| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 220/2018/0426/Э |
| Дугаар | 557 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 557
Б.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Хурц,
өсвөр насны яллагдагч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батдулам,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 716 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 21 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Б.Эт холбогдох 1802000290045 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Санга овогт Б-н Э, 2002 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Орхон аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 38 дугаар дунд сургуулийн 10Б ангийн сурагч, Баянгол дүүргийн ....................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../,
Б.Э нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Т.Мандуулаас хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий ургамал 47.1 граммыг 20.000 төгрөгөөр худалдан авч, 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 18 тоот дахь гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Нийслэлийн прокурорын газраас өсвөр насны яллагдагч Б.Эт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ тодорхойлох хэсэгт уг гэмт хэргийг нотолж байгаа нотлох баримтуудыг жагсаан бичсэн байх ба хэргийн нотлох баримтын агуулгыг бичээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д “яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт...зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг бичихээр хуульчилжээ. Иймд яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “....Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус хуульчилжээ. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээ нь прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан тухайн хэргийг нотолж буй нотлох баримтуудаар тодорхойлогдохоор ойлгогдож байна. Түүнчлэн, уг яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх буюу өөрийнх нь холбогдсон гэмт хэрэг нь ямар нотлох баримтаар нотлогдож байгааг мэдэх эрх, мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” эрхийг нь тус тус зөрчсөн, мөн шүүх хуралдаанд оролцогч нар нь уг яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн бодит байдлын талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон байна гэж үзлээ. Иймд Б.Эт холбогдох эрүүгийн 1802000290045 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зайлшгүй шаардлагатай нотлох баримт, түүний агуулга, хэр хэмжээ гэж заагаагүй бөгөөд харин прокуророос хуульд заасан үндэслэл, журмын дагуу зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг хавтаст хэргийн хэддүгээр хуудсанд авагдсан байгааг яллах дүгнэлтэд тодорхой бичсэн. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан “шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц” буюу тухайлбал 35.19 дүгээр зүйлд заасны дагуу эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааны үед яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтууд, тэдгээрийн агуулга, хэр хэмжээг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан ямар гэмт хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хангаж ажилласан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дахь хэсэгт заасан журмын дагуу яллагдагч Б.Э нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцаж мэдүүлэг өгсөн зэрэг нөхцөл байдлаас шүүх хуралдаанд оролцогч нар нь яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн бодит байдлын талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 716 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Өсвөр насны яллагдагч Б.Эын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.
Өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.
Өсвөр насны яллагдагч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Тайлбар байхгүй.” гэв.
ХЯНАВАЛ:
Б.Эт холбогдох хэргийн яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлж бичээгүй, талуудыг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон гэж дүгнэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарчээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Хурцын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 79 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагчийн холбогдсон хэргийн агуулгыг хэт ерөнхий байдлаар товч бичиж, яллах нотлох баримтын агуулгыг огт дурдахгүйгээр, нотлох баримтын зөвхөн эх сурвалжийг жагсаан бичиж агуулгыг нууцалсан нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчсөнөөс гадна өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцсанаар өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлж, өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу шинээр баримт сэлт гаргаж өгөх, өсвөр насны яллагдагчийг буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх, эсхүл энэ хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үр дагавартай бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх болно.
Иймд прокурор Б.Хурцын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 21 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 716 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 716 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Хурцын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 21 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.МЯГМАРЖАВ
Ц. ОЧ