Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г холбогдох эрүүгийн 2104000000036 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Наранжаргал

 Улсын яллагч                                               Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                                  Л.Г нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ., ..хүүхдийн хамт ...  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Л Г /РД: /

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Л.Г нь .оны .дугаар сарын .-наас .-нд шилжих шөнө 01-03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн .дүүргийн .дугаар хороо, .дугаар байрны гадна У.Б “өөрийг нь хавирч унагасан” зүй бус үйлдэлд дургүйцэж, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж газар унагах, дээрээс нь гараараа 4-5 удаа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясны хугарал, дух, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Л.Г шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би Б,  Б, Б, У нарын хамт уугаад сууж байхад Б нөхөр лүүгээ орилоод цохиод байсан. Тэнд уур амьсгал эвдрээд муухай болчихоор нь би “та хоёрыг таксинд суулгаад өгье” гэж хэлээд бид нар манайхаас гарцгаасан. Б түрүүлээд гуравдугаар хорооны чигт ганцаараа алхсан араас нь манай эхнэр У, Б нар явсан. Манай байрны урд Б дуудсан такси ирчихээр нь Б таксинд суулгаад байж байхад гэнэт Б ирээд над руу “миний эхнэрийг хаашаа авч явах гээд байгаа юм бэ?, янхан болгох гэж байна уу” гэж уурлаад намайг хавирч унагаасан. Би босч ирээд Б толгой, нүүр хэсэг рүү нэг удаа цохиж унагаад дээр нь гарч гараараа хэд хэдэн удаа цохиход Б, У нар салгасан. Яг салах явцдаа би Б нүүр лүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34/

Хохирогч У.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ууж байгаад унтах гэтэл манай эхнэр Б орилоод “бос” гээд байхаар нь би түрүүлээд гарахад араас Г, У, Б, Б нар гарч ирсэн. Би эхнэрээ авах гээд эргээд очиход Б дүү нь гэх хүмүүс машинтай ирчихсэн, манай эхнэрийг машиндаа суулгах гээд байсан. Би найз Г уурлаад хавирч унагахад Г босч ирээд намайг цохиж унагаад хөлөөрөө өшиглөөд байсан. Нэхэмжлэх зүйл гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.У мэдүүлсэн: “...Хүмүүс зодолдоод байхаар нь очиход Г Б унагаачихсан цохиж байхаар нь салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Б мэдүүлсэн: “...Буцаад явахад .дугаар байрны гадна такси ирсэн, хажууд нь хүн зодолдоод байхаар нь гүйгээд очиход Б, Г нар зодолдоод Г дээр нь гарчихсан байсан. Уянга бид хоёр салгахад Г Б нүүр лүү 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай дүгнэлтэд: “У.Б биед тархины доргилт, хамар ясны хугарал, дух, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх тархины доргилт, хамар ясны шинэ хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 22-23/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Хохирогч У.Б биед толгойн духны хэсэгт урт нь 10 см орчим өргөн нь 4 см орчим шалбарсан шарх, зүүн нүд тагларч хөхөрч хавдсан шарх, баруун нүдний доод ухархайн орчим зулгарсан шарх, хамар нурууны ясан дээр зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-42/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Л Г...” гэжээ.  /хх-н 39/,

Шүүгдэгч Л.Г нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 60/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Г холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Л.Г нь согтуугаар хохирогч У.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Л.Г нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       85/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Г нь согтуугаар  .оны .дугаар сарын .-ны шөнө  01-03 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн .дугаар хороо, .дугаар байрны гадна У.Б “өөрийг нь хавирч унагасан” зүй бус үйлдэлд дургүйцэж, түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж газар унагах, дээрээс нь гараараа 4-5 удаа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан   болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Б намайг хавирч унагаасан. Би босч ирээд Б толгой, нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиж унагааж дээр нь гарч гараараа хэд хэдэн удаа цохиод нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч У.Б “...Би Г хавирч унагаахад босч ирээд намайг цохиж унагаад хөлөөрөө өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5/, гэрч Ц.У “...Хүмүүс зодолдоод байхаар нь очиход Г Б унагаачихсан цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-н 9/,  гэрч М.Б “...хүн зодолдоод байхаар нь гүйгээд очиход Б, Г нар зодолдоод Г дээр нь гарчихсан байсан. Г Б нүүр лүү 1 удаа өшиглөсөн” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархины доргилт, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч Л.Г, хохирогч У.Б нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал болон хохирогчийн зүй бус үйлдэл” нөлөөлсөн байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Л.Г нь хохирогч У.Б эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.Г нь хохирогч У.Б биед тархины доргилт, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч У.Б нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэжээ. /хх-ийн 5 / Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Л.Г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Л.Г нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Л.Г нь “ам бүл .,.хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Л.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 71-74/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч Л.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Л.Г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Л Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Л Г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш     6 /зургаан/ сарын дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Л.Г мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Г мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Л.Г холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч У.Б төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА