Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 357

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, 38-33 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, РД:ОЮ62071616, Чонод овогт Цэдэвийн Паламдоржийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Паламдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цэдэв овогтой Паламдорж 1962 онд Увс аймагт төрсөн, ам бүл 3. Би 1978 онд Улаангом сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийн 8 дугаар анги төгсөөд, 1980 оноос 1983 онуудад Эрдэнэт хотод цэргийн алба хаасан. Цэргийн албанаас 1983 оны намар халагдаж ирээд 1983 оны 10 дугаар сараас эхлэн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд бульдозерын жолоочоор ажилд орж, бульдозерчин, кранчнаар Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест 1995 онд “Мөнхжим” ХХК болох хүртэл тасралтгүй ажиллаж байгаад үргэлжлүүлэн 1995 оны 1 дүгээр сараас 2001 оныг дуустал хугацаанд “Мөнхжим” ХХК-д бульдозерчин, кранчнаар тус тус ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас гарсан тушаал болон бусад холбогдох баримтууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний 1983 оны 10 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд бульдозерчин, кранчнаар, 1995 оны 1 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Мөнхжим” ХХК-д бульдозерчин, кранчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Паламдорж нь 1983 оны 10 дугаар сараас эхлэн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд бульдозерын жолоочоор ажилд орж, бульдозерчин, кранчнаар Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест 1995 онд “Мөнхжим” ХХК болох хүртэл тасралтгүй ажиллаж байгаад үргэлжлүүлэн 1995 оны 1 дүгээр сараас 2001 оныг дуустал хугацаанд “Мөнхжим” ХХК-д бульдозерчноор тус тус ажилласан. Ц.Паламдорж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд түүний хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас гарсан тушаал болон бусад холбогдох баримтууд олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд Ц.Паламдоржийн 1983 оны 10 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд бульдозерчноор, 1995 оны 1 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Мөнхжим” ХХК-д бульдозерчноор тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Ц.Паламдорж нь Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1983 оны 10 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал бульдозерчноор, “Мөнхжим” ХХК 1995 оны 1 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал бульдозерчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж ирүүлсэн Цэдэвийн Паламдоржийн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1983 оны 10 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал бульдозерчин, кранчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Ц.Паламдоржид 1980 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр олгосон тракторч-машинчийн үнэмлэх,

3. Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд ажиллаж байхдаа 1987 онд хамт олноороо “Тэргүүний хамт олон” болоод авахуулсан фото зураг,

4. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн Ц.Паламдоржийн 1995 оны 1 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал “Мөнхжим” ХХК-нд ажиллаж төлж байсан шимтгэл төлөлтийн лавлагаа,

5. Итгэмжлэл,

6. 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Архивын тасгаас ирүүлсэн “Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестийн 1983, 1993 оны тушаалыг шүүн үзэхэд бульдазорчноор ажиллаж байсан Цэдэв овогтой Паламдоржийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,

7. Гэрч И.Хэнзийн шүүхэд өгсөн: “Миний бие 1987 оноос Зам барилга ашиглалтын трестэд 1994 оныг дуустал ажиллаад, 1995 оноос “Мөнхжим” ХХК-д 2008 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Намайг 1987 онд анх тус трестэд ажилд ороход Ц.Паламдорж нь Зам барилга ашиглалтын трестэд бульдозерчнаар ажиллаж байсан бөгөөд улмаар кранчнаар мөн 1994 оныг дуустал, 1995 оноос “Мөнхжим” ХХК-д 2001 оныг дуустал ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн хүн юм. Манай байгууллага нь анх Зам барилга ашиглалтын контор нэртэй байсан бөгөөд 1987 оноос Зам барилга ашиглалтын трест болж 1994 он хүртэл үйл ажиллагаа явуулаад 1995 оноос “Авто зам” ХК болоод удалгүй бараг тэр жилдээ байгууллагын конторт байсан баримтууд бүгд шатаж устсанаар “Мөнхжим” ХХК нэртэй болон дахин үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүх бий” гэх мэдүүлэг,

8. Гэрч З.Цэрэнпилийн шүүхэд өгсөн: “Миний бие 1980 оноос Увс аймгийн Тээврийг удирдах газарт тракторчноор ажилд орж 1981 оноос Зам барилга ашиглалтын конторт тракторчноор 1987 он хүртэл, 1987 оноос Зам барилга ашиглалтын трестэд 1994 оныг дуустал тракторчноор ажиллаад, 1995 оноос “Мөнхжим” ХХК-д 1997 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Ц.Паламдорж 1983 онд Зам барилга ашиглалтын конторт бульдозерчнааражилд орж 1987 он хүртэл ажиллаад 1987 оноос Зам барилга ашиглалтын трестэд бульдозорчин, кранчнаар 1994 оныг дуустал, 1995 оноос “Мөнхжим” ХХК-д 2001 оныг дуустал ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн юм. Ц.Паламдорж 1983 онд анх ажилд орсон тэр өвөл надтай хамт Хяргас нуурын хаяанд замын ажилд явж байсныг би одоо санаж байна. Бид нэг байгууллагын харьяанд 18 жил хамт ажиллаж байсны хувьд түүнийг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

9. Гэрч И.Хэнзийн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трест болон “Мөнхжим” ХХК-нд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 376 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, З.Цэрэнпилийн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Ц.Паламдорж нь Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1983 оны 10 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал бульдозерчноор, “Мөнхжим” ХХК 1995 оны 1 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал бульдозерчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж ирүүлсэн Ц.Паламдоржийн цалингийн тодорхойлолт, Ц.Паламдоржид 1980 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр олгосон тракторч-машинчийн үнэмлэх, Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд ажиллаж байхдаа 1987 онд хамт олноороо “Тэргүүний хамт олон” болоод авахуулсан фото зураг, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн Ц.Паламдоржийн 1995 оны 1 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал “Мөнхжим” ХХК-нд ажиллаж төлж байсан шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч И.Хэнз, З.Цэрэнпил нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Ц.Паламдоржийн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1983 оны 10 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал 10 жил, 3  сар бульдозерчноор, “Мөнхжим” ХХК 1995 оны 1 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил бульдозерчноор, нийт 17 жил, 3 сар бульдозерчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Паламдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чонод овогт Цэдэвийн Паламдоржийн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд 1983 оны 10 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал 10 жил, 3  сар бульдозерчноор, “Мөнхжим” ХХК 1995 оны 1 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил бульдозерчноор, нийт 17 жил, 3 сар бульдозерчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Паламдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР