Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

            Нарийн бичгийн дарга Сувд,

            Улсын яллагч Ч.Батзориг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

            Шүүгдэгч  *************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  *************ын  *************ид холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч  *************нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн нуруу Цагаан царам” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр самар түүж явахдаа нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгай амьтныг байгалийн жамаар үхсэн байхыг олж, түүний хөлийн арьс болох түүхий эдийг бэлтгэж, гутал хийж өмсөх зорилгоор хадгалж хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч  *************нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн нуруу Цагаан царам” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр самар түүж явахдаа нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгай амьтныг байгалийн жамаар үхсэн байхыг олж, түүний хөлийн арьс болох түүхий эдийг бэлтгэж, гутал хийж өмсөх зорилгоор хадгалж хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8х/,

            Эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл /хх-9-10х/,

            Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13х/,

            Шүүгдэгч Б. *************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...модон дотор самар түүгээд явж байхад хэрээ нисээд хөдлөхөөр нь харсан чинь нэг амьтан хажуу талаараа хэвтсэн байдалтай, дөрвөн хөлөө жийсэн харагдахаар нь дөхөж очоод харахад огт хөдлөхгүй байсан. Тэгж харчхаад отог дээрээ буцаж хүрч ирэх үед харанхуй болчихсон. Хоол унд идсэний дараагаар үхсэн Хандгай амьтантай тааралдаад үхээд удаагүй болов гэдгийг хэлэхэд цуг отоглож байсан Хүрэлбаатар, Золоо нарын хамт очиж махыг нь авахаар болсон. Манайхны махан хүнс дуусаж байсан юм. Амьтан үхсэн газраа олоод очиход бол нөгөө амьтан урьдын харсан байдлаараа хэвтэж байсан. Хандгай амьтныг өвчихөөр эргүүлж байхад бол нэг талынх нь эвэр уначихсан. Уг амьтны ар талынх нь нэг хөл ногоороод идээ татчихсан байсан болохоор тэр хөлийг нь бол аваагүй. Би адуу нядалж идэш хий> байхад нэг хүн адууны годыг ингэж аваад гутал хийдэг юм гэдгийг харж байсан болохоор уг Хандгай амьтны годыг яг адууны год авч байгаа юм шиг хутгаас өвчиж, салгаж авсан. Манай хоёр дүү болохоор махыг нь аваад, би эврийг нь дөрвөн ширхэг годтойгоо аваад отог руугаа явсан. Замд явж байхад нөгөө хоёр эвэр нь хүнд, авч явахад хэцүү санагдаад байхаар нь жалгатай газар хаячихсан... аймгийн төвд самраа худалдахаар Батболдын гэрт очиж самраа худалдахаар очихдоо нөгөө Хандгайн годоо Хүрэлбаатарт өгчхөөрэй гэж хэлээд үлдээсэн. Би Хүрэлбаатарт урьд өмнө годоор гутал хийдэг хүн таних бол гутал хийлгэчхээрэй гэж хэлж байсан болохоор үлдээсэн юм ... гэх мэдүүлэг,

            Иргэний нэхэмжлэгч  *************ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгайн экологи эдийн засгийн үнэлгээ нь хэдээр тогтоогдоно түүнийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-н 16х/,

            Гэрч Б.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ууланд байхдаа  ************* ах Хандгайн 4 ширхэг годын арьсыг нь авсан байхад нь сонирхож байсан юм. Би хэд хоногийн дараа самрын ажлаасаа бууж Мөрөн орж ирчхээд Батболд ахынд дайж явуулсан самраа авахаар очиход нөгөө Хандгайн годыг  ************* ах намайг аваарай гээд Батболд ахад үлдээсэн байсан. Тэгээд би тэр 4 ширхэг годыг авч гутал хийлгүүлээд өөр дээрээ байлгаж байсан юм. Би Батболд ахаас худалдаж аваагүй надад ч худалдсан асуудал байхгүй. Батболд ах  ************* чамд өгөөрэй гэж үлдээсэн юмаа гэхлээр нь нөгөө гутал хийлгэх талаар ярьж байсан тэгээд надад өгөөрэй гээд үлдээсэн юм байна гэж ойлгосон....” гэх мэдүүлэг /хх-25-27, 28-29х/,

            Гэрч  *************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөдөө ууланд байхдаа  *************оос год худалдаж аваагүй. Тэр ууланд бол харж байсан.  ************* өөрөө жижигхэн машинтай оччихсон байсан болохоор нөгөө годоо аваад аймгийн төв рүү ирсэн байсан,  ************* самраа худалдахаар ирчихлээ 4 ширхэг годоо аваад хүрээд ирсэн юм.  Тухайн үедээ годыг гутал хийлгэвэл гэж сонирхож байсан боловч том гутал хүрэхээргүй санагдаад больсон юм.  ************* надад самраа худалдах гэж байснаа үнэтэй авахгүй байна гээд самраа аваад явсан. Явахдаа Хүрэлбаатарт энэ годыг өгчхөөрэй гэж хэлээд явсан. Хүрэлбаатар самраа авахаар ирэхээр нь  ************* энэ годыг үлдээсэн шүү гэхэд Хүрэлбаатар аваад явсан.  ...” гэх мэдүүлэг /хх-32-33х/,

            Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэд:

            1. Хөлийн хэсэг нь бор саарал өнгөтэй байгаагаас үзэхэд Шивэр молцог хандгай (alces pfizenmayeri zukowski) гэх амьтны хөлийн арьс буюу годоо хийсэн гутал байна гэж тодорхойлж байна.

            2. Шивэр молцог хандгай (alces pfizenmayeri zukowski) нэртэй амьтныг Монгол Улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар “Нэн ховор амьтан”-ы жагсаалтад бүртгэгдсэн.

            3. Шивэр мулцаг хандгай гэх амьтан манай орны Хэнтийн уулархаг Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голын тайга, Хөвсгөл орчимд Улаан тайга, Хордил нуруу, Үүр голын сав, Умард хангайд Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүүн хэсэгт тархана. Гол горхийн хөндийн ам татмын чийгтэй бургас, сөөгөн хус торлогон шугуйт намгархаг нуга уулын хажуугийн торлог ихтэй үргэлжилсэн ойд нутагладаг. Гол,горхи, нуур усны ойролцоо байх дуртай. Өвөл, зуны байршил бараг адилхан. Хэнтийн өвөл уулын 2000 метрт өгсөн ойн дээд зах хүртэл бэлчиж, зун заримдаа уулын тагд үзэгддэг. Нэн хязгаарлагдмал тархацтай.

            4. Монгол Улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр эр Шивэр молцог хандгай 10.000.000 /арван сая/ төгрөг, эм Шивэр молцог хандгай 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр үнэлсэн байдаг. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно гэсэн заалтыг зөрчсөн байна.

            5. Дээрх үйлдлийн улмаас учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон үнэлгээгээр 1 эр Шивэр молцог хандгай гэж үзвэл 10.000.000 төгрөг х 2=20,000,000 /хорин сая/ төгрөг, эм шивэр Молцог хандгай гэж үзвэл 12,000,000 төгрөг х 2=24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийн тооцоо гарч байна. гэх дүгнэлт /хх-42-43х/,

            2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №1000727 дугаартай Үнэлгээний тайлан /хх-47-48х/,

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон

            Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн Засаг даргын тодорхойлолт /хх-82х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-80/, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /хх-83-84х/, гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа /хх-85х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-88х/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-91х/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Эрүүгийн  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч  *************нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн нуруу Цагаан царам” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр самар түүж явахдаа нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгай амьтныг байгалийн жамаар үхсэн байхыг олж, түүний хөлийн арьс болох түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүй бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч. *************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8х/,

Эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл /хх-9-10х/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13х/,

Иргэний нэхэмжлэгч  *************ы мэдүүлэг /хх-16х/, гэрч Б.Хүрэлбаатарын мэдүүлэг /хх-25-27,28-29х/, гэрч  *************ын  мэдүүлэг /хх-32-33х/,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт /хх-42-44х/,

2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №1000727 дугаартай Үнэлгээний тайлан /хх-47-48/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч. *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг, байгаль орчны талаарх ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.

            Хууль бусаар ан агнах гэмт хэргийг шүүгдэгч  *************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч  *************нь нэн ховор ан амьтны гаралтай түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Иргэний нэхэмжлэгч хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч. *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч  *************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 80х/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч  *************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүгдэгч  ************* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, улирлын чанартай ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял  оногдуулж, торгох ялын хуульд зааснаар 3 жилийн хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн 2138000000116 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэн ховор Хандгай амьтны хөлийн арьс годоор хийсэн бор саарал өнгөтэй 1 хос гутлыг шийтгэх тогтоол бүчин төгөлдөр болсны дараа шүүгдэгч Ч. *************ид буцаан олгох зүйтэй байна.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ************* овогт  *************ын  *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор ан амьтны гаралтай түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. *************ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох хорих ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. *************ид оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

        5. Шүүгдэгч Ч. *************ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

        7. Эрүүгийн 2138000000116 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан бор саарал өнгөтэй амьтны арьсаар хийсэн түрүүтэй гутал 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Ч. *************ид буцаан олгох, болохыг тус тус дурдсугай.

        8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч. *************ид шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БЭЭЖИН