Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0723/З |
Дугаар | 221/МА2023/0128 |
Огноо | 2023-03-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2023/0128
А.У, Г.О-Э, О.А нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж,
Нэхэмжлэгч: А.У, Г.О-Э, О.А нар,
Хариуцагч: Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын А.У, Г.О-Э нарт холбогдох хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохыг даалгуулах, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолын О.Ад холбогдох хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 911 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Г.О-Э, А.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Э-Э, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, Г.Х, Ш.Ж, Х.С нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,
Хэргийн индекс: 128/2022/0723/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.У, Г.О-Э, О.А нар нь Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдуулан “Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын А.У, Г.О-Э нарт холбогдох хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохыг даалгуулах, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолын О.Ад холбогдох хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 911 дүгээр шийдвэрээр: “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.2.1, Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.4, 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.У, Г.О-Э, О.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын А.У, Г.О-Э нарт холбогдох хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, А.У, Г.О-Э нарт хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд даалгаж, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолын О.Ад холбогдох хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Анхан шатны шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.2.1, Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.4, 8.7 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь, шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийг нэхэмжлэгч нар хангасан эсэхийг огт дүгнээгүй нь үндэслэлгүй. Уг заалтад “... хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа 4 жилээс багагүй байна” гэсэн нь оюутны судлах багц ба суралцах хугацаанд тавих шалгуурыг Боловсролын хууль тогтоомжид зааснаас нарийвчлан тогтоосон шинжийг агуулж байгаа бөгөөд “судлах багц цаг”, “суралцах хугацаа” гэсэн хоёр үндсэн шаардлагыг тусгасан байхад үүнийг ялгаатай байдлаар дүгнээгүй, зөвхөн судлах багц цагийг дүйцүүлэн тооцсон үйл баримтад дүгнэлт хийж, суралцах хугацааг тогтоосон үйл баримтад дүгнэлт хийгээгүйгээр нэхэмжлэгч нарыг хуульчийн шалгалтад оролцох шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй болжээ.
3.2. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт дүгнэсэн баримтуудад зөвхөн оюутны өөр сургуульд үзэж судалсан хичээлийн багц цагийг дүйцүүлэн болон шилжүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд суралцах хугацааг дүйцүүлэх болон шилжүүлэх асуудлыг зохицуулаагүй байна. Гэтэл шүүхээс энэ талаар ялгаж дүгнэлгүйгээр “... Ийнхүү хоёр дахь мэргэжлээр эрх зүйчээр дахин бакалаврын зэрэг эзэмшихээр суралцаж буй суралцагчид “ерөнхий суурь” хэсгийн зарим хичээлийн 24 багц цагийг дүйцүүлэн тооцож байгаа бол дүйцүүлэн тооцож буй багц цагийг судлахад зарцуулсан хугацааг мөн адил суралцсан хугацаанд тооцно, иймд нэхэмжлэгч нарыг “суралцсан хугацаа дөрвөн жилээс багагүй байх” шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь мөн л үндэслэлгүй” гэсэн нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарласан зөрчил болсон.
3.3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарыг “120 багц цаг”-ийг хангаагүй гэж огт үзээгүй бөгөөд зөвхөн “суралцах хугацаа 4 жилээс багагүй байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж маргасан байхад шүүхээс талуудын маргаагүй асуудал буюу “120 багц цаг”-ийг дүйцүүлэн тооцох үндэслэлийг талуудын маргаж буй “суралцах хугацаа 4 жилээс багагүй байх” үндэслэлтэй хольж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
3.4. Мөн шүүхээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт болон 58 дугаар зүйлийн 58.3 дахь заалтуудыг өөр хоорондоо хамааралгүй тусдаа харилцааг зохицуулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан хуульчийн шалгалтад орох эрхийг олгосон зохицуулалт нь тус хуулийн 58 дугаар зүйлд заасан хуульчаар бэлтгэгдэж төгсөх оюутан буюу эрх зүйн бакалаврын боловсролыг эзэмших хугацаанд тавигдах шалгуураас тусдаа хэрэглэгдэх боломжгүй, ийнхүү тусдаа хэрэглэгдэнэ гэж үзвэл эрх зүйн бакалаврын боловсролын агуулгыг тогтоосон зохицуулалтад нийцээгүй хөтөлбөрөөр сургалт явуулж, эрх зүйч мэргэжил эзэмшүүлэн, улмаар хуульчийн шалгалтад орох боломжтой байх нөхцөл байдал үүсэж, хууль ёсны зарчим алдагдахад хүргэхээр байгааг шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна.
3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 911 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч нар давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч А.У, Г.О-Э, О.А нар нь Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдуулан “Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын А.У, Г.О-Э нарт холбогдох хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохыг даалгуулах, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолын О.Ад холбогдох хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
3.2. Маргаан бүхий Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “...О.Ад хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрлийг олгосон, харин А.У, Г.О-Э нарыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзээд хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан”, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “... О.А нь 2017-2020 оны 3 жилийн хугацаанд /орой, эчнээ/ суралцаж төгссөн, 92-96 багц цагийг хангасан бөгөөд энэ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад шалгалтад орох зөвшөөрөл олгосон гэж үзээд 01 дүгээр тогтоолын О.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгосон” байна.
3.3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй байхаар тодорхой хуульчилсан. Нэхэмжлэгч 3 иргэний тухайд 2017-2020 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн салбар сургуулийн оройн ангид суралцан эрх зүйн бакалаврын зэрэгтэй төгссөн, тус сургуулийн эрх зүйн бакалаврын хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн, мөн эдгээр 3 иргэн хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн үйл баримттай талууд маргадаггүй.
3.4. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар өргөдөл гаргагч энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, энэ хуулийн 10.3-т заасан баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн, хуульчийн шалгалтын товд заасан хугацаанд бүртгүүлээгүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгосон шийтгэлийн хугацаа дуусаагүй гэх тодорхой 4 тохиолдолд Шалгалтын комисс хуульчийн шалгалтад оруулахаас татгалзах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нарыг шалгалтад оруулахаас татгалзах дээр дурдсан үндэслэлүүд бүрдээгүй байна.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийг нэхэмжлэгч нар хангасан эсэхийг огт дүгнээгүй, ... шүүхийн шийдвэрт дүгнэсэн баримтуудад зөвхөн оюутны өөр сургуульд үзэж судалсан хичээлийн “багц цагийг” дүйцүүлэн болон шилжүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд “суралцах хугацааг” дүйцүүлэх болон шилжүүлэх асуудлыг зохицуулаагүй, ... хариуцагчаас нэхэмжлэгч нарыг “120 багц цаг”-ийг хангаагүй гэж огт үзээгүй, зөвхөн “суралцах хугацаа 4 жилээс багагүй байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж маргасан байхад шүүх маргаагүй асуудал буюу “120 багц цаг”-ийг дүйцүүлэн тооцох үндэслэлийг “суралцах хугацаа 4 жилээс багагүй байх” үндэслэлтэй хольж дүгнэсэн, шүүх хуулийн 9.1 дэх заалт болон 58.3 дахь заалтуудыг өөр хоорондоо хамааралгүй тусдаа харилцааг зохицуулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх зэрэг агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хянан үзэхэд гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
3.6. Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлд хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан, 58.3-д “Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэж зааснаас үзвэл энэ хуулийн зохицуулалт нь хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлүүлэх эрх зүйн хөтөлбөрт тавигдах шаардлага байх тул үүнийг тухайн сургуулийн төгсөгч нарт шууд хамаатуулан хэрэглэж, энэ шаардлагыг хангаагүй гэж үзэж мэргэжлийн шалгалтад орох эрхийг хязгаарласныг зөвтгөх боломжгүй.
3.7. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас “... хуулийн 58.3 дахь заалт нь 9.1 дэх заалттай харилцаа хамааралтай” гэж тайлбарлах боловч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх, оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байх” гэсэн шаардлагуудыг заагаагүй, мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар хуулийн 58.3 дахь заалтыг хангасан эсэх нь шалгалтад оруулахаас татгалзах үндэслэл болохооргүй байна. Мөн Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам”-ын 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шаардлагыг хангасан этгээд шалгалтад орох эрхтэй” байхаар тодорхой заасан байх тул үүнээс өөр шаардлага тавиагүй гэж үзэхээр байна.
3.8. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-д заасан хуульчийн шалгалт зохион байгуулахтай холбоотой, мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхтэй холбоотой зохицуулалтыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх”-өөр, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан хугацаанд Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуулийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан шаардлагыг хангасанд тооцно”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Хууль зүйн сургууль Дээд боловсролын тухай хуульд заасан шаардлагаас гадна Хуульчдын холбооноос тогтоосон шаардлагыг хангасан байна” гэж тус тус заасан, мөн 58.2-т зааснаар Хуульчдын холбоо энэ хуульд заасан хуульчийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн стандарт, хууль зүйн сургуулийн оюутны заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын стандарт зэрэг шаардлагыг тогтоохоор байх боловч Монголын Хуульчдын холбоо дээр заасан чиг үүргээ зохих чиг үүргийн хороогоор дамжуулж хэрэгжүүлээгүй, ийнхүү хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг эрх зүйч нарт хамаатуулан шаардлага тавих нь зүйд нийцэхгүй. Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйч нь магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгссөн байхыг шаардана, харин Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо нь мөн хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх эрхтэй бөгөөд ийнхүү магадлан итгэмжлэхдээ 58.3-д “Хуульчийн мэргэжлийн боловсролыг эзэмшиж, хуульчаар бэлтгэгдэж байгаа оюутан төгсөхдөө 120 багц цагийг хангасан байх ба оюутны суралцах хугацаа дөрвөн жилээс багагүй байна” гэж заасан шаардлагыг тавихаар байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
3.9. Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сургуулийн Эрдмийн зөвлөл хэлэлцэж, сургуулийн захирал батлах бөгөөд сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор байна.
Монгол Улсын Их Сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2б/2308 дугаартай албан бичгээр ирүүлсэн тайлбарт “... орой, эчнээ хөтөлбөрүүд нь зөвхөн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдээс тогтсон, 120-оос бага багц цагийн багтаамжтайгаар хэрэгжиж байгаа, ... бакалаврын зэргийн диплом нь 120 баг цагаар хэмжигдэх шаардлагатай, ... “эрх зүй” бакалаврын өдрийн хөтөлбөр нь 150 багц цаг, хоёрдогч бакалаврын элсэгчдэд зориулсан орой, эчнээ хөтөлбөрүүд нь 120 багц цагаас өмнөх бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь хэсгийг хассан хэлбэртэй буюу 96 багц цагийн багтаамжтайгаар батлагдан хэрэгжиж байна” гэжээ.
Хариуцагчийн “... оюутны өөр сургуульд үзэж судалсан хичээлийн “багц цагийг” дүйцүүлэн болон шилжүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд “суралцах хугацааг” дүйцүүлэх болон шилжүүлэх асуудлыг зохицуулаагүй” гэх гомдлын тухайд “МУИС-д хичээл дүйцүүлэх журам”, мөн сургуулийн “Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”, “МУИС-ын бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”, “МУИС-ын Хууль зүйн сургуулийн 2,5 жилийн оройн бакалаврын ангийн үндсэн мэргэжлийн сургалтын төлөвлөгөө” болон бусад холбогдох хуулийн зохицуулалтаас үзвэл хоёр дахь мэргэжлээр эрх зүйчээр дахин бакалаврын зэрэг эзэмшихээр суралцагчид өмнөх шатны боловсролын 24 багц цагийг жишиж нийт 120 багц цагийг цуглуулах боломжтой бөгөөд ийнхүү 24 багц цагийг дүйцүүлэн тооцохдоо тухайн багц цагийг судалсан хугацааг мөн адил дүйцүүлэх боломжтой байна. Мөн “Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”-д зааснаар оюутан ерөнхий суурь хөтөлбөрт хичээлийг 2 жил хүртэлх хугацаанд суралцахаар, өмнө нь бакалаврын зэрэг эзэмшсэн суралцагч Монгол Улсын Их сургуульд шинээр элсэн суралцах /хоёрдогч бакалавр/ үеийн хичээл дүйцүүлэлт 24 багц цагаас доошгүй байгаа тохиолдолд хөтөлбөр сонгох ерөнхий болзол хангасан гэж үзэхээр тодорхой заасан байх тул нэгэнт судалсан багц цагийг дүйцүүлэн тооцвол тухайн цагийг судлахад зарцуулсан цагийг мөн дүйцүүлэн тооцох нь зүйтэй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.
3.10. Товчхондоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд ямар шаардлагыг хангасан тохиолдолд хуульчийн шалгалтад орох эрх үүсэх талаар тодорхой заасан, үүнд “магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгссөн байх”, “хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байх” 2 шаардлагыг нэхэмжлэгч нар хангасан, нэхэмжлэгч нарыг шалгалтад оруулахаас татгалзах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий 01, 03 дугаар тогтоолуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг шалгалтад оруулахыг даалгасан нь хуульд нийцсэн, “... шалгалтад бүртгүүлэгчид тавигдах шалгуур тогтоосон хуулийн шаардлагаас илүү шалгуур тогтоон хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлагыг нэхэмжлэгч нарт хамаатуулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 911 дүгээр шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамбын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН