| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/31 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/31
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Н
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Н.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000000016 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....” ТӨХК-д.... ажилтай, ам бүл ..., эхнэрийн хамт, Багануур дүүргийн... дүгээр хороо, Байдлагийн ... дугаар гудамжны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Н-н Б /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, уг эрхээ сэргээлгээгүй байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангийн уулзвар дээр “Мицүбиши Пажеро” маркийн 06-48 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7.а-д “тухай ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа ....хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас уг замаар зам хөндлөн гарч явсан Б.Я-г мөргөж, түүний эрүүл мэндэд ар нурууны LII нугаламны шинэ хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангийн уулзвар дээр “Мицүбиши Пажеро” маркийн 06-48 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол УлсынЗамын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7.а-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан Б.Я-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ 2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 17 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 16 дугаар гудамжны 6 тоот болох өөрийнхөө гэрт найз Г цуг 0.5 литрийн Хараа архи хувааж уучихаад байж байтал эхнэр ажил дээрээ буюу 45 дугаар байранд хурганы арьс аваад ир гэхээр нь аваачиж өгөхөөр эхнэр Б-н эзэмшилийн “Мицүбиши Пажеро” маркийн 06-48 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож төв замаар ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт чиглээд “Монос” эмийн сан болон 34а байрны дунд уулзвараар баруун эргэхэд 60 орчим насны эмэгтэй гэнэт 34а байрны урд явган хүний замаас тээврийн хэрэгсэл зорчих хэсэг рүү гарч ирэхэд машины баруун урд буфер хэсгээр мөргөж би тормоз гишгэж, нөгөө эмэгтэй газар уначихсан. Би айсандаа чигээрээ яваад 45 дугаар байранд очиж эхнэртээ болсон асуудлын талаар хэлэхэд манай эхнэр тусламж үзүүлэхээр явсан. Тухайн үед би ганцаараа явж байсан ба хамгаалалтын бүсээ зүүсэн байсан. Би архи уусан байсан учир дуудлагаар ирсэн цагдаа надад багаж үлээлгэж үзэхэд 2.46 хувь гэсэн тоо гарч байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой байнга уулзаж эргэж тойрч эм тариа авч өгч байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлнө.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 51-52-р хуудас/,
Хохирогч Б.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/
Гэрч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 043 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/,
2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн магадлагаа /хх 60-61-р хуудас/
Зам тээврийн осол дээр нөхөн үзлэгээр тогтоосон акт ,осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4, 7-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7, 55-58-р хуудас/,
2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан: “...Багануур дүүргийн 3-р хороо Моносын уулзвар дээр тээврийн хэрэгсэлд хүн мөргүүлчихлээ” гэсэн дуудлага, тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
Шүүгдэгч Н.Б-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 66-69, 70-79-р хуудас/,
2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаанд: “Н.Б нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байна” гэжээ /хх-ийн 70-71-р хуудас/ ,
Н.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, баримтууд /хх-ийн 63-р хуудас/,
Хохирогч Б.Я-н гомдол саналгүй, хохирол төлбөрт нийт 1,334,198 төгрөг хүлээн авсан, цаашид гарах эмчилгээний төлбөрөө авна гэдгээ илэрхийлсэн баримт /шүүх хуралдаанд ирүүлсэн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Нэг. Шүүгдэгч Н.Бнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангийн хажуугийн уулзварт “Мицүбиши Пажеро” маркийн 06-48 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа уг замаар зам хөндлөн гарч явсан Б.Я-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цаг 50 минутын үед гэрээсээ сонгино авахаар гарч 1 дүгээр хороонд байрлах “Жигүүр” дэлгүүр орчихоод гэртээ харих гээд 3 дугаар хороо “Монос” эмийн сангийн хажуугийн уулзвар дээр ертөнцийн зүгээр урдаас хойд зүгт чиглэлтэй явган хүний замаар зам хөндлөн гарч явахад 06-48 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл төв замаас баруун гар тийш эргэхдээ миний зүүн хөлийн шилбэ хэсэг рүү мөргөхөд би машины зөв талын дугуйн харалдаа унасан. Жолооч тормоз гишгээгүй бол би дугуйн дор орох байсан байх. ...Одоо миний бие зүүн ташаа, нурууны гол хэсгээр хөндүүрлэдэг, надад гомдол санал алга, хөл хорио тавигдахаар Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлж харуулах эмчилгээний зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
- Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18-19 цагийн үед ажлаа хийж байхад манай нөхөр Б нүд нь талимаарчихсан, архи уусан байдалтай орж ирэхдээ “би хүн мөргөчихлөө” гэж хэлэхээр нь айж сандрахдаа хаана, хэзээ гэж асуулгүй гараад гүйсэн. “Монос” эмийн сангийн хажуу уулзвар дээр залуухан эмэгтэй утсаар ярихдаа “06-48 БРА улсын дугаартай машин хүн мөргөөд зугтсан” гээд ярьж байхыг сонсоод гүйж очоод “би эхнэр нь байна, та зүгээр үү, сая манай нөхөр хүн мөргөчихлөө гэж надад ирж хэллээ, би таныг эмнэлэгт үзүүлье” гэхэд настайвар эгч “хөл нуруу зовиуртай байна гэж хэлээд босоод зогсож байхаар нь би машинаа аваад ирье гэтэл түргэний машин ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн үед 3 дугаар хороо 34А байрны гадаа орцныхоо үүдэнд гэртээ орох гээд төв зам руу хараад зогсож байхад ард түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал бага оврын жийп машин 34А байр болон “Монос” эмийн сангийн голд байрлах уулзвараар эргэхдээ настай эмэгтэй хүнийг мөргөсөн бололтой зогссон, нөгөө эмэгтэй нь газар хэвтэж байсан. Тэгтэл мөргөсөн машин нь хөдлөөд явахаар нь би дугаарыг нь харахад 06-48 БРА гэсэн “Мицүбиши Пажеро” маркийн саарал оруулгатай машин байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
- Гэрч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цаг 40 минут өнгөрч байхад ээж Б.Я дэлгүүр рүү өндөг авахаар гарсан. Нэг их удалгүй танихгүй дугаараас ээж залгаж ““Монос” эмийн сангийн уулзвар дээр машинд шүргүүлчихлээ, намайг гарч ирж ав” гэж хэлсэн. Намайг гарахад ээж 34А байр, “Монос” эмийн сан хоёрын дунд төв замаас баруун эргэсэн уулзвар дээр замын баруун хөвөөний хажууд газар суусан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
- 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн магадлагаанд: “...1. “Мицүбищи пажеро” маркийн 06-48 БРА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ...2. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1 Хороолол дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно гэж заасан байх тул явган зорчигч Б.Я Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн байх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэжээ. /хх-ийн 60-61-р хуудас/
- Зам тээврийн осол дээр нөхөн үзлэгээр тогтоосон акт ,осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэлд: “уг зам тээврийн осол нь “Мицүбищи пажеро” маркийн 06-48 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан заалтыг зөрчсөн байна гэж акт тогтоов” гэжээ. /хх-ийн 2-4, 7-р хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7, 55-58-р хуудас/,
- 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан: “...Багануур дүүргийн 3-р хороо Моносын уулзвар дээр тээврийн хэрэгсэлд хүн мөргүүлчихлээ.” гэсэн дуудлага, тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаанд: “Н.Б нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байна.” гэжээ /хх-ийн 70-71-р хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр: “Н.Б-н согтуурлыг драгер багаж үлээлгэн шалгахад 2,46 хувь гарсан” гэжээ /хх-ийн 4-5-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 043 дугаартай: “...1. Б.Я-н бие ар нурууны LII-р нугаламын шинэ хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ЗТОсол болон машинд мөргүүлэх үед учирсан байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос” эмийн сангийн хажуугийн уулзварт “Мицүбиши Пажеро” маркийн 06-48 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа уг замаар зам хөндлөн гарч явсан Б.Я-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахдаа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
- Хохирогч Б.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг машинд мөргөгдөж унахад жолооч нь нэг юм хэлчихээд хөдлөөд явчихаар нь би зугтчихлаа гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
- Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18-19 цагийн үед ажлаа хийж байхад манай нөхөр Б нүд нь талимаарчихсан, архи уусан байдалтай орж ирэхдээ “би хүн мөргөчихлөө” гэж хэлэхээр нь айж сандрахдаа хаана, хэзээ гэж асуулгүй гараад гүйсэн. “Монос” эмийн сангийн хажуу уулзвар дээр залуухан эмэгтэй утсаар ярихдаа “06-48 БРА улсын дугаартай машин хүн мөргөөд зугтсан” гээд ярьж байхыг сонсоод “гүйж очоод би эхнэр нь байна, та зүгээр үү, сая манай нөхөр хүн мөргөчихлөө гэж надад ирж хэллээ, би таныг эмнэлэгт үзүүлье” гэхэд настайвар эгч “хөл нуруу зовиуртай байна” гэж хэлээд босоод зогсож байхаар нь би “машинаа аваад ирье” гэтэл түргэний машин ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн үед 3 дугаар хороо 34А байрны гадаа орцныхоо үүдэнд гэртээ орох гээд төв зам руу хараад зогсож байхад ард түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал бага оврын жийп машин 34А байр болон “Монос” эмийн сангийн голд байрлах уулзвараар эргэхдээ настай эмэгтэй хүнийг мөргөсөн бололтой зогссон, нөгөө эмэгтэй нь газар хэвтэж байсан. Тэгтэл мөргөсөн машин нь хөдлөөд явахаар нь би дугаарыг нь харахад 06-48 БРА гэсэн “Мицүбиши Пажеро” маркийн саарал оруулгатай машин байсан. Тухайн үед жолооч ах машинаасаа бууж ирэхгүй хаалгаа онгойлгоход ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
- Гэрч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...ээжийг өндийхөд нь тусалж байсан залуу “түргэн дуудсан, мөргөсөн 06-48 БРА улсын дугаартай машин нь зугтчихсан” гээд байж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
- 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн магадлагаанд: “...Н.Б нь ...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Б.Я-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Багануур дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 043 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.Я-д эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болох эм тариа, томографикийн зураг авахуулах, нурууны бүс авахад зориулж 334,198 төгрөг, дансаар 1,000,000 төгрөг, нийт 1,334,198 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд өгсөн баримт, банкны лавлагаа хуулга, хохирогчийн бичгээр ирүүлсэн хүсэлт зэргээр нотлогдож байна. Хохирогч Б.Я нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “гомдол, саналгүй, цаашид гарах эмчилгээний төлбөрөө гаргуулж авна” гэсэн байх ба шүүгдэгч Н.Б нь шүүх хуралдаанд “Хохирогчтой байнга уулзаж эргэж тойрч эм тариа авч өгч байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлнө.” гэж мэдүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Я нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдуулан цаашид гарах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Б-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад тус тус зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулах,
Мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ялыг нэмж нэгтгэн 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.” гэв.
Шүүгдэгч Н.Б гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг дор бүр нь буюу нийт 1,334,198 төгрөг төлж барагдуулсан байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэм буруутай этгээдийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн байхыг, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байхыг тус тус ойлгоно.
Шүүх шүүгдэгч Н.Б-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Н.Б-д албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН