Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/363

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Г-т холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ****** оны 08 дугаар сарын 30-ны өдөр **********хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачааны машин барьдаг гэх, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт **************** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо **************************** тоотод түр оршин суух,

-Урьд Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн в, 169 дүгээр зүйлийн в дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Улаанбаатар хотын шүүхийн 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн в ангид зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 168 дугаар зүйлийн в ангид зааснаар нутаг зааж суулгахгүйгээр түүний хувь ноогдох хөрөнгөнөөс 50 төгрөг хурааж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 155 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 274 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсэн,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б-ийн Г /РД: ***************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт болон Хэнтий аймгийн Хэрлэн суманд байсан хохирогч А.С-д “жолооны курсийн эрх сэргээлгэнэ” гэж хуурч нийт 4 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 300.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөгийг Хаан банкны *********** дугаарын данснуудаар нийт 1.300.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хонины ууцыг залилан авч нийт 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч А.С-гийн:       

“...Би Хэнтий аймагт жолооны курс ажилдуулдаг бөгөөд манай жолооны курст жолоодох эрхээ хасуулсан хүмүүсийн эрхийг сургалтыг явуулж байгаад 2019 онд шинээр журам батлагдсаны дагуу манай жолооны курс эрх сэргээх сургалт явуулах эрхгүй болчихсон учраас эрх олж авахаар хүмүүсээс асууж сурч байтал манай аймгийн замын цагдаа байсан Ц гэх хүнтэй холбогдоод би жолооны сургалтын эрхээ нээмээр байна гэж хэлэхэд надад Г гэх хүний утасны дугаарыг өгсөн юм. Тэгээд тэр хүнтэй утсаар холбогдоход Улаанбаатар хотод ирээд уулзах юм бол болно гэж хэлсэн. Тэгээд би хот орохдоо тухайн Г гэх хүнтэй Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “G” дэлгүүр дээр очиж уулзахад учир байдлынхаа талаар хэлж тайлбарлаад эрхээ нээлгүүлмээр байна гэж хэлэхэд би найдвартай гаргаад өгчихнө, удаахгүй гэж хэлээд надаас урьдчилгаа 300.000 төгрөг нэхэхээр нь би өөрийн гар утаснаас мобайл банкаар Хаан банкны */*********** дугаарын данс руу шилжүүлсэн юм. Тэгээд түүнээс хойш 2019 оны 01 дүгээр 14-ний өдөр 300.000 төгрөгийг Хэнтий аймагт байхдаа Хаан банкны ************* дугаарын данс руу, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөгийг Хэнтий аймагт байхдаа Хаан банкны ************ дугаарын данс руу, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорооллын 1000 нэрийн дэлгүүрт явж байхдаа 200.000 төгрөгийг Хаан банкны ********** дугаарын данс руу тус тус шилжүүлсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймаг дах гэртээ ирэхэд надад цагаан сараар хэрэглэх ууц хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би Хэнтий аймгаас 250.000 төгрөгийн ууцыг машинд дайж өгч явуулсан. Би лицензийн төвд ажилдаг хүнийг таньдаг тэр хүнээрээ дамжуулаад ажлыг чинь бүтээгээд өгчихнө. Би тэр хүнтэйгээ холбогдсон найдвартай гаргаад өгчихнө 1.500.000 төгрөг өгчих гэж хэлж байсан юм. ...Би Г, А гэх хүнийг таньж мэдэхгүй. Г надтай утсаар яриад Бүртгэл хяналтын төвд ажилладаг таны юмыг хөөцөлдөж байгаа хүн гэж надад ойлгуулаад А гэх хүний дансанд 300.000 төгрөг хийлгэсэн. Миний хохирлыг барагдуулсан тул гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 30-32, 35-36/

2. Хохирогч А.С-гийн Хаан банкны ********** дугаарын дансны хуулга /хх 23-26/

3. Гэрч Б.Г-ын:

“...Миний ах Г автомашин угаалгын газар ажиллуулдаг бөгөөд чиний дансанд мөнгө хийгээд авчихмаар байна гэж хэлээд авсан тохиолдол байдаг...” гэсэн мэдүүлэг /хх 41-42/,

4. Гэрч Ж.Ц-ын:

“...Би 2018 онд Тээврийн цагдаагийн албанд эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг байсан. Над дээр Г овогтой Г нь тээврийн хэрэгсэлтэй явж байгаад бусдыг мөргөчхөөд хэргийн газраасаа зугтаагаар шалгагдаж байсан ба тухайн үед Б.Г нь өөрийн хүүхдийг дагаад цагдаагийн байгууллага дээр байнга ирдэг байсан юм. Тэгээд Г нь над дээр ирчихсэн байж байх үед миний хуурай эгч С над дээр ирээд жолооны эрхийн үнэмлэхийн талаар асуух үед Г надад таньдаг хүн байгаа гэх мэт зүйлс яриад байсан ба тэр үед С эгчтэй уулзалдсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 52/,

5. “Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний хонины ууцны бодит үнийг 220.000 төгрөгөөр тодорхойлов гэсэн тайлан /хх 60-62/,

6. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 04 дүгээр сарны 05-ны өдрийн ******* дугаартай албан бичиг /хх 203/,

7. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам /хх 205-219/ болон шүүгдэгч Б.Г-ын хувийн байдал түүний эрүүл мэндтэй холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Г нь хуурч хохирогч А.С-гаас 5 удаагийн үйлдлээр нийт 1.520.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б.Г нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.   

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Г-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Г нь: Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт болон Хэнтий аймгийн Хэрлэн суманд байсан хохирогч А.С-д “жолооны курсийн эрх сэргээлгэнэ” гэж хуурч нийт 4 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 300.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөгийг Хаан банкны ************* дугаарын данснуудаар нийт 1.300.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хонины ууцыг залилан авч нийт 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч А.С-гийн “...Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалт явуулах эрх авч өгнө гэж надаас мөнгө цувуулж авч байсан.  

Мөн Б.Г гэх хүн надтай утсаар яриад “цагаан сар” болох гэж байна та надад охины ууц явуулаач хонины ууцныхаа мөнгийг эрх сэргээхэд өгөх мөнгөндөө оруулаад тооцчих гэж гуйсан юм. Тэгээд би 1 ширхэг хонины ууц унаанд тавьж явуулсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч А.С-гийн Хаан банкны *********** дугаарын дансны хуулга,

- Гэрч Б.Г-ын “...Миний ах Г автомашин угаалгын газар ажиллуулдаг бөгөөд чиний дансанд мөнгө хийгээд авчихмаар байна гэж хэлээд авсан тохиолдол байдаг...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ж.Ц-ын “...Би 2018 онд Тээврийн цагдаагийн албанд эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг байсан. Над дээр Г овогтой Г нь тээврийн хэрэгсэлтэй явж байгаад бусдыг мөргөчхөөд хэргийн газраасаа зугтаагаар шалгагдаж байсан ба тухайн үед Б.Г нь өөрийн хүүхдийг дагаад цагдаагийн байгууллага дээр байнга ирдэг байсан юм. Тэгээд Г нь над дээр ирчихсэн байж байх үед миний хуурай эгч С над дээр ирээд жолооны эрхийн үнэмлэхийн талаар асуух үед Г надад таньдаг хүн байгаа гэх мэт зүйлс яриад байсан ба тэр үед С эгчтэй уулзалдсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,

- “Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний хонины ууцны бодит үнийг 220.000 төгрөгөөр тодорхойлов гэсэн тайлан,

- Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 04 дүгээр сарны 05-ны өдрийн ******** дугаартай албан бичиг,

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ. Шүүгдэгч Б.Г нь хуурч, үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилан мэхэлж байгаа нь шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Г нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалт явуулах эрх авч өгнө” гэж хуурч, үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан байна. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч А.С-д 1.520.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Г нь мөрдөн байцаалтын шатанд 1.520.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч А.С нь гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б.Г нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Мөн түүний хувийн байдал буюу эрүүл мэндийн хувьд чихрийн шижин болон зүрхний өвчтэй эмнэлгийн хяналтад байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 5 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг хуурч, үргэлжилсэн үйлдлээр  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож түүнд оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Б.Г-ын биечлэн эдлэх ялыг 304 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэх, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба, шүүгдэгч Б.Г нь урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байсан нөхцөл байдал байгаа тул түүнд дээрх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Мөн улсын яллагчаас “шүүгдэгч Б.Г-т 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлаас гадна цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын халдвар өндөр, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн зэргийг харгалзан шүүгдэгчид заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэсэн. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг хуульчилсан байдаг ба энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн зохицуулалтад дээрх нөхцөл байдал нийцнэ.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч А.С-гаас нийт 5 удаагийн үйлдлээр 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд сүүлийн үйлдэл буюу хохирогчийг Хэнтий аймагт байхад “цагаан сар болох гэж байна та надад хонины ууц явуулаач” гэж 220.000 төгрөгийн үнэтэй хонины ууцыг залилсан бөгөөд энэ нөхцөл байдал нь шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн ба талууд хэргийн харьяаллын талаар маргаагүй бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхөөргүй байна гэж шүүх үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож түүнд оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Б.Г-ын биечлэн эдлэх ялыг 304 /гурван зуун дөрвөн/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ