Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2018/01804/И |
Дугаар | 001/ХТ2019/00346 |
Огноо | 2019-03-14 |
Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2019/00346
Ж.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2191 дугаар магадлалтай,
Ж.Б-ын нэхэмжлэлтэй
НШШГГ-т холбогдох,
Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сэлэнгэ Эстимейт ХХК-ийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгана гэж заасныг зөрчсөн. Тус компани үнэлгээний тайландаа 4700 гаран барилгатай харьцуулж дүгнэлт гаргасан мэтээр бичсэн. Ийм чанартай материалаар, ингэж босгосон байна гэж дүгнээгүй. Нэг айл нь гэхэд 300 м.кв бүхий 24 айлын орон сууцыг тухайн үеийн барилгын жишиг үнээр үнэлгээг гаргаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Тооцоолол огт хийгдээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь үнэлгээний тайланг харахаар үнэлгээний ном дүрмийн дагуу гарсан мэт харагдаж байх хэдий ч үнэлгээг нэг бүрчлэн судлаад үзэхээр орлогын, зах зээлийн, харьцуулсан гээд өртгийн зах зээлийн хандлагууд нь стандартын дагуу гараагүй байсан. Үнэлгээ хийсэн объектоо бусад объекттой харьцуулж жишиж үзээгүй. Олон улсын үнэлгээний 300 стандарт нь үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг үнэлэхэд баримталдаг стандартыг баримталсан тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг Олон улсын хөрөнгийн үнэлгээний стандартын дагуу хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Тухайн эд хөрөнгийг босгохдоо хичнээн төгрөг зарцуулсан гэдгийг анхаараагүй, энэ хөрөнгөнд төлбөр төлөгчийн оруулсан хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа тул үнэлгээг стандартын дагуу дахин хийлгүүлэх хүсэлтэй байна. Иймд энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Үнэлгээний тайланг мэргэжлийн эрх бүхий хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулаад Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад хуулийн хүрээнд хийсэн. Тухайн 24 айлын орон сууцнаас нэг ч айлын орон сууц худалдагдаагүй. Тухайн үед Ж.Б- хоёр орон сууцаа чөлөөлүүлж аваад м2-ыг нь 2.500.000 төгрөгөөр худалдсан боловч өнөөдөр тэр орон сууцанд хүн амьдрах аргагүй болоод буцаагаад зарах гэхэд зарагдахгүй, Ремакс гэх хуулийн этгээд 12 орон сууцыг нь 1.800.000 төгрөгөөр зарах гээд зарж чадахгүй байгаа. Уг барилгыг стандартын дагуу ашиглалтад оруулаагүй байсан. Хүн амьдрах боломжгүй орон сууц байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд хугацаа олгоно гэж заасан. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ж.Б-ыг хүсэлт гаргах үед талуудаас үнэлгээний талаар гомдол гараагүй байсан тул төлбөр төлөгчид нэг сарын хугацаа олгосон. Хэрвээ тухайн үед үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан бол хугацаа олгох тухай хүсэлтийг хүлээж авахгүй байх байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилгоор хүсэлт бичиж хугацаа авчихаад хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2018/08531 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2191 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02001 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гэснийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, 48 дугаар байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041502 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь заалтыг хэрэглээгүй. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сэлэнгэ Эстимент ХХК-аар хийлгэсэн үнэлгээ нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Дүнжингарав гудамж 48-р байрны 4, 6 тоот орон сууц, 4 ширхэг автозогсоолын үнэлгээг хэт доогуур үнэлж, үнэлгээ хийх журмыг зөрчсөнөөс гадна 2-хон хоногт үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийж Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж буй нь Сэлэнгэ Эстимейт ХХК-ийн хийсэн үнэлгээний дүгнэлт эргэлзээтэй байхыг үл зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6; 111 дүгээр зүйлийн 111.3 дахь заалтын дагуу шүүх өөр үнэлгээний байгууллагаар үнэлгээг дахин хийлгүүлэх, дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээ бодит эсэхийг тогтоолгож байж шүүх ажиллагааг хэрэгжүүлэх байсан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Учир нь барилгыг барихад зарцуулагдсан чанарын өндөр зэрэглэлтэй барилгын материалаар хийсэн байтал үнэлгээний байгууллага барилгыг барьсан байгууллага, хувь хүмүүстэй уулзаагүй, баримт авч үнэлгээ хийгээгүй, 1 өдөр очиж үзлэг хийсэн гэж байгаа боловч тэнд амьдарч буй иргэд, мэдэж буй албан байгууллагаас тодорхойлолт аваагүйгээр үнэлгээ хийсэн гэж маргаснаас гадна нэхэмжлэгч өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй этгээд гэдгийг анхааран үзээгүй байна. Миний нэг байр нь 1.500.000.000 төгрөгний үнэ бүхий барилгыг иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 сарын 10-ны өдрийн 183/Ш32018/08531 дугаар захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй” гэж хориглосон заалт байсаар байхад НШШГГ-аас 1 байрыг нь 338.650.000 төгрөгөөр бусдад худалдах дуудлага худалдаагаар 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр оруулж 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бусдад шилжүүлэх тогтоол гаргаж миний Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Ж.Б-, хариуцагч НШШГГ-т холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох” нэхэмжлэл гаргаж, үндэслэлдээ “...төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэснийг, хариуцагч “...үнэлгээг хуульд заасан журмын дагуу тогтоосон” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг, түүний үндэслэлтэй холбон зөв тодорхойлоогүй нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо, ...Сэлэнгэ Эстимэйт ХХК үнэлгээ тогтоохдоо барилгыг өндөр зэрэглэлтэй материалаар хийгдснийг харгалзаагүй, ...шүүх хөрөнгийн үнэлгээний байгууллагаар дахин үнэлгээ хийлгүүлж, үнэлгээ бодитой эсэхийг тогтоолгож байж шүүх ажиллагааг хэрэгжүүлэх байсан, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж эрх зөрчсөн...” гэсэн үндэслэл заасан байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02788 дугаар захирамжаар Ж.Б- 1.551.616.000 төгрөгийг Д.Энхжаргалд төлөх үүргийг хүлээж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- явуулж, барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хийсэн байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч үнийн санал өгөөгүйгээс НШШГГ- нь Сэлэнгэ эстимэйт ХХК-г шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.
Сэлэнгэ эстимэйт ХХК нь хөрөнгөд, зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн 2 орон сууц, 4 автомашины зогсоолын зах зээлийн үнэ цэнийг 1.424.436.000 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч Ж.Б- нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага болохыг буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Хуульд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай буюу шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.
Нэхэмжлэгч Ж.Б- нь шинжээч томилох тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй ба шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагаа явуулах нь хуульд нийцэхгүй юм.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан хүсэлтийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Нэхэмжлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтээр 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2018/08531 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. Иймд гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2191 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ