Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/300

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон

шинжээч Д.Баасандорж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....... дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 04-нд ...... аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, “........” ХХК-д хөдөлмөр хамгааллын инженер ажилтай гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт ........ дүүргийн ......... дүгээр хороо, ..... 2 хотхон, ........ тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй,

....... дугаарын регистртэй, А овогт Б Л

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Л “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хүүхдийн тоглоомын талбайн MNS 6751:2019 стандартын 10.2 дахь хэсэгт заасан Тоглоомын талбай ашиглалт, арчилгааны үйлчилгээг хариуцагч нь талбайд тавигдах норматив шаардлагыг хангуулах үүрэг хүлээнэ, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заасан Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах цаг хугацаа нэг жил байна, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотрын засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтэц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны төхөөрөмж, тоноглолын хэвийн ажиллагааны хугацаа, гурваас доошгүй жил байна” гэх заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12/31 дугаартай “Чанарын баталгаа гаргуулах тухай мэдэгдэл”-ийг биелүүлээгүй, чанарын шаардлага, стандарт хангаагүйн улмаас 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22, 23 дугаар байрны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбай дээрх савлуур тоглоомоор тоглож байсан 12 настай Ш.А толгой дээр уг тоглож байсан савлуурын дээд хэсгийн төмөр унаж, түүний эрүүл мэндэд зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, дух чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би холбогдсон хэргийнхээ талаар цагдаа дээр бүгдийг ярьсан. Гэм буруутай гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хүүхдийн эмчилгээний зардалд нийтдээ 18.750.000 төгрөг төлсөн. Миний хувьд Барилгын тухай хууль, стандартыг хангуулах ажилд алдаа гаргасандаа харамсаж байна. Цаашид энэ асуудалд улам нягт нямбай хариуцлагатай ажиллах болно. Хүүхдийн биеийн эрүүл мэнд сайн болж байгаа гэнэ лээ. Би хэрэг гарсан өдрөөс хойш байнга тусламж үзүүлсэн. Өдөр болгон шахуу, заримдаа өнжөөд очиж эмчилгээ сувилгаа хийхэд нь хамт байсан гэв.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Лг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг “... хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ... үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ...” байхаар хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Лд холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22, 23 дугаар байрны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбайн ажлыг Ш.О захиралтай “......” ХХК хийж гүйцэтгэсэн байна.

 

Гэвч уг ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсний дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 31-ний орой тухайн тоглоомын талбайд тоглож байсан 12 настай Ш.Агийн толгой дээрээс савлуурын хөндлөн төмөр унаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн болох нь:

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн “... 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газрын зургийн фото зураг болон схем зургаас харахад Хүүхдийн тоглоомын талбай MNS 6751:2019 стандартын 10.2 /Тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа үйлчилгээг хариуцагч нь тоглоомын талбайд тавигдах норматив шаардлагыг хангуулах үүрэг хүлээнэ/, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 /Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна/, 14 дүгээр зүйлийн 14.6 /энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна/- гэх заалтууд болон гүйцэтгэгчээс Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газарт хүргүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/31 тоот, Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газарт хүргүүлсэн 12/31 тоот “Чанарын баталгаа гаргах тухай” албан мэдэгдлийг биелүүлээгүйн улмаас чанарын шаардлага, стандарт хангаагүй байна.

Хүүхдийн тоглоомын талбай MNS 6751:2019 стандартын 2.1 /Энэхүү стандарт нь нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгийн эдэлбэр газарт байрлах 6 сараас 12 хүртэлх насны хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавихад хамаарна/, MNS ISO 8124-4:2011 стандартын 6.2.2.3 /газрын гадаргуугаас 1200 мм-ээс дээш өндөрт байрлах савлуур буюу 36 сараас дээш насны хүүхдэд зориулагдсаныг/, Хүүхдийн тоглоомын талбай эрүүл, ахуйн орчин бүрдүүлэхэд тавигдах ерөнхий шаардлага UСБ0002-02:2019-ийн Үндсэн ойлголт хэсэг Сургуулийн насны хүүхэд 5-12 нас хүртэлх насны хүүхдийг хамруулсныг үзэхэд тоглох боломжтой байна.

Хүүхдийн тоглоомын талбай MNS 6751:2019 стандартын 10.3 хэсэгт /Тоглоомын талбай болон тоглоомын тоног төхөөрөмжийн ашиглалт аюулгүй байдалд С хавсралтад заасан шалгах хуудсаар сардаа 2-оос доошгүй удаа шалгаж үл тохирлыг тухай бүрд нь арилгуулах арга хэмжээ авна/, Хүүхдийн тоглоомын талбай MNS 6751:2019 стандартын Ерөнхий шаардлага С хавсралт “Ашиглалтыг шалгах хуудас”-н Тоног төхөөрөмжийн аюулгүй байдал хэсэгт /тоног төхөөрөмжийн суурь, элементүүдийн бэхэлгээ, боолт суларсан эсэх/, Тоног төхөөрөмжийн чанар хэсэгт /тоглоомын талбайн бүх тоног төхөөрөмжүүд аюулгүй бэхлэгдсэн эсэх/, тоглоомын талбайн ерөнхий хяналт хийгээгүй, ашиглалтын шалгах хуудас бөглөн ашиглалт, арчилгаа үйлчилгээг гүйцэтгэгч “.......” ХХК шалган үл тохирлыг арилгуулаагүйн улмаас нурах болсон байна" гэсэн дүгнэлт /1-р хх-н 52-54/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 13/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 14-15/, Хэргийн газрын үзлэгийн схем зураг /1-р хх-н 16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ш.Агийн биед зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, дух чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 6543 тоот дүгнэлт /1-р хх-н 48-49/,

насанд хүрээгүй хохирогч Ш Агийн “... 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би эмээ, дүү хоёрын хамт ахындаа очих гээд явж байсан. Байрны арын замаар алхаж байхад хүүхдүүд тоглоомын талбай дээр тоглоод савлуур дээр хүүхэд тоглож байсан. Би эмээгээс савлуур дээр савлачихъя гээд очоод савлуур дээр суугаад хоёр гурав савлатал дээрээс савлуурын дээд талын төмөр унаж ирээд миний толгой руу цохисон. Тэгээд гэртээ очоод бөөлжөөд байсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Миний зүүн талын тархи цуурсан, цус хурсан байна гэж хэлсэн. Хүн түлхэж унагаасан зүйл байхгүй. Тоглож байхад дээрээс уг төмөр унаад ирсэн. Гомдолтой байгаа, эмчилгээ хийлгэмээр байна” /1-р хх-н 24-25/ гэсэн,

гэрч Д Н “... 2020 оны 5 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 22, 23 дугаар байрны голын талбайд байрлах тоглоомын талбайд хүүхдээ салхинд гаргангаа тоглуулаад байж байтал савлуур нь нурж, 12 настай, Ш Агийн толгой дээр унаж, охин маань хэсэг босож ирэхгүй болохоор нь би очиж босгоход юм ярихгүй хэсэг зогсож байгаад намайг тэврээд авсан. Тэгээд бид хэд гэр рүүгээ орж бариачаар толгойг нь бариулаад гэртээ орж ирэхэд цагаан хөөсөрхөг зүйлээр бөөлжөөд 4 дэх удаа бөөлжихдөө цусан судалтай бөөлжихөөр нь шууд наашаа Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Одоогийн байдлаар хүндэвтэр, эмчилгээ хийлгээд унтуулсан байгаа. Эмч тархины цууралт, цус хуралттай байна. Цус хуралт томрох юм бол шууд хагалгаанд орно гэж хэлсэн. Би тоглоомын талбайн аюулгүй, баталгаагүй зүйлд гомдолтой байна” /1-р хх-н 31-32/ гэсэн,

гэрч Ё Ш “... 2020 оны 5 дугаар сарын 31-нд 10 дугаар хорооллын ажил дээрээ байх үед манай ээж Н над руу залгаад “хүүхдийн толгой дээр савлуурын төмөр уначихлаа, яаралтай ирэх хэрэгтэй” гэж 20 цаг 29 минутад залгаж хэлэхээр нь би гэр рүү яваад очтол охин А орон дээр хэвтсэн байдалтай байсан. Гэртээ 10-20 минут ажиглах үед 3-4 удаа бөөлжихөөр нь ГССГҮТөв рүү авч явсан. Гэмтэл очоод хэлтэл толгойны зураг авхуулаад тодруулсан томографын зураг авхуулаад 2 цаг хүлээж бай гэхээр нь хүлээж байтал эмч нь өөрөө гүйж очоод 40-50 минутын дараа над руу залгаад яаралтай хүүхдээ хэвтүүлэх шаардлагатай байна, огцом хөдөлгөж болохгүй шүү гэж хэлээд дагуулаад ороод шууд хэвтүүлсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлгийн цагдаад бүртгүүлээд зөвлөгөө аваад өөрөө газар дээр нь очоод гар утсаар гэрэл зургийг нь авсан. Тоглоомыг хийсэн компани, хариуцаж байсан хүмүүст гомдолтой” /1-р хх-н 26-27/,

“... манай хүүхэд хагалгаанд ороод 2020 оны 6 дугаар сарын 19-нд гарсан байгаа. Биеийн байдал одоо эмчийн хяналтад, бидний зүгээс Солонгос улс руу биеийн байдлын талаар эмчилгээ хийлгэсэн болон шинжилгээ өгсөн материалаа өгсөн. Одоогоор хариу ирээгүй байна. Манай хүүхдийн хагалгааны хэсэг ургах магадлалтай гэсэн. Хэрэв ургаж эдгэрэхгүй бол дахин том болохоор нь хагалгаа хийлгэж магадгүй гэсэн. Охин Агийн тоглож байхад нурсан савлуур хийсэн компаниас 5.000.000 гаруй төгрөг өгсөн байгаа. Яг хэдэн төгрөг өгснийг дансаа харж хэлэхгүй бол сайн мэдэхгүй байна” /1-р хх-н 26-27, 28-29/ гэсэн,

гэрч Ц О “... 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байхад цагдаагаас надад танай 22, 23 дугаар байрны ар талын тоглоомын талбайн савлуур нурж хүүхэд гэмтсэн байна гэж хэлсэн. Уг тоглоомын талбай дээр ирэхэд савлуурын хөндлөвч нурж тулгуур нь булгарсан байсан. Манай СӨХ-өөс ямар нэгэн захилга өгч уг тоглоомуудыг хийлгэсэн асуудал байхгүй” /1-р хх-н 33-34/ гэсэн,

гэрч М Б “... Хүүхдийн тоглоомын талбайг хүлээж авах комиссын гишүүнд ажилласан. Уг комиссын гишүүд бүгд тус тусын үүрэг чиглэлтэй ажилладаг. Би хүлээн авах газар дээр нь тухайн үед байгаагүй холбогдох чиг үүрэг бүхий гишүүд байсан. Надад тухайн гишүүдийн хүлээн авсан тайлан болон ажлын гишүүдийн тайлбар санал зураглалтай талбай авч ирж танилцуулсан. Танилцаад тоглоомын талбайг комиссын гишүүдийн үүрэг даалгавраар хүлээн авах саналтай байна гэж санал бичиж гарын үсэг зурсан” /1-р хх-н 43-44/ гэсэн,

гэрч Ш О “... манай компани нь Нийслэлийн Захирагчийн албанаас зарласан тендерийн дагуу оролцож уг ажлыг хийх гэрээг Нийслэлийн Хөрөнгө зориулалтын газартай байгуулсан. Гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээнд заасан зураглал стандартын дагуу заасан хугацаанд уг тоглоомын талбайг барьж засварласан. Манай ....... ХХК-н ажилчид байрлуулан угсарсан, бэхэлгээ аюулгүй байдлаа шалгасан байх ёстой. Гэхдээ муу хийсэн, муу шалгаснаас болж уг савлуур нурж хүүхэд гэмтээх болсон байна. Манай байгууллагаас гэрээний дагуу стандартаар заагдсан зураглалаар хийсэн байгаа. Уг тоглоом нь жижиг бага насны, 6 хүртэлх насны хүүхэд тоглох боломжтой. Уг тоглоом байрны голд байрлуулсан болохоор хүүхдүүдийг тоглуулахгүй байх гэсэн асуудал байхгүй. Манай байгууллагаас насны хязгаар тавьсан асуудал байхгүй. Таних тэмдэг сэрэмжлүүлэг самбар байрлуулаагүй. Цаашид анхаарч ажиллах болно. Манай байгууллага өмнө БГД болон БЗД-н нутаг дэвсгэрт тоглоомын талбай хийж гүйцэтгэж байсан. Өмнө ийм асуудал гарч байгаагүй. Манай байгууллагад СӨХ-с нь эвдрэл гарлаа гээд шаардлага тавьсан. Мөн уг савлуур болон бусад тоглоомыг засварлан гэхдээ манай байгууллагаас уг ажлыг хариуцлага муутай чанарын дутагдалтай хийсэн гэж үзэж байгаа дахин ийм алдаа гаргахгүй. Манай байгууллагаас дахин өөр шинэ тоглоом авч гэрээнд байгаагүй зураглалд байгаагүй ажлуудыг шинээр хийж бүтэн бетондож зүлэгжүүлж шинэ чанартай овор хэмжээний хувь том, том насны хүүхдүүд тоглох боломжтой стандартад нийцсэн сайн чанарын тоглоомууд байрлуулан ажилласан. Би уг хохирсон охины ар гэрийнхэнтэй уулзаж эмчилгээний зардалд нь тус нэмэр болж байгаа. Харилцан холбоотой байгаа.  Цаашид эмчилгээ болон сувиллыг анхаарч хүүхдийн биеийн байдлыг сайжруулах тал дээр нь ар гэрийнхэнтэй нь холбогдон уулзаж ярилцаж байгаа” /1-р хх-н 45-47/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан, эдгээр баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Лг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин прокурорын хяналт, мөрдөн шалгах ажиллагааны явцад “.......” ХХК-ийг иргэний хариуцагчаар татахгүй орхигдуулсан нь Иргэний хуулийн зохих заалтууд,

үүнд: мөн хуулийн 505 дугаар зүйл “Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах”, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын ..., эрүүл мэнд, ... болгоомжгүй ... /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчихөд хүргэж байна.

 

Учир нь, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” энэ гэмт хэргийн субьект нь шүүгдэгч Б.Л мөн боловч, тэрээр иргэний хувиар тухайн ажлыг хийж гүйцэтгээгүй, “..........” гэх аж ахуйн нэгж Нийслэлийн Засаг даргын тамгын газар /Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар/-тай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэжээ.

Эдгээр байдалтай холбоотой баримтууд: Ажлын гэрээ /1-р хх-н 75-76/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1-р хх-н 72-74/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2019.08.27 01/2440 тоот албан бичиг /1-р хх-н 77/, “.......” ХХКомпаний Улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-н 79-80/, Барилга, хот байгуулалтын яамны Тусгай зөвшөөрөл, хавсралт баримтууд /1-р хх-н 81-84/, “..........” ХХКомпаниас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн албан бичиг, хавсралт баримтууд /1-р хх-н 85-108/, тус компанийн “Ажилд томилох тухай” тушаал /1-р хх-н 109-111/, Тендерийн үнэлгээний тайлан, дүгнэлт /1-р хх-н 113-116/, “........” ХХКомпаний захирал Ш.О Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-н 191/, Б.Лтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тус компанийн захирлын тушаал /2-р хх-н 106/, Тодорхойлолт /2-р хх-н 107/, “Хөдөлмөрийн гэрээ” /2-р хх-н 111-112/ зэрэг баримтууд болно.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Лг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалт”-д хамрагдсан болохыг нотолсон Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны “Сертификат”-ууд хавтаст хэрэгт авагджээ. /2-р хх-н 108, 109/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа ..., шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах”-аар заасан.

Шүүгдэгч Б.Л нь хохирогч талд нийт 18.750.000 төгрөг өгчээ. Насанд хүрээгүй хохирогч Ш.Агийн хууль ёсны төлөөлөгч /түүний төрсөн эцэг/ Ё.Ш “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу “........” ХХК-ийг шүүх иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэв.

 

Нөгөөтэйгүүр, хохирогч тал болох насанд хүрээгүй хохирогч Ш.Агийн хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний төрсөн эцэг Ё.Ш тогтоогдсон байх ба насанд хүрээгүй хохирогч Ш.Агийн төрсөн эхийн талаарх ямар нэгэн баримт мэдээлэл, мэдүүлэг хавтаст хэрэгт авагдаагүй, гэр бүлийн гишүүдийн хэнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төлөөлүүлэх гэсэн хүсэлт, санал авах ажиллагааг мөрдөгч, прокурор хийж гүйцэтгээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Л “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал” зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн заалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Лд 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан нь шүүгдэгчийн ар гэр, ахуй амьдралд нөлөөлнө гэж үзээд, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Лг ялаас чөлөөлүүлэх санал гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзээд тэдгээрийн тус тусын саналыг шүүх хүлээж аваагүй болно.

 

Шүүгдэгч Б.Л цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. А овогт Б Лг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лгийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан”-аар ажиллах эрхийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хассугай.

4. Шүүгдэгч Б.Л шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Лд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ болон “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан”-аар ажиллах эрх хасах нэмэгдэл ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Б.Л цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч тал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Лд шүүхээс авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

              ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ