Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 712

 

 “Винкапитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/00071 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Винкапитал ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянсоён заан ХХК-д холбогдох

           

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 235 871 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, төмрийн хүдэр худалдах, худалдан авах тухай 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан А/3 гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Жанчив

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Винкапитал ХХК нь 2013 оны 08 дугаар сард Баянсоён заан ХХК-иас Монголросцветмет ХХК-ийн гарал үүсэлтэй, 110 000 тн төмрийн хүдрийн 35-37 хувьтайг нь 18 ам доллараар, 37-39 хувьтайг нь 20 ам доллараар, 39-41 хувьтайг нь 22 ам доллараар, 41 хувьтай байвал 24 ам доллараар худалдан авахаар, худалдагч  төмрийн хүдрийг 2013.12.30-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлэх, худалдан авагч нь тухайн гэрээний сард нийлүүлэх хүдрийн нийт 50 хувийн төлбөрийг  урьдчилан төлөхөөр тус тус харилцан тохиролцож, Баянсоён заан ХХК-д 2013.09.05-ны өдөр 100 000 ам доллар, 2013.09.18-ны өдөр 63 200 ам доллар, 2013.09.30-ны өдөр 80.000 ам доллар, 2013.09.28-ны өдөр 79 750 доллар буюу нийтдээ 322 950 ам.долларыг урьдчилгаа төлбөр төлж, улмаар талууд 2013.09.30-ны өдөр бичгийн хэлбэрт оруулсан. Баянсоён заан ХХК нь 2013 оны 09 дүгээр сард нийлүүлэх ёстой 20 000 тонн төмрийн хүдрийг нийлүүлээгүй, 10, 11 дүгээр сард нийтдээ 10 288 тн төмрийн хүдрийг нийлүүлж, бусдыг нь нийлүүлээгүй, гэрээний эцсийн хугацаа болох 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд гэрээний үүргээ биелүүлээгүй, олон удаа шаардсан ч хүдрээ нийлүүлэхгүй байсан. Манай компани 2015.06.16, 2015.06.26-ны өдрүүдэд Баянсоён заан ХХК-д  гэрээнээс татгалзаж байгаагаа  мэдэгдэж, улмаар Баянсоён заан ХХК энэ татгалзлыг хүлээн авсан болохоо хариу мэдэгдсэн. Иймд хариуцагчаас 119 190 ам доллар буюу 2015.07.02-ны өдрийн ханшаар 1 ам долларыг 1 975 төгрөгөөр тооцон 235 400 250 төгрөгийг, 0,2 хувийн торгууль  470 800 төгрөгийн хамт нийтдээ 235 871 050 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Баянсоён заан ХХК нь  Винкапитал ХХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100 000 ам доллар, 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 79 750 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 80 000 ам.доллар, нийт 259 750 00 ам.долларыг урьдчилгаа төлбөрт хүлээн авсан хэдий ч 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 63 200 ам.долларыг буцаан өгсөн. Урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 259 750.00 ам.доллараас 63 200.00 ам.долларыг буцаан өгч, 196  550 ам.доллараас 205 760.00 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн. Талуудын 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээнд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг гэрээгээр 230 000 тонн гэж заасан боловч 2.6-д 110 000 тонн гэж өөрөөр бичсэн байгаагаас гадна олон улсын зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ доод тал нь 25 ам.доллар байхад манай компани 18 ам.доллараас эхлэн төмрийн хүдрийг худалдахаар тохирсон нь үндэслэлгүй. Монголросцветмет ХХК болон Баянсоён заан ХХК-иудын хооронд Оператор компани ажиллуулах тухай 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 6 дугаар зүйлд 25 ам.доллараар 1 тонн хүдрийг тооцсон байхад Винкапитал ХХК-тай байгуулсан гэрээнд 18 ам.доллараас эхэлсэн байгааг шүүх анхаарна уу. Нэгэнт манай компани 259 750 ам.долларыг урьдчилгаа төлбөрт хүлээн авч, үүнээс 63 200 ам.долларыг буцаан өгч, Винкапитал ХХК-д 205 760 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн тул 119 190 ам.долларын зөрүү гарахгүй, харин 9 210 ам.долларын бүтээгдэхүүн илүү нийлүүлсэн. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Баянсоён заан ХХК нь Винкапитал ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Төмрийн хүдэр худалдах-худалдан авах А/3 дугаар гэрээг захирал гэх М.Наранцэцэгтэй байгуулсан. Гэтэл М.Наранцэцэг нь дээрх гэрээнд гарын үсэг зурах үед Винкапитал ХХК-ийн захирал биш байсан байх тул тухайн компанийг бүрэн төлөөлөх эрхгүй байх үедээ гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, М.Наранцэцэгийг гүйцэтгэх захирлаар томилж, энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх үед тэрээр 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус юм. Төмрийн хүдэр худалдах, худалдан авах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэлгүй. Удаа дараагийн шүүх хуралдаан болон талуудын хооронд явуулж байсан албан бичгүүдээс харахад нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал М.Наранцэцэг мөн гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Өмнөх гүйцэтгэх захирал н.Дэлгэрням өөрөө хуульч, эрх зүйч мэргэжилтэй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу тэрээр гүйцэтгэх захирлаар ажиллах боломжгүй болсон тул М.Наранцэцэгт тамга тэмдэг, бичиг баримтыг хүлээлгэж өгч, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн М.Наранцэцэг нь Винкапитал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүх хуралдаан дээр хариуцагч талын хүсэлтээр оролцсон гэрч нь даргалагчийн “М.Наранцэцэгийг Винкапитал ХХК-ийн гүйцэтгэх захирал” гэдэгт маргахгүй юу гэсэн асуултад “маргахгүй, М.Наранцэцэгийг гэрээ, хэлцэл байгуулахад хажууд нь байсан” гэж мэдүүлсэн байдаг. Эндээс М.Наранцэцэгийг тухайн компанийн гүйцэтгэх захирал гэдэгт маргахгүй байсан нь харагдаж байгаа юм. н.Гансүх гэж хүн бий, тэрээр яагаад гүйцэтгэх захирлаар ажиллаагүй вэ гэхээр яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажиллаж байсан, Компанийн тухай хуулиар адил үйл ажиллагаа эрхэлж буй компанийн захирлаар давхар ажиллаж болохгүй гэсэн заалттай. Яагаад гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гээд байна вэ, хэний эрх ашиг хохироод байна, хэрэв Винкапитал ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан юм бол уг компани хохирсон гээд нэхэмжлэл гаргах үндэслэл байна, гэтэл хариуцагч компани урьдчилгаа мөнгийг авчихаад тодорхой хэмжээний хүдэр нийлүүлчихээд хожим гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байна. Хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдох юм бол авсан, өгсөн зүйлээ буцаах үүрэг үүснэ, өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд хариуцагч  төлөх нь гарцаагүй болж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 205 дугаар зүйлийн 205.1 болон 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Баянсоён заан ХХК-иас 106 327 366 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Винкапитал ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 129 543 684 төгрөгт холбогдох хэсгийг, Төмрийн хүдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Винкапитал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 337 305 төгрөг, хариуцагч Баянсоён заан ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 337 305 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянсоён заан ХХК-иас 689 585 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Винкапитал ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “..,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 63 200 ам долларыг хүлээн авсан этгээдийн гарын үсгийн хэвийг нэхэмжлэгч “Вин капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Наранцэцэгийн гарын үсэг биш гэж дүгнэсэн учраас маргааны зүйл болсон 63 200 ам долларыг Компаний тухай хуулийн 83.8-д зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хүлээн авсан гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.  Анхан шатны шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ  нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой,  үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан ч шүүх хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх урьдчилан  63 200 ам долларыг хариуцагч нэхэмжлэгчид өгөөгүй гэх дүгнэлтийг хийсэн байсан нь  харагдаж байна. Хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд  нэхэмжлэгч “Вин капитал” ХХК-д буцааж өгсөн 63 200 ам долларыг тус компанийн төлөөлөгч Тан Ян Юунд өгсөн талаар тайлбарлаагүй болно.

Түүнчлэн “Вин капитал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын нэхэмжлэлтэй хариуцагч М.Наранцэцэгээс “Вин капитал” ХХК-ийн тамга тэмдэг, Улсын бүртгэлийн гэрчилгээ холбогдох бусад баримтыг гаргуулах тухай иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй нэхэмжлэгчийг М.Наранцэцэг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх нь шүүхээр тогтоогдоогүй хянагдаж байна. Нөхцөл байдлыг харгалзан  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Винкапитал ХХК нь хариуцагч Баян соён заан ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсаны үр дагавар буюу гэрээгээр шилжүүлсэн 235 871 050 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,төмрийн хүдэр илүү нийлүүлсэн, харин ч нэхэмжлэгчээс авлагатай” гэж татгалзсан ба Төмрийн хүдэр худалдах-худалдан авах тухай 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/3 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2013 оны 8 дугаар сард төмрийн хүдэр худалдах худалдан авахаар тохиролцож улмаар 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бичгийн хэлбэрт оруулсан, гэрээ хэрэгжиж байсан боловч явцын дунд цуцлагдсан үйл баримт болон 259 750 ам.долларын урьдчилгаа төлбөр төлөгдөж, 205 760 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн талаар маргаагүй. Харин нийт авсан 259 750 ам.долларын урьдчилгаа төлбөрөөс 63 200 ам долларыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн гэж хариуцагч маргажээ.

 

Хэрэгт нотлох баримтаар гаргасан  нэхэмжлэгч компанийн захирал М.Наранцэцэгт 63 200 ам.долларыг буцаан өгсөн агуулгатай баримтад шинжээчийн дүгнэлт гаргуулахад “М.Наранцэцэгийн гарын үсэг биш” гэж дүгнэсэн, уг баримтын үлдэх хувь дээр “.., Баянмөнхийн компанид тушаав” гэж уг мөнгөн хөрөнгийг хариуцагч талд өөрт нь тушаасан агуулгатай бичилт байгааг албан ёсны орчуулагч орчуулсан зэргийг  гэрч Тан Ян Юуны мэдүүлэгтэй харьцуулвал дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан өгсөн нь нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсан бол гэрээний гүйцэтгэлийг буюу гэрээгээр шилжүүлсэн /оронд нь бараа хүлээж аваагүй байгаа/ урьдчилгаа төлбөрөө буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх тул урьдчилгаа төлбөрийн зохих хувийг гаргуулсан нь зөв болжээ. Нэгэнт гэрээ цуцлагдсан тул гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс анз тооцох эрх нэхэмжлэгчид байхгүй гэж үзэж торгуулийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэсэхгүй болгон шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ. Нэхэмжлэгч тал өөрийг нь төлөөлж гэрээ байгуулсан М.Наранцэцэгийн хэлцэлд төлөөлөх эрхийн талаар маргаагүй, түүний гэрээ байгуулсан үйлдлийг дэмжиж зөвшөөрсөн, хожим М.Наранцэцэг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал болсон байхад хариуцагч хэлцлийн нөгөө талынхаа төлөөлөх эрхээр маргасан нь үндэслэлгүй байна.

 

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нийлүүлэгдэх бүтээгдхүүнд агуулагдах төмрийн хүдрийн агууламжаас шалтгаалан үнээ харилцан тохиролцож тогтоосон, гэрээ тодорхой хугацаанд хэрэгжээд цуцлагдсаны дараа нөхөж үнийн талаар маргах эрхгүй юм. Учир нь үнэ буюу үнийг тодорхойлох арга хэрэгслээ талууд харилцан тохиролцож тогтоосон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд дэлхийн зах зээл, дээрх үнийн өөрчлөлттэй холбоотойгоор үнэд зохицуулалт хийх тохиролцоо гэрээнд алга байна.

 

Мөн хэргийн баримтаас үзэхэд шинжээчийн дүгнэлт гараад нэг жил өнгөрсний дараа шүүх хуралдаан дээр хариуцагч талаас дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан, түүнчлэн нэхэмжлэгч компанийн дотоодод үүссэн маргаанаас болж энэ хэргийг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/00071 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689 585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ТУЯА

     ШҮҮГЧИД                               Б.НАРМАНДАХ

                                                      Ш.ОЮУНХАНД