Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/352

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Д.Пүрэвдавга /нийслэл/,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Т-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

- Б овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *************** дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, /********** оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ***********төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ************ ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, **************** тоотод түр оршин суух,

- урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж, 2 сарын баривчлах ялыг 5 жил 6 сарын хорих ялд багтааж, нийт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,  

- Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ЦШТ/456 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Ш овогт Т-ын Б /РД: ************/.

2. Монгол Улсын иргэн, ********** оны 04 дүгээр сарын 18-ны өдөр *******төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт **********тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Б /РД: **************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Б нь ************ ажиллаж байхдаа буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” ХХК-ийн гадна Б.Б-ийн “*******” серийн тээврийн хэрэгслийн улсын дугаар авах гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд буюу уг серийн дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаар авч өгнө гэж Б.Б-оос 1.500.000 төгрөг бэлнээр шууд авсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь “Б Б” гэх фейсбүүк хаягт байршуулсан “8888” серийн тээврийн хэрэгслийн улсын дугаар зарах мэдээллийн дагуу холбоо тогтоож, улмаар ************ Т.Б-тай 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” ХХК-ийн гадна уулзаж, “8888” серийн тээврийн хэрэгслийн улсын дугаар авч өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Т.Б-гийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.500.000 төгрөг бэлнээр шууд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “...Би Б-оос 1.500.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед дугаарын асуудал нь бүтэхгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв. 

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр азын дугаар “8888” зарна гэсэн зар фейсбүүк групп дээр байсан. Ингээд “Б Б” гэдэг хаягаар холбогдсон. Азын дугаар байгаа юу гэхэд байгаа гэсэн үнэ 2 сая гэхээр нь 1.500.000 төгрөгт өгөх үү гэхэд тэгье гэсэн. Маргааш нь холбогдоод ярихад нэг дугаар өгнө хүнээс очоод авчих гэсэн, тэгээд тэр дугаар руу залгахад эмэгтэй хүн байсан бөгөөд өөртэй нь ирээд уулз “----------” ХХК-ийн гадаа хүрээд ир гээд очиж уулзсан. Тэгээд дугаар байгаа юу гэхэд байгаа 1.500.000 төгрөгийн үнэтэй  гэж хэлсэн. Мөнгөө бэлнээр өгчих гэхээр нь данс руу хийе гэхэд бэлнээр авна гэсэн. Би бас санаа зовоод асуудалгүй биз дээ гэхэд өнөөдөр гаргаад өгнө гэсэн. Тухайн өдөр “----------” ХХК-ийн гадаа орой хүртэл суусан тэр эмэгтэй гарч ирээгүй. Утсаар нь ярихаар номер задрах гэж байна, эсвэл манай дүү дээр байгаа гэх мэтээр сонин зүйл ярьсан. Тэгэхээр нь мөнгөө буцааж авъя гэсэн. Тэгтэл надад худлаа яриад мөнгийг маань буцааж өгөхгүй байсан. Тэгээд би утасны дугаараар нь интернэтээс хайгаад Б гэдэг хүн гэдгийг нь мэдэж аваад өргөдөл гаргая гээд Баянгол дүүргийн цагдаагийн газарт өргөдөл өгсөн боловч албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой учраас Авлигатай тэмцэх газарт өг гэсэн. Тэгээд энэ хүн надаас гадна өөр хүмүүсийг хохироож болзошгүй юм байна гэж бодоод өргөдлөө өгсөн. Гэм буруу дэрээ маргахгүй байгаа...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Авлигатай тэмцэх газарт Б.Б-оос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1 хх 4/,

2. Б-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 18-21/,

3. Т.Б-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 25-41/,

4. Б.Бийн “Голомт” банк дахь *********** тоот дансны хуулга, мемориалын баримт /1 хх 48-49/,

5. Б.Бийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 58-81/,

6. Т.Б-гийн ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ирүүлсэн албан бичиг /1 хх 82-93/,

7. “Мобиком” ХХК, “Юнител” ХХК-аас жагсаалтаар ирүүлсэн гадагш ярьсан дугаарын холболтын мэдээлэл бүхий баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 110-112/,

8. С.О-ын Худалдаа хөгжлийн банк дахь ******** тоот дансны хуулга /1 хх 243-250/,

9. Гэрч Б-гийн:

“...2020 оны зун сараа санахгүй байна Б над руу залгаж “****”, “5555” гэсэн тээврийн хэрэгслийн дугаар байна авах уу гэхээр нь би надад хэрэггүй. Би 2410 гэсэн дугаар хайж байгаа, харин “дугаар авна, зарна” гэсэн групп байдаг түүнд зараа тавиач гэж хэлсэн. Удаагүй 2-3 хоногийн дараа групп фейсбүүк хаягт “8888” гэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар авна гэсэн зар ороод ирсэн. ...Би Батмөнх рүү утасдаад “8888” гэсэн тээврийн хэрэгслийн дугаар авна гэсэн зар байна ш дээ гэж хэлэхэд тэрээр чи байна гэж хэлээд өгчих, манай нутгийн дүүд наад дугаар чинь байгаа юм гэж хэлээд ****** дугаарыг өгсөн. Ингээд “8888” дугаар авна гэсэн залуутай мессенжерээр холбогдсон тэрээр надад найзын хүсэлт илгээсэн юм. Үүний дагуу мессенжерээр утасны дугаарыг нь өгсөн. Маргааш нь байна уу нөгөө нөхөр дугаар чинь бүтэхгүй байна, хэзээ гарах юм бэ гэж мессенжерээр холбогдоод байхаар нь би Б-тэй утсаар холбогдоод ямар учиртай юм болоод байгаа юм бэ гэхэд цаашаа хэлье гэсэн. Би Б гэгчтэй хамтран улсын дугаар бусдад зардаг, зуучилж өгдөг асуудал байхгүй. Би түүнийг миний холбож өгсөн залуугаас 1.500.000 төгрөг авсан гэдгийг сүүлд Батмөнхөөс мэдсэн.

...Би өөрийн “Б Б” гэх фейсбүүк хаягтаа “8888”, “5555” гэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар зарах зарыг тавиагүй. Харин фейсбүүкийн “автомашины дугаар авна, зарна” гэсэн группт “*********” гэх хаягаас “8888” тээврийн хэрэгслийн дугаар авна гэсэн зар байсан учраас би “байна” гэсэн коммент бичсэн. Би Батмөнхийн зүгээс “8888”, “5555” дугаарыг 2.000.000 төгрөг гэж хэлсний дагуу үнийг нь мессенжерт бичсэн. Батмөнх тухайн үедээ нэрийг нь хэлээгүй манай нутгийн дүү байгаа юм. Авто тээврийн оношилгооны газарт байдаг гэж хэлсэн. Би Т.Б гэх эмэгтэйтэй нэг ч удаа уулзаагүй, царайг нь хараагүй. Надтай 9911-тэй дугаараас яриад байсан, өөрийгөө хэн гэдэг талаар хэлээгүй. Т.Б-гийн зүгээс намайг Б.Бтой утсаар яриулсан зүйл байхгүй. Тухайн үедээ ямар учиртай юм болоод байгаа талаар асуухаар Т.Б гэх хүнтэй 1 удаа утсаар ярьсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 14-17, 2 хх 43-44/,

10. Гэрч Б.Б-ийн:

“...Б-гийн хувьд анх 2020 оны 07 дугаар сард утсаар надтай ярихдаа шинэ сери задарч байгаа, азын “8888”, “5555” дугаар зармаар байна гэдгийг хэлсэн учраас Б-тай холбогдсон. Б-тай холбогдож “8888”, “5555” гэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар байна авах уу гэхэд тэрээр фейсбүүк хаягт тавьчихгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь чи тавьчихгүй гэж хэлсэн. Ингээд удалгүй тэр өдрөө байна уу Б залгаад “8888” гэсэн тээврийн хэрэгслийн дугаар авъя гэсэн зар ороод ирлээ, сонирхоод байна гэхээр нь тэгвэл Б-гийн ******* дугаарыг өгчих гэж хэлсэн. Улмаар 2 хоногийн дараа Б залгаад 9911-тэй дугаараас ална, шулна гээд ажил хийлгэхгүй байна. Тэр хүүхэн лүүгээ яриад хэл гэсэн. Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын эхээр байна уу Б-гийн гэрт нь очиход тээврийн хэрэгслийн улсын дугаарын асуудлаас болж таныг Авлигатай тэмцэх газраас дуудна шүү гэж хэлсэн. Миний хувьд чи юу яриад байгаа юм бэ номерын мөнгийг нь аваад хэрэглэчихсэн юм уу гэж асуухад тэрээр “би номер дугаарыг нь бүтээж өгье гэсэн харин тэрээр номероо авахаа больсон” мөн би 1.500.000 төгрөгийг нь аваад хэрэглэсэн. Үүнээс 500.000 төгрөгийг нь буцаагаад өгсөн гэж ярьсан.

...Би найз Б-д Б-г нутгийн хуурай дүү “*********” ХХК-ийн Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд ажилладаг. Тэрээр шинэ сери задарч байгаа учраас “8888”, “5555” гэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Б, Б нар хоорондоо уулзалдаагүй, энэ дугаар зарах зар тавих асуудлыг Бд хэлсэн хүн нь би байгаа юм. Миний зүгээс Б-тай хамтран тээврийн хэрэгслийн улсын дугаар зардаг, бусдад зуучилж өгдөг асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 22-23, 2 хх 41/,

11. Гэрч С.О-ын:

“...Би Б гэх эмэгтэйг танихгүй. Манай нөхөр “********” ХХК гэх газарт байрлах автомашины оношилгоо дугаар олгодог газарт мэргэжилтнээр ажилладаг Б гэх эмэгтэйд тээврийн 1.500.000 төгрөг өгсөн байдаг. Энэ үйл явдал 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болсон бөгөөд мөнгийг бэлнээр өгсөн боловч дугаараа аваагүй. Харин уг өгсөн мөнгөө авахаар удаа дараа нэхсэн. Дээрх эмэгтэй рүү өөрийнхөө ********* дугаараас 9598-6787 дугаарт удаа дараа мессеж бичиж байсан. Миний “Худалдаа хөгжлийн банк”-ны ******* дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан. Мөн нөхрийн “Голомт” банкны *********** дугаарын данс руу 400.000 төгрөг хийснийг авсан. Дээрх Б гэгчид өгсөн мөнгөний 1.000.000 төгрөгийг миний бараа зарсан орлогоос, үлдсэн мөнгийг нөхөр өөрөө гаргасан...” гэсэн мэдүүлэг /1 хх 9-12/,

12. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “*********” гэсэн хаягаар нэвтэрч ороход азын дугаар зарна гэсэн мэдээлэл байсан. Улмаар дээрх хаягаар мессеж бичилцэж байгаад надад **************** дугаарыг өгсөн, одоо блоколсон байдаг. Маргааш нь буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад дээрх дугаарт холбогдоход өөрийгөө Б гэж танилцуулаад Баянгол дүүрэг байрлах “**********” ХХК-ийн байранд хүрээд ир гэж хэлсэн.

...Өглөөний 10 цаг өнгөрч байхад уг газарт очоод залгахад 35-40 орчим насны хар бор өнгийн урт үстэй, дугуй бор царайтай, давхраатай том нүдтэй, 165 см орчим өндөр нуруутай, махлагдуу биетэй эмэгтэй гарч ирээд өөрийгөө Б гэж танилцуулсан. Надтай уулзаад мөнгө чинь бэлэн юм уу гэж асуухаар одоо бэлэн байхгүй, дансанд байна гэж хэлсэн. Тэрээр төлбөрөө бэлнээр өгнө ш дээ гэж хэлсэн. Манай компани импортоор Япон, АНУ зэрэг улсаас машин оруулж ирдэг юм. Би өөрийнхөө 2008 оны Лексүс 570 машинд азын дугаар авъя гэж байсан.

...Миний хувьд уг эмэгтэйгээс “8888” гэсэн дугаар байгаа юу гэхэд байгаа, хүссэн дугаарыг чинь авч өгнө гэж хэлээд мөнгөө одоо яаралтай өг гэж хэлсэн. Уулзаад 30 минутын дараа 1.500.000 төгрөгийг өөрт байсан мөнгө дээр нэмээд АТМ машинаас үлдсэн мөнгийг нь аваад өгсөн... гэсэн мэдүүлэг /1 хх 5-6/,

13. Шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Б-ын Б гэдэг залуутай 2020 оны 06 дугаар сард миний танил Б ах бүтэн нэрийг нь мэдэхгүй түүгээр дамжуулан танилцсан. Харин Б-гийн найз нь Б гэж ах байдаг. Б, Б-оос над руу дамжин орж ирсэн. Ингээд 2020 оны 06 дугаар сарын сүүлээр, сараа андуурсан байж магадгүй Б манай ажил дээр ирж надтай уулзсан. Өөрийгөө машины ченж гэж танилцуулсан /уулздаг өдрөө танилцсан/ гайгүй дугаар байна уу, шинэ гаалиар орж ирсэн машинд тавих гэсэн юмаа “8888” гэсэн дугаар хэрэгтэй байна, мөнгө нь бэлэн байгаа гэж хэлэхээр би “асууж сураглая” гэж хэлсэн. Уг уулздаг өдөр нь 3 дахь өдөр байсан, тэрээр надад 1.500.000 төгрөгийг /10.000 төгрөгийн дэвсгэртээр/ бэлнээр хатуувтар цагаан цаасанд боож өгсөн. Миний зүгээс дээрх дугаарыг авахад өндөр байдаг гэж хэлэхэд уг мөнгийг өгсөн. Гэхдээ би дээрх мөнгөний тоог хэлээгүй. Ингээд уг өдрөө дугаар гаргаж өгч чадаагүй. Би түүний асуугаад байгаа “8888” дугаарыг дотроо ажилладаг ганц нэг таньдаг хүнээс тухайн дугаарыг авч болох талаар асуухад боломжгүй гэдэг хариулт өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 7-8/,

14. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:

“...Би танай байгууллагад Б гэх эмэгтэй бусадтай бүлэглэн
автомашины дугаар зарах зар тавьж залилан хийж байна гэх утгаар өргөдөл
гаргасан. Анх уг өргөдлийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өгөхөөр очсон,
цагдаагийн жижүүрээс өргөдөл өгөх талаар зөвлөгөө авахад албан тушаалтантай
холбоотой учраас Авлигатай тэмцэх газарт өргөдлөө өг гэж хэлсэн. Танай
байгууллагад өргөдөл гаргахаас 1 өдрийн өмнө гэж ойлгоно.

...Болсон асуудлын тухайд интернэтээс автомашины дугаар авна, зарна гэх
сайт руу орсон. “8888” гэсэн тээврийн хэрэгслийн дугаар зарна гэсэн зарын дагуу “Bayaraa Bayarsaikhan” гэсэн хаяг руу мессенжерээр холбогдсон. Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байна уу холбогдоод “8888” дугаар ямар үнэтэй вэ гэж асуусан, 2.000.000 төгрөг бил үү үнэ хэлсэн байх, 1.500.000 төгрөгт өгч болох уу гэхэд болно гэсэн. Ингээд маргааш өглөө нь дахин холбогдоод нөгөө дугаарыг чинь авъя гэж хэлсэн. Улмаар надад мессенжерээр ********** дугаарыг өгсөн. Би уг дугаарт залгаад “8888” дугаарыг зарах юм байна, хаана очиж уулзах вэ, өөрийн чинь дугаарыг өглөө гэж ярьсан. Эмэгтэй хүн байсан бөгөөд “Хөсөг трейд” дээр байна хүрээд ирээ гэж хэлсэн. Улмаар 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 10 цагийн үед байна уу ганцаараа очсон. Очоод дээрх дугаарт залгаад ирчихлээ гэж хэлэхэд ямар машинтай яваа юм бэ гэхээр нь ******** УБЧ улсын дугаартай Лексүс-570 дугаартай хар өнгийн машин байгаа гэдгийг хэлсэн.

...Машин дотор уулзаад “8888” дугаар байгаа юм уу гэхэд байгаа гэсэн. Хэзээ уг номерыг авч болох вэ гэж асуухад тэрээр аль болох хурдан авч өгнө гэж хэлсэн. Өнөөдөр 14 цагаас өмнө амжих уу гэхэд тэрээр амжина гэж хэлсэн бөгөөд бүтэн өдөр хүлээсэн...” гэсэн мэдүүлэг /2 хх 48-50/,

15. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Б, Б.Б нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Т.Б нь Б.Бийн “8888” серийн тээврийн хэрэгслийн улсын дугаар авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд буюу уг серийн дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаар авч өгнө гэж Б.Боос 1.500.000 төгрөг бэлнээр шууд авсан,

- шүүгдэгч Б.Б нь “8888” серийн тээврийн хэрэгслийн улсын дугаар авч өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Т.Бгийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.500.000 төгрөг бэлнээр шууд өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутай тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “Шүүгдэгч Т.Б, Б.Б нар нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б, Б.Б нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Б нь: “********** мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” ХХК-ийн гадна Б.Б-ийн “8888” серийн тээврийн хэрэгслийн улсын дугаар авах гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд буюу уг серийн дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаар авч өгнө гэж Б.Б-оос 1.500.000 төгрөг бэлнээр шууд авсан,  

Шүүгдэгч Б.Б нь:  “Б Батсайхан” гэх фейсбүүк хаягт байршуулсан “8888” серийн тээврийн хэрэгслийн улсын дугаар зарах мэдээллийн дагуу холбоо тогтоож, улмаар “***************мэргэжилтэн Т.Б-тай 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” ХХК-ийн гадна уулзаж, “8888” серийн тээврийн хэрэгслийн улсын дугаар авч өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Т.Б-гийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.500.000 төгрөг бэлнээр шууд өгсөн болох нь:

- Авлигатай тэмцэх газарт Б.Б-оос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол,

- Б-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,

- Т.Б-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,

- Б.Б-ийн “Голомт” банк дахь **************** тоот дансны хуулга, мемориалын баримт,

- Б.Б-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,

- Т.Б-гийн ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ирүүлсэн албан бичиг,

- “Мобиком” ХХК, “Юнител” ХХК-аас жагсаалтаар ирүүлсэн гадагш ярьсан дугаарын холболтын мэдээлэл бүхий баримтад үзлэг хийсэн тэмдэглэл,

- Гэрч С.О-ын Худалдаа хөгжлийн банк дахь ************** тоот дансны хуулга,

- Гэрч Б-гийн “...2020 оны зун сараа санахгүй байна Б над руу залгаж “8888”, “5555” гэсэн тээврийн хэрэгслийн дугаар байна авах уу гэхээр нь би надад хэрэггүй. Би 2410 гэсэн дугаар хайж байгаа, харин “дугаар авна, зарна” гэсэн групп байдаг түүнд зараа тавиач гэж хэлсэн. Удаагүй 2-3 хоногийн дараа групп фейсбүүк хаягт “8888” гэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар авна гэсэн зар ороод ирсэн.

Би Б рүү утасдаад “8888” гэсэн тээврийн хэрэгслийн дугаар авна гэсэн зар байна ш дээ гэж хэлэхэд тэрээр чи байна гэж хэлээд өгчих, манай нутгийн дүүд наад дугаар чинь байгаа юм гэж хэлээд ********** дугаарыг өгсөн. Ингээд “8888” дугаар авна гэсэн залуутай мессенжерээр холбогдсон.

Үүний дагуу мессенжерээр утасны дугаарыг нь өгсөн. Маргааш нь байна уу нөгөө нөхөр дугаар чинь бүтэхгүй байна, хэзээ гарах юм бэ гэж мессенжерээр холбогдоод байхаар нь би Батмөнхтэй утсаар холбогдоод ямар учиртай юм болоод байгаа юм бэ гэхэд цаашаа хэлье гэсэн.

Би Б гэгчтэй хамтран улсын дугаар бусдад зардаг, зуучилж өгдөг асуудал байхгүй. Би түүнийг миний холбож өгсөн залуугаас 1.500.000 төгрөг авсан гэдгийг сүүлд Батмөнхөөс мэдсэн.

Би өөрийн “Б Б” гэх фейсбүүк хаягтаа “8888”, “5555” гэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар зарах зарыг тавиагүй. Харин фейсбүүкийн “автомашины дугаар авна, зарна” гэсэн группт “Үлэмжийн чанар” гэх хаягаас “8888” тээврийн хэрэгслийн дугаар авна гэсэн зар байсан учраас би “байна” гэсэн коммент бичсэн...” гэсэн мэдүүлэг,

-  Гэрч Б.Батмөнхийн “...Б-гийн хувьд анх 2020 оны 07 дугаар сард утсаар надтай ярихдаа шинэ сери задарч байгаа, азын “8888”, “5555” дугаар зармаар байна гэдгийг хэлсэн учраас Б-тай холбогдсон. Б-тай холбогдож “8888”, “5555” гэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар байна авах уу гэхэд тэрээр фейсбүүк хаягт тавьчихгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь чи тавьчихгүй гэж хэлсэн.

Удалгүй тэр өдрөө байна уу Б залгаад “8888” гэсэн тээврийн хэрэгслийн дугаар авъя гэсэн зар ороод ирлээ, сонирхоод байна гэхээр нь тэгвэл Б-гийн ********* дугаарыг өгчих гэж хэлсэн.

Улмаар 2 хоногийн дараа Б залгаад 9911-тэй дугаараас ална, шулна гээд ажил хийлгэхгүй байна. Тэр хүүхэн лүүгээ яриад хэл гэсэн.

Хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын эхээр байна уу Б-гийн гэрт нь очиход тээврийн хэрэгслийн улсын дугаарын асуудлаас болж таныг Авлигатай тэмцэх газраас дуудна шүү гэж хэлсэн.

Миний хувьд чи юу яриад байгаа юм бэ номерын мөнгийг нь аваад хэрэглэчихсэн юм уу гэж асуухад тэрээр “би номер дугаарыг нь бүтээж өгье гэсэн харин тэрээр номероо авахаа больсон” мөн би 1.500.000 төгрөгийг нь аваад хэрэглэсэн. Үүнээс 500.000 төгрөгийг нь буцаагаад өгсөн гэж ярьсан.

Би найз Бд Б-г нутгийн хуурай дүү “Хөсөг трейд” ХХК-ийн Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд ажилладаг. Тэрээр шинэ сери задарч байгаа учраас “8888”, “5555” гэсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Б, Б нар хоорондоо уулзалдаагүй, энэ дугаар зарах зар тавих асуудлыг Б-д хэлсэн хүн нь би байгаа юм. Миний зүгээс Б-тай хамтран тээврийн хэрэгслийн улсын дугаар зардаг, бусдад зуучилж өгдөг асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч С.О-н “...Манай нөхөр “********” ХХК гэх газарт байрлах автомашины оношилгоо дугаар олгодог газарт мэргэжилтнээр ажилладаг Б гэх эмэгтэйд тээврийн 1.500.000 төгрөг өгсөн байдаг. Энэ үйл явдал 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болсон бөгөөд мөнгийг бэлнээр өгсөн боловч дугаараа аваагүй. Харин өгсөн мөнгөө авахаар удаа дараа нэхсэн. Дээрх эмэгтэй рүү өөрийнхөө 8880-9045 дугаараас ************* дугаарт удаа дараа мессеж бичиж байсан. Миний “Худалдаа хөгжлийн банк”-ны *********** дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан. Мөн нөхрийн “Голомт” банкны ************* дугаарын данс руу 400.000 төгрөг хийснийг авсан...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хээл хахууль өгөх, авах гэмт хэрэг нь хахууль өгөгч тал хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд ажил хэргээ бүтээх гэсэн, хахууль авагч тал өөртөө ашиг олох гэсэн хоёр талын сонирхлын үүднээс хууль бус үйлдлээ хийснээр бодит хор уршиг учирсан эсэхээс үл хамааран бүрдэл төгсдөг онцлогтой.

Иймд шүүгдэгч Т.Б-гийн “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж хахууль авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан,

-шүүгдэгч Б.Б-ийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Б, Б.Б нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,

- шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Т.Б-гийн Авлигатай тэмцэх газрын барьцааны дансанд хадгалагдаж байгаа 900.000 төгрөгийг, мөн шүүгдэгч Б.Б-оос 600.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан “Шүүгдэгч Т.Б-гийн хувийн байдлын тухайд нөхөр нь нас барсан, өөрийн гэсэн орон гэргүй, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй, нэг хүүхэд нь ходоодны хорт хавдартай зэрэг хувийн байдлыг нь харгалзаж түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр “Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн түүний эрүүл мэндийн байдлыг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Т.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч Б.Б нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал буюу шүүгдэгч Т.Б нь насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй, шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, мөн түүний эрүүл мэндийн байдал зэрэг, нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Б-гийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг 1 жил 6 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзэж, түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзлээ.

Харин Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Б.Б-ийн тухайд:

Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Т.Б, Б.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах болон торгох ял оногдуулсан үеэс буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтов. 

Мөн улсын яллагчаас “шүүгдэгч нарт хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь шүүгдэгч нарын хувийн байдлаас гадна цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын халдвар өндөр, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн зэргийг харгалзан шүүгдэгч нарт заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэсэн. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг хуульчилсан байдаг ба энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн зохицуулалтад дээрх нөхцөл байдал нийцнэ.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Мөн шүүгдэгч Т.Б-гийн Авлигатай тэмцэх газрын барьцааны ***********тоот дансанд хадгалагдаж байгаа 900.000 төгрөгийг зохих журмын дагуу улсын орлого болгохыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Б.Б-оос 600.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Т-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Б овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

- шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.900.000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гийн Авлигатай тэмцэх газрын барьцааны 100900033401 тоот дансанд хадгалагдаж байгаа 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг зохих журмын дагуу улсын орлого болгохыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс-/ахдах мөрдөгч, ахлах комиссар Н.Тамир/-т даалгаж, шүүгдэгч Б.Боос 600.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.ДАЛАЙХҮҮ