Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 168

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УИХ ТГЕНБД холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ... Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Ц ийн Н миний бие улсад 30 жил, төрийн албанд 26 жил, үүнээс Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх, даргаар 2000 оноос хойш ажилласан.

Миний бие төрийн алба хашсан 26 жил Улсын Их Хурлын Тамгын газарт ажилласан жилүүдэд өөрт ногдуулсан үүргийг зохих ёсоор гүйцэтгэж, Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх, Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллагын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, орчин цагийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагааг идэвх санаачлагатай, ажил хэрэгч, шуурхай явуулахад өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан ажиллаж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, хариуцлагатай биелүүлж ирсэн бөгөөд төрд олон жил зүтгэж, ажил үүргээ онц сайн биелүүлж ирснийг маань үнэлж 2000 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2005 онд Алтан гадас одон, 2012 онд Төрийн албаны тэргүүний ажилтан, 2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон цол тэмдгээр шагнагдаж байсан.

Мөн Монгол Улсын болон Монгол Улсын Их Хурлын нэр хүндийг олон улсад таниулан өндөрт өргөсөн олон улсын томоохон хурлуудыг биечлэн хариуцаж өндөр түвшинд хариуцлагатай зохион байгуулж ажилласан тул Төрийн албаны тэргүүн түшмэлийн тэргүүн зэрэг олгуулах саналыг 2015 онд Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан бөгөөд миний бие 2013, 2014, 2015 оны үр дүнгийн гэрээг А буюу маш сайн үнэлгээгээр дүгнүүлж ажилласан болно.

Гэтэл 2016 оны сонгуулиас хойш төрийн албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаад гомдолтой байна. Тодруулбал:

1. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №652 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц нь Ц.Н намайг ямар нэгэн зөрчил гаргаагүй, ажлаас чөлөөлөгдөх болон өөр ажилд шилжих хүсэлт гаргаагүй байхад өөр албан тушаалд шилжин ажиллах болсон гэсэн үндэслэлээр холбогдох хууль тогтоомжийг зөрчин ажлаас чөлөөлсөн.

Тиймээс миний бие шүүхэд хандсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №128/ШШ2017/0285 дугаар шийдвэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цгийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №652 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Н намайг Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №221/МА2017/0378 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №350 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Гэвч хариуцагч нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болчихоод байхад Ц.Н намайг ажилд эргүүлэн томилохгүй байсан учраас миний бие шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2018 оны 04/574 дугаар албан бичгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Ц.Н намайг ажилд эргүүлэн томилохыг мэдэгдсэн болно.

Улмаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №193 дугаар захирамжаар Ц.Н намайг Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эргүүлэн томилж 3 дугаар заалтаараа ажил хүлээлцэхийг үүрэг болгосон байна.

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 16:00 цагт Ц.Н намайг ирж уулз гэж Тамгын газраас дуудсан. Намайг очиход Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц, Дотоод аудитын албаны дарга бөгөөд дотоод аудитор Я.Б, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн Сургалт хүний нөөцийн албаны ахлах референт Б.П нар байсан.

Гэтэл Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц нь Ц.Н намайг ажлаа хүлээж аваагүй байхад, надад ажлыг хүлээлгэн өгөөгүй байхад ирж уулз гэж дуудчихаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 04/574 дүгээр албан бичгийн дагуу шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж Ц.Нийг Гадаад харилцааны хэлтсийн даргаар эргүүлэн томиллоо.

Нэгэнт Гадаад харилцааны хэлтсийн даргаар эргүүлэн томилогдсон тул өөрийн чинь байхгүй үед дотоод аудитын албанаас Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийсэн байгаа Аудитын дүгнэлтийг үндэслэн Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллуулах боломжгүй тул албан тушаал бууруулна гэж хэлсэн. Мөн намайг Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед чи хуучин ажлаа хийх боломжгүй гэж хэлж байсан.

Улмаар 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №211 дүгээр захирамж буюу шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эргүүлэн томилсон захирамж гарснаас хойш 2 хоногийн дараа албан тушаалыг бууруулах захирамжийг гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй гэж заасан.

Гэтэл Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүр үзүүлэн, шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэхгүй, шийдвэрт дурдсан ажилд Ц.Н намайг оруулахгүй гэсэн бодлоготойгоор холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн захирамж гаргаж байгаа нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалаас Ц.Н намайг ямар нэг байдлаар буулгах ашиг сонирхлын зөрчил байна гэж хардахад хүргэж байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Н намайг ажилд эргүүлэн томилж байгаа хэдий ч ажлыг маань ч хүлээлгэж өгөөгүй байж албан тушаал бууруулсан захирамж гаргаж байгаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан, Ц.Н миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.

2. Дээр дурдсанчлан Ц.Н миний бие төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж, төрд тасралтгүй олон жил зүтгэж, ажил үүргээ онц сайн биелүүлж ирснийг төр үнэлж байсан бөгөөд 2013, 2014, 2015 оны үр дүнгийн гэрээг А буюу маш сайн үнэлгээгээр дүгнүүлж байсан болно.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан.

Гэтэл Ц.Н намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан захирамжийг шүүхээр шийдвэрлүүлж байх хугацаанд буюу миний эзгүйд хийсэн гэх дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн албан тушаал бууруулан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар албан тушаал буруулах асуудлыг шийдвэрлэхдээ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэхээр хуульчилсан байх бөгөөд Ц.Н миний хувьд үр дүнгийн гэрээг А буюу маш сайн үнэлгээгээр дүгнүүлж ирсэн.

Гэтэл миний ажиллаж байсан үеийн эерэг үнэлгээг дотоод аудитын тайланд үгүйсгэсэн байдалтайгаар дүгнэлт гаргасан байх бөгөөд уг дүгнэлт нь үндэслэлтэй зөв эсэх асуудлыг судалж үзэлгүй, миний эзгүйд надаас ямар ч тайлбар аваагүй байж гаргасан дүгнэлтийг үндэслэн албан тушаал бууруулан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод аудитын албанаас гаргасан 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотоод аудитын ажлын тайлан болон дүгнэлтийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Ц.Н намайг байхгүй байхад миний ямар ажлыг дүгнэсэн болох, жил жилийн үр дүнгийн маш сайн гэсэн үнэлгээг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс миний бие уг Дотоод аудитын албанаас гаргасан тайлан болон дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Ер нь бол маргаан бүхий актын үндэслэл болоод байгаа аудитыг дүгнэлтэд Ц.Н миний ажил үүргийн үр дүн, мэргэшлийн түвшин муу гэсэн дүгнэлт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж заасан.

Захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх бөгөөд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй.

Нөхцөл байдлыг тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулах зэрэг ажиллагааг хийх бөгөөд уг ажиллагааны нэг нь оролцогчийг сонсох буюу сонсох ажиллагаа явуулах юм.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн тусгай зарчимтай бөгөөд захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зорилгоор сонсох ажиллагааг хийх талаар уг хуулийн 26, 27 дугаар зүйлд зааж өгсөн.

Гэтэл Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц нь намайг эзгүйд хийсэн гэх аудитын дүгнэлтийг үндэслэн, ажлаа хүлээж аваагүй байхад шууд Ц.Н миний албан тушаалыг бууруулах захирамж гаргаж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, шударга ёсонд нийцэхгүй, төрийн албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр юм гэжээ.

Хоёр. Хариуцагч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц ийн Н ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:

1. Ц.НГадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байх хугацааны буюу Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд Дотоод аудитын алба нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын албаны дүрэм, Дотоод аудитын албаны 2017 оны аудитын ажлын төлөвлөгөө, Ерөнхий нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэлийн аудитыг хийсэн.

Энэхүү аудитын дүгнэлтээр гадаад харилцааны хэлтсийн дарга нь үндсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, Тамгын газрын дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн байна.

2. Дотоод аудитын албанаас Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитаар дараах дүгнэлтийг гаргасан байна. Үүнд:

Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны дотоод үйл ажиллагаа хангалтгүй, хэлтсийн үндсэн чиг үүргийн биелэлтийг тооцох боломжгүй. Улсын Их Хурлын гадаад арга хэмжээний холбогдох баримт бичгийг журмын дагуу бүрдүүлээгүй, архивын нэгж болгон хүлээлгэн өгөөгүй. Хэлтсийн үйл ажиллагаанд мөрдөгддөг журмын хэрэгжилт хангалтгүй.

Хэлтсийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл өндөр, дотоод хяналтын үр ашигтай тогтолцоо сул. Улсын Их Хурлын гадаад арга хэмжээ, зочин төлөөлөгч хүлээн авах арга хэмжээний төсвийн зарцуулалтад тавих хяналт сул, төсвийн үр ашиггүй зарцуулалт өндөр. Гадаад харилцааны хэлтсийн дотоод ажлыг сайжруулж, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, ажлын үр дүнгийн гэрээг бодитой дүгнэхэд онцгой анхаарч, ажилтнуудын ажлын ур чадвар, мэргэшлийн түвшинг дахин үнэлж, хөдөлмөрийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. 

3. Ц.Н нь 2016 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээ тайлагнаагүй тул түүний үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээ байхгүй.

4. Ц.Нт Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг танилцуулсан. Ц.Н нь аудитын дүгнэлттэй холбоотойгоор ямар нэгэн асуулт асууж, тайлбар өгөөгүй бөгөөд Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллуулах боломжгүй тул албан тушаал бууруулах тухай хурлын тэмдэглэлтэй танилцуулж, гарын үсэг зуруулсан.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.2-т ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан үүргийг хэрэгжүүлэх гэсэн үүргээ биелүүлээгүй нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул Гадаад харилцааны хэлтсийн шинжээчийн албан тушаалд бууруулан томилсон.

Улсын Их Хурлын Тамгын газрын гадаад арга хэмжээний төлөвлөгөөт ажлуудыг бүрэн хэрэгжүүлэхэд хүний нөөц дутагдалтай байгаа талаар хэлтсийн удирдлагаас хүсэлт тавьсны дагуу Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.Нийг үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа гомдлоо шийдвэрлүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч албан үүргээ гүйцэтгэхгүй төрийн ажлыг цалгардуулсаар ирсэн.

Дээр дурдсан үндэслэл, шалтгааныг харгалзан Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.ННийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Ц.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Тус шүүхэд Ц.Ннэхэмжлэлтэй, УИХ ТГЕНБД холбогдох Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хянагдаж байгаа билээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу.

Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.Нт Төрийн ордны 353 дугаар өрөөнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дотоод аудитын албаны дарга Я.Б, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн Сургалт хүний нөөцийн албаны ахлах референт Б.П нарыг байлцуулан Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг танилцуулсан.

Ц.Н нь аудитын дүгнэлттэй холбоотойгоор ямар нэгэн асуулт асууж, тайлбар өгөөгүй бөгөөд Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллуулах боломжгүй тул албан тушаал бууруулах тухай хурлын тэмдэглэлтэй танилцуулж, гарын үсэг зуруулсан.

Иймд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр захирамжаар Ц.Нийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, мөн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр албан тушаалыг бууруулсан.

Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд Ш.Н гэдэг төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байгаа бөгөөд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 654, 11 дүгээр сарын 29-ний өдрийн 875, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 212 дугаар тухайн албан тушаалд тус тус томилогдсон юм.

Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Н нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 178 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/7653 дугаар албан бичгийн дагуу томилогдсон төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч билээ.

Хоёр. Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.Нт Улсын Их Хурлын Тамгын газраас 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15/774, 06 дугаар сарын 08-ны өдрийн 15/991, 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15/1874 дүгээр албан бичгээр тус тус төрийн ажил үүргийг цалгардуулахгүй албан үүргээ гүйцэтгэж, энэ хугацаандаа гомдлоо шийдвэрлүүлэхийг удаа дараа мэдэгдсээр ирсэн.

Гэтэл Ц.Н нь мэдэгдлийг биелүүлэхгүйгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 128/Ш32018/5828 шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 221/ШТ2018/0679 тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна.

Улсын Их хурлын Тамгын газрын гадаад арга хэмжээний төлөвлөгөөт ажлуудыг бүрэн хэрэгжүүлэхэд хүн хүчний дутагдал үүсэж, хэлтэс үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл бэрхшээл үүсч байгаа талаар хэлтсийн удирдлагаас удаа дараа мэдэгдсээр ирсэн.

Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.Н нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш огт ажлаа хийгээгүй бөгөөд ар гэрийн гачигдлын улмаас байнгын асаргаанд байдаг ээжийгээ асрах шаардлагатай байгаа тул 3 сарын хугацаатай цалинтай чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 223 дугаар захирамжаар нэг сарын цалинтай чөлөөг олгосон. Иймээс Ц.Н шинжээчийн албан тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Ц.Нийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтын дагуу албан тушаал бууруулсан болохоос биш түүнийг ажлаас халаагүй. Түүнд цалин хөлс олгохгүй байх талаар ямар нэгэн шийдвэрийг байгууллагаас гаргаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин олгоно, Улсын Их Хурлын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д ажилд ирсэн, ажлаас явсан цагийг баг бүртгэлийн төхөөрөмжид хурууны хээгээр таниулна, 4.4.2-д Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсээс цаг бүртгэлийг сар бүрийн 20-ны өдрийн дотор гаргаж, хэлтсийн дарга нарт танилцуулан баталгаажуулснаар нягтлан бодогч цалинг тооцож олгоно гэж тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл албан тушаалаа хэрэгжүүлсэн тохиолдолд ажлын цагийн бүртгэлийг үндэслэн цалин, хөлсийг аль ч байгууллага олгодог. Гэтэл албан үүргээ огт хэрэгжүүлээгүй, хуруугаар бүртгүүлээгүй мөртлөө цалин хөлс авна гэж нэхэх нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Ц.Нт удаа дараа албан үүргээ гүйцэтгэж байхдаа маргаанаа шийдвэрлэхийг мэдэгдсэн бөгөөд 2 шатны шүүхийн шийдвэрээр Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосоор байхад албан үүргээ гүйцэтгээгүй мөртлөө ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудлыг ард түмний татварын мөнгөөр төлөх боломжгүй гэж үзэж байна.

Ц.Н нь томилогдсон албан тушаалд ажиллаад цалингийн зөрүүг нэхэмжлээгүй нь энэ хүн ажил хөдөлмөр хийхгүйгээр цалин хөлс авах сонирхол нь давуу байгааг анхааран үзэхийг хүсч байна.

Учир нь 2016 оны 9 дүгээр сард Улсын Их Хурлын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга тухайн үед Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Нтай биечлэн уулзаж, Гадаад харилцааны яаманд шилжүүлэн ажиллуулахаар тохиролцож Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх төслийн зөвлөхөөр томилогдсон боловч уг ажилд очиж ажиллаагүй байдаг.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.М-О тухайн үед Ц.Нт 4 албан тушаал санал болгож, дээр дурдсан албан тушаалд томилсон байна. Иймд Ц.Ннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Н нь Төрийн албаны зөвлөлд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд тус Зөвлөлөөс тухайн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлсэн 546 тоот албан бичиг, түүний хариуг Төрийн албаны зөвлөлд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14/918 тоот албан бичгүүдээр тус тус тогтоогдож, гомдол гаргагчид хариуг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 624 тоот албан бичгээр хүргүүлсний дагуу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ анх 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгснөөр бүртгэгдсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан шаардлагыг хангаж байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр захирамжаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.2, Дотоод аудитын албанаас Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Нийг Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалыг бууруулж, мөн өдрөөс Гадаад харилцааны хэлтсийн шинжээчээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Тамгын газрын ажилтныг томилох чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар захирамж гаргасан боловч нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулан томилохдоо дараах хууль бус үйлдлийг гаргасан байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Маргаан бүхий 211 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт Улсын Их Хурал /УИХ/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 669 дүгээр захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.2-т заасныг үндэслэл болгосон.

Энэ нь Ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж тодорхойлсон заалт байна.

Нэхэмжлэгч Ц.Н нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 434 дүгээр захирамжаар батлагдсан Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан ба боловсролын болон мэргэжлийн шалгуур шаардлагыг хангахаар магистр зэрэгтэй, орос хэл-утга зохиолын багш, англи хэлний орчуулагч мэргэжилтэйгээс гадна тус газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2013-2015 онуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг жил бүр дүгнүүлж, 2014 онд 95 А, 2015 онд А буюу маш сайн үнэлгээ авч, энэхүү үнэлгээг үндэслэн тэргүүн түшмэлийн тэргүүн зэрэг олгох саналыг эрх бүхий этгээд гаргаж байсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин тухайн албан тушаал эрхлэх шаардлагыг хангахгүй болсон гэх үндэслэлгүй байна.

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 736 дугаар захирамжаар батлагдаж, 10 дугаар сарын 14-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилтод 4 дүгээр зүйл болон нэмэгдэж орсон Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, Тамгын газрын дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах гэснийг зөрчсөн нь Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн Дотоод аудитын дүгнэлтэд тусгагдсан,

мөн 2016 онд шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулсан Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 185 дугаар захирамж /тогтоох хэсэгт 736 гэх захирамжийн дугаар бичигдэлгүй орхигдож техникийн алдаа болсон нь шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон/-аар Гадаад харилцааны хэлтсийн даргын тодорхойлолтын албан байранд тавигдах шаардлагын Ур чадварын үзүүлэлт /чухал шаардлага/-ийн Англи болон бусад аль нэг гадаад хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх гэснийг НҮБ-ын албан ёсны 3-аас доошгүй хэлээр аман болон бичгийн орчуулга хийх өндөр мэдлэг чадвартай байх гэж нэмж өөрчлөгдсөн шаардлагыг хангахгүй болсон гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Ц.Н нь 2013 оноос 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тус газрын Гадаад хэлтсийн даргаар ажиллаж байсан ба түүнийг Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжаар өөр ажилд шилжүүлэн томилсноор үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Үүнийг эс зөвшөөрч Ц.Н шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаж байх хооронд дээрх өөрчлөлтүүд ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилт болон шаардлагад нэмж орсон ба түүнийг ажиллаж байх хугацаанд мөрдөгдөж байгаагүй зорилт, шаардлагуудыг хангаагүй үндэслэлээр буруутгаж албан тушаал бууруулах боломжгүй юм.

Мөн уг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 652 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн 350 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчийн өмнө нь хүчин төгөлдөр ажлын байрны тодорхойлолтод тавигдсан зорилтын хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж, үнэлүүлсэн, мөн заасан мэргэжлийн болон боловсролын шаардлагыг хангаж ажилд томилогдсон зэргийг үгүйсгэхдээ шүүхийн шийдвэрээр ажилтныг үндсэн ажилд нь буцааж аваагүй байх хугацаанд өөрт олгогдсон эрхийн хүрээнд ажлын байрны тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт оруулж, одоо байгаа шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэж буруутган албан тушаал бууруулан томилох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр. Дотоод аудитын албанаас Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийн тухайд:

УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албанаас 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд бүх хэлтэс, албадын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийхээр төлөвлөснөөс Гадаад харилцааны хэлтсийн 2016-2017 оны гадаад харилцааны төлөвлөгөөний хэрэгжилтэд 2017 оны 5 дугаар сард гүйцэтгэлийн аудит хийхээр тусгасан.

Харин 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын баталсан Аудитын удирдамж-аар тус хэлтсийн 2012-2016 онд хэрэгжүүлсэн гадаад болон дотоод арга хэмжээний хөтөлбөрүүд, түүний үр өгөөж зэрэг 9 чиглэлээр аудитыг гүйцэтгэхээр даалгажээ.

Удирдамжийн дагуу Гадаад харилцааны хэлтсийн үйл ажиллагаанд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийн хооронд гүйцэтгэлийн аудитыг хийж, мөн оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дотоод аудитын ажлын тайланг үйлдэж танилцуулсан байна.

Энэ гүйцэтгэлийн аудитыг хийж байх хугацаанд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 875 дугаар захирамжаар Гадаад харилцааны хэлтсийн даргаар томилогдон уг хэлтсийг удирдан ажиллаж байсан Ш.Н д тайланг танилцуулж, алдаа дутагдлыг засах, цаашид анхааран ажиллах боломжийг олгосон нь хуульд нийцсэн үйлдэл болсон.

Энэ талаар ч Аудитын удирдамжийн 11 буюу Дотоод аудитын дүнг тайлагнах хэсэгт Аудитын тайлангийн төслийг холбогдох нэгж, албан тушааалтанд танилцуулан санал авч, тайлангийн эцсийн хувилбарыг Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулан баталгаажуулж, холбогдох байгууллага, нэгж, албан тушаалтанд хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэж заасан нь тухайн аудитын дүгнэлтийн талаар ажилтан, албан хаагч санал бодлоо илэрхийлэх, тайлбар нотлох баримтаа гаргаж өгөх, маргах боломжийг олгож өгсөн байна.

Харин Шүүхийн шийдвэрийн дагуу Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 193 дугаар захирамжаар Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд 03 дугаар сарын 22-ны өдөр томилогдсон Ц.Нт мөн өдөр нь захирамж, дотоод аудитын дүгнэлт танилцуулж, уг дүгнэлтийг үндэслэн албан тушаал бууруулах талаар мэдэгдсэн байна.

Түүнчлэн энэ хуралдааны маргааш буюу 23-ны өдөр Ц.Нийг Гадаад харилцааны хэлтсийн 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг үндэслэн ... албан тушаал бууруулж, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс Гадаад харилцааны хэлтсийн шинжээчээр ажиллуулахаар томилсон маргаан бүхий 211 дүгээр захирамжийг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Ц.Н нь ажиллаж байх хугацаандаа аудитын дүгнэлтээр хангалтгүй ажилласан нь тогтоогдсон, хэлтсийн үйл ажиллагааг өдөр тутам удирдан зохион байгуулж чадаагүй учир хариуцлага тооцож, Ерөнхий нарийн бичгийн дарга хуульд заасан эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар албан тушаал бууруулсан гэж тайлбарлаж байгаа боловч, албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг нарийвчлан тогтоогоогүй.

Аудитын дүгнэлтэд Ц.Н гэх хүний нэр дурдагдаагүй, дурдагдсан асуудлаар хэлтсийн даргаар ажиллаж байсны хувьд тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй, эгүүлэн томилогдсон өдөр ажил хүлээлцэх ажиллагаа явагдаагүй байхад Захирамж, Аудитын дүгнэлт танилцуулах хуралдаанд биечлэн суулгаснаар Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь захиргааны байгууллага акт гаргахдаа Нөхцөл байдлыг тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулах зэрэг ажиллагааг хийх бөгөөд уг ажиллагааны нэг нь оролцогчийг сонсох буюу сонсох ажиллагаа явуулахаар заасан байдаг.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн тусгай зарчимтай бөгөөд захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зорилгоор сонсох ажиллагааг хийх талаар уг хуулийн 26 дугаар зүйлд тодорхой заасныг баримтлаагүй байна.

Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 492 дугаар захирамжид зааснаар ажлын байранд шаардлагатай эд хогшил, бичиг баримтыг албан ёсоор хүлээлгэн өгч, акт үйлдэгдэж ажил хүлээлцэх ажиллагаа хийгдээгүй атал шүүхийн шийдвэрийн дагуу Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд 22-ны өдөр томилоод 23-ны өдөр албан тушаал бууруулж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т тодорхойлсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бодитоор заавал биелэгдэх зарчмыг алдагдуулж шүүхийн шийдвэрийг дүр үзүүлсэн төдийгөөр биелүүлсэн гэх дүгнэлтэд хүргэж байна.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй гэж заасныг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг өмнө ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, Гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэх боломжгүй гэж хариуцлага тооцон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх заалтаар албан тушаал бууруулан томилохдоо тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол ... гэх заалтыг харгалзан үзэх боломжтой байсан байна.

Түүнчлэн 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ, 57.12-т Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно. 41 дүгээр зүйлийн 41.3-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын үндсэн цалин 961.461,000, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 192.292,20 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 307.667,52, нийт нэг сарын цалин 1.461.420,72 төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон тул ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өнөөдрийг хүртэл 11 сар 13 хоногоор тооцон ажлын 22 өдөрт хуваан нэг өдрийн цалин 66.428,21 төгрөг, нийт 16,939,194.6 /үүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгана/ төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Харин хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 223 дугаар захирамжаар Гадаад харилцааны хэлтсийн шинжээч Ц.Нт 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1 сарын хугацаатай цалинтай чөлөө олгохоор заасан байх тул дээр дурдагдсан цалингийн үнийн дүнгээс тус хэлтсийн шинжээчийн үндсэн цалинг хасч тооцох боломжтой.

Иймд нэхэмжлэгч Ц.НУИХ ТГЕНБД холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад Ц.Н чөлөө хүссэн өргөдлийг гаргуулах хүсэлт тавьсан нь маргаан бүхий 211 дүгээр захирамж гарах болсон үндэслэлд болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах шүүхийн үүрэгт хамааралгүй, уг захирамж гарснаас хойш бий болсон нөхцөл байдлыг тодорхойлох шаардлагагүй тул хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нгаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 211 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус газрын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай /2017 он/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Нажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 16,939,194.6 /арван зургаан сая есөн зуун гучин есөн мянга зуун ерэн дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА