Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 181/2016/00455/И |
Дугаар | 690 |
Огноо | 2017-03-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 690
Г.Нацаг, Н.Андсайхан нарт нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00185 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Нацаг, Н.Андсайхан нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Ардын нам, Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороонд тус тус холбогдох
Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны өмгөөлөгч Э.Болорчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.Нацаг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баясгалан
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны өмгөөлөгч: Э.Болорчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Г.Нацаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу /14201/, Сүхбаатарын гудамж 24Б байр, 1, 2 дугаар давхар тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч нар юм. Энэ нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. Хариуцагчаас үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Иймд конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хороо, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал Сүхбаатар дүүргийн намын хорооны газар дээр ажил гүйцэтгэх гэрээгээр барьсан барилгын гэрээний төлбөртэй холбоотой үүссэн бөгөөд өнөөг хүртэл явж байна. Тухайн үед ажил гүйцэтгэхтэй холбоотой байгуулагдсан гэрээнүүд нэг талд ашигтай, намын хороонд ашиггүй байдлаар хийгдсэн байдаг. Ажлын хөлсний үлдэгдэл болох ердөө 50 000 000 төгрөгийн асуудлаас болж энэ асуудал үүсч улмаар барилгын зарим хэсэг бусдад шилжсэн. Энэ барилга нь зөвхөн намын хорооны биш бусад намын гишүүд дэмжигчдийн эрх ашигтай холбоотой тул маргааны аль болох эвлэрлийн журмаар шийдвэрлэх сонирхолтой байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031421 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 14201, Сүхбаатарын гудамж 246 хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн 1, 2 дугаар давхрын 327.68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нар нь Монгол Ардын нам, Нийслэлийн Монгол Ардын намын хороонд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжпэгч нараас улсын тэмдэгтиин хураамжид 2016 оны 7 сарын 6-ны өдөр урьдчилан төлсөн 907 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны өмгөөлөгч Э.Болорчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэхдээ хууль зөрчиж “Шинэ барилга” ХХК-д шилжүүлсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооноос нэхэмжлэл гаргасныг шүүгч 2016 оны 10-р сарын 18-ны өдрийн 5801 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч Г.Нацаг, Н.Андсайхан нарын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх, хэргийг түдгэлзүүлэх ёстой байтал хүсэлтийг шүүгч хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүх хуулийг буруу хэрэглэсэн, өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй, нотлох баримтыг үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн хариуцагч Монгол Ардын нам, Нийслэлийн Монгол Ардын намын хороонд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороонд холбогдуулан шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороо нь Монгол Ардын намын салбар бөгөөд улс төрийн намын анхан шатны нэгж юм. Энэ байдлыг шүүх анхаарч үзэлгүй Монгол Ардын намын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагад холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Г.Нацаг, Н.Андсайхан нар нь хариуцагч Монгол Ардын нам, Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороонд тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 14201, Сүхбаатарын гудамж 246 хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн 1, 2 дугаар давхрын 327.68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаан шүүх дээр хянагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж татгалзжээ.
Нэхэмжлэгч Г.Нацаг, Н.Андсайхан нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Шинэ барилга ХХК-иас худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан, өмчлөх эрхийн гэрчилгээтэй бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
Хэрэгт нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг баталсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд авагдсан. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болсон байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм. Гэхдээ хөрөнгийг эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил гагцхүү хууль бус байгаа тохиолдолд өмчлөгч хөрөнгөө шаарддаг.
Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороо нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн ажиллагаа нь хариуцагч болон бусад этгээдүүдийн хооронд хамааралтай бөгөөд нэхэмжлэгч Г.Нацаг, Н.Андсайхан нарын нэхэмжлэлээр үүссэн иргэний хэрэгт хамааралгүй тул иргэний хэргийг түдгэлзүүлэх талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Маргаан бүхий объектод хариуцагч Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороо үйл ажиллагаа явуулж байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороонд холбогдуулан хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00185 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдолы гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Ш.ОЮУНХАНД