| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0071/э |
| Дугаар | 2021/ШЦТ/77 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Дийн Бд холбогдох 2135000520067 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Дийн Б, регистрийн дугаар: ОО92011813.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутгаас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус сумын 5 дугаар багийн иргэн, хохирогч Б.Бийн гурван тооны хонь, гурван тооны ямаа нийт 6 тооны бог мал хулгайлж 435,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 2135000520067 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр малаа хотлуулахдаа тоолоход гурван ямаа, хоёр хонь, нэг хурга нийт зургаан тооны бог мал дутсан. Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхэлж алдагдсан зургаан тооны бог малаа хайсан боловч олдохгүй байсан болохоор нь 01 дүгээр сарын 27-ны үед байх өдрийг сайн санахгүй байна. Сумын төв орж мах авдаг ченж нартай уулзахад манай сумын Ц гэх ченж залууд манай сумын 8 дугаар багийн Дийн Б гэх залуу хоёр тооны ямааны гулууз мах авч ирж өгсөн ба ямар нэгэн толгой шийргүй байсан гэдгийг сонсоод Д.Б гэх залуутай уулзаж алдсан зургаан тооны бог малаа асуухад “би мэдэхгүй С.Бааст гэх залуугаас очиж асуу” гэж надад хэлэхээр нь би “хамт очиж нүүрэлдье” гэж хэлэхэд Д.Б надад хандаж “ах нь чиний алдсан зургаан тооны бог малыг хулгайлж аваад алаад идчихсэн, цагдаа, шүүх болоод яахав, ах нь чиний хохирлыг бүрэн барагдуулж өгнө, тохиръё” гэж гуйхаар нь зөвшөөрч маргааш өдөр нь очиход Д.Б надад өөрийнхөө бог мал дотроос эр ямаа хоёр, хурга 3, гунан буюу гурван настай хонь нэгийг надад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31-р хуудас/,
-хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Миний хулгайд алдсан 6 тооны бог мал маань 1. Улаан зүсмийн, буруу чих нь ар талаасаа ухмал, урд талаасаа цуулбар имтэй, гоцгор эвэртэй 4 настай эр ямаа. 2. Хар зүсмийн, буруу чих нь ар талаасаа ухмал, урд талаасаа шуулбар имтэй, хойшоо эвэртэй, духан дээрээ жижиг цагаан төөлтэй, 3 настай эр ямаа. 3. Хар нүдтэй, хар халзан зүсмийн, буруу чих нь ар талаасаа ухмал, урд талаасаа шуулбар имтэй, зөв чих нь ар талаасаа ухмал имтэй, эвэргүй, эм хурга. 4. Хар зүсмийн, буруу чих нь ар талаасаа гөлөм /хаалга/ имтэй, зөв чих нь голоосоо шуулбар имтэй, эвэртэй, 3 настай эр ямаа. 5. Шар халзан зүсмийн, буруу чих нь ар талаасаа гөлөм имтэй, зөв чих нь урд талаасаа шуулбар имтэй, эвэртэй 3 настай эр хонь. 6. Хар халзан зүсмийн, буруу чих нь ар талаасаа гөлөм имтэй, зөв чих нь голоосоо шуулбар имтэй, 4 настай эр хонь байсан. Тухайн зургаан тооны бог мал хулгайлагдсан газар очиж үзэхэд ямар нэгэн тээврийн хэрэгслийн мөр байгаагүй, мал туусан морьтой хүний мөр байсан. Манай мал алга болдог өдөр манай мал бэлчээрлэж байсан газраар Б нь морьтой ганцаараа явж байсан. ...надад учирсан хохирлыг манай сумын 8 дугаар багийн иргэн Д.Б гэх залуу төлж барагдуулсан ба хоо зүсмийн 2 ямаа, хурга-3, 3 настай хонь-1 зэргийг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
2. Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний хүү Б.Б нь Д.Бгаас 2 тооны эр ямаа, гурван хурга, нэг тооны хонь зэрэг нийт зургаан тооны мал авсан. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Д.Б нь манай хүү Бийн эзэмшлийн малаас 6 тооны мал хулгайлж аваад баригдаад хулгайлсан малынхаа оронд өгч хохирол барагдуулж тохиролцсон” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
3. Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бийн эзэмшлийн бог малаас 6 тооны бог мал хулгайд алдагдсан ба Б.Б алдагдсан малынхаа араас явж байгаад Д.Б гэх залуу хулгайлсныг олж мэдээд цагдаад өгнө гэхэд цагдаад битгий өг би хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлээд өгсөн малнууд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
4. Гэрч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Б нь надад 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна гурван эр ямаа, хоёр эр хонь нийт 5 тооны бог малын мах авч ирж өгсөн. ...тухайн үед 1 кг бог малын махны үнэ 4200 төгрөг байсан бөгөөд Д.Б авч ирж өгсөн. Малын мах 114 кг болж 480.000 төгрөг бэлнээр өгч мах авсан Д.Б надад малын мах өгснөөс хойш 2 хоногийн дараа Б над дээр ирж “манай багийн иргэдээс танд малын мах авч ирж өгсөн үү, би малаа хулгайд алдчихлаа” гэж хэлэхээр нь Б ямар нэгэн арьс, толгой, шийргүй бог малын мах авч ирж өгсөн гэж хэлээд явуулсан. Түүний дараа сураг сонсоход Д.Б нь Д.Бийн малыг хулгайлж аваад төлж өгсөн сурагтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,
5. Яллагдагч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Увс аймгийн Тэс сумын 8-р багийн нутаг Хар бураа гэх газарт өөрийн бог малыг хариулаад явж байтал Хар бураагийн бургас дотор 3 тооны эр ямаа, 2 тооны эр хонь, 1 эм хурга нийт 6 тооны бог мал бэлчиж байсан юм. Тухайн үед өдрийн 12.00 цаг болж байсан. Тэгээд би тухайн газартаа малаа бэлчээрлүүлээд байж байгаад орой 17.00 цаг өнгөрөөд харанхуй болохоор нь тухайн 6 тооны бог малаас 1 тооны хургыг нь өөрийн бог малдаа нийлүүлээд өөрийн малаа гэр лүүгээ явуулсан. Тэгээд үлдсэн 5 тооны бог мал буюу 2 тооны хонь, 3 тооны ямааг Хар бураагийн бургасан дотор ганцаараа нядалсан юм. Тухайн үед миний биед миний өөрийн хэрэглэдэг бор өнгийн модон иштэй хутга байсан бөгөөд би уг хутгаараа тухайн 5 тооны бог малыг бургасан дотор ба 17:00 цагаас шөнө 03:00 цаг хүртэл нядалж дууссан юм. Тэгээд 5 тооны бог малын махны гулуузыг Хар бураагийн бургасаас нэг км орчим зайтай аваачиж цасанд булсан. Тэгээд би тэр шөнө гэртээ харьж хоносон. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би гэрээсээ өөрийн улсын дугааргүй, хурд маркийн мотоциклоороо цасанд булсан 5 тооны бог малын махнуудыг авахаар ганцаараа явж махыг мотоциклд ачаад Тэс сумын төвд мал, махны ченж Цб гэх хүнд бүгдийг нь жинлүүлж байгаад өгсөн бөгөөд тухайн малын махыг нийтэд нь 480,000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь би өөртөө хэрэгтэй зүйл аваад дууссан. ...Тэр явдлаас хойш хэд хоногийн дараа мал хулгайлсан малын эзэн Б гэгч нь надтай уулзсан ба тэр үед Б нь “чи миний малыг хулгайлж ченжид өгсөн байна” гэж хэлсэн. Тэр үед би Бт “ах нь чиний малыг хулгайлж аваад алаад зарчихсан, би хохирлыг чинь төлж өгнө, цагдаад битгий мэдэгдээрэй” гэж хэлсэн. Тэгээд би 2-3 хоногийн дараа Бт 6 тооны бог мал өгч хохирлыг барагдуулсан бөгөөд уг 6 тооны мал нь 2 эр ямаа, 1 эр хонь, 2 тооны эр хурга, 1 тооны эм хурга зэргийг өгсөн юм. ...Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,
6. Шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №86 дугаартай “Увс аймгийн Тэс суманд 2020 оны 01 дүгээр сарын байдлаар бог малын зах зээлийн үнэ цэнийн баримжааг тодорхойлсон” дүгнэлт /хх-ийн 61-р хуудас/,
7. Шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 121 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-р хуудас/,
8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хуудас/,
9. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 14 дугаартай тогтоол /хх-ийн 17-18-р хуудас/,
10. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24-р хуудас/,
11. Малын хохирлын тооцоо бодсон тэмдэглэл /хх-ийн 72-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 5-р багийн нутаг Хар бураа гэх газраас хохирогч Б.Бийн гурван тооны хонь, гурван тооны ямаа нийт 6 тооны бог мал хулгайлж, 480,000 төгрөгөөр ченжид худалдсан болох нь хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр малаа хотлуулахдаа тоолоход гурван ямаа, хоёр хонь, нэг хурга нийт зургаан тооны бог мал дутсан. ...Сумын төв орж мах авдаг ченж нартай уулзахад манай сумын Ц гэх ченж залууд манай сумын 8 дугаар багийн Дийн Б гэх залуу хоёр тооны ямааны гулууз мах авч ирж өгсөн. Д.Б гэх залуутай уулзаж алдсан зургаан тооны бог малаа асуухад... “ах нь чиний алдсан зургаан тооны бог малыг хулгайлж аваад алаад идчихсэн, цагдаа, шүүх болоод яахав, ах нь чиний хохирлыг бүрэн барагдуулж өгнө, тохиръё” гэж гуйсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Д.Б нь надад 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна гурван эр ямаа, хоёр эр хонь нийт 5 тооны бог малын мах авч ирж өгсөн. ...тухайн үед 1 кг бог малын махны үнэ 4200 төгрөг байсан бөгөөд Д.Б авч ирж өгсөн. Малын мах 114 кг болж 480.000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг болон яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрөө хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Бгийн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бт 495,000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Хэдийгээр яллах дүгнэлтэд хохирогч Б.Бт 435,000 төгрөгийн хохирол учирсан гэж бичсэн боловч хохирлын тооцоог гаргахдаа нэг тооны 3 настай эр ямааны үнийг оруулж тооцоогүй байна.
Гэвч шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Бийн “...миний зургаан тооны бог малыг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч надад учирсан хохирлыг барагдуулахаар 2 ямаа, 3 хурга, 1 хонь өгч бид хоёр тохиролцсон, Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, гэрч Н.Бгийн “...хулгайлсан малынхаа оронд өгч хохирол барагдуулж тохиролцсон” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/-ээр нотлогдож байна.
Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Бгийн хувийн зан байдлын талаар гэрч Ө.Д-гийн өгсөн: “Би Д.Бг нэг нутгийн хүн гэдгээр нь мэднэ. ...Б нь зан аашийн хувьд үг дуу цөөтэй, хөдөө өсөж, мал дээр хүмүүжсэн, бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин залуу. Амьдралын нөхцөл байдлын хувьд ямар ч байсан хулгайн гэмт хэрэг үйлдэх хүртлээ ядарсан амьдралтай биш. Урьд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, элдэв хорт муу зуршилгүй юм. Хамгийн сайн хийж чадах ажил нь мал маллах, хар бол ажил хийхдээ сайн, хөдөлмөрч зантай залуу юм. Б нь ямар нэг илүү дутуу зангүй, хүнд худал хэлээд байдаггүй, хүнтэй зөв харьцдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/, гэрч Ж.Б өгсөн: “Би Бгийн нагац эгч нь байгаа юм. ...Б нь багаасаа одоог хүртэл аав, ээжийн гар дээр өсөж хүмүүжсэн, хичээл сургуульд суралцаагүй, бичиг үсэг мэддэггүй, хөдөөний малчин залуу юм. Б нь бие эрүүл, ямар нэг архаг хууч өвчингүй, хар бор ажилдаа сайн, хөдөлмөрч зантай, мал маллах арга ухаан сайтай, одоогоор хүнтэй гэр бүл болоогүй, амьдралын нөхцөл байдлын хувьд аав, ээж хоёр нь хоёулаа тэтгэвэрт байдаг, хөдөө боломжийн амьдралтай өрх юм. Хүнтэй харьцахдаа тайван дөлгөөн, ямар нэгэн муу араншин байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/ хэрэгт авагджээ.
Мөн шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-р хуудас/-аар нотлогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө нь гэм буруугаа ойлгож ухамсарласан, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгасан зэрэг бусад хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн бусад хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг нийгмээс тусгаарлан, биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Бусад хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 121 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-р хуудас/-ээр гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан шүүгдэгч Д.Бгийн эзэмшлийн эр морийг 1,000,000 төгрөгөөр, бүрэн тоноглолтой цэрэг эмээл /хуучин/ 1 ширхгийг 30,000 төгрөгөөр, суран хазаар /хуучин/ 1 ширхгийг 5,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд эдгээр эд зүйлсийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан болох нь, мөн хулгайлан авсан малаа нядалж махыг нь мал махны ченж хийдэг Н.Ц гэгчид өгч 480,000 төгрөг авсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлого олсон болох нь тус тус хэргийн үйл баримтаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Иймд энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан хээр зүсмийн 1 тооны морь, мөн эд мөрийн баримтаар хураагдсан бүрэн тоноглолтой цэрэг хар эмээл /хуучин/ 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 480,000 төгрөг зэргийг тус тус гаргуулж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор, битүүмжилсэн эд хөрөнгийг улсын орлого болгосонтой холбоотой 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол”-ыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Дийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Бд тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Бд сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн 6 настай морь 1 ширхэг, эд мөрийн баримтаар хураагдсан 30,000 төгрөгийн үнэ бүхий цэрэг эмээл 1 ширхэг /бүрэн тоноглолтой/, 5,000 төгрөгийн үнэ бүхий суран хазаар 1 ширхэг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 480,000 төгрөгийг шүүгдэгч тус тус гаргуулан хурааж улсын орлого болгосугай.
7. Битүүмжилсэн эд хөрөнгийг улсын орлого болгосонтой холбогдуулан прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай” 14 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН