Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 358

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан Өлгий 15 дугаар гудамжны 202 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, ОП66091505 регистрийн дугаартай, Ооднаахан овогт Цэдэн-Ишийн Цэвээндарийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Цэвээндарь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 51 настай. Би Ховд сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд 1982 оноос тус сумын “Хөгжил” нэгдэлд гишүүнээр элсэн орж улмаар 1992 оныг дуустал малчнаар ажилласан юм. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дарьсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Цэвээндарь нь Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ олохгүй байсан ба шүүхэд нэхэмжлэл өгсний дараа олж авсан боловч бичилт дутуу шаардлага хангахгүй байгаа юм. Ц.Цэвээндарийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Цэвээндарь нь Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Ц.Цэвээндарьт нээсэн 1984 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал  бичилттэй хөдөлмөрийн дэвтрүүд,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн Охидойн Эрдэнэчимэгийн Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдэлд 1983 оны 10 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал  ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Цэдэн-Ишийн Цэвээндарийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

4. 1986 онд “Төлчин эмэгтэйчүүдийн зөвлөлгөөн”-д оролцохдоо авахуулсан фото зураг, 1987 онд авахуулсан фото зураг,

5. Гэрч Ө.Данзандагвын шүүхэд өгсөн: “Би 1967 оноос 1990 оны хооронд Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд малчин, бригадын дарга, нярав зэрэг ажлуудыг хийж байсан. Ц.Цэвээндарь нь 1982 оноос 1992 оны хооронд Ховд сумын “Хөгжил” нэгдлийн Шивэр бригадын малчнаар ажиллаж байсан. Түүний нөхөр Б.Равдандорж мөн Шивэр бригадын малчнаар ажиллаж байгаад 1987 оны үед Ц.Цэвээндарьтай гэр бүл болж хамтдаа мал маллах болсон, одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа юм. Манай “Хөгжил нэгдэл” 1992-1993 оны үеэр “Хөгжил” ББХК болсон санагдаж байна. Биднийг ажиллаж байхад “Хөгжил” нэгдлийн даргаар Б.Даваа, Г.Хөхөө, Б.Жамсран, Нанзад нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч М.Даваажавын шүүхэд өгсөн: “Би 1972 оноос эхлэн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид барааны нярав, сумын эвлэлийн хорооны дарга, сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч, засаг даргын орлогч, засаг дарга зэрэг ажлуудыг 2004 оныг дуустал хийсэн хүн юм. Ц.Цэвээндарь нь 1982 оны сүүлээр нөхөр Б.Равдандоржийн хамтаар Ховд сумын “Хөгжил” нэгдлийн Шивэр бригадын малчнаар 1992 оныг дуустал ажилласан юм. Ц.Цэвээндарийн аав, ээж нь насаараа нэгдлийн мал малласан хүмүүс байлаа. Би өөрөө сумын Засаг даргын орлогчоор ажилладаг байсан учраас нэгдлийн малчдын ажилтай танилцаж зөвлөгөө өгдөг, шууд харьцдаг, өөрөө тус сумын уугуул иргэн байсан учраас Ц.Цэвээндарийн гэр бүл, аав, ээж, ер нь сумын малчдаа сайн таньж мэддэг юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Ө.Данзандагвын Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 210 тоот шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Даваажавын Увс аймгийн Ховд суманд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Ц.Цэвээндарь нь Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан талаар бичигдсэн байдал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргаж ирүүлсэн Ц.Цэвээндарийн цалингийн тодорхойлолт, 1986 онд “Төлчин эмэгтэйчүүдийн зөвлөлгөөн”-д оролцохдоо авахуулсан фото зураг, гэрч Ө.Данзандагва, М.Даваажав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Ц.Цэвээндарийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 10 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвээндарийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ооднаахан овогт Цэдэн-Ишийн Цэвээндарийн Увс аймгийн Ховд сумын “Хөгжил” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 10 /арав/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвээндарийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР