Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 094

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш ХХК

Хариуцагч: ХХААХҮЯ нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ... ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн даргын тендер шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулж, Сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах, ХХААХҮЯ ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, Б.М, Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ш ХХК -ийн гүйцэтгэх захирал П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...

Манай компани нь ХХААХҮЯ наас зарласан ХХААХҮЯ /201/0510 дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт баригдах Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтад үнийн санал хүргүүлсэн.

ХХААХҮЯ наас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 тоот мэдэгдэлд танай тендер нь ТШӨХ-ийн ТӨОЗ 4.4(а), ТӨОЗ 4.4(в), ТӨОЗ 5.2(б) ТӨОЗ 5.3 (и), ТӨОЗ 5.3 (в), ТӨОЗ 5.2 (и), ТӨОЗ 14.1(ж) зэрэг заалтуудыг зөрчиж тендерийн шаардлага хангаагүй тул танай тендерийг шалгаруулах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Манай байгууллага ажил гүйцэтгэх олон тендер шалгаруулалтанд оролцож байсан. Тендерээс татгалзсан үндэслэл, шаардлагыг тодорхой ирүүлдэг. Жишээлбэл; цахилгааны инженерийн ажилласан жил, туршлагын шаардлага хангаагүй гэх мэт. Xарин ХХААХҮЯ наас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 тоот мэдэгдэлд тендерээс татгалзсан үндэслэл, шаардлага тодорхой бус, санаатайгаар төөрөлдүүлэн маш олон шалгуурыг хангаагүй гэж ирүүлсэн байна. Уг мэдэгдэлд ТШӨХ-ийн ТӨОЗ 4.4(а), ТӨОЗ 4.4(в), ТӨОЗ 5.2(б) ТӨОЗ 5.3 (и), ТӨОЗ 5.3 (в), ТӨОЗ 5.2 (и), ТӨОЗ 14.1(ж) зэрэг заалтуудыг зөрчсөн гэсэн атлаа ямар материал хүргүүлсэн нь, эсхүл ямар шаардлага хангаагүй тухай тодорхой дурдаагүй мэдэгдэл ирүүлсэн билээ.

Манай компанийн зүгээс ХХААХҮЯ ны мэдэгдлийг хууль бус гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 5.1-д зааснаар захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн захиргааны төв байгууллага буюу Монгол улсын Сангийн яамны Хууль эрх зүйн газарт 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 98 тоот албан бичгээр гомдол гаргасан болно.

Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Н гомдлыг авч хянаж үзээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны 6-1/7043 тоот хариуг бидэнд өгсөн болно. Уг хариу Тендер шалгаруулалтын тухай бичигт ... гомдлын дагуу тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгох ажиллагааг тус яамнаас түр түдгэлзүүлж, гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой баримтуудыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлсэн боловч яамны зүгээс холбогдох материалыг ирүүлээгүй, хуулийн 55.2-т заасан гомдол хянан шийдвэрлэх хугацаа дууссан болно хэмээн хариу явуулжээ.

Манай компанийн зүгээс Монгол Улсын Сангийн яамны Хууль эрх зүйн газарт 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 98 тоот албан бичгээр гомдол гаргахдаа тендерийн шаардлагыг хэрхэн хангасан тухай тайлбарыг дэлгэрэнгүй хүргүүлсэн болно.

ТШӨХ-ийн ТӨОЗ 4.4(а), ТӨОЗ 4.4(в), ТӨОЗ 5.2(б) ТӨОЗ 5.3 (и), ТӨОЗ 5.3 (в), ТӨОЗ 5.2 (и), ТӨОЗ 14.1(ж) зэрэг заалтуудыг зөрчсөн гэж үзсэн хэдий ч бидний зүгээс ТӨОЗ-д заасан улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн хуулбаруудыг нотариатаар баталгаажуулж, татварын албаны тодорхойлолт, аудитаар баталгаажсан санхүүгийн хоёр жилийн тайлан үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт зэргийг хуульд болон ТШӨХ-д заасан шаардлагад нийцүүлж хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтэд заасан нөхцөл шаардлага, баримтуудыг хуульд заасан хэлбэрийн дагуу өгсөөр атал заалтуудыг зөрчиж шаардлага хангаагүй гэсэн тодорхойгүй үндэслэлүүдээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт баригдах Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтаас манай тендерээс татгалзсан шалтгаануудыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нөгөөтэйгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, мөн хуулийн 28.7.4-д хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж зааснаар манай гаргасан үнийн санал хамгийн бага үнийн саналаар тооцогдсон болно.

Гэтэл ТШӨХ-ийн бүхий л шаардлагуудыг үндэслэлгүйгээр хангахгүйгээр гэж дүгнэн шалгаруулаагүй нь хууль бус болсон болно. Иймээс Монгол Улсын ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Э ын тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 мэдэгдлийг хүчингүй болгуулж, Сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хоёр. Хариуцагч ХХААХҮЯ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...

Ш ХХК -ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 105 тоотоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний XVI.1.22-т Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга /Говьсүмбэр, Дорноговь Б*******/-ыг 7,300.00 тэрбум, 2018 онд 1,200.00 төгрөгөөр барихаар тусгагдсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн /XXААХҮЯам/ сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны А/65/А/109 тоот тушаалаар худалдан авах ажиллагааг ХХААХҮЯ  зохион байгуулахаар баталсан.

Үүний дагуу ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А-139 тоот тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт баригдах Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХХААХҮЯ /2018******* дугаартай тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр цахимаар зарлаж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:10 цагт нээсэн. Үнэлгээний хороо 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуралдан сонгон шалгаруулалтыг хийсэн. Тендерт Ш ХХК Х а ХХК, Х ү ХХК, Ц ХХК, Х ХХК, Б к ХХК, И И ХХК гэсэн 7 компани оролцсон.

Үнэлгээний хорооны хурлаар Х б ХХК хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид, захиалагч бүх оролцогчдод мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд тендерт шалгараагүй компаниуд болох Ц ХХК, Ш ХХКХ а ХХК-иуд гомдол гаргасантай холбогдуулан тендер шалгаруулалтын холбогдох материалыг ирүүлэхийг хүссэн Сангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6-1/6819 тоот албан бичгийг манайд ирүүлсэн нь 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18/08373 тоот дугаарт бүртгэгдэж Төрийн нарийн бичгийн даргад танилцуулахаар шилжсэн.

Төрийн нарийн бичгийн даргын эзгүйд түүнийг түр орлон гүйцэтгэгч томилогдоогүй, түр орлон гүйцэтгэгчид нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг Авлигатай тэмцэх газраас хянагдаж ирэх хүртэл хугацаанд тус яамнаас ямар нэгэн шийдвэр гарахгүй байсан хэдий ч яаралтай албан бичиг байсан учир 11 дүгээр сарын 06-ны өдөр хянаж үзээд Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжсэн байна.

Уг бичиг тухайн өдөр нь хариуцсан мэргэжилтэнд очсон бөгөөд 11 дүгээр сарын 08-09-ний өдрүүд Монгол бахархлын өдөр, 10, 11-ний өдөр Бямба, Ням гараг таарч амарсан. Тиймээс холбогдох материалуудыг 11 дүгээр сарын 12-ны өдөр хуулийн хугацаа дуусаагүй байхад албан тоотоор хүргүүлэхээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст хандсан боловч тендерийн материалыг авахгүй гэж утсаар мэдэгдэж, тайлбарыг хүлээж аваагүй.

Энэ өдрөө явуулсан гомдол хянан шийдвэрлэх тухай Сангийн яамны 6-1/7043 тоот албан бичиг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай яаманд ирсэн. Яамны зүгээс дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж уг асуудлыг дахин хянуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 01/4270 тоот албан бичиг хүргүүлсэн. Гэвч Сангийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний 6-1/7206 тоот албан бичигт хянан үзэх боломжгүй, сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн тул Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн гэсэн албан хариулт ирүүлсэн байна.

Мөн дээрх нөхцөл байдал асуудлыг шийдвэрлүүлэх, заавар зөвлөгөө авахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газруудад албан тоотууд хүргүүлж байсан.

Мөн уг тендерийн хүчинтэй хугацааг сунгуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр албан тоотыг Сангийн яаманд хүргүүлсэн боловч хариуг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу тендерт оролцогчдод тендер хүчингүй болсон мэдэгдэл хүргүүлсний дараа ирүүлсэн. Тендерийн хүчинтэй хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан тул Захиалагчийн зүгээс тендерийг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг бүх тендерт оролцогчдод 2018 оны 11 дүгээр сарын 29-ний 01/4480 албан тоотоор хүргүүлсэн болно.

Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга миний бие 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан томилолтоор ажилласан. Нэхэмжлэл гаргасан Ш ХХК-ийн тендерт ирүүлсэн материал болон тендерийн баримт бичгийн шаардлагыг доорх байдлаар харьцуулахад:

д/д ТББ-ийн заалт Тендерийн баримт бичигт тусгагдсан шаардлага Ш ХХК -ийн ирүүлсэн тендер Тайлбар

1. ТӨОЗ-ийн 4.4 (а) Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан,... ирүүлнэ 1. БУ11-1098/16 дугаартай тусгай зөвшөөрөл нь нотариатаар баталгаажуулаагүй байна. /ТББ-хуудас 8-9/

2. Барилгын Үндэсний Ассоциациас 2018-10-03-ны 18/02/919 албан бичгээр тусгай зөвшөөрөл олгох тухай урьдчилсан дүгнэлт гаргасан. 1. Тусгай зөвшөөрөл нь Барилга, хот байгуулалтын яамнаас баталсан тусгай зөвшөөрөл, хавсралт, гэрээний хамт хүчин төгөлдөр байна.

2. ТӨОЗ-ийн 4.4 (в) Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна. Туслан гүйцэтгэгч И ХХК-ийн тусгай зөвшөөрлийн /Дугаар БУ12-14*******/ гэрээ байхгүй.

/ТББ хуудас 28/ Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй.

3. ТӨОЗ-ийн 5.2 (б) Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байна. Санхүүгийн аудитаар баталгаажуулсан тайлан байхгүй. /ТББ хуудас 208-238/ ТББ-т ирүүлээгүй боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлд оруулсан байна.

4. ТӨОЗ-ийн 5.2 (и) Тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байж болно. Өөрсдийн гүйцэтгэх боломжит ажлыг туслан гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байна.

/ТББ хуудас 23-25/ Ш ХХК -ийн тусгай зөвшөөрлийн 2.1.2-т /ТББ хуудас 6/ байгаа ажлыг И туслан гүйцэтгэгч ХХК-тай хийлгэхээр гэрээ хийсэн байна. /ТББ хуудас 24/

5. ТӨОЗ-ийн 5.3 (б) Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. Ижил төстэй ажилд барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн байх Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид Лагийн хэт авиан тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулалтын ажил байна. /ТББ хуудас 33-43/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.12-д заасан барилга бариулах ажлын тендер зарласан. Тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажил энэ тендерт багтаагүй тул нийцэхгүй.

6. ТӨОЗ-ийн 14.1.5(ж) Тендерт оролцогч нь олон багц ажлын тендерт оролцох болон өөр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа бол зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтнууд, машин механизмуудыг танилцуулах бөгөөд давхацсан тохиолдолд татгалзах үндэслэл болно. /ТББ хуудас 54-56/ Машин механизм түрээслэх тухай 2018-03-10-ны өдрийн 01/2018 гэрээ нь Говьсүмбэрт баригдах ЖДҮ-ийг дэмжих төвийн барилгад ашиглах зорилгоор байгуулагдсан гэрээ бус байна.

7. ТӨОЗ-ийн 14.1.7(ж) ТШӨХ-д шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно. ТББ-ийн Маягт №ТШМ-1-ийн үнийн санал ирүүлээгүй. /ТББ хуудас 30/

   

 

Гурав. Ш ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: Тус шүүхэд Ш ХХК -ийн нэхэмжлэлтэй, ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Э ын тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулж, сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Тус хэрэгт миний бие нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Ш ХХК -ийн зүгээс тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдлийг хүлээн аваад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамны Хууль эрх зүйн газарт 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 98 тоот албан бичгээр гомдол гаргасан болно.

Тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан 01/4019 тоот мэдэгдэлд гаргасан гомдолд Монгол Улсын Сангийн яамнаас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 6-1/7381 тоот Тендер шалгаруулалтын тухай бичигт ... гомдлын дагуу тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгох ажиллагааг тус яамнаас түр түдгэлзүүлсэн ... боловч холбогдох материал ирүүлээгүйн улмаас хуульд заасан хугацаа өнгөрч шийдвэрлэх боломжгүй болсон гэснээр бид шүүхэд хандсан болно. Мөн тус хариу албан бичгийн төгсгөлд иймд энэхүү тендер шалгаруулалттай холбоотой гомдлоо холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэж ирүүлсний дагуу шүүхэд хандсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж буй хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХХААХҮЯ наас 01/4480 тоот бүхий мэдэгдэл манай компанид хүргүүлсэн ба уг бичгийн төгсгөл хэсэгт Яамны зүгээс дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж уг асуудлыг дахин хянуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тендерийн хүчинтэй хугацааг сунгуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус албан тоотуудыг Сангийн яаманд хүргүүлсэн. Гэвч тендерийн хүчинтэй хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан тул уг тендер хүчингүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.

Бодит байдал дээр Монгол Улсын Сангийн яамнаас 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 6-1/7331 тоот албан бичгээр хүчинтэй хугацаа дууссан өдрөөс эхлэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д зааснаар 30 хоногоор сунгах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байдаг.

Хариуцагчийн гаргасан тендер цуцалсан шийдвэр нь Төрийн нарийн бичгийн дарга Д.Э ын тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 01/4019 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахтай холбоотой хэрэгт ойлгомжгүй нөхцөл үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр ямар гарсан эсэхээс үл хамааран буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХХААХҮЯ наас 01/4480 тоот бүхий мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдэхгүй нөхцөл үүсчээ.

Иймээс ХХААХҮЯ ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 тоот бүхий мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Ш ХХК -ийн нэхэмжлэлтэй, ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Э ын тендерт сонгон шалгаруулахаас татгалзсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/4019 мэдэгдлийг хүчингүй болгуулж, сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер болохыг тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгуулсан шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Тус хэрэгт миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ш ХХК -иас дээрх мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

Тус компанийн захирал гэх М.А нь дээрх мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн биеэр гардан авсан ба энэ тухайгаа мөн хүсэлтдээ дурдсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу тус мэдэгдлийг хүлээн авснаас хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болохыг тодорхой заасан байдаг. Үүнд: ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Э ын дээрх мэдэгдэл нь утга агуулгын илэрхий алдаагүй, баталсан байгууллага тодорхой, чиг үүрэг хамааралтай асуудлаар акт гаргасан, гүйцэтгэх этгээд тодорхой, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой байна.

Иймд дээрх акт нь илт хууль бус акт биш юм. Ш ХХК -иас гаргасан тус нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК  нь шүүхэд ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн даргын тендерт шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулж,

Сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах,

ХХААХҮЯ ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, дараах үйл баримтууд тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн даргын тендер шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А-139 дүгээр тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт баригдах Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХХААХҮЯ /2018******* дугаартай тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр цахимаар зарлаж 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:10 цагт нээсэн байна.

Улмаар тендерт Ш ХХКХ а ХХК, Х ү ХХК, Ц ХХК, Х ХХК, Б к ХХК, И И ХХК гэсэн 7 компани оролцож, Үнэлгээний хороо 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуралдан сонгон шалгаруулалтыг явуулсан.

Үнэлгээний хорооны хурлаар Х б ХХК хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид, захиалагч бүх оролцогчдод мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлснээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд тендерт шалгараагүй компаниуд болох Ц ХХК, Ш ХХКХ а ХХК-иуд гомдол гаргасантай холбогдуулан тендерийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Сангийн яам гомдол шалгах хуулийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хянан шийдвэрлэх ажиллагааг явуулалгүй гомдлыг холбогдох байгууллагууд руу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буцаан хүргүүлжээ.

Иймд нэхэмжлэгч ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн даргын тендер шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

Үнэлгээний хороо 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгч Ш ХХК -ийг ТШӨХ-ийн ТОӨЗ 4.4 /а/, ТОӨЗ 5.2 /и/, ТОӨЗ 4.4 /в/, ТОӨЗ 5.3 /в/, ТОӨЗ 5.2 /б/, ТОӨЗ 14.1 /ж/, ТОӨЗ 14.1.5 /ж/-д заасан шаардлагуудыг хангаж ирүүлээгүй учир тендер шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг гаргаж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдэлд ТШӨХ-ийн ТОӨЗ 4.4 /а/, ТОӨЗ 4.4 /в/, ТОӨЗ 5.2 /б/, ТОӨЗ 5.2 /и/, ТОӨЗ 5.3 /в/, ТОӨЗ 5.3 /и/, ТОӨЗ 14.1 /ж/ зэрэг заалтуудыг зөрчиж тендерийн шаардлагуудыг хангаагүй гэж дурджээ.

Шүүх хуралдааны хэргийн оролцогчдын мэтгэлцээний явцад хариуцагчийн зарим татгалзсан үндэслэл үгүйсгэгдсэн хэдий ч Тендерийн бичиг баримтад заавал ирүүлэхээр дурдсан:

- ТШӨХ-ийн ТОӨЗ 5.2 /б/-д заасан Санхүүгийн тайланг ирүүлэх шаардлагагүй боловч уг санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажсан дүгнэлтийг шаардсан байхад ирүүлээгүй,

- ТОӨЗ 5.2 /в/-д ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих шалгуур дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.12-д заасан барилга байгууламжийн ажил гэж барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэлт, их засвар болон өрөмдлөг, хайгуул хийх зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг ойлгохоор заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэдгээ хангалттай нотолж чадаагүй,

- ТОӨЗ 5.3 /в/, 5.3 /г/, 14.1.5 /ж/-д Тендерт оролцогч нь ... тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах инженер техникийн ажилтнууд, машин механизмуудыг танилцуулах .... гэсний тухайд Ерөнхий инженер Ч.Б , О.Б нарын ажилласан жил заасан хугацаанд хүрээгүй, Машин механизм түрээслэх тухай 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2018 гэрээнд тухайн төслийн ажил үйлчилгээг тусгаагүй, барилга байгууламжид шууд ашиглах боломжгүй техник, машин механизмыг түрээсэлсэн байдал нь эргэлзээ төрүүлж, үнэлэх боломжгүй байдалд хүргэсэн,

- Тендерийн бичиг баримтын маягт № ТШМ-1 болох Тендерийн маягт, № ТШМ-2 Чадварын мэдээллийг бичгийн маягтаар огт ирүүлээгүйгээс гадна Тендерийн маягтад тусгагдсан мэдээллийг цахим системд бөглөснийг шүүх үгүйсгэхгүй боловч Тендерийн маягтыг баталгаажуулан ирүүлэх нь Тендерийн бичиг баримтын зайлшгүй бүрдэл хэсэг болох шаардлагыг биелүүлээгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан ба нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ анд хүргүүлсэн 85 тоот албан бичигт ...тендерийн баримт бичигт заагдсан гэрээний Ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн атал дээрх шаардлагуудыг хангаж ирүүлээгүйгээс ТОӨЗ-ны 5.1-д Тендерт оролцогч нь 3 дугаар бүлэгт заасан Тендерийн маягт, чадварын мэдээлэл, зөвшөөрлийн бичиг-ын дагуу мэдээлэл ирүүлэх,... 14.1 /ж/-д ТШӨХ-д шаардсан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж зааснаар Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн хүргүүлсэн тендерээс татгалзсан нь хууль ёсны үйлдэл болжээ.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу Үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр баталгаажсан шийдвэрийн дагуу хүргэгдсэн ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн даргын тендер шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч Ш ХХК -ийн тендерийг сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхээс ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн даргын тендер шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэсэн, түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд Тендерийг хянан үзэх, 28 дугаар зүйлд Тендерийг үнэлэх, 29 дүгээр зүйлд Гэрээ байгуулах эрх олгох эрхүүдийг Үнэлгээний хороо, захиалагчид хуулиар олгосон ба одоогийн байдлаар тендер нэгэнт хүчингүй болсон, тендерийн хугацаа дууссан учир нэхэмжлэгч Ш ХХК -тай гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй болно.

3. ХХААХҮЯ ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

01/4480 тоот мэдэгдлийг Тендерт оролцогч байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд мэдэгдэлд ...тендерийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан тул уг тендер хүчингүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна гэж дурджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад эрх бүхий байгууллагаас тендерийн хугацааг түдгэлзүүлсэн, хугацааг сунгасан баримтууд ирсэн боловч нэгэнт хариуцагчаас тендерийг хүчингүй болгосон мэдэгдлийг гаргасан болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д захиргааны акт,... нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлийг тодорхойлсон нь дээрх мэдэгдлийг шүүхээс илт хууль бус тооцсоноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэх нөхцөл үүсэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэгэнт нэхэмжлэгч Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй шалтгаанаар тендерээс татгалзах мэдэгдлийг хүлээн авсан нь хууль ёсны бөгөөд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй учир нэхэмжлэгчийн гэрээ байгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй байна гэж шүүх үзлээ.

Мөн тухайн үед Үнэлгээний хорооны дагуу гэрээ байгуулах эрх олгогдсон Х б ХХК нь ХХААХҮЯ ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 тоот мэдэгдлийг хүлээн авсан боловч хуулийн хугацаанд холбогдох захиргааны байгууллагуудад гомдлоо гаргаагүй, гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн болох нь хэрэгт цугларсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, тус шүүхийн Тамгын газар, Сангийн яам, ХХААХҮЯ ны албан бичгүүд болон бусад бичгийн нотлох баримт, лавлагаануудаар тогтоогдсон тул гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Ш ХХК -ийн ХХААХҮЯ ны Төрийн нарийн бичгийн даргын тендерт шалгаруулахаас татгалзсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/4019 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендер болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах, ХХААХҮЯ ны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/4480 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Д.ОЮУМАА