Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 275

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБЕГ т холбогдох

Гуравдагч этгээд:  З БЭХА,

Гуравдагч этгээд: Э ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн . дүгээр хороо Денверийн гудамж, Г в цогцолбор орон сууцны хорооллын ... дугаар байрны ... тоот 149.35 м.кв талбайтай орон сууц болон мөн байрны С-.. тоот гараашийг тус тус Б.Г нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Б.Г миний бие нь Э ХХК-тай 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 77 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж Г в хотхоны ... дугаар байрны ... тоот, 4 өрөө 149,35 м.кв орон сууц болон мөн байрны автозогсоолыг авахаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулагдсаны дараагаар Б.Г нь 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Э ХХК-д гэрээний төлбөр 45,000 мянган ам.долларыг төлсөн, мөн гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр 179,025 ам.долларыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж төлбөрийг бүрэн барагдуулсан. Ийнхүү захиалагч Б.Г нь гэрээний үүргээ биелүүлж орон сууц, автозогсоолыг өмчлөх эрхтэй болсон ба төлбөрийн үлдэгдэлгүй тухай тодорхойлолтыг Э ХХК-иас авч зохих баримтуудыг бүрдүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээгээ авахаар 2008 оноос хойш Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст удаа дараа хандан өргөдөл мэдүүлэг гаргасан.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу, мөн Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д Уг гэрээний хавсралт 2-т заагдсан нийт үнийн дүнг гүйцэтгэгч талын дансанд шилжүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч тал захиалагчид үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдолтой бүх эрхийг шилжүүлэн өгнө гэж тохиролцсоноор дээрх орон сууц, автозогсоолыг өмчлөх эрх Б.Г надад бүрэн шилжсэн ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02161 дугаартай шийдвэр гаргасан байгаа болно.

Гүйцэтгэгч Э ХХК-ийн зөвшөөрөл, хүсэлт болон Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу орон сууц, автозогсоолыг өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Гнэр дээр гаргуулахаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст Мэдүүлэг гаргахад ... Орон сууцыг бүртгэж Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох боломжгүй, З банк ХХК болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Х банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 11/13253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/9693, 2/10559, 2013 оны 2/2931, 2/2236 дугаар, 2014 оны 2/1449 тоотоор захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэж бүртгэхээс үндэслэлгүй татгалзан, миний эрхийг хохироож байна.Энэ асуудлаар удаа дараа дүүргийн бүртгэлийн хэлтэс болон Нийслэл, Улсын бүртгэлийн газарт хандсан боловч бие биерүүгээ явуулж, бүртгэхээс татгалзан, тодорхой шийдвэр гаргахгүй миний эрхийг ноцтой зөрчин хохироож, хууль бус үйлдэл гаргаж байгаа ба Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл-ийг дахин гарсан болно. Иймд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Г в цогцолбор орон сууцны хорооллын ... дугаар байрны ... тоот 149,35 м.кв талбайтай орон сууц болон мөн байрны С-.. тоот гараашийг тус тус Б.Г нэр дээр бүртгэхийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалган шийдвэрлэж өгнө үү

Хариуцагч УБЕГ итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Г в цогцолборын ... дугаар байрыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 60%-ийн гүйцэтгэлтэйгээр Э ХХК /2*******/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэсэн байх бөгөөд З банк болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Х банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 11/13253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/9693, 2/10559, 2013 оны 2/2931, 2/2236, 2014 оны 2/1449 Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 10/5-701 тоот албан бичгүүдийг үндэслэн захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.

Тухайн орон сууцыг Э ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж 60%-ийн гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ нь манай байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна.

Э ХХК нь тухайн орон сууцаа барьцаалан З банк ХХК болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Х банкнаас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 21.1-д Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч эсхүл барьцаалагчийн хүсэлт, шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно хэмээн заасан байдаг. Иймд барьцаалагчдын зөвшөөрөл, шүүх, арбитрийн шийдвэргүйгээр тухайн орон сууцыг иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй юм. Улсын бүртгэлийн ерөнхий хууль-ийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно хэмээн заасан байдаг.

Тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг, барьцаалагчдын зөвшөөрөл, шүүх, арбитрийн шийдвэргүйгээр эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэхэд Г ва цогцолборын ... дугаар байрны ... тоот орон сууц, С-.. тоот автозогсоолыг Э ХХК-ийн өмчлөлөөс салгаж иргэн Б.Гөмчлөлд бүртгэх боломжгүй байна. Иймд иргэн Б.Гнэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд З банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Э ХХК нь 2007 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн, Денверийн гудамжид баригдаж байсан Г в орон сууцны барилгын ажилд зориулж 20 тэрбум вонны бондыг 24 сарын хугацаатай, жилийн 12,5 хувийн хүүтэйгээр Бүгд найрамдах Солонгос улсын P b, W b, S C, Х банк зэрэг байгууллагуудад худалдсан.

Э ХХК-ийн Г в орон сууцны цогцолборыг бариулах санхүүжилтийг Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулагч талууд тэдгээрийг төлөөлөн Х банк, нөгөө талаас З банк оролцон олон талт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тус орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээг Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулагч тал давхар барьцаалсан. Энэ гэрээнд З банк нь Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулагч талын оруулсан санхүүжилтийг Э ХХК-ийн барилгын ажлын явц байдал, санхүүжилттэй уялдуулан шилжүүлж байх, орон сууцыг худалдан борлуулсан тохиолдолд борлуулалтын орлогыг тусгай дансанд төвлөрүүлэн буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн болно.

Дээрх гэрээнүүдийг байгуулах үед Э ХХК-ийн нэр дээр Г в орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээ эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас гарган өгсөн байсан бөгөөд энэ нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн гаргасан тус компанийн өмчлөх эрхийг баталгаажуулсан хүчин төгөлдөр баримт юм.

Орон сууцыг захиалах, худалдан борлуулахаас өмнө тус компани дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд өмчлөгчийн хувьд хөрөнгөө бусдад шилжүүлэх, барьцаалах, захиран зарцуулах бүрэн эрхтэй юм. Нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны барилга нь бүхэлдээ дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан ба сууц өмчлөгч тус бүрээр гэрчилгээ салган гаргаагүй тул Э ХХК-ийн өмч хэвээр байна. Э ХХК-ийн өмчлөлийн энэ байрыг улсын комисс хүлээн авч улсын бүртгэлийн байгууллагад дууссан барилгын гэрчилгээ гаргуулан авч, захиалагч тус бүрээр гэрчилгээг салган гаргах ёстой бөгөөд түүнчлэн Х банкны ипотекийн шаардах эрхийг холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэн шийдвэрлэхийг хүсэж байна. Иймд хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд холбогдох хууль тогтоомжид дурьдсанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор гаргасан хариу тайлбарыг З банк дэмжиж байгаа болно.

Шүүх хуралд гуравдагч этгээд З банк ХК-г оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ

Гуравдагч этгээд Э ХХК-ийн захирал А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б.Г нь Э ХХК-тай 2008 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний дагуу ... дугаар байрны ... тоот орон сууц болон С-.. тоот автозогсоолын төлбөрөө тус тус бүрэн төлсөн байна. Иймд Б. Г******* нь Манай Э ХХК-д ямар нэгэн төлбөр тооцооны үүрэггүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд манай компани оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа тул биднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн . дүгээр хороо Денверийн гудамж, Г в цогцолбор орон сууцны хорооллын ... дугаар байрны ... тоот 149.35 м.кв талбайтай орон сууц болон мөн байрны С-.. тоот гараашийг тус тус Б.Г нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Г Баянзүрх дүүрэг Г в хотхоны ... дугаар байрны ... тоот 149,35 м.кв 4 өрөө байр болон С-.. дугаар автозогсоолыг захиалан бариулахаар 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 77 дугаар Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг Э ХХК, З банк ХХК-тай байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Э ХХК-д гэрээний төлбөр 45.000 мянган ам.долларыг төлсөн, мөн гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр 179.025 мянган ам.долларыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж төлбөрийг бүрэн барагдуулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02161 дүгээр захирамжаар хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Б.Гыг маргаан бүхий обьектуудын өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрсөн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд 8.1.1 Эд хөрөнгө өмчлөх эрх гэж заасан.

Нэхэмжлэгч Б.Г нь орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг гаргасан байх бөгөөд хариуцагч байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Год Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/6542, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/9731, 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/13253, 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2/4309, 2012 оны 05 дугаар сарын 2/5394, 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2/9693, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/10559, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2/2931, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/2236, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/1449 тоотоор тус тус эрх түдгэлзүүлсэн 2007оны 08 дугаар сарын 07-ны өдрийн З банк ХХК-тай 297 тоот, 2007 оны Х банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ тус тус бүртгэгдсэн байна гэсэн хариу өгч мэдүүлгийг бүртгэхээс татгалзжээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр/ хуулийн 8 дугаар зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг заасан бөгөөд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Гмэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй боловч Бүгд Найрамдах Солонгос Улсын Х банкны нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох иргэний хэрэгт орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд уг хүчин төгөлдөр бусд тооцуулах 13 гэрээнд нэхэмжлэгч Б.Ггэрээг багтсан байдаг.

Э ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 15/5 дугаарт байршилтай барилгыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн 22******* дугаарт өөрийн өмчлөлд бүртгүүлж, улмаар энэхүү 11 давхар, нийт 6305.64м.кв талбай бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан З банк ХХК болон БНСУ-ын Х банк-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь мөн хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд, барьцааны гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Уг барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор БНСУ-ын Х банкнаас Бондын төлөгдөөгүй үндсэн төлбөр 15.521.585.030 вон, алданги 7.760.792.515 вондыг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг Э ХХК-д холбогдуулан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргаж, шийдвэрлэгдсэн бөгөөд давах болон хяналтын шатны шүүхээр хянагдсан.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3224/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Э ХХК-иас 12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс 30.000 ам.доллар тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай БНСУ-ын Х банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар Г в цогцолборын орон сууц, авто машины өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Э ХХК нь Г в цогцолборын ... дугаар байрыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь З банк ХХК болон БНСУ-ын Х банкинд барьцаалсан байх бөгөөд уг компани нь дээрх орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн, түүнчлэн уг барилга нь бүхэлдээ бүрэн баригдаж дууссан, уг барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр З банк ХХК болон БНСУ-ын Х банкинд барьцаалсан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор Э ХХК-иас БНСУ-ын Х банкинд төлөх төлбөргүй гэж үзэж, БНСУ-ын Х банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул иргэн Б.Г нь ... дугаар байрны ... тоот, 4 өрөө 149,35 м.кв орон сууц болон мөн байрны С-.. тоот авто зогсоолын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй бөгөөд хариуцагчийн Э ХХК-ийн орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх үндэслэл, тайлбарыг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Э ХХК-иас нэхэмжлэгч Б.Г нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г в цогцолборын ... дугаар байрны ... тоот, 4 өрөө 149,35 м.кв орон сууц болон мөн байрны С-.. тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Б.Г ыг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх боломжтой байна.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол эрхийн улсын бүртгэлд тэмдэглэл хийх-ээр заасан байх бөгөөд дээрх албан бичгийн агуулгаас үзвэл уг эд хөрөнгийн өмчлөлийн талаарх мэдээлэл хүссэн, мөн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан, мөн захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлэн, хариу ирүүлэхийг хүссэн байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь уг барилгуудыг дуусаагүй барилга буюу зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэйгээр Э ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдээлэл өгч, ямар үнийн дүнгийн хэмжээнд тухайн эд хөрөнгийн аль хэсгийг битүүмжилсэн, ямар хэмжээнд шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах талаар тодруулах үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн дээрх албан албан бичигт дурдагдсан барилга нь тухайн үед 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга байсан, Э ХХК нь зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг албан бичгээр ашиглалтад орсон 100 хувийн гүйцэтгэлтэй ... дугаар байрны барилгыг бүхэлд нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт зөрчигдсөн гэж үзэхгүй, харин ... дугаар барилга нь бүхэлдээ нэг этгээдийн өмч биш, нийтийн зориулалттай орон сууцны барилга бөгөөд сууц бүрийг өөр өөр этгээд дангаар өмчлөх боломжтой байх тул нэхэмжлэгч нь Г в цогцолборын ... дугаар байрны ... тоот, 4 өрөө 149,35 м.кв орон сууц болон мөн байрны С-.. тоот авто зогсоолын дангаар өмчлөх эрх үүссэн гэж үзнэ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Б.ГБаянзүрх дүүргийн . дүгээр хороо Денверийн гудамж, Г в цогцолбор орон сууцны хорооллын ... дугаар байрны ... тоот 149,35 м.кв талбайтай орон сууц болон мөн байрны С-.. тоот гараашийг тус тус Б.Г нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн . дүгээр хороо Денверийн гудамж, Г в цогцолбор орон сууцны хорооллын ... дугаар байрны ... тоот 149.35 м.кв талбайтай орон сууц болон мөн байрны С-.. тоот гараашийг тус тус Б.Г нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА