Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/265

 

 

                                                           

           

 

 

 

 

2021          05        17                                   2021/ШЦТ/265                 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч В.У, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт В.Уд холбогдох эрүүгийн 2011012350844 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Жалайр овогт В.У, Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 19ий өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 13 дугаар гудамжны 236 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16-6-2 тоотод түр оршин сууж байгаа гэх,

  Урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1048 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 01 сар 06 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй хорих ангид эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ................................

  Шүүгдэгч В.У /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь “жолооны үнэмлэхний ангилал ахиулж өгнө”, “Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө”, “Зөгийний төсөл бичүүлж өгнө” гэх зэргээр хуурч хохирогч О.Бурмаагаас Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 15-324 тоотод 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дансаар шилжүүлсэн 850.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5315266594 тоот дансаар, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг Өнөржаргал гэгчийн нэр дээрх Хаан банкны 5753733489 тоот дансаар, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 450.000 төгрөгийг н.Энхтуяа гэгчийн нэр дээрх 5109046719 тоот дансаар тус тус шилжүүлэн авч бусдад нийт 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.Угаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би өмнө сууж байсан жолооны курс одоо нэрийг нь санахгүй байна, тэр курсын сургалт хариуцсан захирал болох хүнд хандаж туслаад өгөөч гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр хүн бүртгэлийг нь оруулъя, нийт төлбөр нь 800.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд би О.Бурмаад та тэр хүний данс руу хийчих гэсэн чинь таньж мэдэхгүй юм чинь таны данс руу хийчихвэл зүгээр байна гээд миний 5315266594 гэх Хаан банкны данс руу шилжүүлсэн юм. Тэгээд би тэр мөнгийг нь шилжүүлэлгүй цагаан сар болох гээд өөртөө хэрэглэсэн юм. Дараа нь бид хэд Ховд уруу газар үзэх гээд явж байхад О.Бурмаагийн нөхөр болох Алтанбагана надад хандаж намайг ажилд оруулаад өгөөч гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Оюу толгойд ажилладаг таньдаг хүн байгаа гэж хэлээд О.Бурмаагаас 3.000.000 төгрөгийг аваад хувьдаа эм тариа болон байрны түрээсэндээ зарцуулчихсан юм. Тэгээд дараа нь 2020 оны 04 дүгээр сарын дундуур О.Бурмаа бид хоёр зөгийний аж ахуй эрхлэх гэж үзээд төсөл хүнээр бичүүлсэн юм. Тэрний мөнгө болох 450.000 төгрөгийг О.Бурмаа над руу шилжүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

Шүүгдэгч В.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би анх н.Бурмаа гэдэг хүнийг таньдаггүй байсан. Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагаанд оролцсон нэг хараагүй залуу байсан. Би нөхөр болон гурван хүүхдийн хамт байдаг. Нөхөр маань хөгжлийн бэрхшээлтэй. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Нийт долоон хүүхдээс таван хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй. Учир нь хориход байсан нэг хүн манайд амьдарч байсан. Тэр хүн сүрьеэтэй байсан бөгөөд бүх хүүхэд маань сүрьеэ өвчнөөр өвчлөөд 3-н жил дамнаж эмнэлгээр явсан. Ерөнхийдөө хороо дүүргийн бүх хүмүүс энэ талаар мэддэг. Өөрөө 13-н жил улсын байгууллагуудад үйлчлэгч хийдэг байсан. Надад тэр хүнийг залилах санаа байгаагүй. Яагаад гэвэл тэр хүний өөрийнх нь амьдрал нь хэцүү бөгөөд өөрт нь амьдрах газар байгаагүй. Надад ярихдаа “Миний аав намайг бага наснаас минь эхлээд хүчирхийлэлд байлгасан. Тийм учраас би өндөр настай аавтайгаа арга буюу толгой хорогдож амьдарч байгаа. 7,8 жил энэ залуутай хамтран амьдрагчаар Замын-Үүдэд амьдарч байсан. Бид хоёр хүүхэд гаргах гэсэн чинь хүүхэд гардаггүй ээ. Тийм учраас хоорондоо таарамж муутай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжээд нэг  газар тариалангийн ажил хийх юм байна. Би тэрэнд нь явах гэж байгаа” гэхээр нь би цуг явъя гээд явсан. Хамт явж байх замдаа н.Бурмаа надад агсам тавьсан. Их архи уудаг юм байна лээ. Архи уугаад, агсам тавиад, нөхрөө надтай хардаж миний авч явсан машины шил, толь, хаалга гээд бүх зүйлийг эвдсэн. Нөхөр нь н.Бурмаад “чамтай байхад би маш их дарамтад байдаг. Чиний хэлснээр байдаг. Одоо би өөрийнхөөрөө амьдарна. Дахиж чамтай хамт ингэж амьдрахгүй” гэж хэлсэн юм байна лээ. Би ардаа үр хүүхдээ үлдээчихсэн байсан учраас Баасан гарагт яваад бүтэн сайн өдөр багтаж ирэх байсан. Гэвч машин эвдэрсэн учраас Даваа гарагийн өглөө ажилдаа очиж чадаагүй. Мягмар гарагийн өглөө ажилдаа ирсэн. Тухайн үед өөрөө хувийн газар ажил хийж байсан. Тэгээд би үнэхээр тэр хүн гэр бүлийн дарамтад байдаг юм байна. Очих газар байхгүй юм байна гэж бодоод манайд нөхөртэйгөө хамт байя гэж надаас гуйхаар нь байлгасан. Зөгийний төсөл бичиж өг гэхээр нь би өөрсдөө мэд би гурван хүүхэдтэй, хэцүү амьдралтай гэх зэргээ хэлсэн. Би залилан мэхэлье гэж бодсон бол орон гэртээ байлгахгүй байх байсан. Тэр залуу дажгүй ажил, мэргэжилтэй, сайн хүн шиг санагдсан учраас би тусалъя гэж бодсон. Гэтэл би өөрөө хүнд тусалсныхаа төлөө ийм хэрэгт холбогдчихсон. Гурван хүүхдээ хөдөө явуулчихсан байсан. Хамтраад төсөл бичье гэсэн чинь бэлэн төсөл бичдэг газар байдаг тэр хүнээр төслөө бичүүлчихье гээд байсан. Цар тахлын үеэр хүүхдээ харж өсгөх үнэхээр хэцүү нөхцөл байдал бий болсон. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна гэв.

Хохирогч О.Бурмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-324 тоотод байхдаа зүс таних В.У гэх хүнд 3.850.000 төгрөгийг Хаан, Голомт банкны интернет банк ашиглан шилжүүлж өгсөн юм ...Надад анх 2 сард В.У “жолооны ангилал ахиулж өгнө” гэж хэлээд 850.000 төгрөг авсан. Харин дараа нь манай нөхөр болох Б.Алтанбаганыг ажилд оруулж өгнө гэхээр нь 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,

Хохирогч О.Бурмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-324 тоотод байх В.Угийн гэрт байхдаа Зөгийний төсөл бичүүлж өгнө гэж хэлээд Энхтуяа гэх хүний данс руу 450.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэр өдрөөс хойш надтай холбоо барихгүй удаад, тэгээд худлаа хэлээд яваад байхаар нь цагдаагийн байгууллагад хандах болсон юм ...” гэх мэдүүлэг /хх-12х/,

Гэрч Б.Алтанбаганаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ундалмаа хэлэхдээ Оюу толгойд ажилд оруулж өгөхөд 20.000.000 төгрөг өгч байж ажилд ордог юм, та хоёрыг таньдаг юм чинь 4.000.000 төгрөг өгчих гэхээр нь бид хоёр 3.000.000 төгрөг л байна гэсэн чинь болно болно гэж хэлээд авсан ба үлдсэн мөнгийг нь ажиллаж байхдаа цалин дээрээс нь өгчихдөг юм гэсэн ...Намайг Оюу толгойд уул уурхайн ашиглалтын инженерээр  оруулж өгнө гэсэн. Сарын цалин 8.000.000 орчим төгрөг, 5 хоногийн дотор оруулж өгнө гэсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-19х/,

Гэрч Ш.Баатарсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...надаас сургалт байдаг уу л гэж асуусан. Би төлбөрөө төлөөд сууж болно гэж дээр үед хэлж байсан юм. Тэрнээс би тэр хүнд ангилал ахиулж өгөх талаар юу ч хэлж байгаагүй. Дээр нь манай сургалтын төв тэр хүнд бичиг баримт гаргаж өгч байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-20х/,

Хохирогч О.Бурмаагийн дансны хуулга /хх-40-42х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-52-62х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

  Шүүгдэгч В.У /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь “жолооны үнэмлэхний ангилал ахиулж өгнө”, “Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө”, “Зөгийний төсөл бичүүлж өгнө” гэх зэргээр хуурч хохирогч О.Бурмаагаас Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 15-324 тоотод 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дансаар шилжүүлсэн 850.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5315266594 тоот дансаар, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг Өнөржаргал гэгчийн нэр дээрх Хаан банкны 5753733489 тоот дансаар, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 450.000 төгрөгийг н.Энхтуяа гэгчийн нэр дээрх 5109046719 тоот дансаар тус тус шилжүүлэн авч бусдад нийт 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч В.Угаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би өмнө сууж байсан жолооны курс одоо нэрийг нь санахгүй байна, тэр курсын сургалт хариуцсан захирал болох хүнд хандаж туслаад өгөөч гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр хүн бүртгэлийг нь оруулъя, нийт төлбөр нь 800.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд би О.Бурмаад та тэр хүний данс руу хийчих гэсэн чинь таньж мэдэхгүй юм чинь таны данс руу хийчихвэл зүгээр байна гээд миний 5315266594 гэх Хаан банкны данс руу шилжүүлсэн юм. Тэгээд би тэр мөнгийг нь шилжүүлэлгүй цагаан сар болох гээд өөртөө хэрэглэсэн юм. Дараа нь бид хэд Ховд уруу газар үзэх гээд явж байхад О.Бурмаагийн нөхөр болох Алтанбагана надад хандаж намайг ажилд оруулаад өгөөч гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Оюу толгойд ажилладаг таньдаг хүн байгаа гэж хэлээд О.Бурмаагаас 3.000.000 төгрөгийг аваад хувьдаа эм тариа болон байрны түрээсэндээ зарцуулчихсан юм. Тэгээд дараа нь 2020 оны 04 дүгээр сарын дундуур О.Бурмаа бид хоёр зөгийний аж ахуй эрхлэх гэж үзээд төсөл хүнээр бичүүлсэн юм. Тэрний мөнгө болох 450.000 төгрөгийг О.Бурмаа над руу шилжүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

шүүгдэгч В.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би анх н.Бурмаа гэдэг хүнийг таньдаггүй байсан. Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагаанд оролцсон нэг хараагүй залуу байсан. Би нөхөр болон гурван хүүхдийн хамт байдаг. Нөхөр маань хөгжлийн бэрхшээлтэй. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Нийт долоон хүүхдээс таван хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй. Учир нь хориход байсан нэг хүн манайд амьдарч байсан. Тэр хүн сүрьеэтэй байсан бөгөөд бүх хүүхэд маань сүрьеэ өвчнөөр өвчлөөд 3-н жил дамнаж эмнэлгээр явсан. Ерөнхийдөө хороо дүүргийн бүх хүмүүс энэ талаар мэддэг. Өөрөө 13-н жил улсын байгууллагуудад үйлчлэгч хийдэг байсан. Надад тэр хүнийг залилах санаа байгаагүй. Яагаад гэвэл тэр хүний өөрийнх нь амьдрал нь хэцүү бөгөөд өөрт нь амьдрах газар байгаагүй. Надад ярихдаа “Миний аав намайг бага наснаас минь эхлээд хүчирхийлэлд байлгасан. Тийм учраас би өндөр настай аавтайгаа арга буюу толгой хорогдож амьдарч байгаа. 7,8 жил энэ залуутай хамтран амьдрагчаар Замын-Үүдэд амьдарч байсан. Бид хоёр хүүхэд гаргах гэсэн чинь хүүхэд гардаггүй ээ. Тийм учраас хоорондоо таарамж муутай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжээд нэг  газар тариалангийн ажил хийх юм байна. Би тэрэнд нь явах гэж байгаа” гэхээр нь би цуг явъя гээд явсан. Хамт явж байх замдаа н.Бурмаа надад агсам тавьсан. Их архи уудаг юм байна лээ. Архи уугаад, агсам тавиад, нөхрөө надтай хардаж миний авч явсан машины шил, толь, хаалга гээд бүх зүйлийг эвдсэн. Нөхөр нь н.Бурмаад “чамтай байхад би маш их дарамтад байдаг. Чиний хэлснээр байдаг. Одоо би өөрийнхөөрөө амьдарна. Дахиж чамтай хамт ингэж амьдрахгүй” гэж хэлсэн юм байна лээ. Би ардаа үр хүүхдээ үлдээчихсэн байсан учраас Баасан гарагт яваад бүтэн сайн өдөр багтаж ирэх байсан. Гэвч машин эвдэрсэн учраас Даваа гарагийн өглөө ажилдаа очиж чадаагүй. Мягмар гарагийн өглөө ажилдаа ирсэн. Тухайн үед өөрөө хувийн газар ажил хийж байсан. Тэгээд би үнэхээр тэр хүн гэр бүлийн дарамтад байдаг юм байна. Очих газар байхгүй юм байна гэж бодоод манайд нөхөртэйгөө хамт байя гэж надаас гуйхаар нь байлгасан. Зөгийний төсөл бичиж өг гэхээр нь би өөрсдөө мэд би гурван хүүхэдтэй, хэцүү амьдралтай гэх зэргээ хэлсэн. Би залилан мэхэлье гэж бодсон бол орон гэртээ байлгахгүй байх байсан. Тэр залуу дажгүй ажил, мэргэжилтэй, сайн хүн шиг санагдсан учраас би тусалъя гэж бодсон. Гэтэл би өөрөө хүнд тусалсныхаа төлөө ийм хэрэгт холбогдчихсон. Гурван хүүхдээ хөдөө явуулчихсан байсан. Хамтраад төсөл бичье гэсэн чинь бэлэн төсөл бичдэг газар байдаг тэр хүнээр төслөө бичүүлчихье гээд байсан. Цар тахлын үеэр хүүхдээ харж өсгөх үнэхээр хэцүү нөхцөл байдал бий болсон. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна” гэх мэдүүлэг,

хохирогч О.Бурмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-324 тоотод байхдаа зүс таних В.У гэх хүнд 3.850.000 төгрөгийг Хаан, Голомт банкны интернет банк ашиглан шилжүүлж өгсөн юм ...Надад анх 2 сард В.У “жолооны ангилал ахиулж өгнө” гэж хэлээд 850.000 төгрөг авсан. Харин дараа нь манай нөхөр болох Б.Алтанбаганыг ажилд оруулж өгнө гэхээр нь 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,

хохирогч О.Бурмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-324 тоотод байх В.Угийн гэрт байхдаа Зөгийний төсөл бичүүлж өгнө гэж хэлээд Энхтуяа гэх хүний данс руу 450.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэр өдрөөс хойш надтай холбоо барихгүй удаад, тэгээд худлаа хэлээд яваад байхаар нь цагдаагийн байгууллагад хандах болсон юм ...” гэх мэдүүлэг /хх-12х/,

гэрч Б.Алтанбаганаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ундалмаа хэлэхдээ Оюу толгойд ажилд оруулж өгөхөд 20.000.000 төгрөг өгч байж ажилд ордог юм, та хоёрыг таньдаг юм чинь 4.000.000 төгрөг өгчих гэхээр нь бид хоёр 3.000.000 төгрөг л байна гэсэн чинь болно болно гэж хэлээд авсан ба үлдсэн мөнгийг нь ажиллаж байхдаа цалин дээрээс нь өгчихдөг юм гэсэн ...Намайг Оюу толгойд уул уурхайн ашиглалтын инженерээр  оруулж өгнө гэсэн. Сарын цалин 8.000.000 орчим төгрөг, 5 хоногийн дотор оруулж өгнө гэсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-19х/,

гэрч Ш.Баатарсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...надаас сургалт байдаг уу л гэж асуусан. Би төлбөрөө төлөөд сууж болно гэж дээр үед хэлж байсан юм. Тэрнээс би тэр хүнд ангилал ахиулж өгөх талаар юу ч хэлж байгаагүй. Дээр нь манай сургалтын төв тэр хүнд бичиг баримт гаргаж өгч байгаагүй ...” /хх-20х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан хохирогч О.Бурмаагийн дансны хуулга /хх-40-42х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-52-62х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч В.У нь хууль бус болох нь илэрхий атал өөрийн ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр “жолооны үнэмлэхний ангилал ахиулж өгнө”, “Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө”, “Зөгийний төсөл бичүүлж өгнө” гэх зэргээр хуурч хохирогч О.Бурмаагаас Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 15-324 тоотод 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дансаар шилжүүлсэн 850.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5315266594 тоот дансаар, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг Өнөржаргал гэгчийн нэр дээрх Хаан банкны 5753733489 тоот дансаар, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 450.000 төгрөгийг н.Энхтуяа гэгчийн нэр дээрх 5109046719 тоот дансаар тус тус шилжүүлэн авч бусдад нийт 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүнийг “залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцов.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч В.Угийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, 4.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул яллах дүгнэлт үйлдсэн прокурорын зүйлчлэл үндэслэл тохирсон, гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ гэж шүүх дүгнээд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруу, хохирлын талаар маргаагүй, харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй.

Учир нь шүүгдэгч В.У нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 01 сар 06 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялаа биечлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй хорих ангид эдэлж байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч В.У нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Бурмаад учруулсан гэм хорын хохирол болох 4.300.000 төгрөгнөөс 190.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 4.110.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч В.Уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 01 сар 06 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сар 27 /хорин долоо/ хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 41 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овогт В.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын 4.300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Уг 6 (зургаа) сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Уд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 01 сар 06 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сар 27 /хорин долоо/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Уд оногдуулсан 5 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч В.Угийн цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч В.Угаас хохирлын 4.110.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Бурмаад олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                        

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Ё.ЦОГТЗАНДАН