Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/305

 

  

 

 

 

 

 

 

 

  2021       05          12                                    2021/ШЦТ/305   

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;

улсын яллагч: Д.Даваадорж,

шүүгдэгч: Ц.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хан хүү жигүүр” ХХК-ийн харъяа “Баян-Уул” худалдааны төвд харуул ажилтай,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ц.Б

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ц.Б нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор” зочид буудлын караокены өрөөнд буюу олон нийтийн газарт ашиг олох зорилгоор “хөзөр, чтон” зэрэг эд зүйлийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “техас покер” гэх нэршилтэй мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Дундаас нь мөнгө олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

       Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газры үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13/, гэрч Б.Батбаяр /хх-ийн 15-16/, гэрч Г.Амармэнд /хх-ийн 18/, гэрч Б.Алтангэрэл /хх-ийн 20-21/, гэрч З.Даваадалай /хх-ийн 23-24, 71/, гэрч Б.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 26-27/, гэрч Т.Энхбат /хх-ийн 29-30/, гэрч Н.Дамбаарвижав /хх-ийн 32/, гэрч Т.Анхбат /хх-ийн 35/, гэрч Т.Батбаяр /хх-ийн 37, 56/, гэрч Ж.Мэндсайхан /хх-ийн 43/, гэрч М.Мөнх-Од /хх-ийн 46/, гэрч П.Ганбаяр /хх-ийн 49/, гэрч Д.Наранбаяр /хх-ийн 52/ нарын мэдүүлэг, Ц.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67/, Ц.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 72-75, 80/, Ц.Бын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 77/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 78/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Сонор” зочид буудлын барилга байгууламжид буюу олон нийтийн газарт ашиг олох зорилгоор “хөзөр, чтон” зэргийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “техас покер” гэх нэршилтэй мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

гэрч Б.Батбаярын /хх-ийн 15-16/: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн орчимд найз Ганбаяр над руу залгаад “уулзъя” гэж дуудсан. Тэгээд бид “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо уулзалдаад хоолонд ороод юм ярьж суусан. Манай найз Ганбаяр “мөрийтэй тоглоом тоглох гэж байгаа, хамт явах уу” гэж хэлэхэд нь зөвшөөрч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Сонор” гэх нэртэй зочид буудлын караокены өрөөнд 20 цагийн орчимд очсон. Биднийг очиход танихгүй 5-6 хүн байсан. Хүмүүс нэмэгдэж ирээд 10 гаран хүн болсон. Тэгээд 200.000 төгрөгөөр “чтон” авч “техас покер” тоглохоор болсон. Тухайн ширээнд теллер буюу хөзөр тараадаг хүнээс гадна 7 хүн суусан. Тоглоомоо тоглоод удаагүй 5-10 минут болж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Амармэндийн /хх-ийн 18/: “...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний оройн 21 цагийн орчимд Алтангэрэл, Дамбаарвижав найз нартайгаа уулзаж 22 цагийн үед Мэндсайхан ахтайгаа уулзсан. Тэгээд бид нарыг “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Сонор” зочид буудал руу ороод ир” гэхээр нь хоёр найзын хамт орсон. Бид нарыг ороход 5-6 хүн покер тоглох гээд ширээн дээр сууцгааж байсан. 5-10 минутын дараа тоглож эхлээд байж байхад цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Алтангэрэлийн /хх-ийн 20-21/: “...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр найз Дамбаарвижав, Амармэнд нартай уулзсан. Манай найз Амармэнд “хальт нэг газраар ороод ирье” гээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Сонор” зочид буудал руу орсон. Яг яах гэж яваагаа надад хэлээгүй. Тэгээд тус газар руу ороход хүмүүс покер тоглох гээд сууж байсан. Тэнд зүс таних Мэндсайхан байсан. Бусад нь танихгүй хүмүүс байсан. Тус газар ороод удаагүй байхад хаалга нүдээд цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Мөнх-Эрдэнийн /хх-ийн 26-27/: “...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний 18 цагийн орчимд найз Анхбат, Мөнхбат нартай Хүүхдийн 100-ийн ойролцоо уулзсан. Манай хоёр найз “орой хэдэн хүмүүстэй покер тоглоно” гэхээр нь “хамт явж болох уу” гэж асуухад “болно” гээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Сонор” гэх нэртэй зочид буудал руу очихоор болсон. Анхбат, Мөнхбат хоёр түрүүлээд тус газар руу явсан. Би араас нь 15 минутын дараа очиход манай хоёр найз очсон байсан. Бусад хүмүүсийг нь танихгүй. Тэд нар өөр ирэх хүмүүсийг хүлээж байна гээд хэсэг суусан. Удалгүй гаднаас хүмүүс орж ирсэн. Тэгээд ширээн дээр тоглохоор 7 хүн суугаад хүн тус бүрийн 200.000 төгрөгийг бооцоонд тавьж, хожсон нэг хүн нь уг бооцоог авна гээд “чтон” ашиглаж “техас покер” тоглосон. Тэнд байсан Ц.Б гэх хүний данс руу хүн тус бүр 200.000 төгрөгийг шилжүүлж, хожсон нь авахаар болсон. Тэгтэл гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирсэн. ...Мөнгийг Ц.Б гэх хүний данс руу шилжүүлсэн учраас уг тоглоомыг Ц.Б зохион байгуулсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Анхбатын /хх-ийн 35/: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14-15 цагийн хооронд Мэндсайхан чатаар “орой нэг газар покерийн тоглоом байна, 19-20 цагийн хооронд эхлэнэ ирэх үү” гэж асуухаар нь “очно” гэж хариулсан. Тэгээд хоёр найзын хамт “Сонор” зочид буудлын караокед очсон. Орой 20 цагийн орчимд тоглоом эхэлсэн. Эхлээд удаагүй байхад цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Мөнх-Одын /хх-ийн 46/: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний 17 цагийн үед найз Анхбаттай байрны гадаа уулзаад найз Мөнх-Эрдэнэ рүү утсаар яриад уулзсан. Тэгтэл Мэндсайхан яриад “манай нэг ахынд тоглоом болох гэж байна, ирж тоглож үзэх үү” гэж хэлсэн. Тэгээд Анхбат бид хоёр очихоор болсон. Удалгүй бидний араас Мөнх- Эрдэнэ залгаад ирсэн. Ширээн дээр би, Анхбат, Мөнх-Эрдэнэ, теллер залуу, түүнээс гадна дахиад 4 залуу байсан. Бид нар 200.000 төгрөгийн бооцоо тавьж мөнгөө Ц.Б гэдэг залуу руу шилжүүлж чтон тараагаад “1 цаг тоглоод хожих юм бол мөнгөө авч болно” гэж тохироод тоглож байтал цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч П.Ганбаярын /хх-ийн 49/: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний 19 цагийн үед Амармэнд фэйсбүүкээр “тоглоом тоглох гэж байна” гэж хэлэхээр нь би “хамт очъё” гэж хэлээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах бааранд орсон. Очиход ширээ зассан байдалтай, 6 хүнтэй эхэллээ гэхээр нь би найз Батбаярын мөнгөтэй нийлүүлээд нийт 400.000 төгрөгийг шилжүүлж алдаад, дахиад 200.000 төгрөгийг Ц.Булантамирын данс руу шилжүүлээд тоглож байтал цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Наранбаярын /хх-ийн 52/: “...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад 15 цагийн орчимд найз Ц.Б залгаад “покер тоглоом зохион байгуулах гэж байна, чи ирээд теллер хийгээд өгөөч” гэж хэлэхээр нь би “тэгье” гэхэд “цагийн 30.000 төгрөгийн цалин өгнө” гээд хаана ирэхийг зааж өгсөн. Тэгээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Сонор” гэх нэртэй зочид буудалд 19 цагийн үед ганцаараа ирсэн. Манай танил дүү Мэндсайхан найзуудын хамт тоглохоор болоод орой 20 цагийн орчимд 4-5 хүн ирсэн. ...Би теллер хийсэн ба тоглоом эхлэхийн өмнө тоглох гэж байгаа хүмүүс 200.000 төгрөгийн бооцоог тавьж Ц.Бын “ХААН” банкны данс руу мобайл банкаар шилжүүлсэн. Тоглоом эхлээд удаагүй байж байтал Эрүүгийн цагдаагийн газраас хүмүүс орж ирсэн. Мөрийтэй тоглоомыг найз Ц.Б зохион байгуулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.Мэндсайханы /хх-ийн 43/: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14-15 цагийн хооронд манай найз Ц.Б “покер” тоглоом зохион байгуулахаар болохоор нь би Сүхбаатар дуүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор” гэх нэртэй кароакед очсон. Орой 20 цагийн үед тус газар байсан хэдэн хүмүүс хоорондоо тоглож эхэлсэн. Тоглож удаагүй байхад цагдаа нар орж ирсэн. ...Мөрийтэй тоглоомыг Ц.Б зохион байгуулж, хүмүүсээс мөнгийг нь авч “чтон” тараасан. ...Ц.Булантамир хүмүүс рүү яриад “покер” тоглохоор болсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Энхбатын /хх-ийн 29-30/: “...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Сонор” зочид буудлын 2 дугаар давхарт байрлаж засал чимэглэлийн ажил эрхэлдэг. 2021 оны 02 дугаар сарын 04-ний 18 цагийн орчимд гарч үсээ засуулаад 2 дугаар давхарт байрлах байрандаа орж амраад байж байхад 21 цагийн үед гаднаас энгийн хувцастай хүн орж ирээд “цагдаагаас явж байна, гараад ир” гэхэд нь гараад 1 дүгээр давхарт байх караоке гэх өрөөнд ороход зөндөө олон хүмүүс байсан. Тэдгээр хүмүүс зогссон байдалтай, ширээн дээр нь покерийн “чтон” болон хөзрүүд байсан. Намайг тус газар байх хугацаанд хүмүүс мөрийтэй тоглоом тоглосон эсэхийг мэдэхгүй байна. Надад хүмүүс тоглосон, шуугисан зүйл мэдэгдээгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Дамбаарвижавын /хх-ийн 32/: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний 16 цагийн орчимд манай найз Алтангэрэл манайд ирсэн. Тэгээд 19 цагийн үед манайхаас гараад найз Амармэндийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Сонор” зочид буудалд очсон. Тэгээд Амармэнд тоглоод бид хоёр хараад байж байсан. ...Хүмүүс 200.000 төгрөгийн бооцоотой тоглож байтал гаднаас цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Батбаярын /хх-ийн 37, 56/: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “Сонор” зочид буудлын текний ард хэвтэж байхад хаалга цохиод нэг хүн “Доржоо байна уу” гэж асуусан. Би эргэж ороод “Доржоо гэдэг нэртэй хүн байна уу” гэхэд “байхгүй” гэж хариулж байх хооронд цагдаагийн албан хаагч нар орж ирсэн. ...Би Ц.Быг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэж байна гэдгийг мэдээгүй. Надад найзуудтайгаа сууна гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч З.Даваадалайн /хх-ийн 23-24/: “...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Сонор” зочид буудалд 2021 оны 02 дугаар сарын 04-ний 20 цаг 40 минутын орчимд очсон. Би хаалга зардаг бөгөөд танил Содбаяр ах тухайн үед “уг газраас хаалганы хэмжээ авчих” гэж хэлсэн. Содбаяр нь тус буудалд барилгын материал нийлүүлдэг гэсэн. Намайг тус газарт очиход 10 гаран хүн байсан. Миний танихаас Ц.Б байсан. Би Ц.Быг ажлын шугамаар таньдаг, өмнө нь түүнд хаалга зарж байсан. ...Тэгтэл тэдгээр хүмүүс тоглоомоо эхэлье гээд суусан ба “техас покер” тоглохоор болсон. Миний ойлгосноор тэд нар мөнгөө нэгнийхээ данс руу шилжүүлж байсан. Нэг хүний 200.000 төгрөг шилжүүлэх талаар ярьж байсан. Тоглоом эхлээд 5 минут орчим болж байхад гадаа хаалгыг хүчтэй балбаад байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс “хаалга тайлж болохгүй шүү, одоо ирэх хүн байхгүй” гэхээр нь би “явъя” гэж хэлэхэд “гарахгүй түр байж бай, хаалгаа тайлж болохгүй” гэж хэлсэн. Гэтэл гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирсэн. ...Ямар ч байсан Ц.Бын данс руу мөнгөө хийцгээж байсан. Ц.Б зохион байгуулсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 67/“...Би 2021 онь 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн танил хүмүүсийг дуудаж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сонор” караокед өрөө түрээсэлж байгаад “техас покер” мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Би тухайн үед мөрийтэй тоглосон 6 хүний бооцооны 200.000 төгрөгийг өөрийн “ХААН” банканд эзэмшдэг дансаар авч, оронд нь “чтон” тарааж өгсөн. Тэгээд тоглуулж байхад цагдаа нар ирсэн. ...Намайг мөрийтэй тоглоом зохион байгуулахад хамт оролцсон хүн байхгүй, би хүмүүсийг дуудаж, мөнгийг нь дансаараа авч, “чтон” тарааж тоглуулсан...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13/, Ц.Бын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 77/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 78/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь олон нийтийн газар буюу зочид буудлын караокены өрөөнд ашиг олох зорилгоор чтон, хөзөр ашиглан “техас покер” болох үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болохыг шүүгдэгч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар олон нийтийн газар ашиг олох зорилгоор хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ц.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Баас хураан авах болон гаргуулах төлбөргүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Быг “олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, харин эд мөрийн баримтаар хураагдсан тооцоо болон хүний нэрс, утасны дугаар, үл мэдэгдэх тоо, дүрс тэмдэглэсэн байдалтай 7 ширхэг цаас, Одноо-200, Анхаа-200, Ганаа-200, Амка-200, Батаа-200, Далай-200+100, Мөөгий-200 гэсэн бичигтэй 1 ширхэг цаас, 5065053676 Булгантамир гэсэн данс бичсэн 1 ширхэг цаас, “Покер стар” гэсэн бичигтэй хар өнгийн 52 ширхэг хөзөр, 2 ширхэг хар дотортой хайрцаг, “5” гэсэн дугаартай улаан өнгийн 30 ширхэг чтон, дугаар бичиггүй улаан өнгийн 19 ширхэг чтон, бичиггүй ногоон өнгийн 56 ширхэг чтон, “25” гэсэн дугаартай 40 ширхэг чтон, “25” гэсэн дугаартай “Monme carlo” гэсэн бичигтэй ногоон өнгийн 10 ширхэг чтон, “Seagate” гэсэн бичигтэй 320gb хард диск 1 ширхэг, цэнхэр өнгийн 51 ширхэг хөзөр зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь

хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хураан авах болон гаргуулах төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тооцоо болон хүний нэрс, утасны дугаар, үл мэдэгдэх тоо, дүрс тэмдэглэсэн байдалтай 7 ширхэг цаас, Одноо-200, Анхаа-200, Ганаа-200, Амка-200, Батаа-200, Далай-200+100, Мөөгий-200 гэсэн бичигтэй 1 ширхэг цаас, 5065053676 Булгантамир гэсэн данс бичсэн 1 ширхэг цаас, “Покер стар” гэсэн бичигтэй хар өнгийн 52 ширхэг хөзөр, 2 ширхэг хар дотортой хайрцаг, “5” гэсэн дугаартай улаан өнгийн 30 ширхэг чтон, дугаар бичиггүй улаан өнгийн 19 ширхэг чтон, бичиггүй ногоон өнгийн 56 ширхэг чтон, “25” гэсэн дугаартай 40 ширхэг чтон, “25” гэсэн дугаартай “Monme carlo” гэсэн бичигтэй ногоон өнгийн 10 ширхэг чтон, “Seagate” гэсэн бичигтэй 320gb хард диск 1 ширхэг, цэнхэр өнгийн 51 ширхэг хөзөр зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ