Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 Х.Н  

Улсын яллагч                                Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Ц

Шүүгдэгч                     Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000580063 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эцэг, эх, эгч, .. дүүгийн хамт  Багануур дүүргийн .. дугаар хороо .. тоот хашаанд оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, Б овгийн Б-ийн М /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 20-оос 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Ё.Ө-н итгэмжлэн хариуцуулж өгсөн сэнжтэй хар дөрөөтэй, эрээн оломцогтой, булигааран гөлөмтэй модон эмээлийг бусдад 50,000 /тавин мянга/-н төгрөгөөр үнэлэн худалдсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 310,000 /гурван зуун арван мянга/-н төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.        

                                           

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөх шүүх хуралдаанд бүх зүйлийг мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Ё.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг  /хх-ийн 16, 17-р хуудас/,

С.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21, 22-р хуудас/,

С.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаартай дүгнэлт, нэхэмжлэх /шүүхэд ирүүлсэн баримт/,

Шүүгдэгч Б.М-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 43-45-р хуудас/,

Б.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 46-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

            Завших гэмт хэргийн үндсэн шинж нь хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, гэрээ, хэлцэл, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх үйлдлээр илэрнэ.

            Хохирогч Ё.Өлзийбат нь ажил гүйцэтгүүлэх хэлцлийн үндсэн дээр шүүгдэгч Б.Мөнхжаргалын эзэмшилд өөрийн эзэмшлийн эмээлийг ашиглуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн болох нь:

- Хохирогч Ё.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай охин Ө.Ц Б.М нь шүүхийн шийдвэрийн дагуу 380,000 төгрөгийн өглөгтэй байсан юм. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь би Б.М-д хандаж “чи өгөх ёстой мөнгөнийхөө оронд манайд ойр зуур ажил хийгээд өг” гэхэд тэр “тэгье” гэж хэлээд манай гэрт 2020 оны 01 дүгээр сарын 20-оос хойш ойр зуурын ажил хийж өгч байсан. Тэр манай гэрт байхдаа хашаанд байх морийг унаад гадуур явдаг байсан юм. Би түүнд хандаж “чи морь эмээллээд хааяа адуу мал хараарай” гээд эмээлээ хариуцуулж орхисон байсан.” гэх мэдүүлэг  /хх-ийн 16, 17-р хуудас/-ээр,

Мөн Б.М нь тус эмээлийг хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж С.Л-н эзэмшилд шилжүүлсэн болох нь:

- Хохирогч Ё.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Б.М 02 дугаар сарын 25-ны үед явсан юм. Тухайн үед Б.М нь миний эмээлээс өөр орос эмээл тохоод ирэхээр нь “чи миний эмээлийг яасан юм бэ” гэж түүнээс асуухад “таны эмээл айлд байгаа, авчирч өгнө гээд байсан. Гэтэл сүүлд 2 дугаар хорооны С.Л гэх залуу манай үрээгээр адуу эргүүлээд хашаанд үрээг үлдээгээд, эмээлээ аваад гарах гэж байхыг нь харахад Б.М-н айлд байгаа гэж хэлж байсан миний эмээлийг С.Л тохсон байсан. Би түүнээс “наад эмээл чинь миний эмээл байна, яагаад чамд явж байгаа юм бэ” гэж асуухад тэр надад хэлэхдээ “би энэ эмээлийг 50,000 төгрөгөөр Б.М-с худалдаж авсан” гэж хэлсэн. Б.М нь миний хариуцуулж өгсөн байсан эмээлийг С.Л-д худалдсан байсныг би мэдээд цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 16, 17-р хуудас/,

- С.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Б.М нэг эмээл тохоод дэлгүүр дээр морьтой явж ирсэн. Тэр хэлэхдээ “та энэ миний тохож яваа эмээлийг авах уу, энэ миний өвөөгийн эмээл байгаа юм” гэж надад хэлж байсан. Тухайн үед би Б.М-д хандаж “би наад эмээлийг чинь 80,000 төгрөгөөр бодоод бэлэн 50,000 төгрөгийг өгөөд өөрийн муу эмээлээ 30,000 төгрөгөнд бодоод зөрүүнд нь чамд өгье” гэж түүнд хэлэхэд тэр хэлэхдээ “ахаа арай хямд байна, энэ хуучны сайн эмээл шүү дээ, уг нь манай өвөөгийн эмээл зармааргүй байна” гэж хэлж байсан юм. Тэгээд тухайн үедээ бид хоёр тэгж ярилцаад салсан. Тэгтэл маргааш нь намайг төвд явж байхад Б.М надруу залгаад “ахаа шүүхээс дуудаад мөнгөний хэрэг болчихлоо, та миний эмээлийг авчихаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “маргааш болъё” гэж хэлсэн. Утсаар ярьсны маргааш Б.М манайд морин дээрээ зарах гэж байгаа эмээлээ тохож ирээд эмээлээ тайлж надад өгөөд миний муу эмээлийг тохоод 40,000 төгрөг бэлнээр, 10,000 төгрөгөнд бараа аваад явсан юм... Би Б.М-с эмээл худалдаж авч байх үедээ тухайн эмээлийг Ё.Ө-ын эмээл гэдгийг мэдээгүй. Харин сүүлд Ё.Ө-ын үрээг унаад адуу эргүүлээд унасан үрээгээ тэдний хашаанд буцааж тавиад Б.М-с худалдаж авсан эмээлээ аваад явах гэж байхад Ё.Ө эмээлийг хараад “чиний тохож байгаа эмээл миний эмээл байна шүү дээ, чи наад эмээлээ хаанаас авсан юм бэ” гэж асуухад нь би түүнд тухайн эмээлийг Б.М-с авсан гэдгээ хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 22-р хуудас/,

- С.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...манай гэрт Б.М нь ирэхдээ Ө-ын цавьдар үрээг унаад эмээл тохсон ирсэн. Тэгээд мөнгөний хэрэг гарсан надад “та 50,000 төгрөг өгөөд ав, надад нэг муу эмээл өгчих” гэсэн. За гээд дэлгүүрээс 50,000 төгрөг авч өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид бага бус хэмжээний хохирол учирсан нь  “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаартай: “...Монгол эмээлийн бүрэлдэхүүн хэсгийн зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 1,  2 дугаар сарын байдлаар тодорхойлох үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэж... зах зээлийн нийт үнэ, цэнэ 500.000 /таван зуун мянга/-н төгрөг болно.” гэх дүгнэлт /шүүхэд ирүүлсэн баримт/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.М-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

2.  Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Ө-д 500,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч С.Л-д 50,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Ё.Ө нь “...эмээлээ авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж, иргэний нэхэмжлэгч С.Л нь “...би М-с 50,000 төгрөг авсан байгаа. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мөрдөн шалгах ажиллагаанд тус тус илэрхийлсэн байх тул /хх-ийн 17, 19-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…шүүгдэгч Б.М-г Монгол Улсын Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-д 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 180 хоногийн хорих ялаар дүйцүүлж эдлэх ялд нэмж нэгтгэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. Иймд Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг болон өмнөх шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэн эдлүүлэх ялыг боломжит хамгийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү.” гэв.

 Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, одоо ойлгож байна.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар харгалзан үзэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Б.М-ыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Б.М-д ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М-н хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлбэл зохино.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.М-н цагдан хоригдсон 14 /арван дөрөв/-н хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдон, дүгнэлт ирүүлсэн “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийн ажлын хөлс 100,000 /нэг зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч Б.М-с гаргуулж Багануур дүүргийн Шүүхийн Тамгын газарт олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

  Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Б-н М-ыг Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолд тэнссэн 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Б.М-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Б.М-ын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/-н хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ё.Ө, иргэний нэхэмжлэгч  С.Л нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийн шинжээчээр ажлын хөлс 100,000 /нэг зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч Б.М-с гаргуулж Багануур дүүргийн Шүүхийн Тамгын газарт олгосугай.
  10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах журамтайг мэдэгдсүгэй.
  12. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН