Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0126

 

 

                                     “И Д И” ХХК-ийн

                                       нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц,

Нэхэмжлэгч: “И Д И” ХХК,

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн сайд,

        Зам, тээврийн яамны Авто замын хяналтын улсын байцаагч Ц.Б, Х.Э нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 809 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Ц.Э-О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2021/0804/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И Д И” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн сайд, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын хяналтын улсын байцаагч Ц.Б, Х.Э нарт холбогдууланЗам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 809 дүгээр шийдвэрээр: “Автозамын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.4, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И Д И” ХХК-ийн гаргасан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. “И Д И” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн сайд, авто замын хяналтын улсын байцаагч Ц.Б, Д.Э нарт холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаартай “Тушаал цуцлах тухай” тушаал, Авто замын улсын хяналтын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.2. Нэхэмжлэгч нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаартай “Эзэмших эрх олгох тухай” тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авт замыг түр эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Уг тушаал болон Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 23/19 дугаартай “Ажлын даалгавар”-ын дагуу замын зураг төслийг “А С Э С” ХХК-тай авто замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг боловсруулж гэрээ байгуулсан бөгөөд авто зам түр эзэмшигчийн хувьд өнөөдрийн байдлаар замын ажилд нийт 8,6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ажилласан. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А/82 дугаартай “Тушаал цуцлах тухай” тушаал гаргаж “И Д И” ХХК-д олгосон зам эзэмших эрхийг цуцалсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаартай “Тушаал цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан. Ингээд тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 712 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дугаартай магадлалаар 6 сарын дотор Зам, тээврийн хөгжлийн сайд нь дараах нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр “И Д И” ХХК-ийн авто зам эзэмшигчийн эрхийг цуцлах эсэх /цуцлах эсхүл эс цуцлах нь хариуцагчийн эрх хэмжээ/ асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд “И Д И” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Цогтцэций-Чойр чиглэлд хэдэн тээврийн хэрэгслээр хэдэн удаа, нийт хэдий хэмжээний тонн нүүрс тээвэрлэснийг шалгах, “И Д И” ХХК нь авто зам эзэмшигчийн буюу зам хариуцагчийн үүргээ хэрхэн биелүүлснийг шалгаж, энэ талаар захиргааны актад тодорхой заах, “И Д И” ХХК нь зам тавихтай холбоотойгоор болон замын засвар, арчлалтад хэдий хэмжээний хөрөнгө зардал гаргасныг тус тус шалгаж дахин шинэ захиргааны акт гаргахыг үүрэг болгож,  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Үүний дагуу хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин А/158 дугаартай “Тушаал цуцлах тухай” тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Авто замын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1, 712 дугаартай шийдвэр, 46 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаар тогтоол, авто замын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 38-07-002-067/66 дугаар дүгнэлт, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн тушаалын 1 дүгээр заалтаар “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Таван толгой нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай замаар ачаа тээвэрлэлт гүйцэтгэхтэй холбоотой асуудлаар Монгол улсын шадар сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тушаалын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/140 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/268 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, авто замын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 38-07-002-067/66 дугаар дүгнэлт, 2021 оны 98-07-067-004/120 дугаар дүгнэлтэд иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж олон салаа зам гарч, тоосжилт ихээр үүссэн, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, мал дайрах, малчдын хашаа хороог дайрч эвдэх, түүнчлэн Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нар болон орон нутгийн иргэдээс тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар ирүүлсэн удаа дараагийн гомдолд дурдсан асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт тус тус зөрчигдөж байгааг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны “Эзэмших эрх шилжүүлэх тухай” 227 дугаар тушаалыг цуцалсугай” гэж “И Д И” ХХК-д мэдэгдэлгүйгээр компанийн зам эзэмших эрхийг дахин хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.3. “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаартай “Тушаал цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлдээ хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа зам эзэмшигч “И Д И” ХХК-ийг огт оролцуулаагүй, мөн авто замтай холбоотой иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж, олон салаа замаас үүдэлтэй тоосжилт ихээр үүссэн замын хөдөлгөөний аюулгүй байдал хэрхэн зөрчигдсөн талаар холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байгааг тайлбарлан дурдаж мэтгэлцсэн. Гэтэл шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.4-т “Ийнхүү шийдвэрлэхийн өмнө тус компанид Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар албан бичгээр иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл гомдлын талаар дурдаж, 2019, 2020 онд тухайн авто замд хийсэн ажлын гүйцэтгэл...ирүүлэхийг мэдэгджээ” гэжээ. Уг албан бичгийг ирүүлсэн он, сар, өдрөөс дүгнэхэд л “нэхэмжлэгч, авто зам эзэмшигчийг захиргааны акт гаргах үйл ажиллагаанд оролцуулаагүй болох тогтоогдож байна” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/140 дүгээр тушаалаар Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлт, түүнийг үндэслэсэн ажлын хэсгийн дүгнэлт Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны А/268 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг мөн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4585 дугаар албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн сайдад хүргүүлсэн дүгнэлт зэргээс харахад ажлын хэсгээс хяналт шалгалт явуулах тухай нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцуулаагүй болох нь тогтоогдож байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10/4319 дүгээр албан бичгээр 2019, 2020 онд тухайн авто замд хийсэн ажлын гүйцэтгэлийн тайлан, мэдээ мэдээлэл, төсөв тооцоог санхүүгийн баталгаажсан баримт материалыг шаардсан хугацаанд хариуцагчид гаргаж өгсөн боловч энэ талаар сайдын тушаалд огт тусгагдаагүй. Нэхэмжлэгч, авто зам эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж холбогдох төлбөрийг төлж барагдуулан хяналт тавьж ажилласан байдлыг огтхон ч дүгнээгүй болох нь салбар салбарын ажлын хэсгийн дүгнэлт, авто тээврийн улсын байцаагч нарын дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.2-т “Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас дахин шинэ акт гаргах шатанд уг авто замтай холбоотой иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж, олон салаа замаас үүдэлтэй тоосжилт ихээр үүссэн замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1/18, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1-292 дугаар албан бичиг, Цогтцэций сумын 13 иргэний гаргасан хүсэлт, санал, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/374 дүгээр албан бичгээр орон нутгийн иргэдийн гомдлыг ирүүлсэн нь хэрэгт авагдсан” гэжээ. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн татгалзаж буй тайлбар, дээрх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А/82 дугаартай “Тушаал цуцлах тухай” тушаал гаргаж “И Д И” ХХК-д олгосон зам эзэмших эрхийг цуцалсан тушаалыг дахин шинэ акт гаргах шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам “Б Т Х” ТББ-тай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, маргаан бүхий замаар нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч авто зам эзэмшигч нь захиргааны дахин шинэ акт гаргах ажиллагаа болох томилогдсон ажлын хэсгүүдийн дүгнэлтэд дурдсан нөхцөл байдлуудад огт хамааралгүй, өөрөөр хэлбэл, зам арчлалт, засварын ажилд оролцоогүй, орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан санал хүсэлтэд дурдсан олон салаа замыг гаргаагүй гэх мэт өөр этгээдтэй хамтран явуулж байсан үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Харин дахин шинэ акт гаргах хугацаандаа яам нэхэмжлэгч авто зам эзэмшигчид эзэмшүүлж байсан авто замаар өөр бусад хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, нүүрс тээвэрлэлтийг хийж байсан үйлдэлд нь орон нутаг иргэдээс ирсэн санал хүсэлт болох нь тогтоогдож байна.

3.4. Нэхэмжлэлийн “Авто замын улсын хяналтын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд уг шаардлагатай холбоотойгоор шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А/82 дугаартай “Тушаал цуцлах тухай” тушаалаар авто зам эзэмших эрхийг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар дахин шинэ акт гаргах хугацаа тогтоосон ба энэхүү хугацаа нь Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар тогтоолоос хойш шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл Зам, тээврийн хөгжлийн яам нь бусад хуулийн этгээдтэй 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Эко жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ”-г байгуулж нүүрс тээвэрлэлт явуулсан. Энэхүү үйл ажиллагаанд “И Д И” ХХК нь огт оролцоогүй байтал 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтээр “И Д И” ХХК нь үүссэн нөхцөл байдал, зөрчлүүдийг гаргасан мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас хуулийн этгээдийг дахин хохироосон үйлдэл, үйл ажиллагаа болох тогтоогдсоор байтал анхан шатны шүүх хариуцагчаас шинэ захиргааны акт гаргах ажиллагаанд, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шалган тогтоох арга хэмжээнүүдийг авах ажиллагаанд авто зам эзэмшигчийг оролцуулсан мөн хүнд даацын машинаар тээвэрлэлт гүйцэтгэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж, олон салаа зам гарч, бэлчээр талхлах, хог хаягдал үүсэх, мал ахуйгаа эрхлэх боломжийг алдагдуулж, мал өвчлөх зэрэг хүндрэлүүдийг нэхэмжлэгчтэй хамааралтай, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байх үндэслэл болж байна. Иймд 809 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргасан байна. Үүнд: “...

            4.1. Нэхэмжлэгч гомдолдоо “... засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг боловсруулж гэрээ байгуулсан бөгөөд авто зам түр эзэмшигчийн хувьд өнөөдрийн байдлаар замын ажилд нийт 8.6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ажилласан” гэжээ. Гэвч “И Д И” ХХК нь Цогтцэций-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг хэрэгжүүлээгүй, зураг төсөл батлагдаагүй байхад дур мэдэн ямар зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэсэн нь Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д “Зураг төсөл зохиох зургийн даалгавар, хайгуул геологийн судалгааны дүгнэлт геодезийн хэмжилт, техникийн нөхцөл, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу боловсруулсан байх”, 19.2.4-т “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд хэрэглэх материалд тавигдах шаардлагыг боловсруулсан байх”, 20 дугаар зүйлийн 20.4-т “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий зураг төсөлгүй, техник технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн нэхэмжлэгчийн 8.6 орчим тэрбум төгрөгөөр авто замын ажил гүйцэтгэсэн гэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам”-ын 2.1-д “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан хуулийн этгээд нь /цаашид Гүйцэтгэгч гэх/ нь авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх хүсэлт гаргахдаа энэхүү журмын 4 дүгээр хавсралтын А хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлж, тухайн авто зам, замын байгууламжийн барилгын ажилд техник технологийн хяналт тавих эрх бүхий зөвлөхөөр хянуулан захиалагчид хүргүүлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн.

4.2. Гомдолд “... хариуцагчаас дахин шинэ захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгч зам, эзэмшигч “И Д И” ХХК-ийг огт оролцуулаагүй” гэжээ. Гэвч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын машинаар тээвэрлэлт гүйцэтгэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж, олон салаа зам гарч, бэлчээр талхлах, хог хаягдал үүсэх, мал ахуйгаа эрхлэх боломжийг алдагдуулж, мал өвчлөх зэрэг хүндрэлүүд үүсэж байгаа нөхцөлийг харгалзан Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол”, 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд”, 28.1.5-д “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэж тус тус заасны дагуу сонсох ажиллагаа хийхгүйгээр Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд гомдлыг хангахгүй орхиж, 809 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Автозамын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч “И Д И” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн яамны улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 38-07-067-004/120 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

           3.2. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаар тушаалаар “Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто зам түр хугацаагаар эзэмших эрхийг “И Д И” ХХК-д олгосон, харин тус компани яамтай авто зам түр эзэмших гэрээ байгуулаагүй байна.  

Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаалаар “улсын байцаагчийн 2020 оны 38-07/002/067/66 дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор 227 дугаартай тушаалыг цуцалсан”-ыг “И Д И” ХХК-иас эс зөвшөөрч уг тушаалыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 712 дугаар шийдвэрээр “Зам, тээврийн хөгжлийн сайдаас дахин шинэ акт гарах хүртэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаалыг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаар магадлалаар “түдгэлзүүлсэн хугацааг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” өөрчилсөн, эдгээр шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.3. Маргаан бүхий 38-07-067-004/120 дугаар дүгнэлтээр “...“И Д И” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай автозамд 2020 оноос хойш авто замын барилгын болон засварын ажил хийгээгүй, хатуу хучилттай авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг батлуулаагүй, дур мэдэн ... 40 км хайрган хучилттай авто зам барьсан, батлагдсан трассын гадна олон салаа зам гарч нүүрс тээвэрлэлт хийснээр тухайн орон нутгуудад мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороо, айлын хаяагаар өнгөрч иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох, хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн, тус авто замд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл аваагүй зэрэг зөрчил илэрсэн гэж үзээд тухайн чиглэлийн улсын чанартай авто замаар хүнд даацын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэж дүгнэсэн.

А/158 дугаар тушаалаар “... холбогдох ажлын хэсгийн дүгнэлтүүд, 38-07-002-067/66, 38-07-067-004/120 дугаар дүгнэлтэд иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж, олон салаа зам гарч, тоосжилт ихээр үүсэн, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, мал дайрах, малчдын хашаа хороог дайрч эвдэх, түүнчлэн Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга болон орон нутгийн иргэдээс тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар ирүүлсэн удаа дараагийн гомдолд дурдсан асуудал нь холбогдох хуультай зөрчилдөж байгааг харгалзан дээрх 227 дугаар тушаалыг цуцалж, А/82 дугаар тушаалыг хүчингүй болгосон” байна.

3.4. Маргааны үйл баримтууд, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн “... хариуцагч бидэнд мэдэгдэлгүйгээр А/82 дугаар тушаалаар манай компанийн зам эзэмших эрхийг цуцалсан, ... дахин А/158 дугаар тушаалаар зам эзэмших эрхийг цуцлахдаа ч мөн бидэнд мэдэгдээгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр, гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа зэрэг тохиолдлуудад сонсох ажиллагаа хийхгүй шийдвэр гаргах эрхтэй, уг маргааны хувьд уг автозамтай холбоотой иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах орчин нөхцөл бүрдэж, олон салаа замаас үүдэлтэй тоосжилт ихээр үүсэн, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар удаа дараа ирсэн гомдол, өөр бусад байдлыг харгалзан үзвэл зайлшгүй сонсох ажиллагаа хийх шаардлагатай байсан гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгчээс өмнө нь А/82 дугаар тушаалаар тус компанийн зам эзэмших эрхийг цуцалсантай холбогдуулан маргаж, шүүх уг тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн талаар нэхэмжлэгч мэдэж байгаа, өөрөөр хэлбэл, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргах, ийнхүү гаргахдаа шүүхийн шийдвэрт дурдсан асуудлуудыг дахин шалгаж нягтлах талаар тодорхой заасан энэ тохиолдолд хариуцагч энэ талаар нэхэмжлэгчид заавал мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, нэхэмжлэгч энэ ажиллагаа явагдах хугацаанд хариуцагчийн зөрчил гэж үзсэн асуудлуудыг үгүйсгэж маргаж байгаа үндэслэлээ тайлбарлаж, өөрт байгаа холбогдох баримт, тайлбарыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан тул энэ гомдлоор маргаан бүхий актуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн улсын байцаагч нар хяналт шалгалтыг газар дээр нь хийгээд үүссэн нөхцөл байдлыг үндэслээд дүгнэлтээ гаргаснаас үзвэл “хяналт шалгалтын ажиллагаанд огт оролцуулаагүй, энэ талаар мэдээгүй” гэж гомдол гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй.

3.5. Автозамын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байхаар заасан бөгөөд “И Д И” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаар тушаалаар “Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто зам түр хугацаагаар эзэмших эрхтэй болсон, улмаар тус компани нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллах үүргийг хуулиар хүлээжээ. Харин “авто замын арчлалт” гэж авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинг хэвийн байлгах зорилгоор өдөр тутам хийгдэх ажил, үйлчилгээг ойлгох бөгөөд авто замын арчлалт, засварын ажлыг арчлалт, урсгал засвар, ээлжит засвар, их засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засвар зэрэг байдлаар хийдэг байна. Мөн Автозамын тухай хуулийн 23 дугаар зүйлд авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч байгууллага нь ямар чиг үүргийг хүлээх талаар тодорхой заажээ.

3.6.  Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам болон ачаа тээвэрлэлтийн нөхцөл, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, орон нутгийн иргэд, малчдын аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгаж, дүгнэлт гаргаж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/268 дугаар тушаалаар тус чиглэлд нүүрс тээвэрлэх явцад үүссэн байгаль орчны бохирдол, доройтол болон нутгийн иргэдийн тогтвортой амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгаа асуудлаар газар дээр нь хяналт-шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг баталсан, эдгээр ажлын хэсгийн дүгнэлтүүдийг шаардлага хангаагүй гэж үзэхээргүй байна.

140 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд “... “Эрдэнэс таван толгой” ХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 003/1852 дугаар албан бичгээр тус замаар тээвэрлэсэн талаарх жагсаалтыг ирүүлсэн боловч “И Д И” ХХК-ийн мэдээлэл тус жагсаалтад байхгүй, иймд нүүрс тээвэрлээгүй нь тогтоогдсон, ... 38-07-067-004/120 дугаартай дүгнэлтээр “И Д И” ХХК нь авто зам хариуцагчийн үүргээ биелүүлээгүй гэдгийг тогтоосон, яамтай зам хариуцагчийн гэрээ байгуулаагүй нь энэхүү хуулиар хүлээлгэсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, ... “И Д И” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, тайланг баталгаажуулсан авто замыг түр эзэмшүүлэх эрх олгосноос хойших хугацаанд яаманд ирүүлээгүй байна, уг асуудалтай холбогдуулан 10/4319 дүгээр албан бичгээр зам эзэмшигчийн хувьд, 2019, 2020 онд тухайн авто замд хийсэн ажлын гүйцэтгэлийн тайлан, мэдээ мэдээлэл, төсөв тооцоог санхүүгийн баталгаажсан баримт материалын хамт 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгээр хүргүүлээд байна” гэсэн, үүнтэй холбоотой баримтуудаа шүүхэд хуулийн шаардлага хангуулан ирүүлснээс үзвэл “хариуцагч шүүхийн шийдвэрт дурдсан асуудлуудыг бүрэн тодруулаагүй, шалгаж үзээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй. 

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...  тухайн үед нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалснаар тухайн замаар нүүрс тээвэрлэх зайлшгүй шаардлагатай байсан, ингээд “Б Т Х” ТББ-аас тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах, замыг арчлах, усалгаа хийх, хог хаягдлыг багасгах зэргээр олон таатай нөхцөлүүдийг санал болгосон тул гэрээ байгуулсан, гэрээ хийх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч С.Б нар төслийн ерөнхий менежерээр орж ирж байсан атлаа тус төрийн байгууллагын хийсэн ажлыг манай компани руу чихсэн гэж тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүй, нэхэмжлэгч компани зам арчлах үүрэг хүлээсэн атлаа энэ үүргээ биелүүлээгүй, ажлын даалгаврыг төрийн захиргааны байгууллага батлах үүрэгтэй, заавал зураг төсөл батлуулсны дараа норм, стандартын дагуу зам барьдаг, зам эзэмшинэ гэдэг нь замын аюулгүй байдлыг хангах, замыг арчлах үүргийг хүлээж байгаа, энэ үүргийг нь хүлээлгэхээ болиод эрхийг нь  цуцалж байхад яагаад эрх ашиг нь хөндөгдсөн гэж маргаад байгаа нь ойлгомжгүй байна, ... хөрөнгө оруулалт хийсэн, ажил гүйцэтгэлтэй холбоотой баримтууд манайд байсан бол нотлох баримтаар гаргаж өгөх байсан” гэж тайлбарласан.

3.8. Харин нэхэмжлэгчээс “... манай компани нийт 8,6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн, ... манайхаас 10/4319 дүгээр албан бичгийн хариуд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21/18 дугаар албан бичгээр холбогдох баримтуудыг яаманд хүргүүлж, хамтран ажиллах боломжтой болохоо илэрхийлсэн, ... яаманд гаргаж өгсөн 3 боть болон санхүүгийн баримтууд эх хувиар байхгүй” гэж тайлбарласныг үндэслэж нэхэмжлэгчийг хүлээсэн үүргээ биелүүлж ажил гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч хуульд зааснаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болохоо тайлбарлаж, энэхүү тайлбар, нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох, өөрт байгаа баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй, ийнхүү ирүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-т зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Шүүх гагцхүү хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргах тул энэ талаарх гомдолд дүгнэлт хийх боломжгүй бөгөөд хэрэв хариуцагч байгууллагад үүнтэй холбоотой баримтыг өгсөн бол нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагчаас гаргуулах” хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3.9.Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 227 дугаар тушаалаар “Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км улсын чанартай авто замыг түр хугацаагаар эзэмших эрхийг “И Д И” ХХК-д олгохдоо ямар нэгэн төсөл, сонгон шалгаруулалт явагдаагүйгээс гадна тус компани яамтай авто зам түр эзэмших тухай аливаа нэгэн гэрээ байгуулаагүй нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч компанид улсын чанартай авто замыг түр хугацаагаар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн, үйл ажиллагаа нь гэрээний дагуу явагдаж байсан гэж дүгнэх боломжгүй байна.   

3.10.Товчхондоо маргаан бүхий 38-07-067-004/120 дугаартай дүгнэлтэд зөрчил гэж үзсэн асуудлуудыг нэхэмжлэгчээс үгүйсгэж зам эзэмшигчийн үүргээ хуульд зааснаар хэрхэн биелүүлсэн талаар тодорхой нотлох баримтыг дурдаж маргаагүй, маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь ойлгомжгүй, уг актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаар үндэслэл бүхий тайлбарлаж чадахгүй байна.

4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 809 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “И Д И” ХХК-ийн өмгөөлөгч С.Цгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН