Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00000 0426 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 09 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “   ” супермаркетын баруун талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтад “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашиныг ...ашиглахыг хориглоно. Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1 Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн ...гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй,” гэсэн заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Toyota Prius” маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б. мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 469 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтууд, мөн 184 дугаар мөрдөгчийн магадалгаа /хх52/, гэрч П.Шүрэнцэцэгийн мэдүүлэг /хх29/, гэрч Ж.Моломжамцын мэдүүлэг /хх31/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримт зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Г.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1.  2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хх4-10/,

2.  Хохирогч Б. “...гэр рүүгээ алхаж харих гээд зам хөндлөн гарсан. Би зам хөндлөн гараахаасаа өмнө машин ойртон ирж яваа эсэхийг харахад Зүүн салааны эцсээс 1 машин уруудаад явж байхаар нь би би ухраад тэр машиныг өнгөрөөгөөд чигээрээ явтал ертөнцийн зүгээр урд талаас ...явсан машинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх21-23/,

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12092 дугаартай “...Б.Нарантуяагийн биед баруун умдаг, суудал ясны далд хугарал, тархи доргилт, баруун чамархай, дээд зовхи, хацар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хаван хавдартай, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх34-35/,

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...зорчих хэсгийн баруун талаас цагаан өнгийн хувцастай явган зорчигч гарч ирж байгаа харагдаж байна. ...20:09:53 цагт ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаа автомашин явган зорчигчийг мөргөж байгаа нь бичлэгт харагдаж байна...” гэсэн тэмдэглэл /хх15-19/,

5. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...Тоёота Приүс 20 маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн дүгнэлт /хх39-42/,

6. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 184 дугаар магадалгаанд “...Жолооч Гомбосүрэн овогтой Б /РД:  / нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй, гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...уг тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолооч урд замын үзэгдэх орчинд байгаа аюул саадыг бүрэн харах боломжгүй болох ба ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчийг зорчих хэсгийн тэн хагасыг нэвтрэн өнгөрч байх үед /хяналтын камерын бичлэгт тодорхой харагдаж байгаа/ тулж ирээд харсан гэж үзэх боломжтой байгаа учир осолд нөлөөлөх бүрэн боломжтой...явган зорчигч Баасанхүү овогтой Нарантуяа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр...зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх52/,  

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Г.Б:

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбараас шүүгдэгч Г.Б нь /жолоодох эрхийн үнэмлэх 2002.04.17-нд авсан/ 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 09 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Г.Б” супермаркетын баруун талын замд  “Тоёота Приус” маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч хохирогч Б.Нарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн магадалгаа, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Энэхүү ослын улмаас хохирогч Б. эрүүл мэндэд “...баруун умдаг, суудал ясны далд хугарал, тархи доргилт, баруун чамархай, дээд зовхи, хацар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хаван хавдартай, баруун чамархайд зулгаралт ...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 12092 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд Тээврийн цагдаагийн газрын мөрдөгч магадалгаа гаргасан байх бөгөөд түүнд “Жолооч Гомбосүрэн овогтой Б /РД:  / нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, ...ашиглахыг хориглоно: Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй, гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэж тодорхойлж, мөн энэхүү шаардлага хангахгүй гэрэлтүүлэгтэй явсан нь осол гарахад нөлөөлөх боломжтойг дурджээ.

            Шүүхээс шинжээчийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоон, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнийг үндэслэл бүхий дүгнэсэн нь байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл дээрх тохиолдолд шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж байх, мөн дүрмийн холбогдох заалтыг баримтлан анхаарал болгоомжтой зорчих үүргээ хангалттай биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргажээ.

Иймд шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул улсын яллагчийн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Нарантуяад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 235.000 төгрөг төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан 320.750 төгрөгийн хохирол баримтаар нэхэмжилснээс үлдэгдэл 85.750 төгрөгийн үлдэгдэл байгаа талаар хэрэгт авагдсан баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 85.750 төгрөг гаргуулж хохирогч Б. олгуулж шийдвэрлэв.

Мөн хохирогч нь гэм хортой холбоотой буюу цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Г.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, холбогдсон хэргийн хувьд хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдаж, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг 6 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 85.750 /наян таван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Б. олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР