Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/299

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч Г.Э

хохирогч Д.П

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн ......... дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 12-нд ........ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “.......” ХХК-д ус, дулааны инженер ажилтай, ........ дүүргийн ....... дүгээр хороо, Консулын ........ дугаар гудамж, ........ тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл .......; эхнэр, хүүхдүүдийн хамт ..... дүүргийн ......... дугаар хороо, ...... хотхон ......... дүгээр байр, ...... тоотод оршин суух, ялгүй гэх,

..... дугаарын регистртэй, Б овогт Г Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Э 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Таун конфорт ХХК-ний ажлын байранд хохирогч Д.Пийн толгой руу цохиж, түүний биед чихний хэнгэрэг хальсны цоорол гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би “.......” компанид инженерээр ажилладаг ба П миний удирдлага дор ажилладаг. Тухайн үед ажлаас болж бид хоёр маргалдаад, үүрэг даалгавар өгөхөд инженертэйгээ зүй бусаар харьцлаа гэж би Пийг алгадсан. Миний буруу гэдийг ойлгож, гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогчийн гаргасан эмчилгээний баримтаар 40.000 төгрөг шилжүүлсэн.

П анх надад хэлэхдээ миний чихний эмчилгээний зардал 950.000 төгрөг болох юм байна гэхээр нь би төлнө гэдгээ хэлсэн. Гэтэл гэнэт надаас 5 сая төгрөг авна гэхээр нь өгч чадахгүй гэж хэлсэн. Баримтаа гаргаж өгвөл хохирлыг нь төлөх болно. Надад оногдуулах торгох ялын хэмжээг багаар тогтоож өгөхийг хүсье. Учир нь би цалингаа аваад байрны зээлэнд 900.000 төгрөг төлдөг. Эхнэр ажилгүй, гэртээ байдаг гэв.

Хохирогч Д.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр ажлаа хүлээж аваад байж байтал Э орж ирээд хоёр айлын төлбөрт үйлчилгээний хуудсыг зөрүүтэй бичсэн байсан бөгөөд тэр өдөр Э тэр айлын мөнгийг өг гээд дээрэлхээд байхаар нь та зүгээр хэлж болдоггүй юм уу гэхэд чамтай яаж харьцсан ч яадаг юм гээд миний нүүр рүү 2-3 удаа цохихоор нь буцаагаад барьцалдсан. Миний чих рүү цохиж чихний хэнгэрэг цоорсон. Э өмнө нь бас намайг хэл амаар доромжилдог байсан. Эмнэлэгт үзүүлэхэд чихний хэнгэрэг цоорсон байна гээд дусаалга бичиж өгсөн. Үнэ нь 30.800 төгрөг болсон. Хэнгэрэг нөхөх хагалгаа хийх шаардлагатай гэж эмч хэлсэн. Мөнгөгүй учраас хагалгаанд орж чадаагүй байгаа. Эхлээд би хагалгаа мөнгө гэж нэхэмжилж байсан. Гэтэл надад боолт хийлгэх, эм тариа авах зэрэг зардлууд нэмэгдэж гарсан. Түүнээс гадна энэ хэргээс хойш би ажлаасаа гарсан. Тиймээс 5 сая төгрөг өг гэж хэлсэн нь үнэн. Э эхлээд 5 сая төгрөг, дараа нь 3 сая төгрөг, дараа нь 1 сая төгрөг өгнө гэж байснаа сүүлдээ сураггүй болсон. Э миний данс руу 40.000 төгрөг л шилжүүлсэн, өөр мөнгө төгрөг өгөөгүй. Одоо биеийн байдлын хувьд орой болохоор чихэн дээр хүн амьсгалж байгаа юм шиг сонсогдож, чихээр хатгаж өвддөг, бас хоолой руу чихний булаг гоожиж муухай амт амтагддаг, сонсгол муудаж байна. Эмчилгээний зардлаа авчихвал гомдол гээд байх зүйлгүй гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д П “... 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим санагдаж байна, манай инженер ажлын хурал хийж байхдаа чи 2 айлын ажлын үйлчилгээний төлбөрийн хуудасных нь үнийн дүнг зөрүүлж бичээд компанийн үйл ажиллагаанд доголдол үүсгэлээ гээд ёс бусаар пизда минь гэх зэргээр доромжлоод байхаар нь би та дээрээс хойш намайг доромжлоод байх юмаа, зүгээр ярьчихаж болдоогүй юм уу гэхэд Э чамтай яаж ч харьцсан яадаг юм гээд хүрч ирээд шууд нүүр рүү цохиод, дараа нь чих рүү алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд Эын дух руу цохисон. Маргааш нь 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн талын чихний хэнгэрэг нь цоорчихсон байсан. Би эмнэлэгт хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орох шаардлагатай байгаа боловч надад мөнгөний бололцоо байхгүй, эмнэлгүүд хагалгааны дараа нэхэмжлэл гаргаж өгнө гээд одоогоор надад гаргаж өгөөгүй байгаа. Хэнгэрэг нөхүүлэх хагалгаа нь 950.000 төгрөгийн үнэтэй юм билээ” /хх-н 8-9/ гэж,

гэрч В Б “... 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 09 цагийн орчим ажилчид цуглаад инженер Э үүрэг тавьж байгаад сантехникч Пид хандаж “чи тэр айлын гомдлыг барагдуулсан уу, тэрнээс болж асуудал үүсээд байна гэхэд нь П өмнө нь мөнгөгүй байсан юмаа гэхэд инженер Э уурлаад чи ер нь яахаараа дандаа өөдөөс хариу хэлдэг юм бэ гэхэд нь П тухайн үед мөнгөгүй байсан юмаа, мөнгөтэй болоод барагдуулъя гэсэн юмаа гэж хэлсэн биз дээ гэхэд нь Э тэрнээс чинь болоод байгууллага дээр хэл ам гараад байна гэж хэлсэн. П би мэдэж байгаа, ямар ч байсан барагдуулна гэхэд нь инженер Э пизда минь чамаас болж дандаа иймэрхүү асуудал гарах юм гэхэд нь П чи яахаараа дандаа намайг хараадаг юм бэ, инженер хүн байж аятайхан харьцаач гээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлтэл инженер Э эхлээд Пийг нүүрэнд нь алгадсан. П чи яахаараа намайг алгаддаг юм гээд зөрүүлээд цохиод тэр хоёр хоорондоо барьцалдаад авахаар нь би тэр хоёрын дундуур ороод салгах гээд оролдсон боловч дийлэхгүй байхаар нь би гарч яваад манай компанийн сантехникч болох, би одоо нэрийг нь санахгүй байна, залуугийн хамт орж ирээд тэр хоёрыг салгаад байж байхад инженер дахин уурлаад нүүр рүү нь алгадаад тэр хоёр хоорондоо дахиж барьцалдаж байхад Пийн хамраас нь цус гараад П “одоо больё дахиж маргалдаад яах вэ, би төлбөрийг нь төлсөн” гэж хэлээд тэр хоёр хоорондоо дахин маргалдаад байхаар нь би гараад удалгүй буцаад орж ирэхэд П зүүн талын чихээ барьчихсан, инженер миний чих рүү алгадчихлаа гээд орилоод байсан” /хх-н 10/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Пийн биед хэнгэрэг хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн 2033 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан /хх-н 13-14/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Г.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар ажлын шаардлагаас хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч Г.Э хохирогч Д.Пийг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал мөн боловч нөгөө талаас ажлын орчинд хүч хэрэглэж хэн нэгний эрхийг зөрчих ёсгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Э-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Э-д 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг энэ ял тухайн шүүгдэгчийн хувьд зохимжгүй ялын төрөл гэж шүүх үзэв. Учир нь, хэдийгээр эмчилгээний зардлын талаарх нотлох баримтгүй боловч шүүгдэгч хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй, түүнчлэн шүүгдэгч ахуй амьдралын хувьд банкны зээл төлдөг, гэр бүлийн өөр орлогогүй гэсэн тайлбартай нь хамааралтай.

Иймд шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгов.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Д.П эмчилгээний зардлын баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шийдвэрээр түүнд олгох мөнгөн төлбөргүй. Харин түүний энэ хэргийн хохиролтой /эмчилгээний зардалтай/ холбоотой зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Г.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Г.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Д.Пийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Э-д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

              ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        О.ЖАНЧИВНЯМБУУ