Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0063/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                             Д.Ч

Шүүгдэгч                                   Б.Т  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хо хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бо овгийн Б Т холбогдох 2039004180244 дугаартай хэргийг 2021 оны 03 сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, Трансгет ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо дэнж 1-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял  шийтгүүлж байгаагүй, Б овгийн Б Т  /РД:УГ87090718/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Б.Т  нь  2020 оны  09 дүгээр  сарын 04-ний өдөр  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хийморь 13” амралтын газарт иргэн Г.Ун нүүрэн тус газарт цохисны улмаас Т.У биед үүдэн гурван шүдний хугарал гэмтэл үүсч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Т.У өгсөн:..Манайх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багт 13-н овоо гэх газарт оршин суудаг. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай гэрийн ойролцоо байдаг Хийморь гэх нэртэй амралтын газарт очсон. Тухайн амралтын газрын захирал нэг гэрт 2 залуутай цуг сууж байсан. Би тэр 2 залууг  би сайн мэдэхгүй. Нэг залуу нь  нөгөө захирал эмэгтэйтэй архи ууж байхаар нь би явж ороод хамт архи уусан. Тэр газарт би очихоосоо өмнө  архи уусан очсон. Тэгээд танилцаад цуг сууж Соёрхол гэх нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи уусан. Цуг уусан хүмүүсийг маань Жавхлан, Гэрэлмаа гэх нэртэй хүмүүс байсан. Тэгээд би сайн санахгүй байна. Гэнэт намайг гэрт байсан залуу намайг цохих шиг болсон. Тэгээд миний доод хэсгийн үүдэн 3 шүд унасан. Тэр залуу намайг гараараа цохих шиг болсон....Миний үүдэн 3 шүдийг Б.Т нь цохиж унагасан. Харин баруун нүдний зовхинд цус хурсан  гэмтлийг би өөрөө 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр буюу хэрэг учрал болохын өмнө өдөр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрөө хаалганд цохиулж гэмтсэн юм...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуу/

Гэрч Ч.Бн өгсөн:...Бид нар тухайн үед буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг 13 нэртэй амралтын газарт амарч байсан юм л даа. Тэр үед гаднаас Уламбаяр гэх хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн согтуу ирсэн. Тэгээд Уламбаяр надад шалтгаангүйгээр агсам согтуу тавиад намайг зодох гээд дайраад байхад бид 2-н голоор Т ах орж У болиулах гэсэн боловч У нь эргээд Т ахтай муудаад  Т ахыг бие рүү нь цохиод байхаар нь Т ах уурлаад У нүүр лүү нь буюу уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь амнаас цус гараад Уламбаярын шүд нь унасан ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

Гэрч Л.Г өгсөн:...2020 оны 09 дүгээр сард шиг санаж байна. Дэлгэрхаан сумын амралтан дээр байж байхад У айлд архи уугаад гээд согтуу ирсэн. Тэгээд У нь агсам согтуу тавиад Б муудаад зодох гээд дайраад байхаар Т тэр 2-н голоор нь ороод салгах гэсэн чинь У Т муудалцаад Түмэн-Учралыг цохисон чинь Т эргүүлээд Уламбаярын нүүр лүү шүднийх нь ойролцоо гараа 1 удаа цохисон чинь Уламбаярын амнаас нь цус гараад шүд нь унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Гэрч  Г.О өгсөн:...Тухайн үед бид Дэлгэрхаан сумын 13 нэртэй амралтан дээр  амарч байхад гаднаас У согтуу орж ирсэн. Ингээд У согтуу Б агсам тавиад зодох гээд дайраад байхаар Т У болиулах гэсэн У эргээд Т маргалдаад агсам тавиад хэд хэд цохихоор нь Т Уламбаярыг зөрүүлээд гараараа нэг удаа нүүрэнд нь цохисон чинь У шүд нь унасан. Би тухайн үед хажууд нь байсан бөгөөд Т эрүүл У согтуу маяглаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний   өдрийн 561 дугаартай дүгнэлт:

1. Т.У биед үүдэн гурван шүдний хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой.

4. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулна. гэх дүгнэлт  / хх-ийн 22-23 хуу /

Яллагдагч Б.Т өгсөн:... Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шиг санаж байна архи, согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвд иргэн Т.У  харилцан зодолдож биед хөнгөн хохирол санаатай учруулсан.  Ийм л асуудал болсон. Уг гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна...Би  тухайн үед Уэрүү хэсэгт нь ганц л удаа цохисон. Харин баруун  нүдэнд нь цохисон асуудал огт байхгүй. Би тухайн үед анзаараагүй. Би Уламбаяртай холбогдож хохирол гомдолгүй болгоно гэдгээ хэлсэн. Мөн Т.У ч зөвшөөрсөн цар тахал гээд нааш цаашаа явж чадахгүй байгаад байгаа юм л даа. Тухайн үед эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-34 хуу/

Б.Т иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 35 хуу/

Б.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 65, 66 хуу/

Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирогч Т.У бичсэн гэх “ Б.Т гомдолгүй” тухай тодорхойлолт / хх-ийн 99 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Б.Т нь  2020 оны  09 дүгээр  сарын 04-ний өдөр  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хийморь 13” нэртэй амралтын газарт хохирогч Т.У маргалдан нүүрэнд нь цохиж  үүдэн гурван шүдний хугарал бүхий гэмтэл учруулсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Т.У, гэрч Г.О, гэрч Л.Г, гэрч Ч.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч  Т.У  биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулж,  энгийн хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Б.Т үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 Мөрдөн байцаалтын үед  мэдүүлэг өгөхдөө хохирогч Т.У нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гомдолгүй тухай тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч Б.Т бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Т нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ