Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0085/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                    Ж.Б

Шүүгдэгч                                                             Б.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийн нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н холбогдох 2139000380104 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуулаач мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бсумын 4 дүгээр баг, Б гэх газар /Нийслэлийн Налайх дүүрэг, 4 дүгээр баг, Нисэхийн 37-11 тоотод түр оршин суудаг/ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж, Т овгийн Б Н /РД: СА95123117/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар

Яллагдагч Б.Н нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан өөрийн фэйсбүүк хаягаа Б Ж болгон өөрчилж Хэнтий аймгийн Б сумын харьяат М.Г фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт явуулан 4 тооны бяруу зарна, очоод авчих, урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон М.Г 500.000 төгрөгийг Хаан банкны  5749846773 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Хохирогч  М.Г өгсөн:...Би 2020 оны 12 дугаа сарын 22-ны өдөр гэртэй байж байгаад гар утсаараа фэйсбүүк ортол миний М Г гэх фэйсбүүк хаяганд Б Ж гэх фэйсбүүк хаягаас над руу найзын хүсэлт илгээсэн байхаар нь найзаар авсан. Гэтэл удаагүй тухайн хаягаас над руу "сайн байна уу, ах та бяруу авч байгаа юм уу? Манайх 4 тооны бяруу зарах гэж байгаа юм" гэсэн чат мессеж ирүүлсэн би хариуд нь "авна" гэж бичсэн чинь "та тэгвэл маргааш, нөгөөдрөөс манай хөдөө гэрээс очоод бяруугаа авчих уу" гэж чат бичсэн, тэгэхээр нь "тэгье" гэсэн чинь над руу "урьдчилгаа мөнгө авч болох уу" гэж чат бичиж асуухаар нь "болно, танайх хаагуур өвөлжиж байгаа вэ" гэж асуусан чинь "манайх Бэрхийн ууланд байгаа" гэж хэлээд  5749846773 гэсэн Г.Б гэх манай найзын дансны дугаар 500.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би тухайн дансанд нь 500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн төв явах  болоод замаараа Бэрхийн уулаар дайраад Ж аав Б гэх айлд  очоод "танай хүү надаас 500.000 төгрөг аваад, оронд нь бяруу аваарай гэж чат мессеж бичсэн, тэр бяруугаа авъя" гэсэн чинь Б хэлэхдээ манай хүү хүнээс мөнгө авах ёсгүй дээ, саяхан мал борлуулсан мөнгөтэй байгаа даа гэж хэлсэн. Тэгэхээр нь та тэгвэл хүүтэйгээ утсаар холбогдоод яриад үз дээ гэхэд Б хүүтэйгээ утсаар яриад хүнээс мөнгө зээлээгүй гэж хэлж байна гэсэн. Би тэрнээс хойш Б.Ж уулзаагүй учраас би залилуулчихлаа гэдгээ мэдсэн. Б.Ж гэх фэйсбүүк хаяг руу нь орсон чинь миний уулзсан хүний хүүхдийн зураг байхаар нь би итгээд мөнгө шилжүүлсэн боловч бусдад залилуулсан байна. Миний мэдэхээр Б сумын Б ууланд бол Б Ж гэж ганц л хүн байгаа. Өөр хүн байхгүй... Өмнө надаас Б.Н гэх хүн 150.000 төгрөг аваад мөн бяруу өгнө гээд бяруугаа өгөлгүй алга болсон Б.Н нь Б.Ж садан төрлийн холбоотой хүн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Гэрч Д.Б өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт оршин суудаг, сумын ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай. Намайг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байтал манай  нөхөр М.Г над руу залгаад хүнээс бяруу худалдаж авахаар боллоо урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гээд надад 5749846773 гэсэн дансны дугаар өгсөн. Надад өгсөн данс руу нь би тухайн үед өөрийн гар утсаараа мобайл банк ашиглан шилжүүлсэн. Ингээд нилээд хэд хоногийн дараа хүнд залилуулсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/

Гэрч Г.Б өгсөн:...Миний дансанд шилжиж орсон мөнгийг би сайн санаж байна. Би өөрөө хувиараа өөрийн эзэмшлийн 0000 УБА гэсэн саарал өнгийн Приус-20 маркийн автомашинаар Налайх дүүрэг дотор таксинд явдаг юм. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр гадаа маш хүйтэн өдөр байсан ба тухайн өдөр би таксинд явж байсан чинь орой 20 цагийн орчимд Налайх дүүргийн Нисэх гэх хорооны гудамжны үзүүрээс цайвар өнгийн куртиктай, улаан өнгийн алчуураар толгойгоо боосон 160 орчим см өндөртэй, 30 орчим насны эрэгтэй гар өргөхөөр  би зогсоод явсан.  Тэр хүн машинд суугаад надтай хамт хэсэг хугацаанд явсан, тэгэхдээ утсаа оролдоод яваад байсан. Тэгэхээр нь би ямар учиртай юм бол гээд жоохон яриа гаргаж ярьж эхэлсэн тэгэхэд  тэр эрэгтэй өөрийгөө Хэнтий аймгийн Батноров сумын гаралтай Нямаа гэдэг хүн, гэр маань мах шөлгүй болоод байна хөдөөнөөс аав, ээж хоёр маань над руу мөнгө явуулах гэж байгаа юмаа, тэгээд би өөрөө банкны картгүй байна, та банкны карттай бол ашиглуулаач гэсэн. Тэгэхээр нь би элдэв юм бодолгүй болно болно гэсэн чинь та дансны дугаараа өгчих гэхээр нь би өөрийн ашиглаж байгаа хаан банкны 5749846773 тоот дансны дугаарыг  ноорог дэвтэр дээрээсээ харж байгаад хэлж өгсөн. Тэгээд бид хоёр замд явж байтал миний дансанд 500.000 төгрөг орсон гэх  мэдээлэл утсанд маань ирсэн тэгэхээр нь би тэр хүүхдэд мөнгө орох шиг болсон шүү гэж хэлэхэд тэр хүүхэд аан за та виза картаа өгч байгаач гээд Н төвд байрлах Төрийн банкны бэлэн мөнгөний машин /АТМ/-ын хажууд буугаад дотогш ороод эргэж гарч ирээд  машинд суугаад төрийн банкнаас хойш байдаг Соёлын ордны харалдаа буугаад надад таксины 5.000 төгрөг өгөөд буугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн  24-25 хуу/

Гэрч Э.Б өгсөн:...Би Б Н гэх хүнийг танина багаасаа хамт нэг сургуульд сурдаг сайн найз минь байгаа юм. Хамт найзалж нөхөрлөөд 15 жил болж байна. Б Н гэх хүн нь 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн. 2003 онд Хэнтий аймгийн Батноров сумын  ерөнхий боловсролын дунд сургуульд анх суралцаж  эхэлсэн. Б Н гэх хүн дуу гоё дуулдаг ямар нэгэн арга хэмжээг хөтлөх чавдартай, хамт олондоо хүндлэл хүлээсэн хүн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуу/

Яллагдагч Б.Н өгсөн:...Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэг нисэхийн 37-11 тоот гэртэй фэйсбүүк ухаж сууж байгаад М Гг гэдэг хүн фэйсбуук хаягтай хүн бяруу авна гээд зар тавьчихсан байхаар нь өөрийн фэйсбүүк хаягийн нэрийг өөрчилж “Б Ж” болгож “М Г” гэдэг фэйсбүүк хаягтай хүн рүү 3 бяруу авах уу гэж чат бичихэд өөдөөс авна гэхээр нь та эхлээд урьдчилгаа 500.000 төгрөг өгч болох уу 7 хоногоос бярууг нь өгье гэж хэлхэд  за тэг тэг гэж хэлээд дансаа явуул гэсэн. Би 21 цагийн орчимд  гэрээс гарч дэлгүүр хаахаас өмнө мах, мод түлээ авах гээд таксинд суугаад явж байтал Г ах мөнгө бүтчихлээ дансаа гэхээр нь таксины жолоочоос виза картын гуйгаад жолоочын дансыг Г гэдэг хүн рүү явуулсан тэгээд таксины жолоочын данс руу 30-40 минутын дараа орохоор  нь би уг нь мөнгийг Налайх дүүргийн Төрийн банкны төв АТМ-нээс авсан...Би Г ахад 500.000 төгрөгийг дансаар нь шилжүүлж хохирлоо барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуу/

Г.Б ХААН банкин дахь дансанд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5936043944 дугаарын данснаас “Г” гэх гүйлгээний утгаар 500.000 төгрөгийн орлого орж 8 минутын дараа 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /36 хуу/

Б.Н иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 52 хуу/

Б.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 91, 92, 93 хуу/

Яллагдагч Б.Н гаргасан “миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 90 хуу/

Б.Н нь 59000000 дугаарын дансанд “uuchilaarai zorigoo ah” гэсэн гүйлгээний утгаар 500.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 102 хуу/

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Н нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягийн нэрээ Б Ж болгон өөрчилж Хэнтий аймгийн Батноров сумын иргэн М.Г месенжер чатаар харилцан  3 тооны бяруу зарна гэж итгүүлэн 500.000 төгрөгийг Г.Б Хаан банкин дахь  5700000000 тоот дансанд шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч М.Г гэрч Г.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч  нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.   

            Иймд шүүгдэгч Б.Нзалилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн буюу буюу  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй  байна.

 

Аймгийн Прокурорын газраас Б.Н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 90 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 95 хуу/ гарган хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Б.Н хүлээн зөвшөөрч /хх-ийн  96 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,   учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Н нь  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 500.000 төгрөгийг төлсөн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  дүгнэв.

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Т овгийн Б Н залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасыг журамлан шүүгдэгч Б.Н хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ