох байршил дээрээ очсон. Тэгээд Б ах А хоёр 3 дугаар постод авсан пиво уучхаад нар дээр 02 цагийн үед ирсэн. Тэгээд Б ах өрөөнд орж амарлаа гээд доошоо буусан. А надтай дээр үлдсэн, над руу ямар ч шалтгаангүй дайраад байхаар нь би унтуулъя гэж бодоод хоолойг нь араас нь боосон чинь миний хөл алдаад газар унаад миний боолт тавигдсан. Тэгсэн А миний дээр гарч суугаад нүүрэн хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Би ухаан алдчихсан. Нэг сэргэхэд А миний толгой руу хоёр хөлөөрөө ээлжлээд толгой нуруу руу бөмбөг тоглож байгаа юм шиг л өшиглөж байсан. А зодож байгаад доошоо өрөө рүү ороод унтчихаар нь би босоод 00 орж гар нүүрээ угаачихаад буцаж гарч чадалгүй 7 цаг өнгөртөл ариун цэврийн өрөөнд сууж байгаа гарч ирсэн. Тэгээд ээлж солигдоод ажлаасаа буусан”

“... одоо толгой өвдөх зовуурьтай байгаа учраас цаашид эмчилгээ хийлгэнэ гэж бодож байгаа. Тухайн үедээ, эмчилгээ хийлгэсний дараа эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” /хх-н 20-21/ гэж,

гэрч У.Б “... 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ амарч байтал өмнө нь хамт Г Пд ажиллаж байсан слесарь Ө 20 цагийн үед миний утас руу залгаад хамт бэлтгэлийн зааланд бэлтгэл хийе гэсэн. Тэгээд би 21 цагийн үед ажил дээр очсон. Би тухайн үед Г Пд хамгаалагчийн хийдэг байсан. Би ажил дээр очоод Г Пгийн гадна байрлах путикт байж байтал А над руу залгаад ажил дээр хүрээд ир, ууж байна гэсэн. “Би бэлтгэл хийх гээд ирчихсэн байна” гэхэд “тэр чинь хамаагүй, ажил руу ороод ир гэхээр нь би очилгүй бэлтгэлийн заал руу ороод хувцсаа солиод бэлтгэл хийх гээд байж байтал А бэлтгэлийн заал руу орж ирээд намайг дагуулж гарах гэхээр нь би яваагүй. Тэгсэн миний утас руу залгахаар нь би Г Пгийн гадна байрлах зүүн талын жигүүрийн 3 дугаар путикт очиход Д, А хоёр пиво уугаад сууж байсан. 3 дахь пиво ууж байна гэж ярьж байсан. Д гайгүй согтолттой, А нэлээн согтолттой байсан. Би ороод ууж байсан пивоноос нь 3 аягыг уугаад “би дахиж уухгүй бэлтгэл хийж байгаа” гэхэд А Дыг тамхи өг гэх мэтээр дээрэлхүү харьцаад байхаар нь би “та хоёр согтуу байгаа учраас одоо амар“ гээд 03 цагийн үед гарцгаагаад гадаа бид 3 жаахан юм ярьж зогсож байгаад Д түрүүлж алхаад ажил руу орсон. А бид хоёр араас нь В1 давхар руу орсон. Тэгээд би бэлтгэлийн заал руу орж хувцсаа авчхаад гараад явсан. Тэр өдрөөс хойш ажлын байранд архи уусан байна гээд ажлаасаа халагдсан. А Д хоёр ажлаас болоод маргаад бие биенийгээ заамдаж авахаар нь би биедээ байсан цахилгаан бороохойг дуугаргахад тэр хоёр салцгаасан. Зайнаас хэрэлдсэн. Намайг байх хугацаанд А, Д хоёр заамдалцаж авснаас өөрөөр зодоон болоогүй, гарч явсны дараа юу болсныг би мэдэхгүй” /хх-н 27/ гэж,

яллагдагч Ц А “... 2020 оны 12 дугаар сарын 17-ны өглөө ажил 10 цагт цугладаг учраас ажил дээр 09 цаг 40 минутад очсон. Би тэр өдөр Г П төвд 24 цагаар хамгаалалтын үүрэг гүйцэтгэх байсан. Тэр өдөр Д надтай хамт гарахаар болсон. Би 1 давхарт үүрэг гүйцэтгээд Д В1 давхарт үүрэг гүйцэтгэсэн. Д 19 цагийн үед 4 дүгээр пост орчхоод ирье гэж явчхаад халамцуу ирсэн. Д ажлаас гарсан нэг хүнтэй 1 шил архи хувааж уучхаад ирлээ гээд орж ирсэн. Бид нар 20 цагийн үед орой хоолоо идсэний дараа Д дэлгүүрээс 2 том пиво аваад 4 дүгээр постод очиж Д, сангийн ажил хийдэг Ө бид гурав хувааж уусан. Бид гурав байж байтал Б 22 цагийн үед ирсэн. Бг Д дуудаад Б бид нартай 1 том пиво хувааж уусан. Тэгээд 00 цагийн үед бид нар тараад местэндээ очицгоосон. Тэгээд байж байтал 02 цагийн үед Б нэг эмэгтэйн хамт ирсэн. Д бид хоёр мөнгө өгөөд бид хоёр 03 цагийн үед 3 ширхэг том пиво хүргэлтээр захиалж аваад 3-ын постонд очиж пиво уусан. Тэнд сууж байгаар би үүргээ гүйцэтгэж байсан учраас Г Пг 1 удаа тойрсон, тэрнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Намайг буусан өдрийн орой Д над руу “миний бие өвдөөд байна” гээд чат бичсэн. Би “юу болсон юм бэ” гээд асуутал Д над руу бичлэг явуулаад би Дыг зодсон гэдгээ мэдсэн. Д толгой өвдөөд байна, толгойн зураг авхуулмаар байна гэхээр нь би 200.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь би ажил дээр ирэхэд Д ээжтэйгээ найзтайгаа ирчихсэн байхаар нь хаанаа үзүүлэх талаар асуухад Сонгдо эмнэлэгт гээд би ээжтэйгээ Дыг ээжийнх нь хамт дагуулж яваад шинжилгээ өгөөд эм авч өгөөд 400.000 орчим төгрөг болсон. Тухайн үед үзүүлсэн эмч нь зөөлөн эдийн гэмтэлтэй байна гээд нэлээд олон эм бичиж өгснийг нь Дд авч өгсөн. Д 10 хоног эмчилгээ хийлгэнэ гэхээр нь би Дын гарах 3 хонгийн ээлжинд гарч өгөөд цалинг чинь бүтэн оруулна гэж тохирсон байсан боловч Дын төрсөн эгч ажлын байрандаа архи ууцгаасан байнга гэж даргад мэдээлээд би ажлаасаа гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 43/ гэж,

“... 2020 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 19:00-20:00 цагийн хооронд Д согтууруулах зүйл хэрэглээд орч ирсэн. Гаднаас 22:00 цагт Д дэлгүүрээс 2 том пиво аваад хамт уусан. Шөнийн 03 цагт Б шагаар 3 ширхэг пиво авсан хамт ууж байгаад А миний бие тасарч ямар ухаангүй болж зодолдсон” /хх-н 30/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотой “Т.Дын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, дээд уруулын дотор салст, зүүн нүдний гадна булан хэсгийн сорви, хоёр талыг үүдэн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэнлийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 588 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-32-33/,

камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 8-18/ зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгч Ц.А гэм буруутай үйлдэл нотлогдож байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ц.А “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-н 39/, “Яллах дүгнэлт” зэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн огноо, цаг хугацааг “2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр” гэж буруу бичсэн, Хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл” гэсэн баримтад хохирогчийн нэрийг “Д.Батцоож” гэж бичсэн /хх-н 65/ зэргийг техникийн шинжтэй алдаа гэж үзэв. Цаашид ийм алдаа гаргахгүй байхыг хяналтын прокурорт анхааруулж байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Хд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирлын хувьд:

Хохирогч Т.Дд хохирол төлбөр бүрэн төлөгдсөн эсэх нь тодорхойгүй тул цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Ц.Х цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хураагдсан болохыг, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүх энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Х шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц А “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Х торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Х цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

5. Хохирогч Т.Д цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Хд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ