| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 188/2018/0308/Э |
| Дугаар | 559 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 559
188
С.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гансүлд,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунням,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Б.Оюуннямын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Бд холбогдох 1708022950416 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Алаг адуун овогт С-н Б, 1977 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ______________ тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ......................../,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар сургуулийн зүүн хойд талд иргэн Д.Оийг “Зам хааж явлаа, автомашин руу чулуу шидлээ” гэх шалтгаанаар маргалдан зодож, бие махбодид нь тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Алаг адуун овогт С-н Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Бгаас 653.790 төгрөг гаргуулан хохирогч Д.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 203.773 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, С.Б өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Б.Оюунням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Б нь Д.Оийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, гэмт хэрэг гарсан эсэх нь эргэлзээтэй байдаг бөгөөд дан ганц хохирогчийн зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэн ял оногдуулсан гэж үзэж гомдолтой байна. Өөрөөр хэлбэл гэм буруутай гэж дүгнэх үндэслэл болгосон гэрчүүдийн мэдүүлэгт С.Б нь хохирогч Д.От гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Гэрч нарын мэдүүлэг, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын хуудас зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Шүүхээс “гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Оийн анхнаасаа тууштай, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгсөн мэдүүлэг ... зэргээр нотлогдсон” гэжээ. Гэтэл хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болсон гэж шүүхээс дүгнэсэн баримтууд нь харин ч хохирогчийн мэдүүлгээс үүссэн баримтууд гэдгийг шүүх анхааралгүй буруу дүгнэлт хийсэн. Шүүгдэгч С.Б, гэрч С.Баярмаа нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд анхнаасаа тууштай мэдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг тодорхой дүрслэн хэлсэн байдаг. Гэтэл шүүх хэргийн газар байгаагүй, болсон явдлыг хараагүй гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээс үүссэн баримтуудыг хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж гэж үзэж үндэслэлгүйгээр ял оногдуулсанд гомдолтой. Мөн хохирогч толгойн зүүн талд цохисон гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр толгойн баруун талд хавдсан байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид гэмтэл үүссэн гэдэг нь тогтоогдсон хэдий ч тухайн гэмтлийг С.Б 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр учруулсан гэх эргэлзээгүй нотлох баримт болж чадахгүй юм. Тухайн үед хохирогч буруутай үйлдэл гаргасан байдаг. Шийтгэх тогтоолд С.Бгаас 653.790 төгрөг гаргуулан хохирогч Д.От олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Д.Оийн эмчилгээний зардал, эмийн баримтууд нь эмчийн заалтгүй, хэн ямар өвчинд хэрэглэсэн нь тодорхойгүй байдаг. Хохирогчийн гарган өгсөн эмийн баримтууд нь хөнгөн хохирол учирснаас үүдэн хэрэглэсэн эмчилгээ биш. Өөрөөр хэлбэл хохирогч хүнд гэмтэл авсан гэж оношлогдсоноос үүдэн эм хэрэглэсэн байдаг бөгөөд энэ талаар хохирогч өөрөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Тогтоолд хохирогчийн гаргаж өгсөн 988.000 төгрөгийн баримтаас чухам ямар ямар баримтаар тогтоогдсон төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай өмгөөлөгч миний бие танилцахад шийтгэх тогтоолыг урьдчилан гаргасан байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг зөрчсөн. Гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс харахад хохирогч орилж хашгирсан, С.Бн хүзүү эрүүг маажсан, гар утсыг нь өшиглөж эвдсэн, автомашин руу нь чулуу шидэж хохирол учруулсан зэрэг буруутай үйлдэл тогтоогддог. Хохирогч Д.О нь Зөрчлийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан хүний биед халдах, 8.8 дугаар зүйлийн 1-д заасан эд хөрөнгө гэмтээх гэсэн зүйлд заасан зөрчил үйлдсэн байх бөгөөд энэ талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй, хариуцлага тооцоогүй юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Бг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.От зодуулчихаад хэрэгтэн болоод явж байгаадаа маш их гомдолтой байна. Мөн хохирогч Д.Оийг би түлхээд, дагзаараа автомашины хаалга мөргөсөн гэж хэлсэн байсан. Миний автомашины хаалгыг саваад байхаар нь би буутал намайг автомашин руу шахаад, хоолой амыг минь маажаад, толгой руу цохисон. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Түүнээс биш хаалга мөргөж, унатал нь чанга түлхээгүй. Надаас болж хохирогчид гэмтэл учирсан зүйл байхгүй.” гэв.
Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт гэрч Ундрах-Жаргалын “эхнэр Д.О нь Цагдаагийн байгууллага дээр уйлсан байдалтай ирээд, миний толгой өвдөөд байна, “Тоёота Приус 20” загварын автомашины жолооч намайг цохиж, зодож байгаад яваад өгсөн” гэж хэлсэн мэдүүлэг байдаг. Хохирогчоос мөрдөн байцаалтын шатанд нийт хоёр удаа мэдүүлэг авсан. Мэдүүлэг авхад хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа заасан, тууштай зөрүүгүй мэдүүлэг өгсөн байдаг. Мөн хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад мэдүүлэг зөрсөн асуудал тогтоогддоггүй. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогчоос “чихэндээ чихэвч хийсэн байсан уу” гэж асуухад “үгүй, охинтойгоо утсаар ярьчихаад явж байсан. Гэтэл ардаас маш хурдтай орж ирж сигналдаад, дайрах шахаад өнгөрхөөр нь яаж байнаа чи гэтэл, балай авгай минь замаас холдооч гэж хэлээд яваад өгсөн” гэдэг. Тухайн хэрэг 150 дугаар сургуулийн хажууд болсон. Дандаа бага насны хүүхэд зорчдог, хөл хөдөлгөөн багатай газар байсан. Шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, холдооч гэж дайрсан, сигналдсан үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үүссэн. Анх шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэл үүссэн гэж дүгнэсэн. Дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилоход хөнгөн зэргийн гэмтэл гэж гарсан. Учир нь хохирогчийн толгойн томографын зураг хугаралтай болох нь тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь хэрэг гарах үед үүссэн шинэ гэмтэл байна гэдэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг урьдчилан гаргасан байсан гэж үзээд шүүгчийг татгалзах хүсэлт гаргахад хүлээн авахаас татгалзсан байдаг. Учир нь шүүгчийн туслах тухайн үед төсөл бичээд хэрэгт хавсаргасан байсан. Тухайн төсөл дээр хэргийг урьдчилан шийдсэн зүйл байгаагүй. Прокурор болон шүүгчийн туслахууд төсөл бичих эрхтэй байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүр арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасныг мөрдөн мөрдөн шалгах ажиллагааны явцад биелүүлээгүй байхад анхан шатны шүүх зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн, яллах талыг барьж хэргийг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, тухайлбал гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, шүүгдэгч С.Бн үйлдэл холбогдол, гэм буруугийн байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэв.
Хохирогч Д.О “...шороон зам дээр явж байхад автомашинтай хүн дайрах шахсан. Жолооч цонхоо онгойлгоод “Замаа хараач новш минь” гэж хэлсэн. “Чи дохиогоо өгөөд зөөлөн орж ирэх ёстой юм байгаа биз дээ, хүн дайрах шахчихаад юу гээд байгаа юм бэ. Цагдааг чинь дуудаж өгнө” гэж хэлээд автомашиных нь цонхны рамнаас нь барьсан. ...тухайн автомашины жолооч хаалгаа онгойлгож бууж ирээд намайг гараараа цээж рүү түлхсэн, ...автомашины цонхноос гар тавиулах гээд толгой руу гараараа хоёр удаа цохисон. ...би газраас чулуу аваад дугуй руу нь шидсэн чинь зогсоод эрэгтэй нь бууж ирээд “Новш минь чи хүний автомашин руу чулуу шиддэг юу юм бэ” гэсэн. Автомашиных нь түлхүүрийг авах гэсэн чинь миний гарыг түлхүүртэйгээ хамт базаж мушгиад байсан. Тэгээд базаж мушгиж байгаад миний зүүн талын гарыг хөхрүүлсэн...” гэж,
харин шүүгдэгч С.Б “...Зам дээр дохио өгөөд эргээд орж байхад чихэвч зүүчихсэн нэг эмэгтэй автомашины урд явж байсан. ...Эмэгтэй эргэж хараад “Дайрлаа чи” гээд хашгирч загинаад байсан. Би хажуугаар нь зөрөөд явах гэсэн чинь нөгөө эмэгтэй миний автомашин руу чулуу аваад шидсэн. ...”Би чамайг дайраагүй биз дээ” гэсэн чинь миний автомашины хаалгыг онгойлгож саваад байсан. Би буух гэсэн чинь намайг багалзуурдаад хоолой урсан. Автомашинаасаа буусан чинь миний баруун талын хөл рүү өшиглөж халаасанд байсан гар утасны дэлгэцийг хагалсан.” гэж,
гэрч С.Баярмаа “...Тэр эмэгтэй хоёр чихэндээ чихэвч хийсэн байсан. Автомашин сигнал өгөөд байхад сонсохгүй байсан тэгээд автомашинаа зогсооход тэр эмэгтэй автомашины хамар дээр гараараа цохиод “Намайг дайрчлаа” гээд, автомашины хажуугаар тойрч гарахдаа газраас чулуу авч автомашин руу шидсэн. Тэр үед манай дүү цонхоо онгойлгоод “Чи яагаад автомашин руу чулуу шидээд байгаа юм бэ” гэхэд тэр эмэгтэй автомашины цонх онгорхой байх үед манай дүү С.Бн нүүр рүү нэг удаа цохисон. Манай дүү С.Б ...автомашинаас гарах үед хаалга руу шахаж байгаад хоёр гараараа нүүр нүдгүй балбаад байхаар нь би урд нь сууж байгаад бууж очоод “Чиний буруу, чи хоёр чихэвчтэй зам хөндлөн гарч болохгүй” гэж хэлэхэд миний үгийг тоохгүй манай дүү С.Б руу дайраад хоолойноос нь базаад байсан. ...манай дүү рүү дайрсан дахиад цохиод байсан. ...тэр эмэгтэй автомашины түлхүүрийг нь автомашинаас нь сугалж авсан. Тэгэхээр нь манай дүү түлхүүрээ авах гээд гарнаас нь барьж салгаж авах гээд дийлэхгүй байсан.” гэж тус тус мэдүүлжээ.
Хэргийн үйл баримтыг харсан гэрч С.Баярмаа нь хэдийгээр шүүгдэгч С.Бгийн эгч боловч түүний өгсөн мэдүүлэг нь хохирогч Д.Оийн мэдүүлгээс зөрүүтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б, хохирогч Д.О нарын хооронд үүссэн маргааныг хэн эхлүүлсэн, хэн нь эхэлж хэний бие махбодид халдсан, хэрүүл маргаан үүсгэж нийтийн хэв журам зөрчсөн үйлдэл гаргасан, бусдын бие махбодид халдаж зодсон, эсхүл бусдын эд хөрөнгийг гэмтээх үйлдлийг хэн эхлүүлсэн байдлыг тогтоох шаардлагатай.
Энэхүү байдлыг шалгаж тогтоох нь дээрх үйлдэлд С.Б ганцаар буруутай эсэх, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд үйлдэгдсэн эсэх, уг үйлдэлдээ санаатай эсхүл болгоомжгүй ямар байдлаар хандсан, уг үйлдлийг хийхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн эсэхийг тодруулахад ач холбогдолтой гэж үзнэ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэрэгт ач холбогдолтой дээрх нөхцөл байдлууд бүрэн тогтоогдоогүй байхад хэргийн үйл баримтыг нотлогдсон гэж дүгнэж, гэрч болон хохирогч нарын мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтууд болох гэрч С.Баярмаа, Г.Сүхбаатар, С.Дарамбазар нарын “...Хохирогч Д.О өөрөө дайраад түлхүүр булаасан, С.Бг маажиж зодсон, автомашин руу нь чулуу шидсэн”, “...нэг эмэгтэй цонхоор нь жолоочтой нэг юм булаацалдаад байх шиг байсан... нөгөө эмэгтэй ч өөдөөс нь сарвалзаад байсан”, “...Эмэгтэй нь л орилж чарлаад нөгөө залуу руугаа чичлээд орилоод, машин руу өшиглөж харагдсан” гэсэн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн үндэслэлүүдийг заагаагүй атлаа шүүгдэгч С.Бг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд дээрх байдлуудыг дахин шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцаах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.МЯГМАРЖАВ
Ц. ОЧ