Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 118/2022/0029/З |
Дугаар | 221/МА2023/0150 |
Огноо | 2023-03-09 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2023/0150
Б.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн Б.Б, Б.Д, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 118/2022/0029/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б, Б.Д, Б.Б нараас Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн Б.Б, Б.Д, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэн Б.Б, Б.Д, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд Монгол Улсын иргэнд зөвхөн нэг удаа газар өмчлүүлэх зохицуулалттай ба аймгийн Засаг даргаас хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан. Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулиар аймгийн Засаг дарга нь иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авахаар, тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан.
3.2. Энэ эрхийн хүрээнд Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/407 дугаартай захирамжаар анх нэхэмжлэгч Б.Б, Б.Д, Б.Б нарт Улиастай сумын Жаргалант багийн Таван хайрхан хэсгийн 1-108, 1-110, 1-112 тоот хаягт байршилтай тус бүр 650 м.кв хэмжээтэй газруудыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
3.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч болохыг баталгаажуулсан.
Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” , 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарыг дээрх газрын өмчлөгчөөр улсын бүртгэлийн Г-0918003728, Г-0918003730, Г-0918003731 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгогдож газрын өмчлөгч болсон.
3.5. Гэвч Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар дээрх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/407 дугаар Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийг баримтлаагүй захирамжаар Б.Б, Б.Д, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
3.6. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжийн агуулга болон уг захирамжид үндэслэсэн хууль, журмын зохицуулалтаас харахад хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг хүчингүй болгох хуульд заасан хууль зүйн үндэслэлийг огт тусгаагүй, зөвхөн газар эзэмшигч нарт хамаарах зохицуулалт буюу Газрын тухай хуулийн газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох заалтуудыг үндэслэж газар өмчлөгч нарын газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм.
Учир нь Газар өмчлөх гэдэг нь газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субъектийн хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд гараа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол Улсад газар өмчлөх боломжгүй юм. Харин газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ субъектийн хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.
3.7. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно: 31.1.1 өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр, 31.1.2 газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар 31.1.3 газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар, 31.1.4 хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр” гэж заасан ба дээрх үндэслэлүүдийг огт баримтлаагүй. Тус хуулийн 31.1.4-т заасан хуульд заасан бусад үндэслэлээр гэх агуулга өөр хууль тогтоомжид газар өмчлөгчийн эрхийг хүчингүй болгох тухайлсан нарийвчилсан зохицуулалттай тохиолдолд хэрэглэхээр байх ба газрын тухай хуульд газар өмчлөгчийн эрхийг дуусгавар болгох зохицуулалт огт байхгүй болно.
3.8. Гэтэл Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжийн агуулгад газар өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэлийг огт тусгаагүй. Газар эзэмшигчид хамаарах зохицуулалт буюу Газрын тухай хуулийн заалтууд үндэслэсэн байна. Газар өмчлөгчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн захирамжийн тухайд Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Монгол Улсын Үндсэн хуулийн 5.3- “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасныг тус тус зөрчиж нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг дуусгавар болгосон нь хууль бус юм.
3.9. Нэхэмжлэгч нарын газарт аймгийн Засаг даргын өмчлүүлэх захирамж гарч, уг захирамжийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагад холбогдох баримтуудыг бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлэг бөглөгдөж, Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн нэгдсэн санд тухайн иргэдийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн нэгдсэн санд тухайн иргэдийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэгдэж, нэхэмжлэгч нарын газарт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байхад газар өмчлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлж тухайн үл хөдлөх эд хөрөнгөө хашаажуулж хашааны шонгуудаа хатгасан байхад газрын албанаас өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө болох газраас өмчлөгчийн эд хөрөнгө хашааны шонгуудыг албадан буулгаж өмчлөгчийн эрхэд ноцтой халдсан байдаг.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 118/ШШ2023/0001 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж бүрдүүлээгүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б, Б.Д, Б.Б нараас “... нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт гаргаагүй, өмчлөх хүсэлт гаргаж өмчлөлийн гэрчилгээ авсан учраас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй, ... мөн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүйтэй холбоотой заалтууд нь газар эзэмшигчтэй холбоотой заалт өмчлөгчид хамаарахгүй ... нэхэмжлэгч нар нь үүнээс өмнө ямар нэгэн байдлаар газар өмчилж байгаагүй ... холбогдох дүрэм, журмыг үндэслээд өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон ... өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй ...” гэх үндэслэлээр “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжийн Б.Б, Б.Д, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд заавал тусгах шаардлагатай гэж заасныг зөрчиж газар өмчлүүлсэн байсан ... Засгийн газрын тогтоолын дагуу 2021 онд Завхан аймгийн хэмжээнд газар шинээр өмчлүүлэх тогтоол гараагүй байхад газар өмчлүүлсэн байсан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүртэй холбогдуулан хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/407 дугаар захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.5.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар тогтоолыг үндэслэн ... Газар өмчлөх хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлсэн ... гэсэн үндэслэлээр ... Б.Дд Завхан аймгийн Улиастай сум, 2-р баг, Жаргалант, Таванхайрхан 1-108 тоот хаягт байрлах, 650 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, Б.Бд мөн хаягт байрлах 110 тоотыг, 650 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, Б.Бат-Эрдэнэд мөн хаягт байрлах 112 тоот, 650 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх “... Газар өмчлүүлэх тухай асуудлыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх боловч уг хуулиар газар өмчлөх эрхийг эрх бүхий албан тушаалтнаас хүчингүй болгох үндэслэлийг нарийвчлан заагаагүй ба хариуцагчаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 3-д заасныг үндэслэн урьд газар өмчлүүлэх асуудлаар гаргасан захирамжаа өөрөө хүчингүй болгосныг буруутгах боломжгүй ... хариуцагч нь Завхан аймгийн болон Улиастай сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, мөн Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд шинээр өмчлүүлэхээр заагаагүй газрыг нэхэмжлэгч нарт өмчлүүлсэн, маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн тоглоомын талбай байгуулахаар 2019 онд төлөвлөгдсөн газартай давхацсан үндэслэлүүдээр урьд гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй байна ... Нэхэмжлэгч нарын тухайд газар өмчлөх хүсэлтээ Улиастай сумын Засаг дарга, газрын даамал нараар дамжуулан гаргаагүй, нэхэмжлэгч Б.Д, Б.Б нарын газар өмчлөх тухай өргөдөл, хүсэлт, холбогдох баримт байхгүй, бүртгэгдээгүй ... газар өмчлөх хүсэлтээ хэзээ, хаана хандаж гаргаж байсан талаараа нэхэмжлэгч Б.Бгийн тухайд тодорхой тайлбарлаж чадахгүй байна ....” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар “ ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн “... Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Газрын тухай хууль, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын газрыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байна.
4.2. Нэхэмжлэгч нарын газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "... хуулийн хэлтсээс хэд, хэдэн эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргахдаа хавсралтад нь оруулсан ... нэхэмжлэгч нарт хамаарах гол үндэслэл нь сумын тухайн жилийн төлөвлөгөөнд заавал тусгагдах шаардлагатай, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн тайлбартай холбоотой хэсэг нь маргаан бүхий актын аль үндэслэлд хамаарч байгаа талаар шүүх тодруулж дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгч нар газар өмчлөх талаар хүсэлт гаргасан эсэх, нэхэмжлэгч нарын өмчлөлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Хэрэв шүүх маргаан бүхий актад “нэхэмжлэгч нар газар өмчлөх хүсэлт гаргасан эсэх талаар тусгагдсан” гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нар газар өмчлөх хүсэлтийг “эрх бүхий этгээдэд хандаж гаргасан эсэх”-ийг эрх бүхий холбогдох байгууллагад хандаж байсан эсэхийг тодруулах, шаардлагатай бол шүүхийн үзлэг хийж баримтжуулах зэрэг хэлбэрээр нэхэмжлэгч тус бүрээр тодруулж, дүгнэлт хийх нь дээрх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхээр байна.
4.3. Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ”Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ”, 32.1-д “Улсын дор дурдсан тусгай хэрэгцээг үндэслэн иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болно”, 34.1-д “Олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан үрэгдэх, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, аюул үүссэн тохиолдолд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулан иргэний өмчийн газрыг хуульд заасан журмын дагуу аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын шийдвэрээр түр хугацаагаар дайчлан авч болно”, 35.1-д “Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа этгээд энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болно”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж тус тус заасан.
4.4. Шүүх хариуцагч нэхэмжлэгчийн газар өмчлөх шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа эсхүл хүчингүй болгож байгаа эсэх, хуульд заасан ямар үндэслэлээр өмчлөгчийн эрхийг хязгаарлаж байгаа эсэхийг бүрэн дүүрэн тодруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “өмчлөх эрхийг дуусгавар болгох, хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй ...” гэх үндэслэл, тайлбарт эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.
4.5. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “2020 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг батлах тухай” 62 дугаар тогтоолоор “ ... Сумын нэр: Улиастай, Өмчлүүлэх газрын байршил: ... Жаргалант ..., Иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ: 3.65 га, өмчлүүлэх иргэдийн тоо: 50, шинээр газар өмчлөх: 10 ...” гэж, Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор “... Газрын тухай багц хуулийг баримтлан, Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн 2019 оны зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ... иргэнд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэхийг зөвшөөрч ...Жаргалант баг ...Нефтийн хойд талд худгийн хажууд ...Тоглоомын талбай ...” гэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан үйл баримтууд тогтоогдож байна.
4.6. Анхан шатны шүүх “...Маргаан бүхий газарт буюу Жаргалант багийн Таван хайрхан хэсэгт иргэнд гэр бүлийн зориулалтаар шинээр газар өмчлүүлж болохоор Завхан аймгийн Улиастай сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Улиастай сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хотын хөгжлийн 2018-2038 оны ерөнхий төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барихаар тусгагдсан ... Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлан гаргаагүй, харин 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар тогтоолоор зөвхөн 2020 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг баталсан ... шинээр өмчлүүлэх газрын хэмжээг тогтоогоогүй байгаа тул ... хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй” гэж дүгнэсэн байх боловч дээрх 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршил нь нэхэмжлэгчид өмчлүүлсэн газрын байршилтай давхцаж буй эсэх, Жаргалант газар өмчлүүлэх хэмжээ 3,65, өмчлүүлэх иргэдийн тоо 50 гэсэнд багтаж байгаа эсэхийг нэхэмжлэгч тус бүрийн тухайд авч үзэж бүрэн дүүрэн тодруулж, дүгнээгүй нь мөн буруу болсон байна.
4.7. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хуульд зааснаар хүчин төгөлдөр байх үед хашаа барьсан ... тухайн үед газрын албанаас ирж албадан чөлөөлөх мэдэгдэл өгч, хашаа, шонгуудыг хураан авч явсан ... уг талбай дээр тоглоомын талбайг маргаан бүхий акт гарахаас өмнө барьсан ...” гэж, тайлбарласантай холбогдуулан шүүх маргаан бүхий акт гарахаас өмнө нэхэмжлэгч нарт газар өмчлүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байх үед өмчлөлийн газар дээр нь тоглоомын талбай барьсан эсэх, хашаа, шон зэргийг хурааж, газар эзэмших үйлдлийг нь таслан зогсоосон эсэх талаар тодруулах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болохоор байх тул шүүх энэ талаарх нөхцөл байдлыг бүрэн тогтоохуйц холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулахаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч нарт өөр байршилд газар олгох боломжтой талаар ярилцсан ... Засгийн газраас тогтоол, шийдвэр гарч улсын хэмжээнд газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг хязгаарласны улмаас Завхан аймгийн хэмжээнд шинээр газар өмчлүүлэх тогтоол, шийдвэр огт гараагүй, бусад аймгуудад ч мөн адил газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг хориглосон байхад газар өмчлүүлсэн нь буруу ...” гэх тайлбаруудад холбогдох нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулж эдгээрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.8. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, тэдгээрийг нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримттай харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх эдгээр алдааг нөхөн гүйцээх, улмаар маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ