Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 179

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч:  ШШГЕГД д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/899 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гэрч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Бминий биеийг хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/748 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах арга хэмжээ авсныг үл зөвшөөрч урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр танай шүүхэд өмнө нь нэхэмжлэл гаргаж, улмаар энэхүү маргаан дунд үедээ иргэний шүүхийн маргаантай болж хэрэг түдгэлзэж явсаар 2015 оноос хойш үргэлжилж байна.

Хамгийн сүүлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШШ2017/0945 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0175 дугаар магадлалаар хариуцагч ШШГЕГД ас шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий биелүүлэхээр ажил зохион байгуулж Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2 акт гаргуулсан бөгөөд үүнийгээ үндэслэн ШШГЕГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/899 дугаар тушаалаар Б.Н намайг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дутагдлаар халж, цэргийн хошууч цолыг хураасан-д гомдолтой байна.

Дээрх тушаалын үндэслэл болсон 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/01 болон 06/02 дугаар Улсын ахлах байцаагчийн актыг миний бие албан ёсоор гардаж аваагүй байсан ба уг актын талаар санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Х урьдчилан танилцуулах үедээ уг актаа албан ёсоор гаргаад дарга гарын үсэг зурсны дараа дуудаж албан ёсоор гардуулна гэж байсан боловч дуудаагүй. Гэтэл намайг гадаад улсад хувийн шугамаар явж байхад манай гэр бүлийн хүн рүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ярьж Б.Нийг ажлаас халсан тушаал гарсан гэж мэдэгдсэн байсан.

Тийм болохоор миний бие өөрийн биеэр уг тушаалыг гардаж авсан чинь үнэхээр намайг ажлаас халсан, тэгэх тэгэхдээ 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон халсан байсан. Тушаал гардуулах үедээ харуулсан Улсын байцаагчийн акт нь ингэж шууд ажлаас халах асуудлыг хөндөхөөргүй мэт байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, надад мэдэгдэж миний санал, хүсэлт, гомдлыг сонсоогүйд гомдолтой байна.

Наад захын жишээ гэхэд л төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг асуудал бол намайг ээлжийн амралттай байх үед мөн 11 дүгээр сард өвчтэй байх хугацаанд тооцооны нябо баримтгүй зарлага гаргасан асуудал байсан. Үүнийг намайг хянасангүй гэж буруутгасан байсанд хэлэх үг, гаргах тайлбар надад байсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь намайг ажлаас халах шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийн Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн 26 дугаар зүйлийн 26.4-ийн Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалтуудад заасан нөхцөл журмуудыг хэрхэн яаж тогтоосон, хэрэглэсэн талаар, өөрөөр хэлвэл ямар, ямар зөрчлийг хэзээ, хаана хэрхэн гаргасан юм, тэр нь хуулийн өмнөх заалтуудтай яаж уялдаж байгаа юм бэ? гэдгийг тогтоогоогүй нь ажилтныхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа явдал юм.

Иймд сүүлийн 14 жилд бага залуу наснаасаа тус байгууллагад ажиллаж, мэргэжил, ажлын дадлага, туршлага, ёс зүйн хувьд бүрэн тэгширсэн гэж өөрийгөө үзэж байгаа намайг ажлын байрны тодорхойлолт, албан үүрэгтээ тэнцэх эсэхийг бүрэн тогтоогоогүй, шаардлагатай бол мэргэжлийн ур чадвар, ёс зүйн хувьд ямар алдаа дутагдал гаргасныг хууль, журамд заасны дагуу эрх бүхий субьектээр дахин шалгуулж, зохих дүгнэлт ч гаргуулаагүй байж, миний болон холбогдох бусад албан тушаалтан, ажилтнуудын тайлбар, санхүүгийн бусад баримтыг ч үзэхгүйгээр хуулийн маш олон заалтыг зөрчин асуудлыг шийдвэрлэж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулж гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/899 дүгээр тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын үндэслэлдээ: ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Албаны шалгалт явуулах тухай удирдамжийн дагуу Хорих 421 дүгээр ангийн 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Уг шалгалтаар Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан иргэн Б.Н нь хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530.492 төгрөгийн суутгал хийгээгүй, хорих ангийн хүнсний материалд 6.649.079 төгрөгийг илүү зарцуулсан, шатахуунд 2.212.800 төгрөгийг илүү зарлагадсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлж 15.589.660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагдаж нийт 25.188.031 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар шалгалтын материал, холбогдох баримтыг хэлэлцэж, илэрсэн зөрчлийг 14 хоногийн хугацаанд арилгаж, хариуцсан алба хаагчдад төлбөр барагдуулах үүрэг өгч, дээрх хугацаанд зөрчил арилгаагүй тохиолдолд хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, шат дараалсан арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

Иргэн Б.Н д төлбөрийг барагдуулах талаар албан бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч даргын зөвлөлийн хуралдаанаар өгсөн хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/748 дугаар тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, төлбөрт тавигдсан 25.188.031 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/01321 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1481 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/01448 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн.

Харин иргэн Б.Н нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/748 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож. ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах тухай нэхэмжлэл гаргасан. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0945 дугаар шийдвэрээр "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг хариуцагч ШШГЕГД ас шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түтгэлзүүлсүгэй гэсэн шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0175 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 сар гэснийг 3 сар болгож өөрчилсөн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Нийг Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ямар зөрчил гаргасан, байгууллагад хэдий хэмжээний бодит хохирол учруулсан болохыг улсын байцаагчийн эрхтэй, ашиг сонирхлын зөрчилгүй этгээдээр нарийн шалган тогтоож, түүнд тохирсон захиргааны акт гаргах нь маргааны үйл баримтыг дүгнэхэд ач холбогдолтой гэсний дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд хандаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар тушаалын дагуу Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн.

Тус шалгалтаар 421 дүгээр хорих ангийн даргаар ажиллаж байсан Г.Т /асан/, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Н нар нь бензин шатахууныг норм хэмжээнээс илүү зарцуулсан, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлсийг шатахууны зардлаас бодож илүү гаргасан, мөн хүнсний материалаас илүү зарлагдаж, төсвийн байгууллагын кассын ажиллагааны журам зөрчсөн, хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа хувь хүний орлогын албан татварыг суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй зөрчил тус тус гаргасан нь тогтоогдож, Улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/01, 06/02 дугаар актаар нийт 5.100.731 төгрөгөөс Б.Нээр 3.505.498 төгрөгийг төлүүлж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн.

Улсын ахлах байцаагчийн дээрх актуудаар Б.Нийн гаргасан зөрчлийг шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0945 дугаар шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/899 дүгээр тушаалаар ШШГЕГ-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/748 дугаар тушаалыг хүчингүй болгож, зөрчлүүд нь шалгалтаар тогтоогдсон тул 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дутагдлаар халсан байна.

Нэхэмжлэгч 2014-2015 онд Хорих 421 дүгээр ангид ажиллаж байхдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 28.2, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг тайланд тусгахыг хориглоно, Төсвийнтухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам-ын 2.8-т Төсвийн байгууллага үндсэн болон тусгай үйл ажиллагаанаас орох орлогыг мөнгөн кассдаа бэлнээр хүлээн авч болно.

Энэхүү орлогыг хүлээн авсан тохиолдолд төсвийн байгууллага түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй бөгөөд дараагийн ажлын өдөртөө багтаан төрийн сан дахь бүртгэлийн дансандаа шилжүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан албаны шалгалтаар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар тушаалын дагуу Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тус тус тогтоогдсон, түүний гаргасан зөрчилд тохирсон арга хэмжээг авсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гэрч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын акт тогтоож өгнө үү гэх агуулга бүхий хүсэлт нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд 5 дугаар сарын 29-ний өдөр нь ирсэн. Үүний дагуу манай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Санхүүгийн хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Уг удирдамжийн дагуу манай байгууллагын Дотоод аудитын дарга н.Ж болон миний бие 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 29-ний өдөр буюу ажлын 5 хоногт шалгалт хийсэн.

Үүнд Зөрчлийн нийт дүн нь 56.269.000 төгрөг болж Б.Нд холбогдох 40,1 сая төгрөгийн зөрчил байгаа учраас шалгалт хийж өгнө үү гэсний дагуу түүвэр шалгалт хийсэн. Шалгалт хийх явцад Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль гэх мэт маш олон төрлийн маргаантай зүйлс байсан. Б.Нтэй холбоотой асуудлын хувьд шалгалтыг түүвэрлэж хийхэд зориулалтын бусаар төсвийн мөнгө зарцуулсан 06/02 тоот акт болон төлбөрийн акт гэсэн 2 актыг тавьсан байдаг.

Уг шалгалттай холбоотой миний бие Б.Нийг биечлэн дуудаж гараар ноорог хийн бензин болон хүн амын орлогын албан татвартай холбоотойгоор 25,1 сая төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг хамт бодож гаргасан. Үүнээс 5.1 сая төгрөгийг төлөхөөр болсон талаар Б.Нд тайлбарлаж, сонсох ажиллагаа хийж тэмдэглэл хөтөлж Б.Нээр гарын үсэг зуруулсан.

Сонсох ажиллагаа хийсний маргааш акт гарах учраас ирж гарын үсэг зураарай гэж өөрт нь хэлсэн боловч нэхэмжлэгч гадагшаа явах гэж байгаа гэсэн тайлбар хэлж байсан. Үүний дараагаар би Б.Нийн гар утасруу залгасан боловч утас нь дуудаад аваагүй. Бидний шалгалт цаг хугацаатай байдаг тул 1 хувь баримтуудаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн.

Шалгалтын явцад нотлох баримтуудыг үзэхэд кассын бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мөнгөнүүд төсвийн орлогод авагдаагүй шууд гаргасан байдаг. Б.Нд маш их зөрчил байсан боловч, хүсэлт гаргасан асуудлын дагуу л түүвэрлэж шалгалт хийсэн. Б.Нд учир байдлыг нь танилцуулахад өөрөө хүлээн зөвшөөрсөн атлаа тэр явдлаас хойш бараг 7, 8 сарын дараа шүүхэд гэрчээр дуудахад маш их гайхаж байна.

Шалгалт хийх явцдаа Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэсэгт хандаж дүгнэлт гаргуулсан эсэхийг тодруулсан. Мөн хувь тэнцүүлнэ гэдгийг 50 хувиар хувилж төлүүлэх гэдгээр ойлгоно. Мөн н.Т ийн нэрийг оруулсан нь тухайн үед хариуцаж байсан гэдэг утгаар актдаа тусгасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар аливаа хөрөнгө хөдлөл үйлчилгээг нягтлан бодогч өөрөө хариуцдаг. Үүнтэй холбоотой аливаа шийдвэрийг удирдлага хариуцдаг. Удирдлага гэдэг нь байгууллагын дарга болон нягтлан бодогч нар орно. Шалгалтын явцад байгууллага хохирсон гэж үзсэн бөгөөд актад бичигдсэн дүнгээр төрийн санд, татварт шилжинэ.

Санхүүгийн холбогдолтой бүх зөрчилд акт тавигдана. Акт тавихтай холбоотой заалт нь Төрийн хяналт шалгалтын хуульд багтсан бөгөөд уг хуульд улсын байцаагчийн эрхийг тодорхой тусгаж хуульчилсан бөгөөд миний хувьд акт тавих эрхтэй. Б.Н ... хүлээн зөвшөөрч байна гэсэн. Би акт гаргана гэдгээ өөрт нь хэлсэн. Тухайн үед би өөрөөс нь асууж тэмдэглэл хөтлөөд маргааш акт гарна, ирж гарын үсгээ зураарай гэж хэлсэн. Шалгалтын явцад 50 гаруй сая төгрөгийн зөрчил илэрч, нэхэмжлэгч Б.Н надаас гуйсаар байгаад 5 сая болгосон. Тэгээд хүсэлт гаргасан байгууллагадаа 1 хувийг явуулсан. Б.Нтэй холбоо барих гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Иймээс актаа гардуулаагүй. Гэхдээ актыг танилцуулснаар гомдол гаргах эрх нь үүсдэг. Сонсох ажиллагаа хийх үедээ Б.Нтэй хамт бичилт хийж бодож үзэж байсан баримтууд надад байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШШ2017/0945 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0175 дугаар магадлалаар Б.Нийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг хариуцагч ШШГЕГД ас шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам руу хүсэлт хүргүүлж, Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/33 дугаар тушаалын дагуу Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийлгэснээр Улсын ахлах байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 06/01, 06/02 тоот актууд гарсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/899 дугаар тушаалаар хошууч Б.Н нь хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн албан хаагчдад хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах албан үүргээ гүйцэтгээгүй, хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа 1,910,265 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, батлагдсан төсвөөс зориулалтын бусаар захиран зарцуулсан 1,595,233 төгрөгийн зөрчил нь шалгалтаар тогтоогдсон нь улсын байцаагчийн актад тусгагдсаныг үндэслэл болгон нэхэмжлэгчийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дутагдлаар халж, цэргийн хошууч цолыг хурааж, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч шүүхэд дээрх ажлаас халагдсан тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргахдаа намайг халсан тушаалын үндэслэл болсон Улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/01, 06/02 дугаар актыг миний бие албан ёсоор гардаж аваагүй, актад дурьдсан зүйлийг би хүлээн зөвшөөрөхгүй гэснийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь шүүх хуралдаанд гэрч санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Х Б.Нд гардуулах хувь надад одоо хүртэл байгаа, би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлэх хувийг явуулсан гэснээр тогтоогдож байх тул дээрх актуудын хувийг нэхэмжлэгч албан ёсоор гардаж аваагүйгээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана, 14.2-т Гомдлыг хүлээж авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно гэсэн хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах эрхийг хангалгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Энэ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, албан үүрэгтээ тэнцэх эсэхийг бүрэн тогтоогоогүй, актад дурдсан асуудалд тайлбар, нотлох баримт гаргуулж, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн хувьд ямар алдаа дутагдал гаргасныг хууль, журамд заасны дагуу эрх бүхий субьектээр дахин шалгуулж, зохих дүгнэлт гаргуулаагүй, гэрч Ц.Хы хэрэв уг актыг хүлээн зөвшөөрөхгүй бол 4 байгууллагын хамтарсан шалгалт оруулж зөрчлийг шалгуулах боломжтой, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ...Бид давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж аваад хүчин төгөлдөр болсон хугацааг тоолоход 7 дугаар сарын 19-ний өдөр хугацаа нь дуусахаар байсан. Шүүхээс тогтоосон хугацаанд уг актыг гаргасан гэснийг шүүх харгалзан үзэж, Б.Нийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг хариуцагч ШШГЕГД ас шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Иймд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны маргаан бүхий актын үндэслэлд дурдсан Улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/01, 06/02 дугаар актыг холбогдогч этгээд журамд заасны дагуу гардуулж, гомдол гаргах эрхийг ханган эцэслэн шийдвэрлэсний дараа захиргааны байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах, 277 дугаар зүйлийн 277.1.1-д өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэх байдлыг бодитойгоор тогтоосны дараа өөрийн эрх хэмжээний хүрээнд шинэ акт гаргах эрх нээлттэй болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 277 дугаар зүйлийн 277.1.1, Төрийн хяналтын шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг тус тус баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б.Нийг төрийн албанаас халах тухай Б/899 дүгээр тушаалыг хариуцагч ШШГЕГД ас шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч ШШГЕГД  дахин шинэ акт гаргаагүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б.Нийг төрийн албанаас халах тухай Б/899 дүгээр тушаал хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү гардаж аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ОЮУМАА