Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0254/З/ |
Дугаар | 371 |
Огноо | 2016-11-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 371
Б.Нурбекийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 368 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 493 дугаар магадлалтай, Б.Нурбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын нэхэмжлэлтэй, Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан С.Энхбат, Б.Зоригт нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3, 32 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын “Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан Б.Зоригтын 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 020160207531850045 дугаар торгуулийн хуудас, Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан С.Энхбатын 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 020160207111849818 дугаартай торгуулийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 493 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 10 дугаар зүйлийн 10.1, 33 дугаар зүйлийн 33.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны хариуцлагын тухай 10 дугаар зүйлийн 3, 32 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базарын “Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан Б.Зоригтын 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 020160207531850045 дугаартай торгуулийн хуудсыг хүчингүй болгож, үлдэх “Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан С.Энхбатын 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 020160207111849818 дугаар торгуулийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, үлдэх 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгох, хариуцагч Б.Зоригтоос улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна. Би давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа гомдлын үндэслэлээ тодорхой тайлбарласан. Гэвч давж заалдах шатны шүүхийн зүгээс миний гомдлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж, няцаагаагүй байна. Үүнтэй холбоотой давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангаагүй үндэслэлийг болон шүүхээс хуулиудыг хэрхэн тайлбарласан болохыг мэдэх боломжгүй байна.
Иймд би давж заалдах гомдолд тодорхойлсон үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалыг хянан үзэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл давж заалдах гомдолд тайлбарласан үндэслэлүүдээ хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ болгон тодорхойлж байна. Үндэслэл тус бүрт эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэлээ тодорхой тайлбарлахыг хүсье. Анхан шатны шүүхийн зүгээс ч нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлд дүгнэлт хийгээгүй байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн энэхүү байдлыг буруутган шүүхийн тогтоолд тэмдэглэхийг хүсч байна.
Энэ нь тус зөрчлийг цаашид гаргахгүй байх, эрх зүйт ёсыг төгөлдөршүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах, талуудад мэтгэлцэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой гаргах боломжийг олгох юм. Шүүхээс шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахгүй, гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүй байгаа нь маргалдагч талыг үл хүндэтгэсэн хэрэг хэмээн үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан С.Энхбатын 2016 оны 2 дугаар 07-ны өдрийн 020160207111849818 дугаар торгуулийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн хэсэгт тус торгуулийн хуудсыг хүчингүй болгохоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.
Хянавал:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Цагдаагийн албаны тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дүгээр захирамжаар “сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах” зорилгоор амралтын өдрүүд буюу 2016 оны 1 дүгээр сарын 30, 2 дугаар сарын 06-ны бямба гаригт сүүлчийн орон нь “сондгой” тоогоор төгссөн, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гаригт “тэгш” тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн “Саппора”-ийн уулзвараас “Таван шар”-ын уулзвар хүртэлх замд 10.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хоригложээ.
Нэхэмжлэгч Б.Нурбек нь замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон өдөр, цагт буюу 2016 оны 2 дугаар сарын 07-ны ням гаригийн 15:07, 16:21 цагт “18-42 УНС” улсын дугаартай автомашинаар хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн “Саппора”-ийн уулзвараас “Таван шар”-ын уулзварын замд замын хөдөлгөөнд оролцож яваад 2 удаа тус бүр 8000 төгрөгөөр торгуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь “...торгууль ногдуулах үндэслэл болгосон журам нь хууль бус, ...цагдаагийн алба хаагч удирдлагаас өгсөн хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй, хууль бус журмыг хэрэгжүүлэн ажиллаж, иргэнийг торгож, эрхийг нь хязгаарласан” гэж маргаж, Замын цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтан С.Энхбатын 020160207111849818 дугаар, Б.Зоригтын 020160207531850045 дугаартай торгуулийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасныг анхан шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх “зөрчил үргэлжилсэн байхад шийтгэл давхардуулан ногдуулсан” гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулан, сүүлийн торгуулийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил /цаашид “зөрчил” гэх/ гэж үзнэ”, 4 дүгээр зүйлийн 1-д “зөрчил гаргасан этгээдэд дараах захиргааны шийтгэл ногдуулж болно; 1/ торгох”, 10 дугаар зүйлд “захиргааны хариуцлага хүлээлгэхээр энэ хуульд заасан зөрчлийг эрх бүхий албан тушаалтан дараах харьяаллаар хянан шийдвэрлэнэ; 3/ цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ хуулийн ...32... дугаар зүйлд заасан зөрчил”, 32 дугаар зүйлийн 1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн бол 1500-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж тус тус заажээ.
Эндээс үзэхэд, Захиргааны хариуцлагын тухай хуульд тодорхойлсон “захиргааны зөрчил”-д мөн хуулиар тогтоосон харьяаллын дагуу цагдаагийн алба хаагч зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага ногдуулах зохицуулалттай, Замын цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн алба хаагч С.Энхбат, Б.Зоригт нар нь нийслэлийн Засаг даргын 2016 оны А/34 дүгээр захирамжийг зөрчсөн зөрчилд холбогдуулан нэхэмжлэгч Б.Нурбект “торгох” захиргааны шийтгэл хүлээлгэснийг буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ; 9.4.2-т замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг судалж, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх” гэж заасан, энэ үүргээ хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргаас “сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах” зорилгоор нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын цаг, бүсчлэлийг шинэчлэн тогтоох тухай” 225 дугаар тогтоолд нийцүүлэн үйлчлэл нь давтагдах шинжтэй, нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр 2016 оны А/34 дүгээр захирамж гаргасныг “хууль бус акт”-д үндэслэн торгууль ногдуулсан гэж үзэх боломжгүй юм.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...цагдаагийн алба хаагч нь ...хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй..., шүүх Төрийн албаны тухай хуулийн 3.2, 13.1.4, 13.1.9, Цагдаагийн албаны тухай хуулийн 4.2.5-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Дээрх байдалд үндэслэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 493 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ