Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/303

 

 

 

 

 

    2021       05         12                                         2021/ШЦТ/303

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч: Ч.Пүрэвсүрэн (томилолтоор);

            шүүгдэгч: Х.Е (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Е-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчид үйлчлэх төв-5”-д сантехникч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.Е

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Х.Е нь 2021 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ... хамтран амьдрагч Г.Анужингийн төрсөн ах болох Г.Даваатай архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх явцдаа хоорондоо маргалдан, улмаар түүний толгойн тус газарт нь архины шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Е мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 19-ний шөнө эхнэрийн ах Г.Даваа манайд ирээд бид 2 архи ууж байгаад хоорондоо маргалдсан. Яг юунаас болсноо санахгүй байна. Хохирогч Г.Даваа намайг боохоор нь би зөрүүлээд толгой руу нь архины шилээр цохисон. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Даваа /хх-ийн 7-8/, гэрч Г.Анужин /хх-ийн 10/,  гэрч Б.Болормаа /хх-ийн 14/ нарын мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1697 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, Х.Егийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 32-33, 45/, Х.Егийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Е нь 2021 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө .... өөрийн хамтран амьдрагч (эхнэр) Г.Анужингийн төрсөн ах Г.Даваагийн хамтаар архи хувааж уух үедээ хэт согтолтын улмаас хоорондоо муудалцан тэмцэж улмаар Г.Даваагийн толгой тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол (гэмтэл) санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Г.Даваагийн /хх-ийн 7-8/: “...төрсөн дүү Г.Анужин найз залуу Х.Егийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамж, 39 тоот байранд амьдардаг. Тэр хоёр намайг гэртээ 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр авч ирсэн. Би Х.Етэй 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 0,75 литрийн 2 шил “Хараа” архи хувааж уусан. Тэгээд би Х.Етэй хэрэлдэж улмаар Х.Е нь “Хараа” архины шилээр миний толгой руу цохиж гэмтээсэн. Архины шилээр толгой руу цохисон учир толгой хагарсан...” гэх мэдүүлгээр,

гэрч Г.Анужингийн /хх-ийн 10/: “...2021 оны 02 дугаар сарын 19-ний шөнө ах Г.Даваа, найз залуу Х.Е нар муудалцаж бие биеийгээ харилцан цохисон.  Х.Е архины шил авч ах Г.Даваагийн толгойн зулай хэсэг руу нэг удаа хүчтэй  цохиж хагалж гэмтээсэн. Цус бага хэмжээгээр  гарч байсан. Би ахын толгойноос цус гарахаар нь айгаад гэрээс гарч гүйгээд цагдаагийн албан хаагчид хэлж мэдэгдсэн...” гэх мэдүүлгээр,

 

Г.Даваагийн биед “баруун зулайн хуйханд шарх” бүxий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1697 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 22-23/,

 

Х.Егийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 50-51/: “...2021 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө өөрийн гэртээ хадам ах Г.Даваатай архи хувааж уусан. Бид хоёр маргалдаж архины шилээр толгой руу нь цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Х.Е нь Г.Давааг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Х.Егийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Даваагийн “...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан, мөн тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Х.Ег “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Х.Ед тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ег 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ед оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.                

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ