| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/45 |
| Огноо | 2021-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн 2104000060028 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ..., ..настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-.., хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг тэнссэн,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт зааснаар 20 жил хорих,
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Ш овгийн М-ийн Н /РД: /.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч М.Н нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн хэсгийн 22 дугаар гудамжны 11 тоот хашаанд хохирогч Л.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун гарын шуу хэсэгт гараараа 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд “баруун гарын шууны зөөлөн эдийн гэмтэл, шөрмөс суналт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь бүх зүйлийг ярьсан. Гэм буруугаа зөвшөөрч гэмшиж байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Л.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 6, 20-21, 26-27-р хуудас/,
Гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 018 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 56, 57-р хуудас/,
Шүүгдэгч М.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58, 60-105-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн хэсгийн 22 дугаар гудамжны 11 тоот хашаанд хохирогч Л.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун гарын шуу хэсэгт гараараа 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд “баруун гарын шууны зөөлөн эдийн гэмтэл, шөрмөс суналт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Л.М-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.Н-н хохирогчийн баруун гарын шуу хэсэгт гараараа 1 удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:
- Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “..2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гадуур явж байгаад гэртээ 17 цаг өнгөрч байхад ороход Н, Г нар архи уух гээд сууж байсан. Тэдгээр хүмүүс манай нөхөр Г-ийн найзууд бөгөөд хэсэг хугацаанд манай гэрээр байдаг болсон. ...Би Н, Г нарт уурлаад “гэртээ архи уулгахгүй, манай нөхөрт битгий архи өгөөд бай” гээд уурлаад хэдэн үг хэлсэн. Гэтэл Н миний урдаас уурлаад намайг эмэгтэй хүнийг хэлж доромжилдог элдэв янзын үгээр хэлж доромжлоод байхаар нь Н-г сууж байгаа газраас нь босгоод гэрээсээ гаргах гээд ноцолдож байх үед миний гар хэсэг рүү өөрийнхөө гараар нэг удаа цохисон. Энэ үед Г өөрөө түрүүлээд гэрээс гарчихсан байсан. Нэргүй намайг гэрээс гаргах үед надад уурлаад баруун гараараа нэг удаа цохиод, хэл амаар доромжлоод байсан юм. Өөр байдлаар намайг зодсон асуудал болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 20-21, 26-27-р хуудас/,
Гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орчим Н бид нар уулнаас буугаад ирчихсэн, Н манай гэрт түр хугацаанд амьдарч байх үед энэ хэрэг гарсан юм. Тэр өдөр Н гаднаас архи авчирж Г-эй хамт манай гэрт архи уух гээд байхаар нь дургүйцээд гаргасан юм. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа ахиад гэрт архи уухаар орж ирчихсэн байхад нь эхнэр М /хоч нэр Хулан/-тэй таараад гэрээс хөөгдөөд гарсан. Тухайн үед Н манай эхнэртэй хэрэлдэж муудалцаж байхдаа уур нь хүрсэн бололтой гараа хойш савж цохих үед нь манай эхнэрийн баруун гарын шуу хэсэгт таарч нэг удаа цохиж байгаа харагдсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 018 дугаартай: “1. Л.М-гийн биед баруун гарын шууны зөөлөн эдийн гэмтэл, шөрмөс суналт зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.“ гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан: “Багануур дүүргийн 5-р хороо Нарийны 22-11 тоотод согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна” гэх тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Н нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч М.Н-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Л.М-гийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 018 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч М.Н хохирогч Л.М-д гэм хорын хохиролд 300,000 төгрөгийг төлсөн ба хохирогч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул /хх-ийн 26, 114-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Н-г хохирогч Л.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “М.Н нь бусдын биед гэмтэл учруулсан нь үнэн боловч тухайн үйлдлээ ямар санаагаар үйлдсэн тал дээр шүүх анхаарч үзнэ үү. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хохирогч руу шууд дайрч давшилсан үйлдэл хийгээгүй байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан торгох ялын хамгийн доод хэмжээг оногдуулж өгнө үү, мөн Н нь одоогоор ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй байгаа нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Н гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.
М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч М.Н-д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй ба хохирогчид учирсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зйүлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овгийн М-гийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овгийн М-гийн Н-д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг М.Н-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Н-д тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Н нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 300 000 төгрөгийг хохирогч Л.М-д төлж барагдуулсныг баталж, хохирогч Л.М нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, М.Н-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН