Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/05

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Д.Нямбат /томилолтоор/,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Г.Нямхүү /ШТЭД-0852/, М.Цэрэндэжид /ШТЭД-0578/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Л.Содбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн         дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,       оны       дүгээр сарын      -ны өдөр                     төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл     ,         хамт                         тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Ө овогт Гийн Д, /рд:               /.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1. Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр          тоот хашаанд байрлах нийтийн байрны    тоотод түр оршин суух иргэн Г.Дгийн гэрийн хаалганы цоожийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эвдэлж хууль бусаар нэвтэрч суурин компьютер хулгайлан бусдад 203.500 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр           тоот иргэн Б.Бийн гэрийн хаалганы цоожийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эвдэлж хууль бусаар нэвтэрч суурин компьютер хулгайлан бусдад 294.500 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр              эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай дугуй засварын газарт зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн цоожийг эвдэлж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан, бусдад 617 900 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр                 тоотод оршин суух иргэн Ч.Дын монгол гэрийн хаалганы цоожийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн эвдэж хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн “ТСЛ” маркийн зурагт хулгайлан, бусдад 300 000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр             тоотод оршин суух Ш.Эын Монгол гэрийн хаалгыг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн эвдэж хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт, мөнгөн гинж, кулон, ээмэг, бөгж, холигч, робот тоглоом зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад 260 000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр                  тоотод байрлах нийтийн байрны             тоотод оршин суух иргэн Я.Огийн гэрийн хаалганы цоожийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн эвдэж хууль бусаар нэвтрэн орж 1 ширхэг “Делл” маркийн нөүтбүүк хулгайлан, бусдад 600 000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө                           орон байранд хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн “Филипс” маркийн зурагт хулгайлан, бусдад 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө                       нэртэй хүнсний дэлгүүрийн арын амрах өрөөний цонхны хаалтыг эвдэж цонхоор хууль бусаар нэвтрэн орж кассын машинд байсан биет 1.100.000 төгрөг хулгайлан авсан,

9. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө                     нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлан 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө                     нутаг дэвсгэрт байрлах “Гар утас” худалдааны төвд нэвтэрч хохирогч О.Оийн 700.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хохирогч Т.Агийн бэлэн 225.000 төгрөг, 990.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан,

11. 2019 оны 08 дугаар сарын 26-ны шөнө                  дүүргийн          дугаар хорооны                     дүгээр байрны урд талд байрлах хаяг реклам, хэвлэх үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц.Тийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 1.470.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

12. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б хотхон 107 дугаар байрны орцонд иргэн Б.Сг түлхэж унагах, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж, улмаар түүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан,

13. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Бын            дугаартай гадаад паспортын ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 5/82 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа 1хх69, 70, 75-76, 81, 82-83, 3хх-ээс шүүгдэгчийн цагдан хоригдсон захирамжууд, 6хх1-6 хэргийг тусгаарласан тогтоол, шинээр гаргаж өгсөн баримтууд шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2/3850 дугаар албан бичгээр хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоосныг дурдах нь зүйтэй.  

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Г.Д:

Шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлийн хувьд Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх үйлдэл төгсөөгүй завдалт гэсэн үндэслэлээр, мөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар, дүгнэлт, мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Д нь дараах гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэлээ.

Нэг. Хулгайлах гэмт хэрэг.

            1.1. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б дүүргийн   тоот хашаанд байрлах нийтийн байрны 21 тоотод түр оршин суух иргэн Г.Дгийн гэрийн хаалганы цоожийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эвдэлж хууль бусаар нэвтэрч суурин компьютер хулгайлан бусдад 203.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

            - 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх4-7/, 

            - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /1хх8-9/,

            - Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд “...сэжигтэн этгээд нь саарал өнгийн ноосон малгайтай, хар өнгийн урт юүдэнтэй малгайтай өвлийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, саарал өнгийн гуталтай эрэгтэй хүний дүрс байх ба уг этгээд 05:55:44 цагт хоёр давхрын 21 тоот хаалганы цоожийг онгойлгон ... сэжигтэн этгээд нь зүүн сугандаа суурин компьютерын процессор болон гялгар ууттай эд зүйлс барьчихсан гарч буй...” дүрс бичигдсэн талаар дурджээ. /1хх15-16/,

            - Г.Дгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх17-19/,

            - 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор шүүгдэгч Г.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10 мм, 14 мм цагаан өнгийн металл түлхүүрүүдийг эд мөрийн баримтаар тооцжээ. /1хх23-27/

            - Хохирогч Г.Дгийн “...2019 оны 1 дүгээр сарын 12-ны оройн 22 цагийн үед гэрээсээ гараад найзындаа очиж хоносон юм. Өглөө 11 цагийн үед миний түрээслэн амьдардаг нийтийн байрны эмэгтэй залгаад танай өрөөнд хулгай орсон байна гэхээр нь би ирж өрөөгөө шалгахад компьютерын процессор, засварт өгч засуулах гэж байсан 2 ширхэг гар утас алга байсан юм... би өөрийн гэрээс алдагдсан Acer брэндийн процессор, хоёр ширхэг залгуур, хулганыг хамт хүлээн авсан...2 ширхэг гар утасны үнэ нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх35-36/,

            - Хөрөнгө үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн БЗ2-19-257 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд  “203.500 төгрөгөөр” эд зүйлийг үнэлжээ. /1хх42-44/,             

            - Г.Дгийн яллагдагчаар өгсөн “...цоожийг нь машины багажны түлхүүрээр хөшиж эвдэж ороод ур өрөөний ширээн дээр байсан процессор, дэлгэц, хулгана зэргийг нь аваад мөн уг өрөөнд байсан 2 ширхэг гар утсыг нь хулгайлан аваад гарсан...” гэсэн мэдүүлэг, /1хх62-63/,           

            1.2. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б дүүргийн  тоот иргэн Б.Бийн гэрийн хаалганы цоожийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эвдэлж хууль бусаар нэвтэрч суурин компьютер хулгайлан бусдад 294.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

            - Б.Бийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх99/,

            - Хохирогч Б.Бийн “...Би эхнэр Анхзаяагийн хамт Б дүүргийн     дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах      баарны хойно байрлах       сургуулийн нийтийн байранд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж амьдарч байгаа юм. Манай амьдардаг нийтийн байр нь баруун тийшээ харсан хоёр давхар тоосгон байшин байдаг ба би 3 тоот өрөөнд амьдардаг. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр эхнэр бид 2 өглөө 8 цагийн ажилдаа явдаг юм. Ингээд орой буюу 20 цагийн үед гэртээ ирэхэд манай амьдардаг байрны хаалганы цоожийг эвдлэн марк тодорхойгүй процессор алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх102-104/,

            - Гэрч Э. “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр ажлын долоо хоногийн эхний өдөр манай гэрт хулгай ороод суурин компьютерын процессор хулгайлаад явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа дахин хулгай ороод дэлгэц, хулгана зэрэг алдагдсан байсан. ...компьютерын дэлгэц нь хар өнгөтэй HASEE брэндийнх байсан харин процессорыг ямар брэндийнх гэдгийг нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх105/,

            - Хөрөнгө үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн БЗ2-19-254 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд алдагдсан эд зүйлсийг 294.500 төгрөгөөр үнэлжээ. /1хх110/,

            - Г.Дгийн яллагдагчаар өгсөн “...би хаалганы цоожийг нь машины багажийн түлхүүрээр эвдэж ортол уг өрөөний шалан дээр нь нэг суурин компьютер байхаар нь процессорыг нь аваад гарсан... айлаас хулгайлан авсан процессорын хардыг нь 25.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /1хх118/,  

            1.3. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Бийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай дугуй засварын газарт зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн цоожийг эвдэлж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан, бусдад 617 900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх122-126/,

            - Хохирогч Б.Бийн “...Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 427 дугаар худгийн хажууд байх дугуй засварын газарт ажилладаг юм. Би дугуй засварын эзнээс түүний дугуй засварт нь 2 хоног ажилласан орлогын мөнгийг дугуй засварын хүнд өгөөд 1 хоног ажиллаад өөрөө орлогоо авах зарчмаар цалинжаад явдаг юм. Би өчигдөр орой 20 цаг 30 минутын үед дугуй засварыг түгжээд явсан... ингээд л өнөөдөр өглөө 07 цаг 40 минутын үед дугуй засвар дээр ирэхэд хаалганд цоожилсон байсан 2 ширхэг хятад цагаан өнгийн цоожийг эвдээд дугуй засварт хулгай орсон байсан. 2 ширхэг төмөр таслагч, 1 ширхэг гагнуурын аппарат, 12 метр уртасгагч, 18 хэмжээтэй 2 ширхэг дугуйны обуд, 14 хэмжээтэй 4 ширхэг обуд, 15 хэмжээтэй 1 ширхэг обуд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 130-131/,

            - гэрч Т. “...манай хүү цагдаад баригдсаныхаа орой хулгай хийсэн гэж хэлсэн ба тухайн орой нь цагдаагийн алба хаагч нар миний хүүгийн түрээслэж байсан монелын гэрээс нь хулгай замаар олсон зурагт, таслагч, компьютер зэргийн нь хураан авсан...” гэсэн мэдүүлэг /1хх39/,

            - Хөрөнгө үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн БЗ2-19-260 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд гагнуурын аппарат 120.000 төгрөг, төмөр тасдагч 42.000 төгрөг, уртасгагч 15.900 төгрөг, гагнуурын аппарат 30.000 төгрөг, обуд 410.000 төгрөг, нийт 617.000 төгрөгөөр үнэлжээ. /1хх136/,

            - Шүүгдэгч Г.Дгийн яллагдагчаар өгсөн “...Би уг дугуй засварын газарт ороод орон доор нь байсан саарал өнгөтэй гагнуурын аппарат байхаар нь уг гагнуурын аппаратыг нь аваад машиныхаа багаж руу хийсэн. Мөн орны доод талын шүүгээн дотор байсан таслагчийг авсан, ширээн дээр байсан гар дриллыг авсан, хаалганы хажууд байсан 6 ширхэг хайлшин обуд зэргийг нь аваад машиндаа ачаад явсан...” гэсэн  мэдүүлэг /1хх149-150/,

            1.4. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах     тоотод оршин суух иргэн Ч.Дын монгол гэрийн хаалганы цоожийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн эвдэж хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн “ТСЛ” маркийн зурагт хулгайлан, бусдад 300 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх155-158/,

            - Мэдүүлгийг нь газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх160-161/,

            - Хохирогч Ч.Дын “...Б дүүргийн 23 дугаар хороо    тоот хашаанд ээж Т.Цэрмаа, ах Ч.Үүрцайхын хамт амьдардаг манай ээж Т.Цэрмаа өглөө 6 цагт гэрээсээ гараад ажилдаа явдаг ... би 2019 оны 01 сарын 14-ний өдөр 14 цаг болж байхад гэрийнхээ хаалгыг хятад улсад үйлдвэрлэгдсэн цоожоор цоожлоод 13 дугаар хороолол орчхоод орой 18 цаг болж байхад гэртээ ирээд гэрийнхээ хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгоод гэртээ ортол гэрийн хойно байсан хар өнгөтэй, 39 инчийн ТЛС маркийн өнгөт зурагт байхгүй гэрт хулгайч орсон юм шиг байхаар нь цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг /1хх164-165/,

            - Гэрч Г. “...Г.Д гэх хүн манай барьцаалан зээлдүүлэх газарт 39 инчийн TCL маркийн зурагт 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан, уг зурагт манай байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх168/,

- “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээнд алдагдсан зүйлийг 300.000 төгрөгөөр үнэлжээ./1хх175/,

            - Г.Дгийн яллагдагчаар өгсөн “...халаасанд байсан төмөр түлхүүрээр цоожийг нь хөшиж дарж онгойлгоод гэр дотроос ТСЛ маркийн хар өнгийн зурагтыг нь авч гараад ломбардад барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /1хх184/,           

            1.5. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баатархайрхан     тоотод оршин суух Ш.Эын Монгол гэрийн хаалгыг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн эвдэж хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн зурагт, мөнгөн гинж, кулон, ээмэг, бөгж, холигч, робот тоглоом зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад 260 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 5-8/,

- Хохирогч Ш.Эын “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө би гэрээсээ 11 цагийн орчимд гараад орой охины ажил тарахаар нь хамтдаа 21 цагийн орчим гэртээ ирэхэд үүдний амбаарыг түлхэж гэрээс зай гаргаж байгаад дотор хаалганы цоожийг эвдэн орж манай гэрээс 32 инчийн хятад улсад үйлдвэрлэгдсэн зурагт 1 ширхэг, мөнгөн хослол, хүүхдийн тоглоомон робот, холигч, хүүхдийн гахайн дотор байсан 30.000 төгрөг, газан плитка зэрэг эд зүйл алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /2хх19-20/,

- “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр зурагтыг 200.000 төгрөг, холигч 50.000 төгрөг, робот тоглоомыг 10.000 төгрөг нийт 260.000 төгрөгөөр үнэлж, мөнгөн гинж, кулон, ээмэг, бөгж зэргийг үнэлэх боломжгүй гэжээ. /2хх27/,

- Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд “хохирогч Ш.Эд “CHGYDZ” маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг” хүлээлгэн өгсөн тухай дурджээ. /2хх39-41/,

- Г.Дгийн яллагдагчаар өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /2хх34-36/,

            1.6. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт    тоотод байрлах нийтийн байрны     тоотод оршин суух иргэн Я.Огийн гэрийн хаалганы цоожийг зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэн эвдэж хууль бусаар нэвтрэн орж 1 ширхэг “Делл” маркийн нөүтбүүк хулгайлан, бусдад 600 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх60-64/,         - Хохирогч Я.Огийн “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б дүүргийн 12 дугаар хороо 533 тоот 41 өрөөнөөсөө гараад орой 21 цагийн үед гэртээ ирэхэд Делл ай-3 маркийн нөүтбүүк алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /2хх66-67/,

            - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх69-72/,

            - “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ хийсэн тайланд Dell I3 маркийн хэрэглэж байсан зөөврийн компьютерыг 600.000 төгрөгөөр үнэлжээ. /2хх74/,

            1.7. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Б дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 49-744-82 тоотод оршин суух иргэн Д.Анхтуяагийн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн “Филипс” маркийн зурагт хулгайлан, бусдад 700 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д. 2019 оны 5 дугаар сарын 09-нд цагдаагийн байгууллагад ханган гаргасан гомдол /2хх110/,

- Хохирогч Д. “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Б дүүргийн 9 дүгээр хороо    тоот гэрээ цоожлоод хөдөө Төв аймгийн Архуст сум руу явсан тэндээ хоноод маргааш хотод ирээд шууд ажил дээрээ ирсэн манай бэр Батцэцэг дүү Батболд гэр рүүгээ явсан тэгээд гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой байсан гэсэн очоод онгойлгох гэсэн чинь болохгүй байсан гэсэн тэгээд байж байгаад дахиад түлхүүрээ хийхэд онгойсон гэртээ ороод хартал хойморт байсан 40 инчийн Филипс брэндийн зурагт байхгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /2хх114-116/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2хх 122-126/

- “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн тайланд 40 инчийн Филипс брэндийн зурагтыг 800.000 төгрөгөөр үнэлжээ. /2хх 124-125/

- Г.Дгийн яллагдагчаар өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /2хх137/,

     1.8. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Б дүүргийн 8 дугаар хороо 70 дугаар байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг Э.Батцэцэгийн 222 нэртэй хүнсний дэлгүүрийн арын амрах өрөөний цонхны хаалтыг эвдэж цонхоор хууль бусаар нэвтрэн орж кассын машинд байсан биет 1.100.000 төгрөг хулгайлсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 192-199/,

- Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...2019.07.08, 03:25:44 цагт лангууны цаагуур цайвар өнгийн ханцуйгүй цамц, цайвар өнгийн өмд, цагаан бээлий өмссөн хүн тонгойсон байдалтай орж ирж байгааг харуулав. ...кассын машиныг онгойлгож байгаа, баруун гараараа мөнгө авч байгааг болон зүүн гарын гадна талд байх соёмбо мэт шивээсийг харуулав...” гэжээ. /2хх200-209/,

- Хохирогч Э. “...2019 оны 07-р сарын 07 шөнийн 00 цагийн үед БЗД-ийн 08 дугаар хороо    үйл ажиллагаа явуулдаг     нэртэй хүнсний дэлгүүрээ хааж яваад өнөөдөр өглөө буюу 07-р сарын 08 ний өглөө 08 цаг 50 минут гээд ирэхэд манай дэлгүүрийн арын хаалга онгорхой байхаар дэлгүүрээ нээж үзэхэд кассын машинд байсан бэлэн 1.100.000 байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх208-210/,

            - Шүүгдэгч Г.Д нь шүүх хуралдаанд гэмт хэргийг дангаар үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөн өөрийн зүүн гар дээр соёмбо хэлбэртэй шивээс байдаг талаар мэдүүлжээ.

            1.9. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М.Золзаяагийн    нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлан 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх9-13/,

            - М. гэрчээр өгсөн “...дэлгүүрийн гадна хаалганы цоожийг эвдэлж ороод кассны ширээний доор тависан байсан 900.000 орчим төгрөгийг хулгайлсан....” /4хх 14-15/,

            - Хохирогч М. “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны орой 23:10 цагийн орчимд Нарлаг нэртэй хүнсний дэлгүүрээ хаахдаа.. тухайн өдрийн орлого болох  нийт 850.000 төгрөгийг бэлнээр тоолж, цэнхэр өнгийн, хээтэй гадаргуу бүхий, дээгүүрээ цахилгаантай торгон түрийвчинд хийж үлдээсэн... түрүүвч доторх орлогын 850.000 төгрөг байхгүй байсан.. хяналтын камерыг маань унтарсан байсан байхаар нь цааш үргэлжлүүлэн шалгаж үзэхэд хяналтын камерын залгуурыг нь салгасан, мөн хард диск нь байхгүй байсан...би алдагдсан хард дискээ 300.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх20/

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайланд хяналтын камерын хард дискийг 260000 төгрөгөөр үнэлжээ. /4хх38-40/,

            1.10. 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө     дүүргийн    дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах    худалдааны төвд нэвтэрч хохирогч О.Оийн 700.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хохирогч Т.Агийн бэлэн 225.000 төгрөг, 990.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан болох нь:

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх51-56/,

            - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019 оны 7 дугаар сарын 14-ний 02:24:29 цагт дээгүүрээ цайвар өнгийн футболк, доогуураа бараан өнгийн өмд, пүүз өмссөн, зүүн гарын шууны гадна хэсэгт соёмбо хэлбэрийн дүрс бүхий шивээстэй, 18-25 орчим насны этгээдийн дүрс... 02:36:03 цагт хяналтын камер унтарсан бөгөөд өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэжээ. /4хх58/,

            - Хохирогч О.Оийн “...Би 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн үед манай ажлын Үнэнбаяр миний    гэсэн дугаар луу залгаад та хэдийн нэгэн ажил дээр ирсэн үү, хяналтын камерын утас салгачихсан байна, танай лангуун дээр ямар ямар гар утас байсан бэ? гэж асуухад ...тэр утаснууд чинь байхгүй байна. Хулгайч орчихсон юм шиг байна хүрээд ир гэж хэлсэн. ...би нөхрийн хамт ажил дээрээ очиход миний лангуун дээр байсан самсунг А-6, Оппо А-53, Ай фоне 6 маркийн гар утаснууд алга... Самсунг А-6 маркийн гар утсыг 300.000 төгрөг, Оппо А-53 маркийн гар утсыг 200.000 төгрөг, Ай фоне 6 маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр тус тус зарж байсан.. алдсан гар утаснуудаа тухайн үед өөрөө худалдаж байсан үнээр нь үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /4хх65-66/,

            - Хохирогч Т.Агийн “...би лангуу дээр байсан Huawei p-20 lite, Samsung A-7, S-6, S-5, хятад цаг нь гар утас алга болсон байсан тэгээд лангуун доор байсан түрүүвч нь дотор байсан 225.000 төгрөг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /4хх68-69/,

            - Т.Агийн гэрчээр өгсөн “...Миний лангуу зориулалтын өөрийнхөө цоожтой. Би сүүлд анзаарсан. Хаалгыг доош нь нугасаар нь дараад босоо цоожийг нь мултлаад  дотор талаас нь түрүүвчтэй мөнгийг хулгайлаад хаалганы цоожийг буцаагаад хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /4хх73-74/,

            - Гэрч Ц. “...миний өөрийн эзэмшлийн ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. Харин манай ажлын байранд лангуу түрээсэлж, гар утас худалдаалдаг хүмүүсийн лангуунаас эд зүйлс алдагдсан байсан ба тухайн хүмүүс алдагдсан эд зүйлсийнхээ талаар Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг /4хх78-79/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн тайланд хохирогч О.Оийн алдсан гар утаснуудыг нийтдээ 700.000 төгрөгөөр үнэлжээ. /4хх 82/

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн тайланд хохирогч Т.Агийн алдсан гар утаснуудыг нийтдээ 990.000 төгрөгөөр үнэлжээ. /4хх 85/

            1.11. 2019 оны 08 дугаар сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн    дугаар хорооны    дүгээр байрны урд талд байрлах хаяг реклам, хэвлэх үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц.Тийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч 1.470.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх116-119/,

- Хохирогч Ц.Тийн “..Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хадам дүүгийн хуримын ёслолд оролцоод явж байгаад маргааш 26-ны өглөөний 08 цагт ирэхэд манай байгууллагын хяналтын камерын бичлэг ажиллахгүй байсан. Тэгээд ажилдаа ороод хартал миний зөөврийн компьютер болон хяналтын камерын хард диск, миний өөрийн зөөврийн хард диск болон “man board” гэх зүйл алдсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /4хх122-124/,

- Гэрч Ц. “...гарахдаа хоёр цонхоо хааж түгжээд хаалгаа мөн маш сайн түгжиж шалгаад явсан.. кассын хэсгийн арын тавиур дээр байсан цүнхтэй нөүтбүүк, хяналтын камерын хард диск, хүүхдийн автомат скэйтбүүрд зэрэг алдагдсан байсан. Гэхдээ хаалганы түгжээ зүв зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /4хх125-126/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн тайланд Lenovo core i5 зөөврийн компьютер 700.000 төгрөг, хяналтын камерын хард диск 350.000 төгрөг, man board 170.000 төгрөг, зөөврийн хард диск 250.000 төгрөг нийтдээ 1.470.000 төгрөгөөр эд зүйлийг үнэлжээ. /4хх130/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас шүүгдэгч Г.Д нь нийтдээ 11 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Тодруулбал, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь энэхүү үйлдлүүдтэй маргаагүй бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, түүний тэмдэглэлд дурдсан шинж тэмдэг / өөрийн гар дээр соёмбо хэлбэрийн шивээс байдаг талаарх шүүгдэгчийн мэдүүлэг/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн амьдарч байсан газраас гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гарч ирсэн тухай гэрч Т.Буянтын мэдүүлэг /шүүгдэгчийн төрсөн эх/, барьцаалан зээлдүүлэх газар эрхлэн ажиллуулдаг гэрч Г. мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогджээ.

Мөн прокуророос шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах явуулах зорилготой орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, мөн нэвтрэхдээ өөрийн үйлдлийг хялбарчлах зорилгоор буюу цоож хөшиж онгойлгох зорилгоор багаж /түлхүүр/ ашигладаг байсныг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирчээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг байнга тогтворттой үйлдэж, өөрийн болон гэр бүлийн хүмүүсийн амьжиргааг залгуулах эх үүсгэвэр болгосон, шүүгдэгчийн амьдралын хэвшил болсон зан үйл болсон нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

2.1 Хохирогч Б.Сн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            - Хохирогч Б.Сгийн “...Би найз нарын хамт Сүхбаатарын талбайн урд байдаг    нэртэй  бааранд сууж байгаад 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн өглөө үүрээр 04 цагийн орчимд гарцгаасан. Би найз залуу Шажинбатыг гэрт нь хүргэж өгөхөөр таксинд суухад Шажинбат болон Мөнхтөрийн найз болох Давка гэх зүс мэдэх залуу Шажинбат бид хоёрыг дагаад таксинд суучихсан. Тэгээд Б дүүргийн     байрны гадаа ирэхэд Шажинбатыг таксинаас Давка буулгаж өгөхөд Шажинбатын ээж гарч ирээд Шажинбатыг аваад орсон ...Би Шажинбатын байрны гэрийн ойролцоо очоод зам дээр буугаад Шажинбатын байр луу гүйсэн чинь миний хойноос гүйж ирээд орц руу орж байхад шатан дээр миний хойноос түлхэж унагаасан. Тэгэхэд босож ирээд цахилгаан шатанд суугаад 11-н давхарт гараад Шажинбатын хаалгыг тогшиход хойноос минь Давка боосон би боолгуулаад ухаан балартаад намайг боосон чигээрээ чирээд яваад байсан тэгснээ намайг газар уначихсан байхад миний дээр гарчихсан гараараа хоолой боогоод намайг толгойгоороо хальт мөргөсөн. Тэр үед нь би авраарай аллаа гээд орилоход Шажинбатын гэрийн хаалга онгойж Шажинбатын ээж гэрээсээ гарж ирсэн...” гэсэн мэдүүлэг /3хх24-25/,

            - Гэрч Ш. “...Би тэр өдөр гэртээ шөнө унтаад байж байхад 04 цаг 30 минутын орчим  нэг залуу миний утас руу яриад Шажинбат согтуу байна гарч ирээд аваарай гэж хэлсэн тэгэхээр би байрны гадаа гарч ирэхэд Шажинбат согтуу нэг залуу түшиж авчир өгчхөөд буцаад яваад өгсөн. Би хүү Шажинбатыг дагуулж гэртээ ороод унтуулчхаад байж байхад 30 орчим минутын дараа Шажинбатын үерхдэг охин гэх охин утсаар яриад  Шажинбат хүний мөнгөөр архи авч уусан байна  гэсэн утгатай юм яриад утсаа тасалсан тэрнээс хойш 20 орчим минутын дараа  унтаж байхад коридорт эмэгтэй хүн муухай орилох дуу гарсан тэгэхээр нь би хаалгаа онгойлгоод коридор руу  харсан чинь С гэр рүү гүйгээд ороод ирсэн. С гэрт орж ирээд Шажинбатын өрөө рүү орчхоод буцаж гарч ирээд энэ залуу миний хүзүүнээс боож байгаад шатаар чирсэн гэж хэлээд тэр залуу руу уурлаад уйлаад байсан. Тэгсэн нөгөө залуу нь энэ балай хүүхэн миний дээр шээчихсэн гээд хэрэлдээд байгаад байсан. С Шажинбатын өрөө рүү орж гараад байсан тэгж байхад Шажинбат юу болоод байна гэж хэлээд босоод ирсэн тэгэхээр би зодоон болж магадгүй гэж бодоод нөгөө залууг яв гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /3хх26/,

            - Гэрч Б. “...Нэг мэдэхэд ээжээр сугадуулаад гэр рүүгээ орж байсан тэгээд гэртээ ороод унтаад байж байхад С намайг сэрээгээд бөөн юм болоод байхад унтаад байх юм гэж хэлж байсан. Тэгээд намайг босоод харахад С ямар ч гэсэн уйлчихсан хөлийн шилбэ хэсэг хөхөрчихсөн, хүзүү нь улайчихсан байдалтай байсан Давка намайг орцонд боогоод орцоор чирсэн, дээр гарч байгаад багалзуурдсан гэж хэлж байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа манай гэрт ирээд С бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг /3хх27/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8416 дугаар дүгнэлтэд “...Б.Сгийн биед хүзүүний зүүн хажуу гадаргуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт, баруун зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /3хх32/,

            Дээрх баримтуудаас шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ хохирогч Б.Сг түлхэж унагах, хоолойг боох зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Ш.Уранчимэг, Б.Шажинбат нарын мэдүүлэг, хохирогчийн биед шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу түүний үйлдлийн улмаас хохирогч Б.Сгийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 8416 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ маргаагүй бөгөөд шүүхээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Гурав. Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг

3.1. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 24 минут 54 секундээс 08 цаг 35 минут хүртэлх нийт 10 минутын бичлэг... 08 цаг 29 минут 20 секундэд Г.Д Монгол Улсын Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтын зорчигчийн баримт бичиг шалгах цэгт ирэн оочирт зогсож байгааг харуулав. 08 цаг 32 минут 03 секундэд Г.Д баримт бичгээ шалгуулахаар оочрын эхний эгнээнд зогсож байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /5хх53-57/,

- 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хяналтын камерын бичлэг, гадаад паспортыг эд мөрийн баримтаар тооцжээ. /5хх58/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Бын “...Би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хонг Конг нисэх ёстой байсан болохоор 2019 оны 06 дугаар сарын 14-ний орой Дархан-Уул аймгаас хотод ирээд Билэгжаргал эгчийн приус 11 маркийн машинд бичиг баримтаа үлдээчихсэн байсан чинь машинд нь хулгай ороод бичиг баримтаа алдчихсан юм. Хулгай орсон гэдгийг сүүлд мэдсэн. Бичиг баримтаа хаана тавьсан гэдгээ бас яг сайн санахгүй байсан болохоор энд тэнд тавьсан байж магадгүй гэж бодоод их хайсан. Машины хойд талын цонх онгорхой байсан гэж эгч надаа сүүлд хэлсэн. Машинаа камергүй газар тавьсан байсан. Өөр алдсан зүйл байгаа самсунг жи2, нокиа гэсэн 2 утас бас алга болсон. Цагдаад мэдэгдээгүй учир нь яг хулгайд алдсан гэдгийг мэдээгүй энд тэнд тавьсан байж магадгүй гэж бодоод хайгаад олдохгүй байсан. Би бичиг баримтаа хулгайд алдсан нь үнэн Г.Д гэх хүүхдийг огт танихгүй...” гэсэн мэдүүлэг, мөн түүний “...би гар утсаа шалгаж үзлээ, ажиллагаа бүх зүйл хэвийн байна. Гар утсыг минь олж өгсөнд  баярлалаа. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /5хх67-68/,

- Гэрч Д. “...Тухайн өдрийн 08 цаг өнгөрч байхад нэг залуу баримт бичгээ шалгуулахаар ирсэн. Тэгээд гадаад паспортыг аваад гадаад паспорт дээрх зургийг харан тухайн паспортыг авч явж байсан хүнтэй ижилсүүлж үзэхэд царай нь өөр байсан. Тэгээд түүнээс овог нэрийг нь асуухад Бат-Эрдэнийн Б гэж хэлсэн. Тэгээд төрсөн он сар өдрийг нь харсан чинь 2002 оны хүүхэд байхаар нь түүнээс энэ чиний паспорт биш байна, чи насанд хүрээгүй байна, хаашаа, хэнтэй явж байгаа юм бэ? гэж асуусан чинь “энэ миний паспорт мөн, чухал ажилтай Эрээн орох гэж явж байгаа юм” гэж хариулсан. Тэгэхлээр нь би “энэ таны паспорт биш байна, хэний паспортыг авч яваа юм бэ?” гэж асуусан чинь “миний гадаад паспорт мөн” гэж надад хэлэхээр нь түүнээс дахин “хэний паспорт юм бэ? Чи үнэнээ хэлээд яв” гэсэн чинь “энэ манай хамаатны хүүхдийн паспорт байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд түүнийг боомтын даргад хүлээлгэн өгч цааш ажлаа үргэлжлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5хх70-71/,

- Гэрч Б. “...Б.Б 6 дугаар сарын хэдэн билээ дээ өдрийг нь сайн санахгүй байна тэр өдөр Б.Б Хонк-Конг явах ёстой байсан. Б.Б бичиг баримт миний машины хойд талын суудал дээр үлдээсэн байсан юм байна лээ... тэгээд өглөө нь босоод машиндаа суухад хойд талын баруун талын цонх онгорхой байсан, тэрийг нь хараад би тухайн үед нь юм бодолгүй би онгорхой орхицон юм байхдаа гэж бодсон... цагдаад дуудлага өгөөгүй юм. Б.Б бичиг баримтаа яг хаана тавьснаа сайн санахгүй энд тэнд хайж баахан цаг алдсан. Яаж авсан гэдгийг бол мэдэхгүй хойд талын цонх онгорхой байсан гэдгийг л санаж байна...” гэх мэдүүлэг /5хх 72-73/

            - Гэрч Н. “...Сүмээс зардлыг нь даагаад гишүүдээ аяллаар явуулдаг....Б.Бат-Эрдэнэ, Б.Б нар нь    салбарын гишүүн нь байгаа юм... 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө утсаар яриад хүү Б.Бын гадаад паспортыг олохгүй байна, хаана үлдээсэн, яасан болохоо мэдэхгүй байна гэж ярьсан. .. Б.Б гадаад паспортаа олоогүй байсан учраас тэдний гэр бүлийг үлдээж, дараагийн аялалд оруулахаар ярьсан.. ингээд Б.Б, Б.Бат-Эрдэнэ нар нь гэр бүлээрээ 2019 оны 10 дугаар сард Филиппин рүү аялалд яваад ирсэн...” гэсэн мэдүүлэг /5хх74-76/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 3785 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Е2511997 дугаартай Бат-Эрдэнэ овогтой Б эзэмшигчтэй гадаад паспорт нь Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт байна... уг гадаад паспортад засвар ороогүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт  /5хх 83-84/

            - Мөн хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 3786 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн    гэсэн дугаартай,     регистрийн дугаартай BAT-ERDENE BAT-ORGIL-н гэх хүний цээж зурагт дүрслэгдсэн хүний нүүрний гадаад дүр төрх нь харьцуулах загвараар ирүүлсэн     регистрийн дугаартай Г овогтой Дгийн гэх гэрэл зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /5хх85-89/,

- 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /5хх132/, 

Дээрх баримтыг дүгнэн үзвэл шүүгдэгч Г.Д нь Б.Б эзэмшигчтэй     дугаартай Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг нэвтрэх гэж байхдаа хилийн эрх бүхий албан хаагч нарт саатуулагдсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: шүүгдэгчийн үйлдэл нь төгсөөгүй буюу Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхээр завдсан гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авч, хэргийн зүйлчлэлийг завдалт болгон хөнгөрүүлж шийдвэрлэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн объектив шинж нь хуурамч баримт бичиг ашиглан Монгол Улсын хилийг нэвтэрсэн үйлдэл байхыг шаарддаг.

Монгол улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын хил гэдгийг “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг ойлгохоор заасан.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтад “хилийн боомт” гэж улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх зориулалтаар төхөөрөмжилсөн, тусгайлан тогтоосон газрыг гэж зааснаас үзэхэд шүүгдэгч нь Монгол Улсын хилийг нэвтрээгүй байсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөлийн улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж үзэхээр заасан ба шүүгдэгч Г.Д нь боомтын шалгах хэсэгт саатуулагдсан тул гэмт үйлдэл төгсөөгүй, таслан зогсоогджээ.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасны дагуу шүүгдэгч Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас хохирогч Г.Дд “Acer брэндийн процессор, хоёр ширхэг залгуур, хулгана” хүлээлгэн өгсөн /1хх35-36/, хохирогч Б.Бт төмөр таслагч хүлээлгэн өгсөн /гэрч Т.Буянтын мэдүүлэг/, хохирогч Ч.Дт TCL маркийн зурагт хүлээлгэн өгсөн түүнд төлөх төлбөргүй /1хх176, 193/, хохирогч Ш.Эд “CHGYDZ” маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг хүлээлгэн өгсөн /2хх39-41/ нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчийн зүгээс яллах дүгнэлтэд дурдсан хохирлын дүнг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бөгөөд хавсралтад хохирогч Д.Анхтуяагийн хохирол 800.000 төгрөг байхыг 700.000 төгрөг гэж зөрүүтэй бичсэнийг залруулах нь зөв байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг тус тус зааснаар гэм буруутай этгээдээс хохирогч нарын эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх нь зөв байна.

Иймд шүүгдэгч Г.Дгээс нийт 8.001.400 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Г.Дд 86.000 төгрөг, хохирогч Б.Бид 294.500 төгрөг, хохирогч Б.Бт 575.900 төгрөг, хохирогч Ш.Эд 60.000 төгрөг, хохирогч Я.Од 600.000 төгрөг, хохирогч Д. 800.000 төгрөг, хохирогч Э. 1.100.000 төгрөг, хохирогч М. 1.100.000 төгрөг, хохирогч О.Од 700.000 төгрөг, хохирогч Т.Ад 1.215.000 төгрөг, хохирогч Ц.Төд 1.470.000 төгрөг тус тус олгуулж шийдвэрлэв.

Хохирогч Б.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.               

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Улсын яллагчаас шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулан, ялын нэмж нэгтгэх, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, бага насны 2 хүүхэдтэй, хүүхдүүдийн эх нь хаяад явсан хувийн байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал, дүгнэлтээ гаргасан.

Шүүгдэгч Г.Дгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, үйлдлийн тооны хувьд олон байх боловч түүний гэм буруугаа хүлээсэн, хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасны дагуу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Дгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хил хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт завдсан үйлдэлд 1 жил 4 сараас хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Дгийн гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, таслан зогсоогдсон байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Дд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зөв байна.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Бын     дугаартай паспорт 1 ширхгийг эзэмшигчид буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хилийн зөрчлийн хяналтын камерын бичлэг бүхий диск 1 ширхэг,     эд мөрийн баримт гэсэн диск 1 ширхэг, цагаан өнгийн диск 1 ширхэг, Sandisk 4gb зөөврийн флаш 1 ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, 2 ширхэг металл түлхүүр, бөөрөнхий хэлбэрийн бариултай отверка 1 ширхэг, шар өнгийн хар судалтай отверка 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.  

Шүүгдэгч Г.Дгийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног /2019.02.16-2019.02.18/, цагдан хоригдсон 26 хоног /2019.02.27-2019.03.25/, мөн 3 хоног /2019.08.30-2019.09.02/, мөн 425 /2019.10.25-2020.12.23/ нийт 456 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Прокуророос шүүгдэгч Г.Дг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан болгож хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

          2. Шүүгдэгч Гийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн,

          Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, 

          Мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.       

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Дд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хорих ялд шилжүүлэн тус тус нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дгийн цагдан хоригдсон 456 /дөрвөн тавин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч Г.Дгээс нийт 8.001.400 төгрөг гаргуулж, үүнээс хохирогч Г.Дд 86.000 төгрөг, хохирогч Б.Бид 294.500 төгрөг, хохирогч Б.Бт 575.900 төгрөг, хохирогч Ш.Эд 60.000 төгрөг, хохирогч Я.Од 600.000 төгрөг, хохирогч Д. 800.000 төгрөг, хохирогч Э. 1.100.000 төгрөг, хохирогч М. 1.100.000 төгрөг, хохирогч О.Од 700.000 төгрөг, хохирогч Т.Ад 1.215.000 төгрөг, хохирогч Ц.Төд 1.470.000 төгрөг тус тус олгуулсугай.

         8. Хохирогч Б.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Бын     дугаартай паспорт 1 ширхгийг эзэмшигчид буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хилийн зөрчлийн хяналтын камерын бичлэг бүхий диск 1 ширхэг,     эд мөрийн баримт гэсэн диск 1 ширхэг, цагаан өнгийн диск 1 ширхэг, Sandisk 4gb зөөврийн флаш 1 ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, 2 ширхэг металл түлхүүр, бөөрөнхий хэлбэрийн бариултай отверка 1 ширхэг, шар өнгийн хар судалтай отверка 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

              10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

         11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

             12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР