Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0043

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Улсын яллагч                                                                  Д.Ч

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                          Ш.Х

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  Ч.Э, О.З

                                                                                     

Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Б.Г, Д.Г, Б.Б

Шүүгдэгч                                                                         С.О

Гэрч                                                                              Н.Э

Гэрч                                                                              Ц.С

Гэрч                                                                             Г.М

18 насанд хүрээгүй гэрч                                                  Г.Х /онлайнаар/

18 насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгч      М.Г /онлайнаар/

Шинжээч                                             Г.Ө/ биечлэн/, Б.Н  /онлайнаар/ нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга    Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн С О холбогдох 2039003200252 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, эгчийн хамт, Хэнтий аймаг Баянмөнх сум 3 дугаар баг Дулаан гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овгийн С О РД: /СГ96042113/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Х овгийн С О нь /СГ96042113/ 2020 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 1.62 хувийн согтолттойгоор Хэнтий аймаг Хсум 1 дүгээр багийн нутаг Хэрлэн сумын төвөөс 8 км-ийн зайд “Киа Бонго-3” маркийн 0000 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.1 дүгээр зүйл “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөнөөс газар унтаж байсан иргэн Э.М дээгүүр машинтайгаа гарч дайран амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны үед:

 

Шүүгдэгч С.Онь: “хамгийн сүүлд Ц.С архи ууж байгаад унтсан, талийгаачийг хэн автомашинаар дайрсаныг мэдэхгүй” гэжээ.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х нь:... оршуулгын зардалд  33.294.410  төгрөгийг С.О хүлээн авсан, гэхдээ баримтуудынхаа үнийн дүнг нь буруу нэмж тооцсон байсан учраас одоо 37.798.968 төгрөг болгон нэхэмжилж байгаа бөгөөд баримт нэмэгдээгүй, нөхөр минь нас барснаас болж малаа маллаж чадахгүй болсон тул  том хүү М.Г18 нас хүрч цэргийн алба хаагаад, их сургуульд сурч төгсөж ирэх хүртэл  буюу 2030 оныг дуустал 2 малчин тус бүрийг нь 1 сарын 500.000 төгрөгний хөлсөөр авч ажилуулах цалин хөлс  болох 125.000.000 төгрөг, мөн уг хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих зардал 783.644 төгрөг, нийт 163.582.612 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

 

Гэрч Н.Э нь “адуугаа манаад унтаж байгаад ирэхэд С.О машин байрнаасаа хөдөлсөн доор нь талийгаач дайруулсан байдалтай, С.О машиныхаа хажууд унтаж байсан, тэгээд Х сэрээсэн, хэн машин жолоодсоныг мэдэхгүй” гэжээ.

Гэрч Ц.С нь: “Э.М салж өөр газар очиж С.О бид 2 архи ууж байгаад би тэндээ унтсан байсан, сэрэхэд хэрэг болсон байсан” гэжээ.

Гэрч Г.М нь: “хэргийн газрын үзлэгийн явцад автомашинаас гар мөр илрүүлээгүй, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор илрэхгүй байж болно, сүүлд дахин үзлэг хийж 6 ширхэг гарын мөр илрүүлсэн, энэ нь тухайн автомашины хэрэг гарсны дараа зөөж шилжүүлэх үед үүссэн байх боломжтой мөрнүүд, тухайн хэрэгт хамааралгүй гэж үзэж байгаа” гэжээ.

Насанд хүрээгүй гэрч Г.Х “намайг унтаж байхад Н.Э ах сэрээсэн, Э.М машинд дайрагдсан байдалтай, С.О машины хажууд, Ц.С машинаас зайтай унтаж байсан” гэжээ.

Шинжээч Г.Ө нь: “талийгаачийн биед үүссэн гэмтлүүдээс харахад талийгаач гэмтэл авах үедээ хэвтээ байрлалд байсан гэж үзэх үндэслэлтэй байгаа” гэжээ.

Шинжээч Б.Н нь ““Киа Бонго-3” маркийн 00-00 ХЭА улсын дугаартай автомашин нь төхөөрөмж дээр шалгахад техникийн хувьд бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай байсан, хурдны хайрцаг нь үйлдвэрийн хийцийн хувьд ухрах болон 1 дүгээр араа хоёр нь андуурагдах магадлалтай байсан” гэжээ.

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х өгсөн:...Манай нөхөр Э.М 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Т.Ггэх хүний машин дээр өөрийн морьдыг ачаад өөрөө машинтайгаа дагаад Хэнтий аймгийн наадамд оролцохоор Хэнтий аймгийн Хэрлэн сум явсан. Тэгээд  07 дугаар сарын 09-ний өдөр Хэрлэн суманд ирчихсэн байна гээд утсаар ярьж байсан. Маргааш нь буюу 07 дугаар сарын 10-ны өдөр залгаад хүүхдийнхээ үсийг засуулах гэж байна наагуур чинь адуу мал хэр байна гээд нилээн хэдэн удаа ярьсан. Тэгээд 07 дугаар  сарын 11-ний өдөр 5 цагийн үед залгаад морьдоо эрт ачаад яваарай гээд залгасан, 07 цаг өнгөрч байхад азаргаа мордуулсан уу гээд ярьж байсан. 07 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед залгаад даагаа манаад байж байна гэж ярьсан. Дараа нь утас руу нь залгахад холбогдохгүй байсан тэгсэн Э  ахын утсаар над руу  залгаад миний утас цэнэггүй болоод байна би ингээд эртхэн унтаж амарна, морь малны талаар ярьсан. Тэгээд өглөө нь 05 цаг өнгөрч байхад залгахад манай нөхрийн утас Э ах хоёрын утас холбогдохгүй байсан. Тэгэхээр нь уяачдын холбооны дарга Т.Г утас руу залгахад утсаа аваад Заяа байна шүү дээ гэж хэлээд тасалчихсан. Утсаа тасалснаас хойш 20-25 минутын дараа Т.Г хүү Г.Б залгаад юу болсон талаар хэлсэн. Манай нөхөр Эн М нь 1986 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн. Бага насандаа Баянмөнх сумын цэцэрлэгт байсан. 1993-2001 онд Баянмөнх сумын сургуульд суралцсан. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод Политехникийн коллежид уран дархан мужааны ангид суралцаж 2003 онд төгссөн. Сургуулиа төгсөөд  Хэнтий аймгийн Баянмөнх суманд хөдөө мал харж байгаад 2004 онд цэрэгт явсан. Тэгээд 2005 онд халагдаж ирээд бид хоёр 2006 онд гэр бүл болсон. Нөхөр бид хоёр дундаасаа хамгийн том нь М.М 14 настай, М.Г 13 настай, М.Т 6 настай, М.Б 1 нас 4 сартай гэсэн 4 хүүхэдтэй ам бүл Баянмөнх суманд мал маллаж амьдарч байсан. Манай нөхөр багаасаа мал маллах сонирхолтой, малд нүдтэй. Хөдөө эмээгийн хамт мал маллаж амьдарч байгаад аав ээж, эмээгээс өвлөн авсан мал маллаж сайхан амьдарч байсан. Манай нөхөр зан чанарын хувьд төлөв даруу, хүнийг хайрладаг, хүнлэг, ямар ч хүнийг хайрладаг, ухаантай, нигүүлсэнгүй сайхан сэтгэлтэй хүн байсан. Хүнтэй муудалцдаггүй, сайхан сэтгэлтэй хүн байсан. Гавъяа шагналын тал дээр 2008, 2010 онд Баянмөнх сумын шилдэг уяач, 2010 онд сумын алдарт уяач, 2012 онд сумын мянгат малчин, 2012 онд сумын сайн малчин, 2014 онд аймгийн сайн малчин, 2015, 2016 оны Хэнтий аймгийн хамгийн олон хоньтой малчин, 2019 онд Хүнс хөдөө аж ахуйн яамны Хүндэт жуух бичиг зэрэг шагналуудаар шагнагдаж байсан...Буянбадрах надтай утсаар ярихдаа Э.М /Борко/ ах морио манаж хонож байгаад машинд дайруулаад өнгөрчихсөн байна. Дайрсан хүн нь С.О юм шиг байна. Манай нөхөртэй цуг Э, С С.О Сн эхнэр ойролцоо машинд байсан гэсэн...Тэр хэд морьдоо буулгаад идүүлж байхдаа С, С.О, Э манай нөхөр 4 юм яриад сууж байсан гэсэн. Юм яриад сууж байхдаа С.О машинаасаа нэг шил архи гаргаж ирээд тэр архи ууж сууж  байгаад С.Оархиар шахаад байхаар нь Э ах уухгүй гээд морио харахаар явсан. Морио харчихаад ирэхэд нилээн халчихсан байхаар нь ахиад морио харахаар явсан. Морио харж байх үед нь С.О машин хөдлөөд өөр газар очиж зогсоод С.О Сэргэлэнцог хоёр чанга юм яриад утсаар яриад байсан. Морио харчихаад 30 минут унтчихаад ирсэн. Тэгээд ирсэн чинь С.О машин хойшоо харсан хаалга нь онгорхой байхаар нь хаалгыг нь хаачихаад доошоо харсан С.О уйлаад байсан. Тэгэхээр нь машиных нь урдуур тойроход танай нөхрийн хөл харагдсан, тэгээд манай машин дээр хэвтэж байсан хүүхдийг сэрээгээд түргэн, цагдаа дуудсан гэж Э ах хэлсэн гэсэн. Би маргааш нь хэрэг учрал болсон гэх газар очиж харахад машины мөрийг нь харахад зогсож байсан газраасаа хойшоо 10 гаран метр чирчихсэн, чирэгдсэн гэдэг нь тодорхой харагдаж байсан. Машины дугуй нь хий эргээд газар ухчихсан байсан. Би их гомдолтой байна...Би талийгаач нөхрийнхөө оршуулгын зардалд нийт 33.294.410 төгрөгийг зарцуулж баримтыг гаргаж хавтас хэрэгт хийлгүүлсэн. Энэ зардал нь оршуулгын зардал болон уг гэмт хэргээс үүдэн гарсан хор уршгийн зардал нийлсэн байгаа. Мөн манай нөхөр амьд сэрүүндээ өөрийн малыг буюу адуу, үхрээ өөрөө хариулж малладаг байсан юм. Харин нас барсанаас хойш адуу үхрийг маллах хүнгүй болсоны улмаас туслах малчин авч сарын 500.000 төгрөгөөр цалинжуулж өнөөдрийг хүртэл маллуулж байгаа.  Манай адууг Хэнтий аймгийн Баянмөнх сумын харъяат П У, үхрийг мөн  сумын Г Т гэдэг залуучуудаар харуулж маллуулж байгаа юм. Би эдгээр хүмүүст өгсөн нийт 4.000.000 төгрөгийн цалин, мөнгийг мөн нэхэмжилнэ. Би цаашид өөрсдөө малаа маллаж чадахгүй учир малаа харуулах хөлс мөнгийг 2030 он хүртэл буюу хүү Г нас биенд гүйцэж өөрөө адуу  малаа хардаг болтол туслах малчин авч ажиллуулна. Иймд гарах зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ....гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 155 хуу/

Гэрч Н.Э өгсөн:...Би Хэнтий аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдаанд оролцох гээд Хэнтий аймгийн Баянмөнх сумаас 3 насны морьтой ирсэн. Хэнтий аймгийн Хэрлэн суманд ирээд эхний өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр наадчихаад орой 23 цаг өнгөрч байх үед нутгийн Э.М, О, Ж гэх залуучуудтай  хамт адуугаа Нисэхийн хашааны баруун талд өвсөн дээр манаж хонохоор болсон. Би морьдоо 1000 хэү улсын дугаартай машинд ачаад, 00-00хэа улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр О 4 адуу ачсан. 80-37 хэа улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр  Дархан сумын Ж гэх залуу 2 адуу ачсан. Бид нар машинаасаа морьдоо буулгах гээд хөндлөн зам дээр тээврийн хэрэгслүүдээ хөндлөн байрлуулж тавьсан. Би хамгийн баруун талд нь 15-63 хэү улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулаад миний зүүн талд О, тухайн тээврийн хэрэгслийн цаад талд 80-31 хэа улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулсан байсан. Тэгээд адуугаа манаж хонох гээд байж байхад тэр гурав 21 цаг болж байхад тавьсан. Би 22 цагийн үед тавина гээд тавиагүй. Тэр гурав морьдоо тавиад л 0.75 литрийн архи задлаад архи ууж эхэлсэн. Архи ууж байхдаа надад архинаасаа хийж өгөхөөр нь би уухгүй гээд тавьсан. Тэгээд надад архинаас аягалаад өгөхөөр нь  газар асгачихаад би уухгүй  ээ гэж хэлээд морин дээрээ очсон. Намайг босоод морь руугаа явах үед тэр 3 юм хэлээгүй. Би морин дээрээ байж байгаад хар чийг унахаар нь нэмнээ авах гээд буцаад очсон. Намайг очих үед цэнхэр өнгийн Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн ар хэсэг, тэвшний доод хэсэгт архи ууцгаагаад дуу нь чангарчихсан сууж байсан. Би нэмнээ аваад морийг нь нэмнэчихээд адуун дээрээ адуугаа хараад сууж байсан. Намайг  адуун дээрээ сууж байх үед голд нь зогсож байсан машин хөдлөөд морины тэр хавиар гэрэлтүүлэхээр нь би байна гэсэн буцаад явсан. Буцаж яваад машинаа өмнө нь байснаасаа зүүн урд очоод зогссон. Тэр хоёр хэсэг чимээгүй байж байгаад чанга яриад байгаа эхэлсэн. Би тэгээд адуугаа харж байгаад 20-30 минут унтсан байсан. Унтаж сэрээд өөрийнхөө машинаас ногт авах гээд тээврийн хэрэгслүүд дээр очсон. Очих үед 00-00 хэа улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна талд О машиныхаа жолоочийн суудлын хажууд газар хэвтчихсэн жолооч талын хаалга нь онгорхой байсан тэгэхээр нь би унтаж байна гэж бодоод нөгөө хоёрыгоо хайгаад явсан, хайгаад гэрэл тусгаад алхсан Ж гэх залуу тээврийн хэрэгслүүдийн зүүн урд зүгт нилээн хол, өмнө нь машин очиж зогсож юм яриад байсан газар чигтээ хэвтэж байсан. Би Ж тэнд унтаж байхыг нь харчихаад буцаад цэнхэр машин дээр очих үед машины доор хөл харагдсан. Машин доор хөл байхыг харчихаад машин доторхыг харах үед жолоочийн эсрэг талын суудал дээр эрэгтэй хүүхэд унтаж байсан. Тэр хүүхдийг айх байх гэж бодоод жолооч талын хаалгийг нь  түлхэж хаагаад зүүн урд байсан “Hilux” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан 10 гаран настай эрэгтэй хүүхэд Б ахыг чинь дайрчихсан юм шиг байна гээд гэр лүү залгуулсан. Тэгээд эмнэлэгийн түргэний тэрэг ирж үзсэн. Түргэний эмч нар ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...О цагдаа нар эхлээд татсан сэрчихээд дээшээ босохгүй уйлаад хэвтээд байсан... Намайг адуу бөөгнүүлж  байхад О, М, С нар унтаж амраагүй хоорондоо ярьж байгаа нь сонсогдож байсан. Тэгэж байгаад дунд нь зогсож байсан О машин нь морьдын зүг гэрэл тусгаад ирэхээр нь би  өөдөөс нь босож гараа өргөж би энд байна гэдгээ мэдэгдсэн. Тэгсэн намайг гэрэлд харсан бололтой эргээд явсан...намайг сэрэхэд миний манаж байсан морь тарчихсан байсан. Тэгэхээр нь би морио бөөгнүүлэх гээд машинаас ногт авахаар машин руугаа гар чийдэн тусгаад ирэхэд О машин байрнаасаа урагш хөдөлж нэлээн урагшилсан байсан. Би тухайн үед машин руу ертөнцийн зүгээр зүүн хойд талаас нь ирсэн. Ингээд би машиныг тойроход   О нь газар 4 хөллөж доош харсан унтаж байгаа бололтой хурхирсан байдалтай байсан. Мөн машины жолооч талын хаалга хагас онгойсон байдалтай байсан.  Тэгэхээр нь би нөгөө хэд нь яасан юм бол гэж бодоод тэр хавиар явж гэрэл тусгаж харахад С нь талийгаач М машинаас ертөнцийн зүгээр зүүн урагш газар  хэвтэж байсан. Харин М нь хаана байгаа нь мэдэгдээгүй. Тэгэхээр нь би эргэж М хайчсан юм бол гэж бодоод О машин руу  гэрэл  тусгаад явж байтал гар чийдэнгийн гэрлийн үзүүрт машины доод хэсэгт гутал харагдах шиг болохоор нь уг гутал руу гэрлээ шилжүүлж тусгаж харахад талийгаач М машин доор дайрагдсан байдалтай байсан. /хх-ийн ...гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-36, 38, 171-173 хуу/

 

Гэрч Ц.С өгсөн:... 2020 оны 07 дугаар сарын 11-ний орой Хэнтий аймгийн төвд ирээд мориндоо ажил хийгээд 21 цаг өнгөрч байхад М /б/ утсаар 2 удаа дуудсан. Эхний удаа дуудахад нь би ажилтай байна гээд очоогүй дараагийн удаа дуудахад нь морио чөдөрлөж орхиод яваад очиход аймгийн төвийн баруун талд М /б/, Б гэх залуу О гурав дундаа нэг шил 750 граммын савалгаатай архи тавьсан талд нь ортол уусан сууж байсан тэрийг нь ууж дуусаад М /б/ машинаасаа нэг шил 500 граммын савалгаатай архи авчираад  хувааж уугаад О бид хоёр морины хажууд юм ярьж сууж байгаад  үлдсэн байсан хугас шил архиа хувааж уугаад би унтаад өгсөн, тэрнээс хойш юу болсон талаар хэлж мэдэхгүй байна унтаж байсан чинь нэг цагдаа ирээд намайг энд авчирсан... М /б/ ганцаараа сууж байсан газраа  үлдсэн. Болдоо хойшоо адуу руугаа явсан... Э архи уухгүй гээд морь луугаа яваад өгсөн. Би М, О бид гурвын ууж байсан хамт дуусаад М машинаасаа 0.75 литрийн шар чингис гаргаад бид гурав хувааж уусан. Тэр шар чингисийг хувааж ууж байхад үед О морио харъя гээд өөрийн эзэмшлийн 27-00 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод  баруун зүгт явж морио харчихаад урдуур тойроод бид нарын сууж байсан газраас зүүн урд зүгт ойрхон зогсоод буцаж бид хоёр дээр ирж архи уусан. Тэнд сууж байгаад О морь луу ойртож ууя гээд бид хоёр босоод явган зүүн урагшаа очиж газар суусан. Тэгж босож явах үед М согтчихсон байсан учраас ууж байсан газраа үлдсэн. Би О тэнд цуг сууж архи ууж сууж байгаад унтаад өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн гэх мэдүүлэг /хх-ийн 41-45 хуу

 

Гэрч Г.Б өгсөн:... 2020 оны 07 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг 48 минутанд дүү Г.Х утсаар залгаад би Б ахын Хайлюукс машин дээр унтаж байсан чинь Э ах намайг сэрээлээ Б ахын хөл нь машин доор харагдаад байна машинд дайруулчихсан юм шиг байна яах вэ гэж ярьсан. Бид нар талийгаач М Б гэж дууддаг юм. Тэгэхээр нь би очоод хар л даа  гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би утсаар Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт залгаад яаралтай очоорой нисэхийн торон хашааны баруун талд хүн машинд дайруулсан юм шиг байна гэж дуудлага өгсөн. Дараа нь цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд байж байтал дүү Г.Х над руу утсаар ахиж залгаад дайруулсан байна машин дор чихэгдээд орчихсон байна, түргэн ирчихсэн байна бараг нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн...Тухайн үед хэн унаж талийгаачийг дайрсаныг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуу/

Насанд хүрээгүй гэрч Ц.Б өгсөн:...Намайг ирэх үед 27-83 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар  талд О ах, Б ах, Ж ах, Б ах дөрөв сууж байсан. Би очоод Х ах, А хоёртой хамт Б ахын машинд орж утсаар тоглосон. Болдоо ах удаагүй хойшоо морь луугаа явсан.  Бид гурав машинд утсаар тоглож байгаад унтаад өгсөн. Бид нарыг унтахын өмнө  тэр гурав архи уугаад сууж байсан, намайг унтаж байх үед Х ах сэрээгээд бие биенийгээ дайрчихсан байна гэсэн.  Би машинаасаа гараад харсан Жоохноо ах зүүн урд унтаж байсан. О ахыг би хараагүй. Э ах бид хэдтэй цуг байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 56-57 хуу/

Насанд хүрээгүй гэрч М.А өгсөн:...Тэнд зогсоод О ах машинаасаа нэг шил архи гаргаж ирээд задалсан. Тэр архинаас Б ах уухгүй гэсэн уучих гээд уулгасан. Э ах уугаагүй, хойшоо морь луугаа явсан. Б ах намайг өөрийнхөө Hilux маркийн машин дотроо ороод унтаж бай гэхээр нь Х ах, Э ахын унаач Б хамт орж унтсан. Бид нарыг унтахын өмнө Б ах, О, Ж ах гурав О машины ард архи уугаад сууж байсан. Би Б ах, Х ах хоёртой хамт утсаар тоглож байгаад унтсан. Унтах үед 21 цаг өнгөрч байсан, би машин дотор унтаж байхад Х ах дуудаад Б ах өнгөрчихсөн байна гэсэн. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан гэж хэлсэн. Эмнэлэг, цагдаа удахгүй ирсэн... Би машинаасаа гараад харсан Ж ах зүүн урд архиа тэврээд хэвтэж байсан. О ах машиныхаа жолоочийн талд хаалгыг онгойлгоод газар доошоо харчихсан дөрөв хөллөөд уйлчихсан хэвтэж байсан. Э ах бид хэдтэй цуг байсан.  Машиныхаа хажууд уйлж байгаа юм шиг ий, ий гээд уйлж байгаа чимээ гаргаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

Насанд хүрээгүй гэрч Г.Х өгсөн:... М, Э, О ах нар  танихгүй 1 том хүний хамт архи ууж байсан. Би А, Б нарын хамт М ахын машинд очиж суугаад юм идээд яриад суусан. А машинаас гараад буцаж орж ирэхдээ нэг шил архи аваад ир гэнэ ээ гэж хэлсэн. Тэгээд М ахын машин дотор байсан цүнхэн дотроос чингис нэртэй архийг аваад А М, О, Э ах нарт хүргэж өгөөд ирсэн. Энэ үед 21 өнгөрч байсан. Тэгээд А, Б бид нар чөдөртэй  морьдоо ойртуулахаар гарсан Э ах бид нартай хамт явсан. Э ах архи уугаагүй юм шиг байсан. О ах нилээд  согтсон байдалтай байсан хоёр нүдээ аньчихаад юм яриад хоёр тийш найгаж хөдлөөд байсан. М ах дуугүй сууж байсан...Би гар утсаараа фэйсбүүк орсон. Тэгсэн миний гар утасны цэнэг дууссан. Би тэгээд унтах гэсэн боловч тухгүй байсан тэгэхээр нь машинаас гараад М ахын автомашины  тэвшин дээр гараад морины нэмнээ дэвсээд хэвтсэн. Энэ үед тэд нар архи ууж байсан. Тэгээд би унтаж амарсан. Унтаж байтал Э ах намайг сэрээгээд баларсаан нөгөө хэд чинь нэг нэгнийгээ дайрчихсан юм шиг байна гэж хэлсэн. Энэ үед 01 цаг өнгөрсөн байсан. Би яасан юм бэ? гэж асуухад Э ах Б ахыг чинь дайрчихсан юм шиг байна гэж хэлсэн. Б гэж М ахыг хэлж байгаа юм. Э ах гар чийдэнтэй явж байсан. Би Э ахын гар чийдэнг аваад О ахын машины араас гэрэл тусгаж харахад машин доогуур юм харагдахгүй байсан тэгэхээр нь тойрч очоод урд талаас нь гэрэл  тусгаад хартал М ах  О ахын машины мотор хэсэг доор байсан. М ахын  нүүр пэлцийсэн байсан...О ахын машин  хойд зүгт яваад зогссон байсан доор нь М  ах нас барсан байсан. Э ахын болон танихгүй ахын машин байрандаа байсан...О ах болохоор өөрийнхөө машины зүүн гар талд урагш хараад хэвтэж байсан.  Э ах болохоор намайг ирж сэрээсэн. Нөгөө нэг танихгүй хүн болохоор М ахын машинаас урд зүгт шилтэй архи тэврээд хэвтэж байсан...О ах сэрчихээд уйлаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 хуу/

Гэрч С.Г өгсөн:...Манай гэр бүлээс хамгийн бага нь С.О байгаа юм. С.О 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. Төрсөн цагаасаа эхлэн аав ээжийн гар дээр байж байгаад 7 настайдаа Хэнтий аймгийн Баянмөнх сумын Ерөнхий боловсролын сургуульд 1-2 дугаар ангидаа суралцаж байсан. Тэгээд ах эгч нь хотод амьдардаг болохоор  ах эгчийгээ дагаад Улаанбаатар хотын 97 дугаар сургуульд 3 дугаар ангиасаа эхлэн суралцсан.  Нийслэлийн 97 дугаар сургуулийг 2014 онд төгссөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн суралцах хувиараа аваад суралцах гэж байх үед манай аавын бие муудсан С.О сургуульд суралцахаа болиод Баянмөнх суманд ирж мал маллаж эхэлсэн. Манай аав тэгээд 2014 онд нас барсан учир хөдөө тэр чигтээ хөдөө гарсан. Манай ээж, хүний асаргаанд байдаг Г гэдэг эгчтэйгээ гурвуулаа байдаг. Манай ээж одоо 71 настай өндөр насны тэтгэвэрт  гарсан хүн байдаг. Хөдөө мал маллан амьдарч байх үедээ малаа харна, хажуугаар нь ээж, эгч хоёрыгоо асарна, гэр орны ажлаа амжуулна гээд их ажилтай байдаг. Баянмөнх сумын үе тэнгийнхээ хүмүүстэй л найзалдаг гэхдээ өдөр болгон ажилтай байдаг тул найз нөхөдтэйгөө  тэр болгон уулзаж чаддаггүй байх. Гадуур зав чөлөөтэй явдаггүй. Наадам болохоор морь уяах л их дуртай хүн байнга л морь уядаг. Ааш зангийн хувьд төлөв даруухан зантай, хүнд тусархаг, олон зангүй, цайлган цагаан тийм зантай хүн. Архи дарс хэрэглэдэг эсэх талаар нь би мэдэхгүй, миний хажууд хэрэглэж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/

С.О гэрчээр өгсөн:..архи задлаад миний эзэмшлийн 2783 хэа улсын дугаартай бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн ард сууцгаагаад уухад Э уухгүй гээд М, С бид гурав уусан. Миний задласан архийг ууж дуусаад М машинаасаа нэг ширхэг 0.75 гр литрийн шар чингис гаргаж нэмж уусан. М ахын гаргасан архийг задлаад 2-3 удаа тойруулж уусан. Тэгээд морьдоо харсан харагдахгүй байхаар нь өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй морьдоо харахаар хөдөлсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би өөрөө юу ч санахгүй байна. Бид нарын анх архи ууж байсан газар талийгаач унтаж байсан юм байна лээ. Би тэрийг нь мэдэхгүйгээр дээгүүр нь тээврийн хэрэгсэлтэйгээ гарчихсан юм шиг байна...би согтуудаа тээврийн хэрэгсэл хөдөлгөснөөс болж ийм зүйл болсон. Би харамсаж байна...хэргийн газрын үзлэгт 4 дугаараар тэмдэглэсэн буюу С ахтай хамт архи уусан газар миний утас, малгай 2 байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 51, 53 хуу/

 

 Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2020  оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 71 дугаартай дүгнэлт:

  1. Талийгаач Э.М-н цогцост бүсэлхий нурууны L4, L5-р нугалмын хугарал, нугас тасралт. L2-L5-р нугалмын босоо сэртэн, хөндлөн сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн далд хугарал, зүүн 7,8,9,10,11,12-р хавирга ясны уг хэсгийн хөндлөн хугарал, элэгний өрцтэй бэхлэгдсэн хэсгийн орчмын эдийн цус хуралт, зүүн гарын хоёр толгойт булчингийн  тасрал, няцрал, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал, цээж, хоёр суга, хэвлийн баруун  хажуу хэсэг, нурууны ар дээд хэсгийн тархмал цэгчилсэн цус хуралт, эрүүний баруун доод булан, дагз, хэвлийн доод хэсэг, зүүн гарын бугуй, зүүн ташаан толгойн ар гадна хэсэг, бүсэлхий нуруу, баруун мөр, далны дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, зүүн хацар, зүүн чихний сувгийн амсар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед авто машинд дайрагдсаны улмаас үүсэх боломжтой.
  3. Талийгаачийн  цусанд 1,6% цөсөнд 1,3% спиртийн агууламж илэрсэн байх нь хөнгөн зэргийн согтолттой байжээ.
  4. Талийгаач Э.М нь авто машины дугуй болон эд ангид дайрагдаж дээрх хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /1-р хх-ийн 83-86 хуу/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2020  оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 27-83  ХЭА  улсын дугаартай “Bongo-3” тээврийн хэрэгсэлд хийсэн нөхөн үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
  2. Иймд цаашид шинжилгээ хийх боломжгүй байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 102 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4043 дугаартай дүгнэлт

        1. Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.
        2. Шинжилгээний  харьцуулах загварт ирүүлсэн С.О гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй.
        3. Шинжилгээний харьцуулах загварт ирүүлсэн С.О  гарын дардас санд MN004010009599 дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна. гэх дүгнэлт / 1-р хх-ийн 118-119хуу/

 

Гэрч Г.М өгсөн:...Тухайн хэргийн газрын үзлэгээр 27-83 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөр байж болзошгүй газруудыг нэг бүрчлэн үзсэн. Үзлэгээр шинжилгээнд тэнцэх гарын мөр илрээгүй учир хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгуулж гэрэл зургаар бэхжүүлсэн. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн 36-41, 44-45 дугаартай гэрэл зураг дээр харагдаж байгаа. Хэргийн газар очиход 27-83 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхнууд онгорхой байсан. Мөн газрын чийг унасан байсан. Гарын мөр илрүүлэх нунтагаар мөр байж болох объектын гадаргууг шалгаж үзэхэд зөвхөн мөр дүрслэл илэрсэн ба гарын мөрний нарийн шугамууд ялгарч тодрохгүй байсан тул гэрэл зургаар бэхжүүлж авсан. Илэрсэн мөр дүрслэл нь юунаас ч үүссэн байж болно. Гэхдээ гарын мөрний шинжилгээнд тэнцэхгүй...Гарын мөрийг арилгах зорилгоор арчиж цэвэрлэсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд: 2783 хэа улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д  заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чир өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. гэжээ /1 хх-ийн 130-133 хуу/

 

Хэнтий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр  сарын 18-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт:

1.            27-83 хэа улсын дугаартай Bongo3 тээврийн хэрэгсэлийн эд ангиуд бүрэн бүтэн стандарт шаардлага хангаж байна.

2.            27-83 хэа улсын дугаартай Bongo3 тээврийн хэрэгсэлийн тормос урд талын тормос зөрүү байхгүй, 98% барьж байна, хойд талын тормос 85% барьж байна стандарт  шаардлага хангаж байна.

3.            27-83 хэа улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн хурдны хайрцаг ямар нэгэн араанд залгаатай байдалд байгаагүй гэх дүгнэлт /1-р хх-ийн 140-141 хуу/

 

Яллагдагч С.О өгсөн:...Тэр газар бид гурав архи ууж байгаад би морио харахаар хөдлөөд "Hilux" маркийн тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслийн урд талд машинаа баруун тийш нь харуулж тавьсан. Би тэгээд С архи ууж байгаад явсан. Тэнд унтсанаас хойш өнгөрөөгчийг дайрах үйлдэл би хийгээгүй. Одоо яллагдагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй байна...морьдоо тавиад бид нар юм ярьж сууж байгаад С ахын морь тогтохгүй морио бариад явж байсан. Би тэр үед  машинаасаа нэг ширхэг хар өнгийн Экс нэртэй архи гаргасан. Би нэг шил архи гаргаж ирээд Э, М бид гурав миний ар талд тэвшний хойно сууж архиа задалсан. Архиа задлаад байж байхад М С дуудсан. Тэгээд С хүрээд ирсэн. Архиа тойруулсан Э уухгүй гээд бид гурав уусан. Э морио 22 цагийн үед тавина гээд тавиагүй байж байгаад 22 цагийн үед морио тавих гээд явсан. Бид гурав тэр газар ирээд морио шууд тавьсан. Э явснаас хойш морьдоо харсан харагдахгүй байхаар нь би  өөрийн  машинтайгаа морьдоо харъя гээд баруун тийшээ явсан харагдахгүй байхаар нь зүүн эргээд харсан Э морин дээрээ байсан. Бид нарын морьд бөөндөө цуг байсан. Тэр үед М, С хоёр явган морьдоо харахаар бас явсан. Би машинтайгаа буцаж ирээд М машины урд талд нь баруун тийш нь харуулаад тавьсан. Би машинтайгаа ирж зогсох үед машины гэрэлд М ах даагаа бариад уячихсан байх нь харагдсан. Би машинаасаа буугаад машиныхаа урд талд С хамт үлдсэн архиа уусан. Тэр газар архи ууж байгаад би унтсан. Би унтаж байгаад цагдаагийн байгууллагын гадаа цагдаа нартай хамт машинтай ирээд сэрсэн. Би сэрээд өөрийгөө эрүүлжүүлэхэд орчихлоо гэж бодсон. Тэр үед нар гарчихсан ойролцоогоор 07 цаг болж байсан байх. Би М ах байхгүй байхаар нь утсаар нь залгаад хэлчихье гээд цагдаагаас утсыг нь гуйсан юу яриад байгаа юм чи хүн дайрчихсан байна гэсэн утгатай юм хэлсэн... Би Э хийсэн байх гэж бодож байна. Учир нь тэр хүн ганцаараа эрүүл үлдсэн. Нимгэн хувцастай байсан учраас машинтай морь луугаа явах гэж миний машинтай хөдөлсөн байх. Өөрийнх нь машин морь уяатай байсан. Э тийм хэрэг хийчихээд намайг тэр машин дээр авч очсон байх гэж бодож байна...Өмнө нь Э миний машиныг барьж байгаагүй. Миний машин 6 араатай Э машин марк нь адилхан ч гэсэн 5 араатай. Хэргийн газар газар ухсан байдалтай байсан гээд байгаа ухардаг араанд нь хийх гэж байгаад урагш явдаг араанд хийсэн байж магадгүй. Ухардаг араандаа хавхлага татаж байж ордог. Э өөрийнхөө машинаар ухардаг араандаа хийж байгаа үйлдлийг миний машин дээр хийхэд 4 дүгээр араа юмуу 6 дугаар араандаа орно. Миний машины ухардаг араа ухардаг араандаа хийхэд юм татаж байж 1 дүгээр арааныхаа хажуугаар орно...Би энэ хэргийг Э үйлдсэн байх гэж бодож байна. Би өөрийн мэдэлгүй унтаж байсан. Тэрийг маань далимдуулан намайг зөөвөрлөсөн байна...гэх мэдүүлэг /1 хх-ийн 163-167 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд, хэргийн газрын бүдүүвч зураг /хх-ийн 8-18 хуу/

Ц.С, С.О, Н.Э нарыг  согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багаж ашиглан 2020 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 04 цаг 43 минутанд шалгахад Ц.С амьсгал дахь спиртын агууламж 1.27 хувь, Н.Э 0.00 хувь,  С.О 1.62 гарсаныг тэмдэглэж авсан  тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зураг /хх-ийн 23-28 хуу/

Шүүгдэгч С.О иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 171 хуу/

С.О нь ам бүл 3, ээж эгчийн хамт амьдардаг, ажилсаг, бусдад тусархаг, төлөв даруу зантай, 2019 оны жилийн эцсээр 2158 мал тоолуулсан болохыг тодорхойлсон Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дугаартай тодорхойлолт / 1 хх-ийн 172 хуу/

2783 хэа улсын дугаартай kia bongo 3 маркийн тээврийн хэрэгсэл нь С.О эзэмшилд бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 177 хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Ш.Х гаргаж өгсөн П.У, Г.Т нартай 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс байгуулсан  туслах малчны гэрээ /1-р хх-ийн 182-194 хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х мөрдөн байцаалтын үед гаргаж өгсөн талийгаач Э.М оршуулгын зардалд тооцож нэхэмжилсэн 33.294.410 төгрөгийн үнийн дүн бүхий гэх нотлох баримтууд / 1 хх-ийн 195-250 хуу/

Талийгаач Э.М хувийн байдалтай холбоотой баримтууд / 2хх-ийн 2-101 хуу/

Шүүгдэгч С.О хувийн байдалтай холбоотой баримтууд / 2хх-ийн 131-145 хуу/

С.О эзэмшлийн 2783 хэа улсын дугаартай kia bongo 3 маркийн автомашин, 200 тооны төлгөн хонийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай прокурорын тогтоол / 2 хх-ийн 147-148 хуу/

Шүүх хуралдааны үед шүүгдэгч С.О гаргаж өгсөн /С.Г, Б.А нараас “С.О хохирол төлөв” гэсэн гүйлгээний утгаар/  нийт 33.294.410 /гучин гурван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг Ш.Х ХААН банкин дахь дансанд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримтууд /3-р хх-ийн 34-35 хуу/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн  “оршуулгын зардалд 37.798.968 төгрөг, том хүү М.Г 18 нас хүрч цэргийн алба хаагаад, их сургуульд сурч төгсөж ирэх хүртэл  буюу 2030 оныг дуустал 2 малчин тус бүрийг нь 1 сарын 500.000 төгрөгний хөлсөөр авч ажилуулах цалин хөлс  болох 125.000.000 төгрөг мө уг хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих зардал 783.644 төгрөг, нийт 163.582.612 төгрөгийг нэхэмжилсэн баримтууд /3-р хх-ийн 36-58 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.О холбогдохлд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

гэм буруугийн талаар:

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.О нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх нисэх буудлын хашааны баруун талд “Киа Бонго-3” маркийн 27-83 ХЭА улсын дугаартай автомашиныг жолоодохдоо хохирогч Э.М дайрч амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд /1 хх-ийн 06 хуу/ “адуу манаж байсан хүнийг автомашин дайрч, хүн нас барсан” гэх мэдээллийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 01 цаг 55 минутанд хүлээн авсан тухай дурдсан байх тул 2020 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 01:00 цагийн үед гэмт хэрэг гарсан гэж үзлээ.

Шүүгдэгч С.О нь мөрдөн байцаалтын үед яллагдагчаар болон шүүх хуралдааны үед шүүгдэгчээр мэдүүлэг өгөх үедээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өмгөөлөгч нар нь мөн түүнийг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан гэрч Н.Э өгсөн “27-83 хэа улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна талд О машиныхаа жолоочийн суудлын хажууд газар хэвтчихсэн жолооч талын хаалга нь онгорхой байсан...Ж гэх залуу тээврийн хэрэгслүүдийн зүүн урд зүгт нилээн хол, өмнө нь машин очиж зогсож юм яриад байсан газар чигтээ хэвтэж байсан. Би Ж тэнд унтаж байхыг нь харчихаад буцаад цэнхэр машин дээр очих үед машины доор хөл харагдсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.С өгсөн “М / ганцаараа сууж байсан газраа  үлдсэн. Б хойшоо адуу руугаа явсан... Э архи уухгүй гээд морь луугаа яваад өгсөн...О морио харъя гээд өөрийн эзэмшлийн 27-83 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод  баруун зүгт явж морио харчихаад урдуур тойроод бид нарын сууж байсан газраас зүүн урд зүгт ойрхон зогсоод буцаж бид хоёр дээр ирж архи уусан. Тэнд сууж байгаад О морь луу ойртож ууя гээд бид хоёр босоод явган зүүн урагшаа очиж газар суусан. Тэгж босож явах үед М согтчихсон байсан учраас ууж байсан газраа үлдсэн. Би О тэнд цуг сууж архи ууж сууж байгаад унтаад өгсөн байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Б өгсөн “Б ах удаагүй хойшоо морь луугаа явсан...Бид нарыг унтахын өмнө  тэр гурав архи уугаад сууж байсан...Би машинаасаа гараад харсан Ж ах зүүн урд унтаж байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.А өгсөн “Э ах уугаагүй, хойшоо морь луугаа явсан...Бид нарыг унтахын өмнө Б ах, О, Ж ах гурав О машины ард архи уугаад сууж байсан...Би машинаасаа гараад харсан Ж ах зүүн урд архиа тэврээд хэвтэж байсан. О ах машиныхаа жолоочийн талд хаалгыг онгойлгоод газар доошоо харчихсан дөрөв хөллөөд уйлчихсан хэвтэж байсан...Машиныхаа хажууд уйлж байгаа юм шиг ий, ий гээд уйлж байгаа чимээ гаргаад байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Х өгсөн “Э ах архи уугаагүй юм шиг байсан. О ах нилээд  согтсон байдалтай байсан хоёр нүдээ аньчихаад юм яриад хоёр тийш найгаж хөдлөөд байсан. М ах дуугүй сууж байсан...Би Э ахын гар чийдэнг аваад О ахын машины араас гэрэл тусгаж харахад машин доогуур юм харагдахгүй байсан тэгэхээр нь тойрч очоод урд талаас нь гэрэл  тусгаад хартал М ах  О ахын машины мотор хэсэг доор байсан...О ахын машин  хойд зүгт яваад зогссон байсан доор нь М ах нас барсан байсан...О ах болохоор өөрийнхөө машины зүүн гар талд урагш хараад хэвтэж байсан...Нөгөө нэг танихгүй хүн болохоор М ахын машинаас урд зүгт шилтэй архи тэврээд хэвтэж байсан...О ах сэрчихээд уйлаад байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд тухайн үед гэрч Н.Э, Ц.С, талийгаач Э.М, шүүгдэгч С.О нар архи ууж байгаад Н.Э д архи уулгүй адуу руугаа явсан, Ц.С, С.О нар нь Э.М салж өөр газар очиж архи уухаар явах үед Э.М байрандаа үлдсэн, Ц.С, С.О нар өөр газар очиж архи үргэлжлүүлэн ууж байгаад Ц.С тухайн газраа унтсан, энэ үед С.О өөрийн автомашинаа жолоодохдоо Э.М дайрч амь насыг нь хохироосон, Н.Эадуун дээрээсээ буцаж ирэхэд С.О нь автомашиныхаа хажууд унтаж байсан нөхцөл байдал байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь талийгаачийг дайрсан автомашиныг С.О жолоодсон эсэх талаар маргаж, мэтгэлцсэн бөгөөд хэргийн талаар бусад нөхцөл байдлуудын талаар маргаагүй болно.

Хэргийн газрын үзлэгийн явцад талийгаач нь 2387 хэа улсын дугаартай kia bongo 3 маркийн автомашины урд тэнхлэг доор дайрагдаж чирэгдсэн ул мөр газрын хөрсөнд 12.92 м зайд үүссэн, мөн автомашины хойд дугуй хий эргэж газрын хөрс ухагдсан байдалтай ул мөр үлдсэн байх бөгөөд талийгаачийн анх дайрагдсан гэх А цэгээс зүүн урд зүгт 53.4 м зайд хар өнгийн малгай, ногоон өнгийн гэртэй утас, шар өнгийн chinggis  гэсэн бичигтэй шөр өнгийн наалттай шил, хуванцар савны тайрсан доод хэсэг байсан бөгөөд үүнийг С.О, Ц.Ст нарын хамгийн сүүлд архи ууж байсан газар мөн гэж дүгнэв.

С.О нь Ц.С хамт архи ууж байгаад тэр газраа унтсан гэж мэдүүлэг өгч байгаа боловч хэргийн газарт гэрч Н.Эболон цагдаагийн алба хаагч нарыг ирэхэд талийгаачийг дайрсан автомашины хажууд унтаж байсан, сэрээхэд уйлсан болох нь тогтоогдсон бөгөөд С.О нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “С архи ууж байгаад унтсан байх, автомашин жолоодсоноо санахгүй байна, Э энэ хэргийг үйлдсэн байх, намайг унтаж байгааг далимдуулан зөөж автомашины хажууд авчирч орхисон гэж бодож байна” гэж мэдүүлэг өгсөн боловч хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Э, Ц.С нар нь автомашин жолоодсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Мөн С.О анх удаа 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр байцаах /1хх-ийн 49 хуу/ үед “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэснээр байцаалтыг дуусгасан байх бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч оролцуулан гэрчээр дахин байцаалт авах үед /1хх-ийн 50-51 хуу/ “морьдоо харсан харагдахгүй байхаар нь өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй морьдоо харахаар хөдөлсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би өөрөө юу ч санахгүй байна. Бид нарын анх архи ууж байсан газар талийгаач унтаж байсан юм байна лээ. Би тэрийг нь мэдэхгүйгээр дээгүүр нь тээврийн хэрэгсэлтэйгээ гарчихсан юм шиг байна” гэж, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр байцаалт авах үед “хэргийн газарт 4 дугаараар тэмдэглэсэн буюу С ахтай хамт архи уусан газар миний утас, малгай хоёр байсан” гэж мэдүүлэг өгчээ.

Түүний энэ мэдүүлгүүдийг бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгахад хэрэгт хамааралгүй, эргэлзээтэй гэж үзэх, мөн нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэлээ. Учир нь  гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн тодорхойгүй байгаа үед мөрдөгч нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй болохыг тайлбарлаж өгсөн байх ёстой.  Тухайн тохиолдолд С.О эхний удаа гэрчээр мэдүүлэг авах үед өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан бөгөөд өмгөөлөгч оролцуулан гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийгөө дээр дурдсан гэмт хэрэгт буруутай байдлаар мэдүүлэг өгсөн байх бөгөөд мөрдөгч гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрхийг нь хангасан байна гэж үзлээ.

Дээр дурдсан зам тээврийн осол нь  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7-д заасан  “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” 10.1-д  заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чир өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн  заалтуудыг зөрчсөний улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадлагаагаар, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Э.М нь нас барсан болох нь  Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул С.О Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Шүүгдэгч С.О болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны үед түүнийг тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн гэх нөхцөл байдлын талаар маргаагүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлгэнд шүүгдэгч С.Ог хэрэг болохоос өмнө архи уусан, согтуурсан байсан талаар дурдсан, мөрдөн байцаалтын үед согтуурал шалгах багажаар шалгахад /1 хх-ийн 27 хуу/  түүний амьсгал дахь спиртын агууламж 1.62 хувь илэрсэн болох нь тогтоогджээ.

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар А/138, А/131 тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль(%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль () илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх ба С.О амьсгал дахь спиртийн агууламж 1.62% илэрсэн байх тул түүнийг хэрэг болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч С.О  2020 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагийн үед согтуурсан үедээ Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх нисэх буудлын хашааны баруун талд “Киа Бонго-3” маркийн 27-83 ХЭА улсын дугаартай автомашиныг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7-д заасан согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөнөөс хохирогч Э.М дайрч амь насыг нь хохироосон буюу  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х нь шүүх хуралдааны үед оршуулгын зардалд 37.798.968 төгрөг, том хүү М.Г 18 нас хүрч цэргийн алба хаагаад, их сургуульд сурч төгсөж ирэх хүртэл  буюу 2030 оныг дуустал 2 малчин тус бүрийг нь 1 сарын 500.000 төгрөгний хөлсөөр авч ажилуулах цалин хөлс  болох 125.000.000 төгрөг, мөн уг хэргийг хянан шийдвэрлэх явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очих зардал 783.644 төгрөг, нийт  163.582.612 төгрөг нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шалгаж үзэхэд /1хх-ийн 197-250 хуу/ 30.708.037 төгрөгийн оршуулгын зардал нь нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь оршуулгын зардалд 33.294.410 төгрөг төлсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х нэхэмжилсэн туслах малчинд өгөх цалин 125.000.000 төгрөг, замын зардал 783.644 төгрөг, оршуулгын зардлын зөрүү болох 4.504.558 төгрөг, нийт 130.288.202 /163.582.612-33.294.410=130.288.410/ төгрөгийн нэхэмжлэлээс оршуулгын зардлын зөрүү болох 4.504.558 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, бусад нь оршуулгатай холбоотой зайлшгүй гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй,  тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар гэм хор учруулсны төлбөрийг тогтоохоор заасан бөгөөд хавтаст хэрэгт талийгаач Э.М сарын цалин хөлс, орлогыг тодорхойлсон баримт авагдаагүй байх тул нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэн шүүгдэгч С.О бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүгдэгч С.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нь анх удаа гэмт үйлдсэнийг нь харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу оршуулгын зардлыг нөхөн төлсөн боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах журмыг хэрэглэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц С.О эзэмшлийн 2783 хэа улсын дугаартай kia bongo 3 маркийн автомашин, 200 тооны төлгөн хонийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.О хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон    ТОГТООХ нь:

 

1.            Шүүгдэгч Х овгийн С О Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.            Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1 дэх заалтад зааснаар  шүүгдэгч С.О тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.            Шүүгдэгч С.О оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.            Шүүгдэгч С.О оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

5.            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц С.О эзэмшлийн 2783 хэа улсын дугаартай kia bongo 3 маркийн автомашин, 200 тооны төлгөн хонийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6.            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 130.288.202 төгрөгийн нэхэмжлэл болон тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

            7. Шүүгдэгч С.Оавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ